Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

2 цаг 31 мин
Нийтэлсэн: Админ
 23 мин унших

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

-Монгол Улсын эдийн засаг өнөөгийн байдалд хүрэхэд ямар гол хүчин зүйлс нөлөөлсөн гэж та үзэж байна вэ?

-Монгол Улсын эдийн засгийг өнөөгийн тогтворгүй нөхцөлд хүрэхэд уул уурхайн хамаарал,  бодлогын залгамж чанаргүй байдал, авлига, хяналтын сул байдал, инфляци, өрийн дарамт зэрэг олон хүчин зүйлс нөлөөлж байна. Ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээл дээр хэлбэлзэх үед эдийн засгийн тогтвортой байдал алдагддаг учир манай улсын эдийн засаг зөвхөн уул уурхайд тулгуурлан хөгжүүлсэн нь эдийн засгийн төрөлжилтөд сөргөөр нөлөөлж,  хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, хүний нөөцийн хөгжил, техник технологи зэрэг салбаруудыг хөгжүүлэх бодлого орхигдсон. Мөн төрөөс хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрүүдийн залгамж чанар дутагдалтай байгаа нь эдийн засгийн өсөлтийг урт хугацаанд тогтвортой хадгалахад саад болж байна. Үүнд, улс төрийн өөрчлөлтөөс үүдэн өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж байсан бодлого, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэхгүй, зарим нь зогсонги байдалд ордогтой холбоотой юм.

Түүнчлэн, авлигын асуудал нь төрийн хөрөнгө оруулалт, төсвийн зарцуулалтад сөргөөр нөлөөлж, эдийн засгийн үр ашгийг бууруулж байна. Сүүлийн жилүүдэд улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж буй хүчтэй хүчин зүйлсэд инфляци ба  өрийн дарамт нөлөөлж байна. Төсвийн хэт зарлага, гадаад өрийн дарамт нь эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж, хөрөнгө оруулалтын орчныг тогтворгүй болгож байна. Иймд, Монгол Улс хөгжихийн тулд нэн тэргүүнд эдийн засгийн суурийг төрөлжүүлж, бодлогын залгамж чанарыг хангаж, авлилагүй тогтвортой эко эдийн засгийн орчин шаардлагатай.

-Монгол Улс хөгжихгүй байгаа нь эдийн засгийн суурь анхнаасаа буруу тавигдсаных уу, эсвэл улсын бодлогын байдалтай холбоотой юу?

-Монгол Улсын эдийн засаг 2000-аад оны эхэн үеэс 2010 он хүртэлх хугацаанд эрчимтэй өсөлт үзүүлж байсан үе бий шүү дээ. Тухайлбал, 2003-2008 онд эдийн засгийн өсөлт 7.0-10.6 хувьд хүрч, 2011 онд хамгийн өндөр буюу 17.3 хувьд хүрсэн түүхтэй. Энэ өсөлтөд нөлөөлсөн гол хүчин зүйлсийн нэг нь уул уурхайн салбарын хөгжил байв. Тухайн үед ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээл дээр өсч, Монгол Улсын экспорт нэмэгдсэн нь эдийн засгийн өсөлтийг дэмжсэн. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж, томоохон төслүүд хэрэгжсэн нь эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлсөн. Гэсэн хэдий ч, эдийн засгийн өсөлт нь зөвхөн уул уурхайн салбараас хамааралтай байсан нь эдийн засгийн бүтцийн хувьд тэнцвэргүй байдал үүсгэж, бусад салбаруудын хөгжил хангалтгүй байхад хүргэсэн. Нэг талаас уул уурхайн салбар хөгжилийг дагаж хууль эрх зүйн орчны цоорхой, хариуцлага, хяналтгүй төрийн бодлогоос үүдэн энэ салбарт авлигал үүсэх таатай орчин бүрдсэн.  Нөгөө талаас, нэг салбар руу бүх анхаарал сарнихад бусад салбарт хяналт буурснаар бүх салбарт авлигал, хээл хахуулийн орчинг бүрдсэн байна. Түүнчлэн, төсвийн зарлага нэмэгдэж, инфляцийн дарамт үүссэн нь эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлсөн. Тиймээс бүхэл бүтэн нэг улс орны эдийн засгийн өсөлтийг зөвхөн нэг салбар дээр тулгуурлан хөгжүүлэх нь сөрөг үр дагавартай байдгийг Монгол Улсын иргэд бид одоо мэдэрч байна. Цаашид энэ гашуун түүхийг давтахгүйн тулд бид  төрөлжсөн суурьтай эдийн засаг, бодлогын тогтвортой байдал, хариуцлагатай засаглал, авлигатай тэмцэх зэрэг олон хүчин зүйлсийг харгалзан үзэх шаардлагатай.

-Тэгвэл Монгол Улс эдийн засгийн хувьд эрчимтэй хөгжиж байсан оргил үед авлига ихэссэн нь ямар үр дагавар авчирсан бэ?

