29 дүгээр сургуулийн 60 жилийн ой тохиож байна

2024-11-01
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

1964 оны тэртээ Улаанбаатар хотын зүүн хойхно орших  ус агаар сайтай, тэгш сайхан талбайд, олны хөлөөс зайдуу  Сэлбэ голын хөвөөнд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор тусгай хэрэгцээт 29 дүгээр сургуулийн тулгийн чулууг тавьсан түүхтэй. Тухайн үед  хэл яриа, харааны бэрхшээлтэй хүүхдүүдээ хөдөө, аймгуудаар цуглуулан, элсүүлж хоёр багш 40 хүүхэдтэй байгуулагдаж байжээ. Болгар улсын туршлага, дэмжлэгээр байгуулагдсан уг сургууль нийгэмд  сонин, содон үйл явдал болж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байна. Анх нэг анги танхимд хичээл, сургалтаа эхлүүлж байсан 29 дүгээр сургууль өнөөдөр нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн сонсгол, хэл ярианы ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдэд ерөнхий боловсрол олгон өргөжин тэлжээ.  Улаанбаатар театрын их танхимд амьдралынх нь итгэл, сэтгэл, энэрэл хайр, нэгэн жарныг хамт туулсан үе, үеийн төгсөгчид багш, шавь нар уулзан учирч баяр хөөр дүүрэн байна.

 2023-2024 оны хичээлийн жилд л гэхэд бага ангийн 11 бүлэгт 93, дунд ангийн 12 бүлэгт 110, ахлах ангийн найман  бүлэгт 59 нийт 262 хүүхэдтэй үйл ажиллагаа явуулжээ. Харин энэ хичээлийн жилд нийт 254 сурагчийн ялгаатай хэрэгцээг хангаж, хөгжлийг дэмжсэн, сургалт-арга зүйн үндэсний цогц загварыг бий болгож, нийгэмд бие даан амьдрах чадвартай иргэнийг бэлтгэхийн төлөө 145 багш, ажилтан сэтгэл, зүтгэлээ зориулан ажиллаж байна. Нийт багш ажилчдын 30 хувь нь хэл, сонсголын бэрхшээлтэй юм байна.

С.Батмягмар:

Манай суралцагсдын 70 гаруй хувь нь төгсөөд шууд ажилд орж их, дээд сургууль коллежид үргэлжлүүлэн суралцдаг

Түүхт ойн энэ өдөр тус сургуулийн захирал Ардын боловсролын тэргүүний ажилтан С.Батмягмарын сэтгэгдлийг сонссон юм. Тэрээр “Манай сургуулийн хамт олон сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдийн онцлог, хэрэгцээнд тулгуурлан ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулгыг дүйцүүлэн 12 жилийн боловсролыг олгож байна. Мөн хавсарсан бэрхшээлтэй сурагчдад сурагчдын ялгаатай хэрэгцээнд тулгуурлан ахуйн болон нийгэмшихүйн боловсрол, танин мэдэхүйн хөгжлийг дэмжсэн хичээлүүдээр сургалтын үйл ажиллагааг зохион байгуулдаг. Үүний үр дүнд нийт төгсөгчдийн 70 гаруй хувь нь төгсөөд шууд ажилд орохын зэрэгцээ коллеж, МСҮТ, их дээд сургуульд элсэн суралцаж, ажил амьдралын замд хөл тавьж байна. Монгол орны өнцөг булан бүрд суугаа үе, үеийн төгсөгчид ахмад багш нар болон одоо ажиллаж байгаа бүх сурган хүмүүжүүлэгч, сурагчид, асран хамгаалагчид, эцэг эх та бүхэнд сургуулийнхаа 60 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье” гэсэн юм.  

Д.Батхүү:

Өдөр нь хичээлээ зааж, шөнө нь сургуулиа галлаж хонодог байлаа

Тэртээ 60 жилийн өмнө бид  өдөр нь хичээлээ зааж шөнө нь сургуулиа хөлдөөхгүй тулд галлаж хонодог байв. Хөлдсөн хоолойгоо гэсгээх гэж нэг гартаа лаа, нөгөө гартаа пермуск барьж олон ч жилийг авсан байдаг хэмээн түүх өгүүлэх Монгол Улсын Гавьяат багш Д.Батхүү өнөөдөр 92 насыг зооглож түүхт ойн баярын хуралд хүрэлцэн ирснийг хараад бахархалтай сайхан байлаа. Тэрээр “Түүхэн энэ хугацаанд анхны дотуур байртай ЕБС болгох шийдвэр гаргаж байхад үнэхээр их баярлаж байсныг дурсмаар байна. Энэ шийдвэрийг гаргуулах гэж их олон бэрхшээлийг туулсан. Олон хүний хичээл зүтгэл орсон. Тухайн үеийн Гэгээрлийн яамны орлогч сайд Т.Хорлоогийн санаачилгаар энэ сургууль байгуулагдсаныг дурдах нь зүйтэй. Анхны тусгай сургуулийн багш болж олон зуун хүүхдийн хэл болон сонсголын хэрэгцээг хангах үйлсийг эхлүүлж байсандаа маш их баяртай байна. Сургууль байгуулагдсан эхний 10 жил их хүнд байсан даа. Сургууль байгуулагдсан энэ газар маань тухайн үед төвийн нэгдсэн халаалтад холбогдоогүй байсан үе. Энэ хүнд үед бид нэг ч хүүхдийн хөлийг сайртуулалгүй нэг ч хичээлийг таслуулаагүй сайхан сэтгэл, хариуцлагатай байх зарчмаар энэ сургуулийн хүнд жилийг давсан даа. Одоо  ч 60 жилийн дараах хөгжил, дэвшлийг харах үнэхээр сайхан байна. Надтай хамт мөр зэрэгцэн ажиллаж байсан өнөөдөр энд байхгүй байгаа Намжилмаа, Должинсүрэн нөхдөө дурсмаар байна. Миний хажууд анхны багш Цэвэлмаа байна” гэсэн юм.

