П.ЛХАГВАЖАРГАЛ
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хөгжим хэмнэл” буландаа удахгүй Монгол улсад тоглолтоо хийх БНСУ-ын дуучин Рэйн (Rain)-ий тухай онцлон хүргэж байна.
Мөрөөдлөө давж биелүүлсэн дуучин
“Чамтай учирсан сорилт бүхний өмнөөс сөрөх юм бол чи хувь тавилангийн өмнө биш хувь тавилан чиний өмнө сөгдөх болно” гэдгийг өөрийн биеэр харуулж яваа хүн бол Солонгосын алдарт дуучин, жүжигчин, бүжигчин Рэйн юм. Ази тив төдийгүй дэлхий дахинаа алдар нэр нь түгсэн түүний энэ оргилд хүрэх зам нь дардан байсан гэж та бодож байна уу. Амжилт гэдэг алдаа оноо, хичээл зүтгэл, зориг зүрх, хүсэл тэмүүлэл, хамгийн гол нь уйгагүй хөдөлмөрийн үр дүнд ирдэг билээ. Тэгвэл бид энэ удаа тун удахгүй Монгол улсад тоглолтоо хийх гэж байгаа түүний амьдралын замналтай танилцъя.
Рэйн бол Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин, бүжигчин, ая зохиогч юм. Тэрээр 1982 онд амьдралын боломж тааруу гэр бүлд айлын том хүү болон мэндэлжээ. Бага байхад нь аав, ээж хоёр нь салж, ээж нь хоёр хүүхдээ өсгөхийн тулд олдсон бүхий л ажлыг хийдэг байсан боловч тэдний амьдрал элбэг хангалуун байж чадсангүй. Рэйн багаасаа бүжиглэх авьяастай, дуучин болох мөрөөдөлтэй нэгэн байсан гэдэг. Харин одоо тэрээр мөрөөдлөө хэд дахин давуулан биелүүлсэн гэхэд болох байх. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд маш олон агентлаг, компанийн шалгаруулалтад орж уйгагүй тэмцдэг хүүгийнхээ энэ хүсэл мөрөөдлийг ээж нь сэтгэлээр л дэмжиж чадахаас санхүүгийн хувьд ямар ч боломжгүй байв. Ингэж явсаар 16 настай Рэйн “Fanclub” гэх хөвгүүдийн хамтлагийн гишүүнээр урлагийн гараагаа эхлүүлсэн боловч хоёр цомог гаргасны дараа амжилтад хүрч чадалгүй таржээ. Гэвч хэрсүү хүүгийн дуучин болох мөрөөдөл нь зогсолтгүй оргилсоор, урлагийн сургуульд элсэн оров. Харин түүний амьдралыг орвонгоор нь эргүүлж, үхлийн хаалгыг татахад бэлэн болгосон зүйл бол түүний ээжийн өвчнөө дийлэлгүй нас барсан явдал юм. Рэйн нэгэн нэвтрүүлэгт орох үедээ “Манай гэр бүл мөнгөтэй байсан бол ээж минь амьд байх байсан. Хүнд яагаад мөнгөгүй, хэцүү байгаа цаг үед сорилт ирдэг юм бол” гэж ярьсан байдаг. Чихрийн шижин өвчтэй ээжийнх нь бие хавдаж, хүнд болсон гэдэг. Гэсэн ч өвчин намдаах эм, ганц инсулин авч тарилгүй хоёр хүүхдэдээ мөнгө хадгалж эцсийн амьсгалаа хураажээ. Ээжийнхээ оршуулах ёслолыг хийж ирээд Рэйнд “Надад сайхан амьдрах хувь тавилан байхгүй юм байна. Амьдрал надаас нүүрээ бурууллаа. Зүгээр л гэрээ шатаагаад ээжийнхээ араас явъя” гэсэн бодол төржээ. Ингээд ээжийнхээ унтдаг байсан гудсыг аваад шидтэл ээжийнх нь хүүдээ хаягласан сүүлчийн захиас байж. Ингээд тэрээр ээжийнхээ үлдээсэн захиаг уншаад өдөржин уйлж, үхэх бодлоо өөрчилж, ээждээ амлалт өгөв. “Ээжээ би энэ амьдралыг заавал даван туулна. Намайг бүхнийг ялж, амжилтад хүрэхийг тэнгэрээс та заавал хараарай. Ямар ч зовлон, сорилт тулгарсан хүү нь бүхнийг даваад гарна” хэмээн шийджээ.