-Эдийн засгийн хувьд эрчимтэй хөгжиж байсан 2008-2012 оны оргил үед авлигын түвшин нэмэгдсэн нь дараах үр дагаврыг авчирсан. Нэгдүгээрт, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж, томоохон төслүүдийг авлигалын сүлжээний нөлөөнд орж, энэ нь эдийн засгийн урт хугацааны үр өгөөжийг багасгаснаар  төсвийн үр ашиг буурсан. Хоёрдугаарт, авлигын улмаас гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл буурч, зарим төслүүд хойшлогдож, хөрөнгө оруулалтын орчинд сөргөөр нөлөөлсөн. Гуравдугаарт, төсвийн хөрөнгийг буруу зарцуулснаар нийгмийн эмзэг бүлгүүдийн хүртэх ёстой үйлчилгээ, боломж багассан.Үүнээс үүдэн нийгмийн тэгш бус байдал нэмэгдсэн гэж үзэж байна. Эцэст нь дурьдахад, авлига нь эдийн засгийн бүтэц, төрийн хяналтад сөргөөр нөлөөлж, тогтворгүй байдлыг бий болгосны үндсэн дээр манай улсын  эдийн засгийн тогтворгүй байдлын суурь тавигдсан.

-Тэгвэл Та авлига эдийн засагт хэрхэн сөргөөр нөлөөлдөг, ямар томоохон алдагдал авчирдаг талаар жишээ дурдахгүй юу?

-Авлига эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлдөгийг дараах байдлаар тайлбарлая:

1. Төсөл, хөрөнгө оруулалт үр ашиггүй болох. Жишээлбэл, “Тавантолгой”-н төсөл зэрэг томоохон төслүүд авлигын асуудлаас болж удааширч, эдийн засгийн үр өгөөжөө бүрэн өгч чадаагүй.

2. Хөрөнгө оруулалтын орчинд итгэл алдагдах байдал үүсэх. Үүний том жишээ нь: олон улсын хөрөнгө оруулагчид Монголд авлигын түвшин өндөр байгааг тэмдэглэж, шинэ төслүүдэд хөрөнгө оруулах сонирхол буурсан.

3. Төрийн орлого багасах. Жишээ нь: Татвараас зайлсхийх, гэрээний хөнгөлөлт эдэлсэн том компаниудын улмаас улсын орлого алдагдал үүссэн.

4. Нийгмийн үйлчилгээний чанар буурах. Үүнийг иргэд хамгийн ихээр мэдэрч байгаа том жишээ бол авлигын улмаас боловсрол, эрүүл мэндийн салбаруудад хуваарилах төсөв багасч, үйлчилгээний хүртээмж муудаж, уг салбаруудын хөгжил саарсан. Иймээс бүгдийг нь товчхондоо дүгнээд хэлвэл, авлига нь зөвхөн эдийн засагт бус нийгмийн тэгш байдал, төрд итгэх итгэлд сөргөөр нөлөөлдөг тул үүнийг бууруулах хатуу бодлого, хяналт хэрэгжүүлэх шаардлагатай гэж үздэг.

-Танаас бас нэг зүйл асууя. Сошиал ертөнцөд хамгийн ихээр яригддаг сэдвийн нэг л дээ. Улсын татвар, нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн сангийн мөнгийг буруу зорилгод ашиглах нь иргэд болон улсын хөгжилд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Татвар болон нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн сангийн мөнгө бол тухайн улсын иргэдийн итгэлцлийг бэхжүүлэх, иргэдийн амьдралыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг сангууд юм. Татвар болон нийгмийн даатгалд төлсөн мөнгө нь иргэдийн эрүүл мэнд, тэтгэвэр, боловсрол гэх мэт чухал хэрэгцээнд зориулагдах ёстой. Гэтэл сангийн мөнгө буруу зорилгод ашиглагдвал иргэдийн төрд итгэх итгэл алдагдаж, татварын хураамж төлөхөөс зайлсхийх, хууль сахих байдал сулрах магадлалтай. Иргэдийн итгэлийг алдах амархан шүү дээ.

Сангийн мөнгө үр дүнгүй, авлигалд автсан эсвэл илүүдэл хөрөнгө оруулалтад зориулагдвал улс оронд санхүүгийн хямрал үүсгэх эрсдэлтэй. Жишээ нь, манай улсад  2008-2012 онд төсвийн орлого өссөн үед сангийн хөрөнгийг хяналтгүй зарцуулж, төсвийн хэт алдагдал бий болсон түүх бий. Энэ нь эдийн засгийн тогтворгүй байдалд хүргэж байгаа юм. Бүр гүн ухаад дүйн шинжилгээ хийгээд харвал, улсынхаанийгмийн хамгааллыг сулруулахад хүргэнэ. Эрүүл мэндийн сан болон нийгмийн даатгалын мөнгийг буруу зарцуулснаар эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж муудаж, тэтгэврийн тогтолцоонд доголдол үүсэх магадлалтай. Иргэдэд энэ нь шууд сөргөөр нөлөөлдөг.