29 дүгээр сургууль 60 жилийн түүхэнд сургуулийн барилгаа иж бүрэн шинэчилж, сургалтын орчин нөхцөлөө дорвитой сайжруулж чадахгүй байсан. Гэхдээ Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар  сургуулийн бодит нөхцөл байдалтай танилцаж, иж бүрэн засвар, үйлчилгээ хийх 4.8 тэрбум төгрөгийн  төсөв хөрөнгийг шийдвэрлэснээр сургуулийн хамт олон хүүхдийнхээ онцлог хэрэгцээ, стандартад нийцсэн шинэ орчинд 60 жилийн ойгоо угтаж байгаад баяртай байна гэж байв.

Ц.Батбилэг:

Би тусгай хэрэгцээт сургуулийн арга зүй, сэтгэлгээний онцлогийг харуулсан хоёр тууль бичсэн

Тус сургуулийн төгсөгч Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул яруу найрагч, зохиолч Ц.Батбилэгтэй ойн баярын үеэр цөөн хором хөөрөлдсөн юм. Тэрээр “ Би өнөөдөр сургуулийнхаа 60 жилийн ойд оролцож байгаадаа баяртай байна. Тус сургуулийг 1981-1984 онд суралцаж оюуны асар их мэдлэгийг олж авч байсан. Одоогоор би 25 ном бичиж 15-ийг нь хэвлүүлээд байна. Зургаан кино зохиол бичиж дөрвийг нь кино болгосон. Манай ангийн багш Монгол Улсын гавьяат Ж.Оюунчимэг. Мөн би тусгай хэрэгцээт сургуулийн арга зүй, сэтгэлгээний онцлогийг харуулсан хоёр тууль бичсэн. Удахгүй хэвлүүлнэ. Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн төлөө зүтгэсэн үе, үеийн бүх багш нартаа түүхт 60 жилийн ойн мэндийг хүргэж халуун талархал дэвшүүлье” гэв.

Ю.Анхбаяр:

Би одоо ШУТИС-д автын инженер мэргэжлээр суралцаж байна

29 дүгээр сургуулийн 2024 оны төгсөгч ШУТИС-ийн I дамжааны оюутан Ю.Анхбаяртай энэ үеэр уулзсан юм. Тэрээр “Би энэ сургуульдаа анх 2012 онд энгийн сургуулиас элсэн орж байсан. Тэр үед над шиг ийм олон хүүхэд байгааг хараад гайхаж байсан. Мөн тэд хоорондоо дохиогоор ярьж байгаа нь их сонин санагдаж байсан. Удалгүй өөрөө дохиогоор ярьдаг болж дассан даа. Дохиогоор өөрийгөө илэрхийлдэг болж их баярласан. Олон найзтай болсон. Манай ангийг найман хүүхэд төгссөн. Би авто машин сонирхдог учраас энэ мэргэжлээ сонгосон. Сургуулийнхаа түүхт 60 жилийн ойн мэндийг намайг мэддэг бүх хүмүүс, багш нар, найзууддаа хүргэе” гэлээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 212 (7456)

 

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2024 оны онцлох ажил

Манай улсын орон сууцжуулалтын ойрын ирээдүйн бодлогыг хэлэлцэх олон

5 цаг 41 мин
Процессын дахин инженерчлэл хийж төрийн байгууллагыг оновчтой дэд бүтэцтэй болгоно

Төрийн бүтээмж, ил тод байдал өндрөөр тавигдаж буй энэ үед Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас

5 цаг 41 мин
Утааны сонсголын “объект” нь утаагүй зуух, угааргүй түлш хоёрыг дагасан шахаа юм

Утааны сонсголыг УИХ хийхээр болжээ. Сонсгол хариуцсан ажлын хэсгийг ч томилсон байна.

5 цаг 41 мин
Голомт банкыг "Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжиллаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамт

18 цаг 51 мин
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

20 цаг 16 мин
Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татжээ

Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдлээ

20 цаг 48 мин
МХБХ энэ онд 11.127.300.000 төгрөгийн бодит орлого төвлөрүүлжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн ажилтан, мэргэжилтнүүд

21 цаг 11 мин
“Цагаан хаалга” хотхоны байр ашиглалтад оролгүй долоон жил болж захиалагчдыг хохироож байна

"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны

22 цаг 26 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

Өчигдөр 10 цаг 46 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

Өчигдөр 06 цаг 00 мин