
Т.САЙХАН
Өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын 11-нд Улсын дээд шүүхээс Хөгжлийн банкны 80 хүн, дөрвөн хуулийн этгээд холбогдох хэргийг шийдвэрлэж, Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Тус шийдвэрээр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг Хөгжлийн банкны хэргээр ял шийтгэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Ингэснээр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын бүрэн эрхийн асуудал хөндөгдөж байна. Уг нь жирийн иргэн бол шүүгч шийдвэрээ танилцуулж, алх цохисноос хойш хэрэгжүүлдэг бол УИХ-ын гишүүнд шүүхийн шийдвэр хэрэгжихгүй байгаа нь хачирхалтай.
Ингэж шүүхийн шийдвэрийг гацаасан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар давраад ялыг нь хойшлуулах хүсэлтээ Дээд шүүхэд гаргажээ. Тодруулбал, гуравдугаар сарын 10-нд Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ч.Хосбаярт хандан "Ял эдлэх хугацааг хойшлуулж өгөх" хүсэлт хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүнээр ажиллах 4 жилийн хугацаа дуусгавар болох хүртэл ял эдлэх хугацааг хойшлуулж өгөхийг хүсжээ.
Уг нь тэрээр Улсын дээд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй учраас Ерөнхий шүүгчид хандана гэж мэдэгдэж байсан юм. Тэгвэл тэрээр ялаа хойшлуулах хүсэлт гаргасан байна. Гэхдээ хуулиараа Д.Цогтбаатар гишүүний ялыг хойшлуулах хүсэлтийг хүлээн авах боломжгүй. Хуульд хэд хэдэн хүндэтгэх шалтгааны улмаас ялыг хойшлуулахаар заасан байдаг бөгөөд энэ нь зөвхөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүмүүст л хамаарах юм. Харин Д.Цогтбаатар гишүүн хорих ялаар шийтгүүлээгүйгээс гадна өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан.
Эрүүгийн хууль хянан шийдвэрлэх тухай хуульд:
37.5 дугаар зүйл. Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах
Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина.
Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан этгээд шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчөөгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ялаас чөлөөлнө гэж заасан байна.
Хуульд дээрх тохиолдолд л хоёр жилээр ялыг хойшлуулахаар заасан байна. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын ял хойшлуулах үндэслэлүүдийн нэг ч шаардлагыг хангахгүй байгаа юм. Түүнийг Хөгжлийн банкны хэргээр гурван шатны шүүх гэм буруутайд тооцож, 20 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хассан. Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуулиудад УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах зохицуулалт бий. Үүнд УИХ-ын гишүүн шүүхээс ял шийтгэл авсан бол эгүүлэн татна гэж заасан билээ.
Эх сурвалж:www.polit.mn