Базарбямбын НЯМСҮРЭН
Сайн дурын ажилтнууд. Сайн дураараа бусдын сайн сайхны төлөө өөрийн хөлс хүч, хөдөлмөрөө зориулдаг сайхан сэтгэлтнүүдийг ингэж нэрлэдэг. Тэгвэл сүүлийн жилүүдэд Японд амьдарч тэнд болж байгаа аливаа хэцүү бэрх бүхэнд гар бие оролцож, бусдад туслахыг уриалж байдаг Amtsagaan Muugii гэсэн хаягтай нэгэн идэвхтэн залуу бий. Фэйсбүүкийн нэрээр нь олон монголчууд эчнээ таних болсон түүнтэй сайн дурын ажлуудынх нь талаар онлайнаар цөөн хором ярилцлаа.
-Юуны өмнө та өөрийгөө танилцуулахгүй юу. Олон монгол хүн таныг бусдыг сайн сайханд уриалдаг, мөн хаана хүнд хэцүү зүйл байна тэнд туслахыг хичээдэг гэж магтдаг юм билээ?
-Намайг С.Мөнхбат гэдэг. Япон улсад цөөнгүй жил амьдарч байна.
-Япон бол манай улсад томоохон тусламж дэмжлэг үзүүлдэг донор орны нэг. Харин та тэнд байгаа монголчуудаа уриалж Японд байгалийн гамшиг хүнд бэрхшээл тохиолдоход чадлынхаа хэрээр тусалдаг гэхээр сайхан санагдаж байна шүү?
-Баярлалаа. Японд байгалийн гамшиг цөөнгүй болдог. Тэр болгонд монголчуудаа уриалж яль болох хүмүүст туслах юмсан гэж хичээдэг. Коронагийн үеэр Японд өөр улс орнуудын хүмүүсийг сайн дурын ажил хийхийг хорьчихсон байсан. Гэхдээ л энэ хорио тавигдангуут жишээ нь, үер болсон газарт очиж чадлаараа туслах, өвөө эмээ нарыг нүүлгэх, гэр орныг нь цэвэрлэх гээд чадлаараа туслахыг хичээдэг. Мөн саяхан болсон газар хөдлөлтийн дараа манайхан хоёр баг болоод гурван шөнө, хоёр өдөр бүтэн ажилласан. Энэ үйл ажиллагаанд маань 50 гаруй хүн сэтгэлээрээ хандив өргөж, нийт 12 хүн ажилласан. Ойролцоогоор 400 орчим хүнд хоол хийж тарааж, 70 гаруй хүнд массаж хийж үйлчилсэн. Мөн зөвхөн Японд биш Монгол руугаа ч чадлаараа дэмжихийг хичээдэг.
-Та сүүлийн нэлээд хэдэн жил ингэж ажиллаж байгаа гэсэн. Таны санаачилгыг дэмждэг, тогтмол оролцдог монголчууд бас олон болсон уу?
-Мэдээж монголчууд маань боломжоороо санаачилгатай оролцдог. Ихэнх нь гэхдээ ирж буцаад явдаг болохоор тогтмол байнга оролцдог хүмүүс харьцангуй цөөхөн. Гэхдээ би ямар нэг зүйл болвол эсвэл хийх гэж байгаа ажил гарвал фэйсбүүкээрээ голдуу зарладаг. Хүмүүс ч тэндээс пост хараад ирлээ гээд хүрээд ирнэ. Нэг нэгнээ огт танихгүй залуучууд ч нэг пост хараад бусдыгаа уриалаад нэгдчихдэг. Тэр нь надад их сайхан байдаг.
Ийм санаачилгаа эхлүүлээд удаж байгаа болохоор Японд байгаа монголчууд ам дамжаад ер нь намайг мэддэг болчихсон гэдэг. Ирсэн залуучууд таны эхлүүлсэн сайн үйлсийн аян, тусламж дэмжлэгийн үйл ажиллагаанд оролцох юмсан гэж боддог байсан гэдэг.
Би ер нь ямар ч газар байсан аль болох хүмүүст туслаад мэддэг зүйлээ хэлээд өгөхийг боддог. Монголоос дөнгөж ирсэн, амьдрах газаргүй хүмүүсийг гэртээ байлгаж ажилд оруулах гэх мэтээр тусладаг болохоор хүмүүс аяндаа мэддэг болчихсон.
-Хамгийн сүүлд ямар үйл ажиллагаа зохион байгуулав?
-Монголд дөрөвдүгээр сард Онцгойгийн албан хаагчдад зориулсан 309 ширхэг багаж хийж аваачиж өгсөн. Энэ санаачилгаа би ноднин эхлүүлчихсэн байсан юм. Гэхдээ Монголын Онцгой байдлын газраас эргэж холбогдоно гээд хэсэг таг болчихсон. Тэгээд саяхнаас холбогдоод багажуудаа өгөөд ирлээ.
-Мэдээж амьдрал өрнөж байгаа цагт асуудал байсаар байдаг. Тэр болгон дээр бид хүрч ажиллаж хүрэлцэхгүй. Тэгэхээр олон дундаас сонголт хийх болдог. Тэгвэл таны хувьд туслах хүн, байгууллагаа яаж сонгодог юм бэ?