Миний байнга давтан сануулахыг хүсдэг авлигын суурь ч нэмэгдэнэ. Жишээлбэл,  сангийн мөнгийг буруу зарцуулах нь авлигыг өөгшүүлж, улмаар тогтолцооны асуудал үүсгэнэ. Дэлхий даяар улсын сан баялгийг завшсан орнуудад авлига өндөртэй, уг улс орнуудад эдийн засгийн тогтвортой байдал алдагдаж, хөгжлийн индексүүд нь удааширсан байдгийг үүгээр харж болно.

Мөн сангийн мөнгийг зөвхөн богино хугацааны амлалт эсвэл улс төрийн зорилгоор ашиглах нь урт хугацааны хөгжилд саад учруулдаг. Жишээ нь, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах санхүүжилт хомсдох нь ирээдүйн өсөлтөд сөргөөр нөлөөлдөг. Энэ нь улс урт хугөцөөны зорилго, хараагаа үл тоомсорлосноос болж улс орныхоо урт хугацааны хөгжлийг саатуулж байна гэсэн үг.

-Дэлхийд ийм жишээ байна уу?

-Тийм ээ, дэлхий даяар төрийн сангийн мөнгийг буруу зарцуулснаас болж эдийн засаг, нийгэмд хохирол учирсан олон жишээ бий. Нэгт, Венесуэлийн жишээнээс харахад нийгмийн хамгааллын сан болон улсын орлогыг буруу зарцуулж, авлига газар авсан нь тус улсын эдийн засгийг хямралд оруулсан. Үүний үр дүнд инфляци хяналтаас гарч, иргэдийн амьдрал эрс муудсан. Дараагийн нэг улс болох Грек Улс нь төсвийн хөрөнгийг хэт үрэлгэн зарцуулж, нийгмийн даатгалын санг үр ашиггүй удирдсан нь 2008-2009 оны хямралын үеэр тус улсыг дампуурлын ирмэгт хүргэсэн.

Африкийн орнуудаас зурвасхан дурьдвал Кенийн жишээг татаж болно. Энэ улс  эрүүл мэндийн сангийн мөнгийг буруу удирдаж, олон арван сая доллар алдагдсанаар тус улсын эрүүл мэндийн системд ноцтой асуудал үүсэж байсан.

Эдгээр жишээнүүдээс харахад санхүүгийн сахилга бат, хяналтгүй байдал нь зөвхөн нэг улсын асуудал биш бөгөөд дэлхийн түвшинд түгээмэл байгаа гунигтай дүр зураг юм. Монгол Улс ийм алдааг давтахгүйн тулд хяналтын тогтолцоогоо сайжруулж, авлигатай тууштай тэмцэх шаардлагатай гэдгээ дахин бататган хэлмээр байна.

-Энэ төрлийн санхүүгийн хариуцлагагүй байдалтай тэмцэхэд ямар төрлийн бодлого, хууль хэрэгтэй гэж та бодож байна?

-Санхүүгийн хариуцлагагүй байдал, ялангуяа төрийн сангийн мөнгийг буруу зарцуулах асуудлыг шийдвэрлэхийн тулд дараах арга хэмжээ болон дэлхийн оновчтой жишээнүүдээс суралцах, судлах ба Монгол Улсын хөрсөн дээр буулгаж болно.

Төрийн сангийн мөнгийг хариуцлагатай зарцуулах хатуу хяналт, аудитын тогтолцоог ил тод, хатуу цэгцтэй дэгтэй болгохын тулд  тодорхой, хатуу хууль тогтоомж, журам зэргийг төгс боловсруулж хэрэгжүүлэх. Жишээ нь, миний ажиллаж байсан төслүүдийн нэг болох  Норвегийн Засгийн газрын газрын тосны сан. Тус улс газрын сангаа ашиглахдаа урт хугацааны тогтвортой хөгжилд чиглэсэн хатуу бодлого баримталдаг. Жишээ нь, тэд жил бүр газрын тосны ашгийн тодорхой хувийг л улсын төсөвт зарцуулж, үлдсэн хэсгийг ирээдүйн хөгжилд зориулан хуримтлуулдаг.

Миний дараагийн жишээ татах орон бол сангийн зарцуулалтыг ил тод, шударга байдлаар хянадаг бие даасан аудитын байгууллага үүсгэн байгуулж,  дэлхийн жишиг болох ил тод, бие даасан хяналтын байгууллагын үйл ажиллагааны том жишээ болж чадсан юм. Энэ нь Сингапур-ын Corrupt Practices Investigation Bureau (CPIB) ба  санхүүгийн хариуцлагагүй байдал, авлигын эсрэг маш үр дүнтэй ажилладаг байгуулага болсон. Тэд сангийн мөнгөний зарцуулалтыг ил тод болгож, зөрчил гаргасан албан тушаалтнуудад шуурхай хариуцлага тооцдогоороо алдартай.

