Э.ДӨЛГӨӨНТАМИР
Удахгүй хичээлийн шинэ жил эхэлнэ. Сургууль, сургуулийн өмнөх боловсролын хүүхдийн хоол, тэжээлийг сайжруулах тухай хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Өнгөрсөн жил “Хүүхдийн хоол” сэдвээр үндэсний хэмжээнд 1300 гаруй хүний оролцоотой чуулган зохион байгуулсан бол холбогдох байгууллагууд цомхон хэлэлцүүлж, тодорхой шийдлүүдэд хүрлээ.
Өнгөрсөн тавдугаар сард батлагдсан тарифаар цэцэрлэгийн хүүхдийн хоолны төсөвт 3000 төгрөг, 24 цагийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд 4100 төгрөг байхаар тогтоогдсон бол дунд болон ахлах ангийн сурагчдад үдийн хоол хөтөлбөр хэрэгжихгүй хэвээр байгаа юм. НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Түвшинбаяр “Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдийн хооллолт, шим тэжээлийн байдал” сэдвээр илтгэл тавьсан ба судалгаагаар орон нутгийн хүүхдүүдийн Д витамины хэрэглээ хангалттай байсан бол нийслэлийн сурагчдын 90 хувь нь Д витамины дутагдалтай гарсныг онцолсон. Үүнтэй холбогдуулан цаашид сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн цагаан идээний хэрэглээг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрснээр 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хүргүүлэх саналдаа “Сүү” хөтөлбөрийг багтаажээ.
Сурагчдын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Түмэнжаргал “Энэ онд сургууль, цэцэрлэгийн нэг сая гаруй хүүхдийн хоолны төсөвт 217.9 тэрбум төгрөгийг баталсан. Хүүхдийн хоол гэдэг нийтийн хоолноос өөр. Нийтийн хоол бол ашиг нь орсон, зах зээлийн хоол. Төр дэд бүтцийн зардлаас гадна бүх түүхий эдийн зардлыг гаргаж хүүхдийн нас биеийн онцлогт тохирсон хоолыг өгч байгаа. Тэгэхээр 3000, 4000 төгрөгийн төсөв гэдэг бага биш, харин хэрхэн энэ төсвийг шим тэжээлтэй хоол хийхэд захиран зарцуулах вэ гэдэг дэд бүтцийг шийдэх нь чухал. Үүнээс гадна гал тогооны орчин нөхцөлийг сайжруулах, хүний нөөцийн асуудал гэх мэтчилэн олон шийдвэрлэх ажил байгаа ба дорвитой үр дүнд хүрье гэвэл урт хугацаанд нь төлөвлөх ёстой” гэлээ.
Хэлэлцүүлгийн үеэр байгууллага, нийгэмлэгүүдийн төлөөллүүдийг нэгтгэн есөн гишүүдээс бүрдэх зургаан багт хуваарилж хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм. Багууд сэдэв тус бүрд хуваарилагдаж, тодорхой хугацаанд хэлэлцэж, бусдадаа өөрсдийн үр дүн, шийдлийг танилцуулах замаар өрнөсөн. Хэлэлцүүлгийг төсөв санхүүжилт, хөрөнгө оруулалт – тоног төхөөрөмж, хүний нөөц, хоол, шим тэжээлийн боловсрол, зөв дадал, хүнсний хангамж, худалдан авалт, бүртгэл, мэдээлэл хяналт, эцэг эх, олон нийтийн оролцоо, хяналт зэрэг зургаан сэдэвт хувааж хэлэлцсэн юм. Үүнээс хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж сэдвээр хэлэлцүүлсэн багийн зүгээс сургууль цэцэрлэг бүрийг хүчин чадалд нь тохирсон тоног төхөөрөмжөөр хангах хэрэгтэй гэсэн өнцгийг гаргаж ирсэн. Тодруулбал гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн хоол бэлтгэгчид өдөрт гурван удаа хоол хийдэг. Гэтэл хоол зүйч, тогоочдын дутагдалтай буюу 238 хүүхдэд нэг тогооч оногдож байгаа учраас наад зах нь 200-300 литрийн багтаамжтай тогоо гэх мэт тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлага байгааг онцолсон юм. Мөн ажиллах хүчнийг тогтвортой байлгахын тулд сургууль, цэцэрлэгийн тогоочдын нэмэгдэл цалин, урамшууллын хэмжээг нэмэх хэрэгтэй гэдгээ илэрхийлээд амжсан билээ.
Эцэг эхийн төлөөлөл Г.Цэцэнбилэг “Бүх эцэг эхчүүдээс мөнгө татаад эхлэх үед цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо эрс багасаад эхэлсэн туршлага байгаа. Тэгэхээр төрөөс сургууль, цэцэрлэгт хамрагдах хүүхдийн суурь эрхийг хангах үүднээс, тэднийг орхигдуулж хоцроохгүйн тулд зорилтот бүлгийг нарийн тодорхойлох, хоолны зардлыг зуун хувь даах шаардлагатай гэж харж байна” гэсэн байр суурь илэрхийлж байв.
Тэгвэл өчигдөр энэ асуудалтай холбоотойгоор Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өгсөн юм. Тэрээр “Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын дүнг 1000 төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг Засгийн газрын тогтоолоор гаргуулахаар ажиллаж байна.Өнгөрсөн тавдугаар сард Засгийн газрын тогтоол гарч, хүүхдийн хоолны мөнгө 500 төгрөгөөр нэмэгдсэн. Ингэснээр хоол хийх түүхий эдийн зардал 2500-3000 төгрөг болсон. Мөнгөн дүн нэмэгдсэнээр хүүхдийн өдөрт авах шим тэжээлийн хэмжээ 52, 53 хувьтай болсон билээ. Гэхдээ хүүхдүүдийн гэдэс хонхолзсон хэвээр. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө дахин 1000 төгрөгөөр нэмэгдсэнээр тэдний авах шим тэжээл 70 гаруй хувьд хүрнэ. Хоолны зардлыг хүүхдээ цэцэрлэгт өгч байгаа ээж, аав нь даана. Жишээлбэл сард 22 өдөр хүүхдээ цэцэрлэгт өглөө гэж тооцвол 22000 төгрөг буюу хоол хийх түүхий эдийнх нь зардлыг нэмэгдүүлэх юм. Ингэснээр хүүхэд цадах хэмжээндээ хүртэл хоол идэх боломжтой болно. Таны тушаасан 1000 төгрөг хүүхдэд тань зориулагдана. Боловсролын ерөнхий хуульд цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг эцэг, эх нь хуваалцана гэсэн заалт бий. Бид энэ асуудлыг хөндөж яриад найман жил болсон ч шийдэл гараагүй байсан" хэмээв.
ЭХ сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 16. БААСАН ГАРАГ. № 158 (7402)