Дуулах авьяасгүй дэлхийн дуучин
Өөрийн гараар хувь тавилангаа бүтээхээр шийдэж, дуучин болох хүсэл мөрөөдлийн төлөө тэмцсээр байсан боловч санаснаар нь нэг л болж өгөхгүй байв. Амархан байвал сонирхолгүй хэмээн өөртөө зориг өгсөөр сүүлчийн найдвар хэмээн “JYP” интэртайментийн шалгаруулалтад оржээ. Гэтэл JYР-ийн захирал, продюссер Пак Жин Ён “Хөөе залуу, чи наанаа хүлээж бай даа” гэж дуудаад “Чамд бүжиглэх авьяас байна. Харин дуулах авьяас алга. Ямар ч ая тавихгүйгээр бүжиглээд үз дээ” гэв. Түүний сүүлчийн найдвар байсан учир тэрээр бүтэн цаг гаруй бүжиглэсэн байна. Пак Жин Ён яг тэр үед Рэйнээс маш их хор шар, юуг ч даван туулахад бэлэн байгаа зориг, хүсэл тэмүүллийг олж харснаар өөрийн компанидаа арын бүжигчнээр авчээ. Арын бүжигчнээр дахин тайзнаа гарсан боловч дуулах хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж, 2002 онд анхны бие даасан “Муу эрэгтэй” цомгоо гаргасан боловч амжилтад хүрч чадсангүй. Яг энэ үед ФИФА буюу хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж хүмүүсийн анхаарал спортод төвлөрч, Рэйний дебют цаг үеэ олсонгүй. Пак Жин Ён түүнийг зэмлэж “Би чамд хэлсэн биз дээ. Чи дуучин болж чадахгүй. Зүгээр ардаа бүжиглэ” гэв. Гэсэн ч тэрээр шантарсангүй. Үнэхээр амьдралыг сөрж, өмнөө сөхрүүлэх гэж байгаа хүн шиг ээждээ өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд өдөр бүр бусдаас илүү хөдөлмөрлөжээ. Мөн Пак Жин Ёноос дахин ганцхан боломж олгохыг өдөр болгон гуйсны эцэст дахин нэг цомог гаргав. Харин энэ удаа тэрээр хэв маягаа өөрчилж “Муу эрэгтэй” дуу нь амжилт олоогүй тул “Өхөөрдөм эрэгтэй” гэх дууг гаргаж, олны анхаарлыг татаж эхэлсэн байна. Үүгээр ч зогсохгүй KBS, MBS зэрэг Солонгосын телевизүүдийн дууны нэвтрүүлгүүдэд тэргүүлэх болов. Ийнхүү дебютээ амжилттай хийсний дараа “How to Aoid the Sun” гэх хоёр дахь цомгоо гаргасан нь мөн олны сонорыг мялааж, залуусын аманд аялагдах болсон гэдэг. Ингээд 2004 онд “It’s Raining” гурав дахь цомгоо гаргаж, зүүн болон зүүн өмнөд Азид танигдаж, сонсогч фенүүдтэй болж эхлэв. Энэ эрчээрээ “Rainy Day Tour” аялан тоглолтоо эхлүүлж, найман улсад 14 тоглолт хийсэн байдаг. Үүнээс гадна энэ цомог нь Ази тивд сая гаруй хувь борлогдож, хөгжмийн ертөнц дэх түүний байр суурийг бэхжүүлж өгсөн билээ. 2006 онд АНУ-ын Нью-Йорк хотод хоёр өдрийн тоглолт хийж, 10 мянга гаруй хүнийг цуглуулж, Солонгос уран бүтээлчийн түүхэнд байгаагүй амжилтыг үзүүлсэн юм. Мөн энэ ондоо “Time” сэтгүүлийн “Дэлхийн нөлөө бүхий 100 хүн”-ий жагсаалтад багтжээ. Хэдэн сарын дараа Японд “Eternal Rain” гэх анхны гадаад цомгоо гаргасан байна. Тус оныхоо 10 сард “Rain’s World” дөрөв дэх цомгоо гаргаж шүтэн бишрэгч нартаа бэлэг барьсан юм. Түүний хамгийн том гэнэтийн бэлэг нь Сөүлийн хотын “Сангам” цэнгэлдэх хүрээлэнд 40 мянган шүтэн бишрэгчийнхээ өмнө үнэгүй тоглолт хийсэн явдал юм. 2006 болон 2007 онд дэлхийн хөгжмийн ертөнцөд шинэ өнгө төрх, тодоос тод гэрэлтэх од нь байсан бөгөөд “Rain’s Coming World Tour” тоглолт нь Ази, Австрали, АНУ, Канад хүртэлх үргэлжилж, хэдэн мянган хүнийг цуглуулсан юм. Өдгөө тэрээр долоон цомгийн эзэн бөгөөд дэлхийн хэмжээнд гурав, Азид таван удаагийн аялан тоглолт хийсэн гайхалтай дуучин юм. Харин түүний энэ удаагийн зогсоол бол Монгол улс