Миний хувийн зүгээс санал болгож ярих дуртай хяналтын систем бол иргэдийн оролцоо, ил тод байдал. Төрийн сангийн зарцуулалтыг олон нийтэд ил тод болгох нь иргэдийн хяналтыг нэмэгдүүлж, хариуцлагагүй байдалтай тэмцэхэд чухал үүрэгтэй байдаг. Жишээлбэл, Эстони нь төрийн сангийн бүх зарцуулалтыг олон нийтэд нээлттэй болгосон “E-Estonia” системийг нэвтрүүлсэн. Энэ нь иргэдэд төрийн зарцуулалтыг хянах боломж олгож, авлигын түвшинг багасгасан.

Миний жишээ татаж байгаа орнууд манай улстай ижил том гүрнүүд биш болохоор манайд хэрэгжүүлэхэд бүрэн боломжтой гэж үзэж байна.

Африк бол тив, манайхан Африк шиг боллоо гэж ярьцгаадаг. Гэтэл Африкт сан хөмрөгөө хамгаалж, эдийн засгийн хөгжилдөө нөлөөлж чадсан улсын нэг жишээ бол Руанда.  Энэ улс авлигын эсрэг хатуу хууль тогтоомж хэрэгжүүлж, санхүүгийн хариуцлагыг сайжруулснаар эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлж чадсан. Тэдний засаглалын хариуцлагатай тогтолцоо жижиг хүн амтай улсад тохиромжтой сайн туршлага гэж харж болно. Энэ хууль тогтоомжийн онцлог нь хуулиа боловсруулсаны дараа хэрэгжилтийг нь сайн баримтлаж чадсанд байгаа юм.  Хариуцлагатай удирдлага ба авлигын эсрэг хатуу арга хэмжээ  нь сангийн мөнгийг буруу зарцуулсан албан тушаалтнуудад хатуу хариуцлага хүлээлгэх, авлигын эсрэг бодлогыг хүчтэй хэрэгжүүлсэн тод жишээ юм.

Жижиг хүн амтай улстай харьцуулалт хийе гэвэл Ботсванагийн жишээ байна.

Монгол шиг хүн ам цөөн улсад эдийн засгийн нөөц хязгаарлагдмал учраас санхүүгийн хариуцлагагүй байдал илүү их хохирол дагуулдаг. Төрийн сангийн хөрөнгөөр жижиг, дунд бизнесүүдийг дэмжих, иргэдийн боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийх нь илүү үр өгөөжтэй байдаг. Манай улс шиг жижиг хүн амтай боловч Ботсвана нь очир эрдэнийн экспортын орлогоо хариуцлагатай зарцуулснаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгож чадсан. Тэд ашигт малтмалын орлогоо ил тод, хариуцлагатай удирдаж, эрүүл мэнд, боловсролд хөрөнгө оруулснаар иргэдийнхээ амьдралыг сайжруулж чадсан юм.

Ингээд дүгнээд харахад, Монгол Улсын хувьд хүний нөөц байхгүй, хууль тогтоомж байхгүй, хянах механизм байхгүйдаа биш юм. Манай улсад бүх суурь нь байна. Бидэнд хариуцлага, ил тод байдал, иргэдийн боловсрол, оролцоог нэмэгдүүлэх нь дутаад байх шиг байна.  Түүнчлэн, жижиг хүн амтай орны онцлогийг харгалзан урт хугацааны тогтвортой хөгжилд чиглэсэн бодлого хэрэгжүүлж, нийгмийн эмзэг хэсэгт хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна.

-Монгол Улсын жижиг, дунд бизнесүүд хөгжихийн тулд төрөөс ямар бодлого, дэмжлэг шаардлагатай гэж үздэг вэ?

-Жижиг, дунд бизнес үйлдвэрлэгчид (ЖДҮ) нь Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч бөгөөд нийт ажлын байрны ихэнхийг бүрдүүлдэг. Гэсэн хэдий ч ЖДҮ-үүд санхүүжилтийн хомсдол, зах зээлд нэвтрэх бэрхшээл, хууль эрх зүйн тогтворгүй байдал зэрэг олон сорилттой тулгардаг. Тиймээс төрөөс дараах бодлого, дэмжлэгийг үзүүлэх шаардлагатай: нэгт, санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх. Үүнд ЖДҮ-үүдийн санхүүжилтийн хүртээмжийг сайжруулахын тулд хөнгөлөлттэй зээл, татварын хөнгөлөлт, хөрөнгө оруулалтын урамшуулал зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ нь ЖДҮ-үүдийн хөрөнгө оруулалт, өргөжилтийг дэмжинэ. Хоёрт, хууль эрх зүйн орчны тогтвортой байдал. ЖДҮ-гийн үйл ажиллагааг дэмжихийн тулд хууль эрх зүйн орчныг тогтвортой, ойлгомжтой болгох шаардлагатай. Тогтвортой хууль эрх зүйн орчин нь бизнес эрхлэгчдэд итгэл төрүүлж, урт хугацааны төлөвлөлт хийх боломжийг олгоно. Гуравт, зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх. Ингэснээр ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээг дотоод болон гадаад зах зээлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, экспортын боломж нэмэгдэнэ. Үүнд үзэсгэлэн, худалдааны арга хэмжээ зохион байгуулах, мэдээлэл, зөвлөгөө өгөх зэрэг арга хэмжээг багтааж болно. Дөрөвт, боловсон хүчний чадавхийг сайжруулах. ЖДҮ-ийн удирдлага, ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх сургалт, зөвлөгөө өгөх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нь бизнесийн үр ашгийг нэмэгдүүлнэ.Тавд, инноваци, технологийн дэмжлэг хэрэгтэй.  ЖДҮ-ийн инноваци, технологийн шинэчлэлийг дэмжих замаар өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүнд судалгаа, хөгжүүлэлтийн санхүүжилт, технологийн парк байгуулах зэрэг арга хэмжээг авч болно.

Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Монгол Улсын эдийн засаг, улс төрийн талаар дараах байдлаар дүгнэсэн байна. Дэлхийн Банкны 2024 оны 5-р сарын тайланд дурдсанаар Монгол Улсын эдийн засаг 2024 онд 4.8 хувиар өсөх төлөвтэй байна. Гэсэн хэдий ч уул уурхайн салбарын хамаарал, төсвийн тэлэлт, инфляцийн дарамт зэрэг сорилтууд хэвээр байгааг онцолсон байна. Мөн гадаадын хэвлэлүүд Монгол Улсад авлигын түвшин өндөр байгааг онцолж, энэ нь эдийн засгийн хөгжилд саад болж байгааг тэмдэглэсэн байдаг. Тухайлбал, “Transparency International” байгууллагын 2023 оны Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 111-р байранд жагссан нь авлигын эсрэг тэмцлийг эрчимжүүлэх шаардлагатайг харуулж байна. Эдгээр дүгнэлтүүдээс харахад Монгол Улсын эдийн засагт ахиц дэвшил гарч байгаа ч авлига, эдийн засгийн төрөлжилт, ЖДҮ-ийн дэмжлэг зэрэг асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна.

-Жижиг, дунд бизнесүүдийн орон зайг шахах нь татварын орлого болон ажлын байранд хэрхэн сөргөөр нөлөөлдөг вэ?

-ЖДҮ-ийн орон зайг шахах нь зөвхөн эдийн засагт төдийгүй нийгэмд олон сөрөг үр дагавартай. Улс орон бүрт ЖДҮ нь эдийн засгийн өсөлт, ажлын байр бий болгох, татварын орлогын чухал эх үүсвэр болдог тул тэдний шахагдал нь татварын орлогын бууралтанд нөлөөлнө. ЖДҮ Монгол Улсад гэлтгүй дэлхий нийтэд  ихэвчлэн татварын орлогын томоохон хэсгийг бүрдүүлдэг. ЖДҮ ийн тоо буурч, том корпорациуд зах зээлийг эзэгнэснээр татварын суурь өргөн цар хүрээгээ алдагдаж,

Учир нь том корпорациудын татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, өршөөл нь төрийн татварын орлогыг их хэмжээгээр бууруулдаг. Жишээлбэл, томоохон уул уурхайн компаниуд олон төрлийн татварын хөнгөлөлт эдэлдэг байхад ЖДҮ нь  харьцангуй их татвар төлдөг. Тэдний үйл ажиллагаа хумигдах тусам улсын татварын тогтвортой эх үүсвэр багасна шүү дээ.

Мэдээж, ажлын байрын хомсдол үүснэ. ЖДҮ  нь нийт ажлын байрны ихэнх хувийг бүрдүүлдэг. Жишээ нь, Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд ЖДҮ-ийн хувь хэмжээ 70-80 орчим байдаг гэж үздэг. ЖДБ-үүдийн орон зайг том корпорациуд шахсанаар ажлын байр хомсдож, орон нутгийн иргэдийн ажилгүйдэл ихсэнэ.

Дээр дурьдсанчилан, манай улсад эдийн засгийн төрөлжилт сул байна гэсэн.

ЖДҮ нь өөрөө аль ч салбарыг өргөнөөр төрөлжүүлж байдаг онцлогтой. Иймээс олон талт, төрөлжсөн бизнесийн орон зайг шахах нь ямар ч улсын эдийн засгийн төрөлжилтийг алдагдуулж, шинэ бизнесүүд зах зээлд нэвтрэх боломжийг хааж, ЖДҮ инноваци, санаачилгыг бууруулж, зах зээлд хэдхэн салбар эсвэл компаниудад хэт төвлөрөхөд хүргэнэ. Энэ нь  шударга өрсөлдөөн алдагдахад хүргэж, монополь,  авилгал, ажилгүйдлийн суурь юм.

-Тэгвэл орон нутагт ЖДҮ хөгжихгүй байх нь ямар сөрөг үр дагавар авчрах вэ?

