
Б.ГАРЬД
Улс төрийн хаврын синдром өдийд хөдөлдөг. Энэ жилийнх урьд өмнөхүүдээс өөр байна.
Улс төрийн хаврын синдром Төрийн ордонд илэрлээ. Үүний цаана улстөрчид өөрсдөө биш баялгийн лиценз эзэмшигчид байна. Товчхондоо, энэ хаврын улс төрийг ордын эзэд хийж байна
Үнэндээ, үүний суурь нь өнгөрсөн оны сүүлчээс тавигдсан юм. УИХ, Орон нутгийн сонгуулийн сонгуулиуд дуусаж, төр нэг юм эмхэрч ядаж байтал 2025 оны төсвөөс эхлээд гэнэтхэн болохоо байсан. Хэдэн гишүүн гарч ирээд “...Төсөв болохоо болилоо” гэсэн. Цагтаа “Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн ТУЗ-д байсан эрхэм гишүүн энэ шүгэлийг голлож үлээсэн. УИХ төсвийг батлахдаа давхар тогтоол гаргаж буруудаад, Ерөнхийлөгч хориг тавьж байж тэр алдаа засагдсан. Хоригийн дагуу төсвийг янзлаад дахин баталсан. Ингэж ингэж 2025 оны төсвийг батлангуут Улаанбаатарын утааны асуудал залгасан. Харамсалтай нь, “...Утаагаа хэрхэх вэ” гэдэг шийдэл бус улс төрийн оочер дараалал яригдаад унасан. Улмаар Ерөнхийлөгч өрөөндөө УИХ-ын дарга, Засгийн газрын гишүүд, хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг дуудаж чиглэл өгсөн. Тэр дагуу Засгийн газар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, “Тавантолгой түлш” ХХК-д цогц шалгалт хийх ажлын хэсгийг томилсон. УИХ бас утааны сонсгол хийсэн. Улмаар Улаанбаатарын утааны асуудлаар улс төрийн шийдвэрүүд гарч эхэлсэн. Гэхдээ энэ нь удалгүй “…Утааг арилгах биш Тавантолгойн ордын төлөөх “тэмцэл” Төрийн ордонд ороод бужигнуулсан явдал” болж таарав. Ер нь бол, энэ бүхэн УИХ-аар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын асуудал орохтой давхцаж, алсуураа дахиад гацаачих зорилготой нь тодорхой болсон юм.
Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын гэрээг хийж, УИХ хаврын чуулганы эхээр уг гэрээг соёрхон баталсан.
Ингээд араас нь хэд хэдэн стратегийн орд, тэдгээрээс салгаж алдсан хэсгүүдийг Баялгийн санд нэгтгэх ажил залгасан. Анхаарлын төвд Тавантолгойн Ухаахудаг байгаа юм. Энэ ордын тодорхой хувийг нийтийн эзэмшилд буюу Баялгийн санд авах эсэх талаар яригдсан. Гэсэн атлаа энэ санал өнөөдрийг хүртэл УИХ-ын даргын гарт очоогүй л байна. 40 хонолоо. Засгийн газар өгөхгүй хүлээзнээд байна уу, УИХ авахгүй зугтаад байгаа юу. Ийм асуултад хариулт өгөх хүн олдохгүй л байна. Харин ингэхтэй зэрэгцээд улс төр улам бужигнаад, улстөрчид сонин сонин байр суурь илэрхийлэх нь ихсэв.
“…Хувийн өмчид халдаж, үндэсний компаниудыг дээрэмдэх гэлээ”, “…Уул уурхайн компаниуд, хөрөнгө оруулагчдын ирээдүйд хөрөнгө оруулалтынх нь үр дүнгээр бий болсон ордыг стратегийн гэх жагсаалтад оруулж төр, олон нийтийн өмчид авах айдас, болгоомжлолыг үүсгэлээ”, “…2006 оноос уул уурхайн салбарт бий болсон стратегийн орд гэх алдаатай ойлголтыг засаж өнөөдрөөс эхлэн нийт уул уурхайн төслөөс Хуримтлалын санд тогтмол, ойлгомжтой, тодорхой хэмжээтэй хураамжийг авч хойч үедээ хуримтлал бий болгох хуулийн төслийг санаачилж өргөн барих нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, зөвхөн стратегийн орд гэж хязгаарлагдахгүйгээр нийт уул уурхайн төслүүдээс борлуулалтын орлогын хоёр хувийг жил бүр Хуримтлалын санд төвлөрүүлдэг болох зохицуулалтыг хуульчлах хэрэгтэй” гэсэн саналууд эрхэм гишүүдээс гарч байна. Ерөнхийдөө, баялгийн эздийн “бууны ам” Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайд нарыг онилсон байна. Засаг дотор гал тавих оролдлого ч хэд хэдэн удаа гарав. Зарим сайдыг нь баахан нүдчихээд “…Хар даа, сайд нараа балбаад байна”, “…Нэр бүхий сайд нар огцорно” гэх жишээтэй. Ингэчихээд “…УИХ гарт, харин Засгийн газар дургүй хүргэж байна. “…УИХ асуудалгүй, тийм байхад засаг яав л гэж” гээд сууж байгааг нь сайд нар мэдчихсэн “…Энэ компани үнэхээр даам гарчээ” гэцгээж буй аж. Үнэхээр ч “…Нэр бүхий таван гишүүн тэднээс чиглэл авч улс төрийг нь хийж өгч байгаа” гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт яригдсан.
