
Фото: REUTERS
Д.АРИУН
АНУ, Европын томоохон хотуудад амралтын өдөр буюу дөрөвдүгээр сарын 5-нд хэдэн зуун мянган жагсагчид гудамжинд гарч Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний засаг захиргааны бодлогыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Хэвлэлүүдийн мэдээгээр тив дамнасан энэхүү өргөн хүрээтэй арга хэмжээ нь нэгдүгээр сард Д.Трамп ерөнхийлөгчийн албан тушаалдаа эргэн ирснээс хойшхи анхны эсэргүүцлийн жагсаал аж.
Вашингтонд болсон жагсаалд тус улсын өнцөг булан бүрээс ирсэн жагсагчид нэгдсэн байна
Эсэргүүцлийн арга хэмжээг зохион байгуулахад хамтран ажиллаж байгаа 200 орчим бүлгийн нэг болох Indivisible байгууллагын мэдээлснээр АНУ-ын 50 муж улсын 1000 гаруй хотод жагсаал цуглаан болж байгаа бөгөөд түүнд оролцохоор 400 мянга орчим хүн жагсаалд оролцохоор бүртгүүлсэн гэсэн байна.
Жагсагчид Трампын засаг захиргаанд тэрбумтнуудын нөлөөлөл их байгаа, "өргөн тархсан авлига"-ыг зогсоохыг, нийгмийн даатгал, эмнэлгийн тусламжийг танаж байгааг шүүмжилж цагаачид болон бусад гадуурхагдсан бүлгүүдийн эрхийг зөрчихийг зогсоохыг шаардаж байна.
Вашингтонд болсон жагсаалд тус улсын өнцөг булан бүрээс ирсэн жагсагчид нэгдсэн байна. Нью-Хэмпшир, Пенсильвани зэрэг алс холын жагсагчид Жорж Вашингтоны үндэсний хөшөөний дэргэд цугларсан гэж Guardian сонин мэдээлжээ. Жагсагчид АНУ-ын засаг захиргааны бодлоготой санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, олон тооны туг, эсэргүүцлийн үг бүхий уриа лоозон барин жагсжээ. Зарим жагсагчид Трампыг албан тушаалд орсноос хойш Вашингтонд болсон анхны олон нийтийн жагсаал “засаг захиргааны эсрэг тэмцэхэд бусдад үлгэр дуурайл болно” гэж найдаж байгаагаа илэрхийлсэн талаар хэвлэлүүд мэдээлжээ.
Associated Press-ийн мэдээлснээр Нью-Йоркийн Манхэттен хотын төвд олон мянган хүн жагссан бол Массачусетс мужид олон мянган хүн "Ардчиллаас гараа тат", "Бидний сайн сайхны төлөө гараа тат", "Олон талт байдал, тэгш байдал, оролцоо Америкийг хүчирхэг болгодог. Гараа холдуул!" гэсэн уриатайгаар эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Мөн Флорида мужийн Палм Бич Гарденс хотод Трампын гольфын талбайгаас хэдхэн милийн зайд олон зуун хүн жагсаал хийжээ. Хүмүүс гольфын талбайн хоёр талд Трампын эсрэг уриа лоозон барьж жагсаж, жолооч нарыг дуут дохиогоо хангинуулж эсэргүүцлээ илэрхийлжээ. Жагсаал зохион байгуулсан бүлэглэлийн нэг MoveOn лхагва гарагт гаргасан мэдэгдэлдээ "Трамп, Маск болон тэдний тэрбумтан нөхдүүд манай Засгийн газар, манай эдийн засаг, бидний үндсэн эрхүүдэд бүх талаар халдах ажиллагааг зохион байгуулж байна" гэж эрх баригчдыг шүүмжилсэн байсан билээ.
"Гараа тат" уриатай жагсаал Франкфурт хотод бямба гаригт болов
Дональд Трампын засаг захиргааг эсэргүүцэн Европын томоохон хотуудын гудамжинд олон зуун жагсагчид гарч эсэргүүцлээ илэрхийлэв. Европын хотуудад болсон жагсаалд хилийн чанадад амьдардаг америкчууд оролцсон байна. Хилийн чанад дахь Ардчилсан намынхны зохион байгуулсан "Гараа тат" уриатай жагсаал Франкфурт хотод бямба гаригт болсон байна.
Берлинд хүмүүс “Тесла” компанийн төлөөлөгчийн газрын байр болон АНУ-ын элчин сайдын яамны өмнө жагсаж, Трамп болон түүний ойрын холбоотон “Тесла”-гийн захирал Илон Маскийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Жагсагчдын барьсан уриа лоозон дотор АНУ-д "эмх замбараагүй байдлыг зогсоох"-ыг уриалсан самбар ч байжээ.
Ройтерс агентлагийн мэдээлснээр Францын нийслэл Парист жагсагчид, голдуу америкчууд АНУ-ын ерөнхийлөгчийг эсэргүүцэхийн тулд Бүгд найрамдах талбайн эргэн тойронд цугларч, "Дарангуйлагчийг эсэргүүц", "Фашизмын төлөө биш эрх чөлөөний төлөөх феминистууд", "Ардчиллыг аваръя" гэсэн бичигтэй олон лоозон барьсан байжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн явуулж байгаа бодлогыг эсэргүүцсэн жагсаал Английн нийслэл Лондон, Португалийн нийслэл Лиссабонд мөн болсон байна.
Эх сурвалж: polit.mn