-ЖДҮ  нь орон нутгийн эдийн засгийг хөгжүүлж, тухайн бүс нутгийн орлогыг нэмэгдүүлдэг. Харин тэдний орон зайг шахах нь орон нутгийн жижиг суурин газруудын хөгжил саарч, орон нутгийн иргэдийн орлого эрс буурна. Иймээс том компаниудад захиж хэлэхэд хөл дээрээ босох гэж байгаа ЖДҮ-ийг зах зээлийг нь булааж битгий шахаарай. Энгийн жижиг дэлгүүрүүдийн жишээг л дурьдахад: Австралийн жижиг хотуудад том супермаркет сүлжээнүүд жижиглэн худалдааны салбарыг шахаж, орон нутгийн эдийн засгийг сулруулсан байна.

 


-Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-д улс төрчид нөлөөлж, авлигалд автсан том корпорациудыг дэмжихэд хүрвэл ямар хор уршигтай вэ?

 

-Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) нь Монгол Улсын хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих, бизнесийн орчныг сайжруулах, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чухал байгууллага юм. Гэсэн хэдий ч улс төрийн нөлөөлөлд автсан тохиолдолд дараах сөрөг үр дагаврууд үүсэх эрсдэлтэй:

 

1. Шударга өрсөлдөөний орчин алдагдана

МҮХАҮТ нь том корпорациудыг дэмжихэд анхаарлаа төвлөрүүлж, жижиг, дунд бизнесүүдийн оролцоог хязгаарлавал:

• Зах зээлд шударга өрсөлдөөний зарчим алдагдана.

• Жижиг, дунд бизнесүүд өрсөлдөх чадваргүй болж, дампуурах эрсдэлтэй.

Үр дагавар: Энэ нь бизнесийн олон төрөлтөд сөргөөр нөлөөлж, эдийн засгийн бүтцийн тэнцвэрийг алдагдуулна.

 

2. Эдийн засгийн төвлөрөл нэмэгдэнэ

Том корпорациуд МҮХАҮТ-ын дэмжлэгийг ашиглан зах зээлд илүү хүчтэй байр суурьтай болох үед:

• Эдийн засгийн хэт төвлөрөл үүснэ.

• Бусад салбаруудын хөгжил удааширч, эдийн засаг уул уурхай эсвэл тодорхой салбаруудад хэт тулгуурлах эрсдэлтэй.

Жишээлбэл: Том компаниудын ашиг сонирхолд нийцсэн бодлого нь жижиг, дунд бизнесүүдэд шаардлагатай хөнгөлөлт, дэмжлэгээс анхаарлыг холдуулдаг. Ингэснээр эдийн засагт олон тулгууртай хөгжил бий болох боломж хязгаарлагддаг.

 

3. Авлигын сүлжээ гүнзгийрнэ

МҮХАҮТ улс төрчдийн нөлөөнд орж, авлигалд автвал:

• Танхимын үйл ажиллагаа бизнес эрхлэгчдийн төлөө бус, улс төр, ашиг сонирхлын бүлгүүдэд үйлчлэх болно.

• Энэ нь бизнес эрхлэгчдийн итгэл алдагдахад хүргэж, бизнесийн орчныг улам доройтуулна.

Үр дагавар: Авлигад автсан бодлогоос болж жижиг бизнесүүд санхүүгийн хүндрэлийг даван туулж чадахгүй, зах зээлээс шахагдана.

 

4. Бизнесийн орчинд итгэл алдагдана

МҮХАҮТ бизнес эрхлэгчдийн дуу хоолой болж чадахгүй бол:

• Бизнесийн орчинд итгэлцэл буурна.

• Хөрөнгө оруулагчид болон жижиг бизнесүүд оролцоогоо багасгаж, эдийн засгийн идэвхжил буурна.

Жишээ: Авлигын асуудалтай холбоотой улс орнуудад бизнесийн орчинд итгэл багасаж, олон улсын хөрөнгө оруулагчид зах зээлээс татгалздаг. Монголд ч энэ эрсдэл өндөр хэвээр байна.

 

5. Хөдөлмөрийн зах зээлд сөргөөр нөлөөлнө

Жижиг, дунд бизнесүүд зах зээлээс шахагдвал:

• Ажлын байрны хомсдол үүснэ.

• Тэдгээр бизнесүүдийн бий болгож буй инноваци, шинэ санаачилга алдагдана.

Үр дагавар: Энэ нь залуучууд болон шинэ бизнес эрхлэгчдэд сөргөөр нөлөөлж, хөдөлмөрийн зах зээлд урт хугацааны хүндрэл үүсгэнэ.

 

-Та ямар шийдэл ба зөвлөмж өгөх вэ?

 

-МҮХАҮТ улс төрөөс ангид, хараат бус, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалсан, шударга орчныг бүрдүүлэхэд анхаарах шаардлагатай. Үүний тулд:

1. Танхимын бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах: Бие даасан, олон талт төлөөллийг хангах.

2. Ил тод байдлыг нэмэгдүүлэх: Бүх шийдвэр гаргах үйл явцыг бизнес эрхлэгчдэд нээлттэй болгох.

3. Авлигатай тэмцэх: Танхимын доторх авлигын эсрэг хатуу хяналт тогтоох.

4. Жижиг, дунд бизнесүүдийг дэмжих бодлого хэрэгжүүлэх: Тэдний оролцоог хангах замаар эдийн засгийн төрөлжилтийг дэмжих.