-Ноднин өдийд айхтар түймэр болсныг санаж байгаа байх. Тэр үед Байгаль орчны сайд бургасаар гал унтрааж байгаа Онцгойгийн ажилтнуудын зургийг тавьчихсан байсан. Би ой хээрийн түймэр боллоо гэдгийг сонсоод ер нь тайван байж чаддаггүй төрлийн хүн. Өндөр хөгжилтэй орнуудад гал унтраах хэрэгсэл нь сайн, хангамж өндөр байдаг шүү дээ. Жишээ нь, галыг үлээж унтраадаг багаж байдаг. Тэгээд өнгөрсөн жилийн түймрийн дараа үлээж унтраадаг багажтай болгох юмсан гэж бодож байсан ч арай л үнэтэй юм билээ. Тийм болохоор тэрийг орлуулж болохуйц багаж бодож олъё гэж шийдсэн. Тэгээд Онцгойд ажилладаг байсан хүнтэй уулзаад санал зөвлөгөө авсан. Ноднин өдийд пост тавиад хүмүүсийг уриалсан. Гол түүхий эдийг нь гаргаж авахдаа суудлын машины биш зузаан “хаймар”-аар хийх ёстой байдаг юм билээ. Тэгээд пост хийгээд удаагүй байхад Тавантолгойд ажилладаг нэг залуу надад үнэгүй өгье гэж хэлэх жишээтэй. Би пост оруулсанаараа өөрийгөө магтах эсвэл попрох гэсэндээ биш олон залуучуудыг хараасай, 10 хүн харснаас хоёр нь ядаж алхам хийнэ дээ гэж итгэдэг. Үнэхээр ч нэг пост оруулахад цөөнгүй хүн холбогдож дэмжиж, бодит ажил болдог.
-Ингэхэд та яагаад заримдаа муу хэлүүлэхээс ч айхгүй энэ сайн дурын ажилд шимтэх болов?
-Би аавыгаа дуурайсан юм билээ. Манай аав намайг бага байхын бусдад тусалдаг байгаагаа хүнд өгөөд явуулчихдаг хүн байлаа. Багадаа аавынхаа энэ занд хамгийн их дургүй, бидэнд өгөхгүй мөртлөө танихгүй хүнд өгдөг гэж боддог байсан. Гэтэл одоо өөрөө аав шигээ болчихсон. Хүний ген гэж байдаг юм билээ.
-Та яриандаа хэллээ. “Попорч байгаа юм биш” гэж. Нэг талаар дэмжиж ойлгох хүмүүс байгаа ч зарим талаар буруугаар ойлгох, хардах хандлага мэр сэр гардаг л байх даа. Тэр үед та яадаг вэ?
-Би олон жил хүнд тусалсан гэгээтэй эерэг зүйлд уриаллаа. Эндээс нэг зүйлийг сайн ойлгосон. Өгөхийг хүсдэг хүн бол сэтгэл нь цагаан, юмыг зөв өнцгөөс хардаг. Өгье гэсэн сэтгэлгүй хүн бол худлаа попорч байна гэж шүүмжилдэг.
Би тийм хүмүүст хэлэх юмаа шууд хэлдэг. Заримтай нь бүр хэрэлдээд явж байна даа. Бусдын сайн сайхны төлөө хийж байгаа үйлийнхээ төлөө хүнээр доромжлуулаад суухыг хүсдэггүй. Зураг хөрөгөө нуучихсан хүмүүс янз янзаар доромжилж байдаг. Ер нь олон хүн янз бүр. Өөрсдийнхөө төлөө амьдардаг хүмүүс гэж байна. Амьдрал нь болдоггүй, эсвэл сэтгэл гутралдаа тэгдэг үү би сайн ойлгодоггүй. Гэхдээ л аз жаргалаар бялхсан, тэмүүлэлтэй хүмүүс сөргөөр хардаггүй.
Хүмүүс намайг заримдаа фэйсбүүкээр шууд хэлчихдэг болохоор гайхдаг ч байх. Ер нь би хүний төрсөн өдөрт ч очдоггүй. Цөөнгүй жил энд амьдарч байгаа болохоор олон хүн танина. Нэгнийх нь төрсөн өдөрт очихоор нөгөөх нь барьцаад байдаг. Тийм болохоор хэн дээр нь ч очихоо больчихсон.
-Ойрын үед ямар төлөвлөгөөтэй байна даа?
-Намайг мэддэг, удаан ажиглаж, бас зарим үйл ажиллагаанд хамтарч байсан хүмүүс эргээд холбогддог. Саяхан нэг залуу холбогдож ажлаасаа актлагдсан найман компьютерийг хэрэгтэй хүмүүст нь өгөхийг санал болгосон. Би Монгол руу холбогдож байгаад хөдөө орон нутаг юм уу, эсвэл хотын хэрэгцээтэй байгаа сургуульд хандивлая гэж төлөвлөж байгаад Сүхбаатар аймгийн хил дээр байдаг сургуульд өгөхөөр тохирсон байгаа. Удахгүй компьютерүүд нь очно. Мөн өөрийн цалингаа хадгалж байгаад дээжээр нь 29 хүүхдийн цүнх, настай хүний түрдэг тэрэг хоёрыг, хоёр тэргэнцэр зэрэг ойр зуурын хэрэгцээтэй зүйлсийг Монгол руу явуулахаар бэлдээд сууж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 103 (7347)