Батчулууны АЛТАНГЭРЭЛ
Намираа хоргой нэхийний
Найгал сорыг жигдлэхдээ
Наран ургуулж утас сүвлэх
Наалинхай чиний савхан хуруу...
Монголын үндэсний уран хатгамал нь маш тансаг, уран нарийн хийцтэй, нягт нямбай оёдол шаарддаг. Тиймээс ч монголчууд “торго уйлуулах”, “даалимба инээлгэх” гэж ярьдаг байжээ. Энэ дундаршгүй өв соёлын нэгээхэн хэсгийг үр хойчдоо өвлүүлж яваа соёлын биет бус өвийг тээгч, өвлөн уламжлагч, Соёлын тэргүүний ажилтан Т.Цолмонсүрэнг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа урьж ярилцлаа.
Эмч гэдэг олонд ээл буянаа хайрласан сайхан мэргэжил
Хүмүүний амьдрал гэдэг үгээр илэрхийлж, үнэлэмжээр цэгнэдэг хялбар хямд эд биш. Шар будааны үзүүр дээр ядан байж тогтдог, заяасан гайхамшигт амьдралдаа залбиран шүтэж амьдардаг хүмүүс байхад халаасанд сул “гүйх” бутархай мөнгө шиг дэмий нэг арилжчихдаг нэгэн ч байх. Гэхдээ хэн ч бай хорвоо биднийг алагчилж илгээдэггүй учраас бүгд л эхийн ариун хэвлийгээс орчлонд дуугаа хадаан байж мэндэлдэг. Алаг цоогтой хүний хорвоод зочилж буй үрийн заяаг эцэг эхийнх нь гарт өргөн барьдаг буянтныг бид “Хүйн ээж” хэмээн авгайлдаг.
Т.Цолмонсүрэн нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Гүн булаг хэмээх газар Товуу, Содном нарын охин болон мэндэлжээ. Бага насаа Баянтэрэм хэмээх газар өнгөрүүлж Дорноговийн анагаахын сургуульд эх баригч, бага эмчээр сурч төрсөн нутагтаа томилогдон ирж ажиллажээ. Тэрээр “Ээж маань сувилагч хүн байсан. Аав маань намайг их сургуульд явуулах хүсэлтэй байсан ч миний бие үеийн хүүхдүүд техникумд яваад байхаар нь өөртөө эргэлт хийж өөрөө анагаахын сургуульд сурах шийдвэр гаргаж байлаа. Өнөөдөр ингээд бодоход зөв шийдвэр гаргажээ гэж хардаг. Сургуулиа төгсөөд бригадын бага эмчээр томилогдож нутагтаа ирж ажилласан. Бидний үед Эрүүлийг хамгаалах газраас тушаалаар томилогдож ажилладаг байсан. Нутагтаа ирээд удаагүй байтал эх баригч бага эмч маань шалтгааны улмаас ажиллах боломжгүй болж би оронд нь эх баригч бага эмчээр ажилласан. Олон хүүхэд эх барьж авсан. Хамгийн сүүлд 1987 онд хөдөө хадмындаа амраад явж байтал нэг шөнө нохой хуцуулаад олон морьтой хүн ирж байгаа бололтой. Хадам ээж, аав гараад юун хүн ирж байна гээд хартал “Манай ээж төрөх гээд байна” гэсэн морьтой хүү ирлээ. Сум руу явдаггүй яахлаараа манай руу ирдэг билээ гэтэл танай бэрийг эмч гэж дуулаад ирлээ гэсэн.
Тухайн үед амарч явсан болохоор надад нэг ч эмнэлгийн хэрэгсэл, багаж байгаагүй. Хөдөөгийн айл ямар билээ. Гэрт нь яваад очтол лааны гэрэл, зуухны аманд улалзсан улаан цогоос өөр гэрэл байсангүй. Ямааны адасга дэвсээд хөнжил нөмрөөд хэвтэж байсан. Ийм л нөхцөлд эх барьж авах боллоо. Хүн төрөх гэж байхад надад амарч явна гэж хэлэх эрх байхгүй шүү дээ. Азаар тэр хүн маань зургаа удаа төрсөн хүн байсан. Тэр үеийн хүмүүс бие сайн, сайхан төрдөг ч байж.
Хүүхэд төрж хүйг нь таслах болоод спирт, хайч асуутал архи гаргаж өгсөн. Хайч аваад ир гэтэл морь дэлэлдэг зэвтэй хайч байсан. Архиар арчаад, галд халаагаад ариутгасан болоод хүйг нь хачилсан. Ингэж л хамгийн сүүлийнхээ хүүхдийг эх барьж авч байсан даа. Надад тэр айл маань хүүг нь эх барьж авсан гээд хургатай хониор бэлэглэж байлаа.