5. Олон улсын туршлагыг хэрэгжүүлэх: Европын холбоо, Сингапур зэрэг улсуудын танхимын загварыг судалж, шударга өрсөлдөөнт орчныг бий болгох.

Дүгнэж хэлэхэд, МҮХАҮТ улс төрчдийн нөлөөлөлд автаж, зөвхөн том корпорациудыг дэмжих нь эдийн засагт урт хугацааны ноцтой хохирол учруулж, бизнесийн орчинд шударга бус байдлыг гүнзгийрүүлнэ. Тиймээс танхимыг хараат бус, шударга, нийт бизнес эрхлэгчдийн дуу хоолой болох чиглэлээр хөгжүүлэх нь Монгол Улсын эдийн засгийн ирээдүйд чухал ач холбогдолтой юм.

 

-Дэлхийн жишээнээс харахад, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) ямар удирдлагатай байж сайжирч, бизнесүүддээ, ялангуяа дотоодын жижиг, дунд бизнесүүдэд хэрхэн хөгжих боломжийг олгох вэ?

 

-Дэлхийн олон орны Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимууд (ХАҮТ) нь бизнесийн орчныг сайжруулах, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, ялангуяа жижиг, дунд бизнесүүдийг (ЖДБ) дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) нь эдгээр туршлагаас суралцаж, дараах удирдлагын зарчмуудыг хэрэгжүүлснээр үйл ажиллагаагаа сайжруулж, ЖДБ-үүдийн хөгжлийг дэмжих боломжтой.

 

1. Хараат бус, бие даасан удирдлага

ХАҮТ-ууд нь улс төрөөс ангид, бие даасан байдлаа хадгалснаар бизнесийн эрх ашгийг шударгаар хамгаалж чаддаг. Жишээлбэл, Германы ХАҮТ нь төрөөс хараат бус, гишүүдийнхээ санхүүжилтээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд энэ нь тэдний бие даасан байдлыг хангадаг.

 

2. Гишүүдийн идэвхтэй оролцоо, төлөөлөл

Гишүүдийн идэвхтэй оролцоо, санал бодлыг тусгах нь ХАҮТ-ын үйл ажиллагааны үр дүнтэй байдлыг нэмэгдүүлдэг. Францын ХАҮТ нь гишүүдийнхээ оролцоог хангахын тулд салбар, бүс нутгийн төлөөллийг удирдлагын түвшинд оруулдаг.

 

3. Ил тод, хариуцлагатай удирдлага

Ил тод байдал, хариуцлагатай удирдлага нь гишүүдийн итгэлийг нэмэгдүүлж, байгууллагын нэр хүндийг өсгөдөг. Канадын ХАҮТ нь санхүүгийн тайлангаа жил бүр нийтэлж, гишүүддээ тайлагнадаг.

 

4. Жижиг, дунд бизнесүүдэд чиглэсэн үйлчилгээ

ЖДБ-үүдэд зориулсан сургалт, зөвлөгөө, санхүүгийн дэмжлэг зэрэг үйлчилгээг үзүүлэх нь тэдний хөгжлийг дэмжихэд чухал үүрэгтэй. Японы ХАҮТ нь ЖДБ-үүдэд зориулсан бизнесийн зөвлөгөө, санхүүгийн дэмжлэг үзүүлдэг.

 

5. Олон улсын хамтын ажиллагаа, туршлага солилцоо

Олон улсын ХАҮТ-уудтай хамтран ажиллаж, туршлага солилцох нь үйл ажиллагаагаа сайжруулахад тустай. МҮХАҮТ нь олон улсын 160 гаруй ХАҮТ-тай хамтын ажиллагаатай бөгөөд энэ нь гадаад зах зээлд нэвтрэх, туршлага солилцоход дэмжлэг болдог.

 

6. Бодлогын өмгөөлөл, зөвлөмж гаргах чадвар

ХАҮТ-ууд нь төрийн бодлогод бизнесийн эрх ашгийг тусгах, зөвлөмж гаргах үүрэгтэй. Сингапурын ХАҮТ нь төрийн бодлогод бизнесийн саналыг тусгах, хууль эрх зүйн орчныг сайжруулахад идэвхтэй оролцдог.

МҮХАҮТ нь дээрх зарчмуудыг хэрэгжүүлснээр үйл ажиллагаагаа сайжруулж, ялангуяа дотоодын жижиг, дунд бизнесүүдийн хөгжлийг дэмжих боломжтой. Хараат бус, ил тод удирдлага, гишүүдийн идэвхтэй оролцоо, ЖДБ-үүдэд чиглэсэн үйлчилгээ, олон улсын хамтын ажиллагаа зэрэг нь МҮХАҮТ-ын үйл ажиллагааг үр дүнтэй болгох үндэс суурь болно.

 

-Таны хэлснээр эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчин гэж юу вэ?