Гэхдээ энэ хаврын улс төрийн синдромын үүдэл шалтгаан хоёр янзаар харагдаж байна.
Нэг талаасаа, Ж.Оджаргал, Х.Баттулга хэмээх хоёр “эзэн” үзэлцээд байх шиг байна.
Баялгийн санд байх ёстой ордуудтай холбоотой асуудлаараа лав энэ хоёр эрхэм “…Хоёр хар хэрээ” байгаа юм. Ухаахудагийн ордыг арай л дэндүү дээрэмдээд гэх үү, луйвардаад аваад үлдчихсэн. Өнөөдөр “…Дэлхий дээр байхгүй Монголд л байдаг стратегийн орд гэдэг ойлголтоо халъя” гэж яриулаад байна. Гэтэл Зарим ордыг стратегийн ордод авах тухай УИХ-ын тогтоол 2007 онд гарч Ухаахудагийг түүний дараа “хувьчилж” авсан байдаг шүү дээ. Тиймээс одоо “…Хэдэн хувийг нь Баялгийн санд өгөх вэ” гэдгээ бодох нь зүйтэй болов уу. Тэгэхгүйгээр, өнгөрсөн хэдэн сарын туршид зөндөө д акц хийлээ. Мөнгө бол байх шиг байна. Харин өмнөөс нь дуугардаг улстөрчдийн дуу хоолой нь суларч, өнцөг юм нь мөлийж байна шүү.
Түүнчлэн Төгрөг нуурын орд ч бас үнэн. Мөн л 2007 оны Зарим ордыг стратегийн ордод авах тухай УИХ-ын тогтоолын хоёрдугаар хавсралтаар тогтоогдсон орд байгаа юм. Х.Баттулгатай холбогдоод байгаа энэ “…Стратегийн орд зарсан” гэхтэй зэрэгцээд бас нэг асуудал босож магадгүй юм байна. “…Уг ордыг зарахдаа бүрдүүлсэн материал нь бодит байдалтай нийцэхгүй буюу хуурамч байж болзошгүй” гэх асуудлыг худалдаж авсан тал нь тавьж буй бололтой. Ингэвэл бүр заваараад явж өгнө. Ер нь Х.Баттулга УИХ-ын гишүүн болоод чуулган тасалсаар байгаад шийтгэл амсахаар болсон. Одоо Баялгийн сан яригдахаар базаахгүй баахан асуудалтай холбогдоод гарч ирж байна. Ерөнхийлөгч байсан хүн гэдгээ жаахан ухаарах хэрэгтэй байгаа юм.
Маш товчоор, бидний баялагт “эзэн” энэ боссууд л хаврын улс төрийг удирдаад байх шиг байна. Өрнөөд байгаа үйл явдлуудаас тодорхой л харагдаад байх юм.
Мэдээж, тэд өөрсдөө гарч ирж үг унагахгүй л дээ. “…Нохойтой хүн өөрөө хуцдаггүй” гэдэг л дээ.
Гэхдээ нөгөө талаасаа, наанаа баялгийн эзэд зодолдоод байгаа юм шиг атлаа цаахнуур нь улс төрийн хонжоо харсан “гүйдэл” бас анзаарагдаад байна. Ойрхоны улс төрийн үйл явдал гэвэл 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль л бий. Гэхдээ баялгийн эзэдтэй нийлж улс төр хийгээд тэр сонгуульд хожих шаардлага хэнд байх вэ. Одоохондоо тэр тухай таамаг ч, магадлал ч алга.
Хамгийн гол нь, монголчууд Ухаахудагийн ордын хувийг Баялгийн санд авах вэ. Ер нь тэд өгч, төр авч чадах уу. Үүнээс гадна, хэн, яах гэж Ордны хуйвалдаан явуулаад байна вэ. Яах гэж?!
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 7. ДАВАА ГАРАГ. № 63 (7560)