Дараа тэр хүү нь цэргийн албанд мордох болоод “Ээж дээ мөргөнө” гээд намайг зорьж ирсэн. Манай монголчууд хүйн ээж хэмээн ихэд дээдэлдэг. Эмч гэдэг олонд ээл буянаа хайрласан сайхан мэргэжил. Одоо нутагтаа очихоор энэ чиний хүү шүү дээ, чиний охин шүү дээ гэдэг” хэмээн дурсаж байлаа.
Цэрэг байна гэдэг асар их тэвчээр шаардагддаг цэргийн хүний гэргий байх нь магадгүй түүнээс ч илүү
Т.Цолмонсүрэн “Цэрэг хүний гэргий гэдэг нөхөр хаашаа явна тийшээ дагаад л явдаг. Бүсгүй хүн цагаан зээр хоёр нутаггүй гэдэгтэй адил. Цэргийн даргыг дагаж Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Ардын Армийн зургаадугаар дивизийн харьяа Ардын армийн 206 ангид хуваарилагдан очиж гал голомтоо бадрааж байсан. Би чинь айлын ганц, өргөмөл охин, миний хань ах дүү олуулаа. Нөхөр маань цэргийн хүн тул тэр бүр гэрийн бараа харахгүй. Хүүхдүүд маань цэрэг хувцастай хүн харвал ааваа гэж дууддаг байсан. Яагаад гэвэл аав нь өглөө эрт таван цагт гэрээсээ гараад орой хүүхдүүдээ унтсан хойно нь ирнэ. Хэзээ ирэх, хэзээ явах нь тодорхойгүй байдаг. Миний нөхөр Хурандаа Ж.Сүхбаатар гэж хүн бий. Цэрэг байна гэдэг асар их тэвчээр шаардагддаг цэргийн хүний гэргий байх нь магадгүй түүнээс ч илүү биз.
Зүү ороох оёдол бол машины программд оруулж чадаагүй ганц оёдол
Монгол эмэгтэй эр нөхөртөө сэтгэлийн илэрхийлэл болгож хөөргөний даалин урлаж өгдөг бөгөөд хамгийн том хүндлэл төдийгүй эр хүний сүр сүлдийг нь авч явдаг хийморийн уут ч гэж ярих нь бий. Ур ухаан, сэтгэл, мэдрэмжээ бүрэн зориулж, нягт нямбай урлаж чадвал хөөргөний даалин дээр ч урлагийн бүтээлийг амилуулж болдог аж.
Тэрээр “Зүү ороож урласан даалин нь он удаан жил хадгалагдан үлддэг бөгөөд даалин дээр урлах хээ угалз бүр өөр өөрийн бэлгэдэлтэй. Хээ угалзаас гадна 12 жил, дөрвөн хүчтэн зэрэг бэлгэдлийн шинж чанартай хатгамлыг найман өнцөгт нь урладаг. Даалинг урлах материалд торго гол үүрэгтэй бөгөөд 100 хувийн торгон дээр зүү ороож урласан даалин хамгийн үнэ цэнтэйд тооцогдоно. Даалингаа эсгэж, зүү тавихдаа өдрийн сайныг харж үйлээ эхлүүлдэг уламжлалтай. Сайн өдөр, сайн цагт эхэлсэн үйл гараас хурдан гардаг гэлцдэг. Уран хатгамал хийж байгаад түр завсарлахад хатгалт нь өөрчлөгддөг учир уран хатгамалчид тасралтгүй олон цагаар үйл урлах нь бий. Даалин урлахдаа утга учрыг нь сайн ойлгож, утсаа сайн мэдэрч оёх хэрэгтэй. Даалингийн материал сайн чанарын торго байна. Мөн цэвэр торгон, эрчлээс сайтай утсаар хээ угалзаа хатгадаг. Үйл урлахын өмнө торго, наалт, утсаа зөв сонгож, хээ угалзны бэлгэдлийг сайтар судлах шаардлагатай” гэдгийг хэлж байв.
Тэрээр “Зүү ороож оёно гэдэг өөрөө их тайвшралыг өгдөг, улам л дурлуулдаг зүйл. Монголчууд бид ийм хосгүй үнэт өвийг тээж, өвлүүлж яваа гэж бодохоор улам л дурладаг. Монголчуудын үнэт өв соёл болох хатгамлын олон төрөл байдгийг судалж мэдсэн. Зүү ороох, хонин холбоо, цоолбор хатгамал, шивүүр хатгамал, шигүү задгай хатгамал, зээг даруулан оёх, захлах оёдол, нохойн шүд хатгах, загасан нуруу оёх гээд. Хатгамал бол хүн хувцас урлах болсон цагаас эх үүсвэр нь тавигдсан. Хатгамал, наамал болон бусад чимэглэх урлал Монголд тасралтгүй хөгжиж байгаа нь ардын гар урлалын санг тасралтгүй баяжуулж ирсэн өв тээгчдийн ач гавьяа гэж боддог” гэв.