 

-Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсад бүрдүүлэхийн тулд дараах стратегийг хэрэгжүүлэх нь чухал. Эрх чөлөөт эдийн засаг нь хувийн хэвшлийг дэмжсэн, өрсөлдөөнийг эрхэмлэсэн, төрийн оролцоог багасгасан орчинд хөгждөг. Үүний тулд: төрийн оролцоог хязгаарлах нь зөв.  Төр зөвхөн хууль тогтоох, зохицуулалт хийх, шударга өрсөлдөөнийг хангах үүрэг гүйцэтгэх ёстой.  Шударга өрсөлдөөнийг хангах өгөх нь том компаниудын монополийг хязгаарлах, жижиг, дунд бизнесүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хууль тогтоомж хэрэгжүүлэх. Тэнцвэртэй санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлснээр  жижиг, дунд бизнесүүдэд хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалтын боломжийг өргөжүүлэх. Жишээ: Сингапурт төрийн өмчит компаниудыг хувийн хэвшилд шилжүүлж, өрсөлдөөнийг дэмжсэн нь эдийн засгийн хурдацтай өсөлтийн үндэс болсон.

Эрх тэгш, нээлттэй нийгмийг бий болгох гэдэг нь эрх тэгш нийгмийг бүрдүүлэхийн тулд иргэн бүрт тэгш боломж, хүртээмжтэй нийгмийн үйлчилгээ санал болгох хэрэгтэй. Үүнд, боловсролын тэгш хүртээмж: хот, хөдөө орон нутагт чанартай боловсролын үйлчилгээг тэгш хүртээмжтэй болгох шаардлагатай. Эрүүл мэндийн хүртээмж хангалттай байх хэрэгтэй. Эмнэлгийн үйлчилгээг хүн амын бүлгүүдэд тэгш хүргэх, ялангуяа эмзэг бүлгийн иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах хэрэгтэй.  Нийгмийн давхаргын ялгааг бууруулах нь нэн чухал асуудал болж байна. Үүний тулд баялгийн хуваарилалтыг шударгаар хийх, татварын зохистой бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Жишээ нь: Норвеги зэрэг оронд нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжийг өндөр түвшинд байлгах замаар нийгмийн ялгааг багасгасан.

Дараагаар нь иргэн төвтэй засаглалын тогтолцоог хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй.

Иргэн төвтэй засаглал нь иргэдийн оролцоо, хяналттай байхыг шаарддаг. Улсын түвшинд иргэдийн оролцоог дэмжих цахим платформуудыг хөгжүүлснээр иргэдийн оролцоог нэмэгдүүлж, ил тод засаглал,  төрийн бүх шийдвэр, төсвийн зарцуулалтыг иргэдэд нээлттэй байлгаж, ил тод байдлыг хангана. Мөн авлигатай тууштай тэмцэж, төрийн албан тушаалтнуудын хариуцлагыг өндөржүүлнэ. Жишээлбэл: Эстони улс төрийн үйл явцыг цахимжуулж, иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах замаар иргэн төвтэй засаглалыг бий болгосон.

 

Экосфер орчныг дэмжих гэдэг нь дараах учиртай:

Экосфер орчин нь бүх хэсгүүд харилцан уялдаатай, тогтвортой хөгжлийг хангах замаар бүрэлддэг. Эдийн засаг, нийгэм, байгаль орчны уялдаатай байснаар  уул уурхай зэрэг салбарын орлогоос орон нутагт хөрөнгө оруулж, байгаль орчныг хамгаалах тогтолцоог бүрдүүлдэг. Тогтвортой хөгжлийн бодлогоор дэд бүтэц, боловсрол, инноваци зэрэгт хөрөнгө оруулж, урт хугацааны хөгжлийн суурийг бий болгох боломжтой. Экосфер орчин нь олон талт оролцоо хангана. Ингэснээр  иргэд, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой болнов Жишээлбэл: Швейцарьт төр, иргэд, бизнесүүд байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжилд хамтран ажиллах соёл төлөвшсөн.

Энэ бүгдийг дүгнээд хэлэхэд, Монгол Улс маань эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нийгэм, иргэн төвтэй засаглалыг хөгжүүлэхийн тулд төрийн үүргийг хязгаарлаж, хувийн хэвшил, өрсөлдөөнийг дэмжих, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг тэгш болгох, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, ил тод, хариуцлагатай засаглал хэрэгжүүлэх, тогтвортой хөгжлийн уялдаатай бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай.

Энэ нь Монгол Улсын тогтвортой, тэгш хөгжилд чухал алхам болно.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 230 (7474)

 

Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

2 цаг 31 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

2 цаг 31 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

2 цаг 31 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

2 цаг 31 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

2 цаг 31 мин
Э.Одбаяр сайдын Хяналт хэрэгжүүлэх газар “Мэргэжлийн хяналт”-ыг орлож чадах уу?

Одоо үгүй болсон Мэргэжлийн хяналтын байгууллагын үүх түүх бүр 1930-аад оноос эхэлдэг байна. Тодру

2 цаг 31 мин
Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

14 цаг 45 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

15 цаг 5 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

15 цаг 10 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

15 цаг 12 мин