Зургаан сарын турш тулааны орлон тоглогчидтой бэлтгэл хийв
Рэйн дан ганц хөгжмийн ертөнцөд амжилт олсонгүй. Дуулахын хажуугаар жүжиглэх авьяасаа хөгжүүлж кино урлагт хөл тавьсан юм. 2003 онд KBS телевизийн “Сан Ду, сургуульдаа явцгаая” олон ангит кинонд тоглож Солонгос даяар жүжигчний хувьд танигдаж эхлэв. 2004 онд “Full house” буюу “Миний байшин” романтик, инээдмийн кинонд Сон Хе Кёгийн хамт тоглож, улсдаа 42.7 хувийн дээд үзүүлэлтээр үзэгчдийн сайшаалыг ихэд хүртжээ. Энэ кино нь түүний жүжигчний карьерт алдар нэрийг авчирч, Монгол, Япон, Хятад зэрэг Азийн улсуудад, мөн АНУ-д цацагдаж дэлхий дахинаа танигдаж, “Hallyu” буюу Солонгосын соёлыг дэлхийд түгээсэн од болсон юм. 2006 онд “Би киборг байна, гэхдээ энэ нь зүгээр” кинонд тоглож 57 дахь удаагийн Берлиний олон улсын кино наадмаас Альфред Бауэрийн нэрэмжит шагнал хүртэж, Хонг Конгийн олон улсын кино наадмын нээлтийн киногоор сонгогдож, 43 дахь удаагийн Beaksang Arts Awards-аас “Шилдэг шинэ эрэгтэй дүр”-ийн шагнал хүртэж байсан чадварлаг жүжигчин юм. Жүжиглэх чадвараа дэлхий дахинаа хүлээн зөвшөөрүүлсэн тэрээр Холливудад хүч сорин 2009 онд “Нинжа алуурчин” кинонд гол дүр бүтээжээ. Энэ кинонд тоглохын тулд тэрээр зургаан сарын турш өдөрт зургаан цагийг тулааны орлон тоглогчидтой бэлтгэл хийж өнгөрүүлсэн гэдэг. Уйгагүй хөдөлмөрийнхөө үр дүнд MTV Movie Awards-аас “Biggest Baddass” шагналын эзэн болсон юм. Тэрээр нийт долоон бүрэн хэмжээний кино, 14 телевизийн цуврал, 13 баримтат кино болон тусгай нэвтрүүлэг, нэг вэб цуврал, есөн телевизийн шоунд хөтлөгч, шүүгч, зөвлөгчийн үүргээр оролцсон байна.
Үхтлээ ганц бие амьдрах бодлыг нь өөрчилсөн эмэгтэй
Рэйн одоо эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд Солонгосчууд Рэйнийг “Ард түмний хулгайч” хэмээн хочлон дууддаг. Үүний гол шалтгаан бол түүний үзэсгэлэнт эхнэр нь жүжигчин Ким Тэ Хи юм. Монголчуудын дунд Диваажингийн шат, Харвардад учирсан хоёр, Айрис зэрэг киногоороо нэлээд алдартай билээ. Ким Тэ Хи нь ямар ч гоо сайхны мэс засалд ороогүй төрөлхийн гоо үзэсгэлэнгээрээ Солонгосын хамгийн хөөрхөн эмэгтэйгээр нэрлэгддэг. Рэйн нэгэн нэвтрүүлэгт орох үеэрээ “Би үхэн үхтлээ ганц бие амьдрах бодолтой байсан. Гэтэл Ким Тэ Хи миний бодлыг өөрчилж чадсан” хэмээсэн байдаг. Тэд Рэйнийг цэрэгт явахаас өмнө нэгэн зураг авалтад хамт орж танилцаж байсан бөгөөд Ким Тэ Хийн менежертээ гаргаж буй сэтгэл нь түүнийг алмайруулсан гэдэг. Өөрөөсөө түрүүлж өрөөлийг боддог, бусдыг гэх нинжин сэтгэл нь гоо үзэсгэлэнгээс нь илүү түүнийг татсан бололтой. Цэрэгт байх хугацаанд нь Ким Тэ Хи бодлоос нь гараагүй гэнэ. Тэд хосын харилцаагаа 2013 оны нэгдүгээр сард зарлаж, 2017 онд албан ёсны гэр бүл болон аз жаргалтай ирээдүйгээ бүтээлцэж явна.
Тив алгасан дэлхийн тайзанд алдар нэрээ цуурайтуулсан алдарт дуучныг Монголын тайзан дээр, сэтгэл догдлуулсан үзүүлбэрийн хамт тун удахгүй харах болсныг Та бүхэнд дуулгахад таатай байна.
ЭХ сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 16. БААСАН ГАРАГ. № 158 (7402)