Дарьганга эхнэр дээлээ зүү ороож чимсэн
Түүний хамгийн том бүтээл бол Дарьганга эхнэр дээл аж. Энэхүү дээлийнхээ зүү ороох оёдолд хоёр жилийн хугацаа зарцуулсан гэнэ. Дээлэн дээрээ Дарьганга хэмээх үгийг эвхмэл монгол бичгээр зүү ороох оёдлоор урлажээ. Дарьганга эхнэрийн хувцас, толгойн гоёл чимэглэлийг орчин үеийн материалын олдоц нөхцөлдөө тохируулан өөрөө урлан өмсөж Дарьганга хувцасны өв соёлыг залгамжилж байгаа нь бахархмаар. Зүү ороох оёдол бол орчин үед машины оёдолд оруулж чадаагүй ганц оёдол аж.
Түүний нөхөр Ж.Сүхбаатар нь Дарьганга ястан аж. Энэхүү айлын галд мөргөсөн эхнэр хүн голомтыг нь бадрааж явах ёстой гэсэн утгаараа өргөө гэрээ өнгөлөг авч явдаг гэнэ. Мөн тэрээр зүү ороох оёдол урлахаас гадна хонины ноосыг боловсруулж Дондогдулам хатны хөргийг ноосон дээр ноосон шивүүрийн аргаар урласан ажээ.
Мөн төрөлх нутаг Сүхбаатар сумынхаа 100 жилийн ойд зориулан алдарт “Нийгэм хонгор” морины хөргийг давуу дээр ноосоор шивжээ. Нийгэм хонгорын түүхийг сөхвөл 1953 онд Дорнод аймгийн Чоно голын хилийн цэргийн отряд татан буугдахад Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нэрт уяач Т.Жамьян эр саарал унагатай буурал гүү авчээ. Саарал үрээ бага гурван насандаа суманд айрагдаад хөл муутай болж азарга болов. 1959 онд Д.Жамьянгийн хөл муутай саарал азарганд М.Өлзий-Оршихоос нэгдэлд өгсөн бөгтөр хүрэн гүү хураагдаж 1960 оны хавар эр хул хонгор унага гарав. Тэр 1961 онд Сүхбаатар сумын наадамд даага, 1962 онд Сүхбаатар аймгийн 20 жилийн ойд шүдлэн түрүүлснээс хойш “Нийгмийн хонгор” гэж хурдан адуу сум, аймаг, улсын наадамд 25 уралдаж 23 түрүүлж алдар суугаа мандуулсан цуут хурдан хүлэг билээ.
Монгол Улсын уран хатгамалч З.Цэнгэлсайхан багшаасаа зүү ороох арга барил, өв соёлыг суралцсан байна. Түүний багш СГЗ, уран хатгамалч З.Цэнгэлсайхан нь өдгөө VIII Богд гэгээн Жавзандамба хутагтын эдэлж хэрэглэж байсан хосгүй үнэт, уран нарийн уран хатгамалтай дөрвөн даалин Богд хааны ордон музейн сан хөмрөгт хадгалагдаж буй. Нэрт уран хатгамалч З.Цэнгэлсайхан үр хүүхдүүдтэйгээ дөрвөн үеэрээ хамтран VIII Богд Жавзандамба хутагтын хөөргөний даалинг 16 дахин томруулсан 2.25 см урттай даалин урласан юм.
Түүний ээж их уран хүн байсан гэнэ. Арьс, утас, даавуу, төмөр, модоор юм юм л хийдэг байжээ. Т.Цолмонсүрэн ч мөн адил үр хүүхдүүддээ уламжлалт гар урлал, уран хагалмалын аргыг өвлүүлэх зорилгоор жижиг зоосон ширээг зүү утасны хайрцагтай хийж өгчээ. Хамгийн анхны шавь нь түүний хоёр охин гэнэ. Охид нь нь ч ханьдаа, аавдаа даалин оёж өгчээ. Одоогоор түүний хамгийн бяцхан шавь нар нь зээ нар нь гэнэ. Тэрээр, “Зээ маань есөн насандаа Улсын уран хатгамалчдын уралдаанд оролцоод тусгай байранд орж байсан. Одоогоор өөрийн 500 гаруй шавьтай. Тэд маань зүү ороох оёдлоор юу хийж болох бүгдийг хийдэг. Зүү ороох оёдлоор чимэглэсэн ээмэг, зүүлт, бөгж гээд төрөл бүрийн гоёл урладаг. Эмэгтэй хүн зүү утастай ойр байхад гэр орон нь өнгөлөг байдаг. Үйл урлал гэдэг хүний төлөвшүүлдэг хүмүүжлийн ач холбогдолтой. Үйл урлахад цаг зав шаарддаг удаан суудаг учир тэсвэр тэвчээр шаарддаг. Өнгө хослуулж оёх нь хатан ухаан өнгөний маш их мэдрэмж шаарддаг. Үүнийгээ дагаад хүний сэтгэлд мэдрэмж суулгаж өгдөг. Миний бие “Тарианы зүүгээ биш оёдлынхоо зүүг бариад Соёлын тэргүүний ажилтан болсон” гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 19. ДАВАА ГАРАГ. № 159 (7403)