Н.Энхбаяр: Шударга ёсыг сэргээе гэвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжихээс өөр аргагүй

2024-05-17
Нийтэлсэн: Админ
 16 мин унших

“ТВ-9” телевизийн сэтгүүлч М.Батбилэгийн Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяртай хийсэн ярилцлагыг оролцогчдын зөвшөөрөлтэйгөөр буулган уншигч танд хүргэж байна.

-Сүүлийн үед 26 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 2-нд болсон хэрэг нийгмийг талцуулж байна. Хэргийг илрүүлж, захиалагч хэн байсан бэ гэдгийг монголчууд мэдэх ёстой гэдэг байр суурь байнга илэрхийлэгддэг. Нөгөө талдаа улс төрийн хонжоо болгож ашиглах хандлага байж болохгүй гэх. Энэ талаар та хэлж өгнө үү?

-Сүүлийн үед нийгэмд Зоригтой холбоотой асуудал, хүний эрх, ардчилал, хууль шүүхийн байгууллагын хараат болон хараат бус байдлын талаар нэлээд маргаан дэгдэж байна. Би зарим үйл явдлын гэрч учраас дуугүй суугаад байж болохгүй. Цаг хугацааны эгзэгтэй үед дээрх үйл явдлын гэрч болсон хүмүүс нь бодитой, үнэн мэдээллийг хүмүүст хүргэх хэрэгтэй.

АН Зориг агсны талаарх асуудлыг сөхөж ярихгүй байх тухай ярьж байгаад нь би гайхаж байна. С.Зоригийг хөнөөсөн нь Монгол Улсын ардчилал руу хутга дүрсэнтэй адил хэрэг юм шүү дээ. Тиймээс энэ хутгийг сугалж, шархыг нь эмчлэх ёстой. Үүний тулд С.Зоригийн хэргийн гүйцэтгэгч, захиалагчийг нь заавал олох учиртай. Харин энэ хэргийг илрүүлэхэд АН-ынхан манлайлалтай оролцох хэрэгтэй байтал мартах тухай ярьж болохгүй. Мэдээж миний хувьд тэр үед төрсөн сэтгэгдэл, таамаг бий. 

Тухайн үед төв талбай дээр болсон цуглаанд 100 орчим мянган хүн цугларсан болов уу гэсэн тооцоо бий. Бид ачааны машины тэвшин дээр гарч зогсоод “Зоригийнхоо бүтээсэн ардчиллын төлөө бүгдээрээ зүтгэе. Эв, нэгдэлтэй байя. Нэг, нэгнээ дайсан гэж үзэхээ байя” гэж хэлж байсан юм. Тэр үед хамгийн ихээр гайхшруулсан үгийг Б.Билигт хэлсэн юм. Тэр хэлэхдээ “С.Зоригийг М.Энхсайхан тэргүүтэй хүн алсан” гэсэн байдаг.

-Цагдаагийн дарга байсан Б.Билигт мөн үү. Тэгээд машины тэвшин дээр зогсож байгаад 100 мянган хүний өмнө хэлсэн юм уу?

-Тийм. Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Радио телевиз, Тагнуулын газрын дарга байсан хүн шүү дээ. Бүгд шоконд орсон. Талбай дүүрэн хүн шуугиж эхэлсэн. Байдал аюултай болж эхэлсэн учраас цуглааны үеэр хамгаалалтад гарч байсан хүмүүс “Цуглааныг дуусгаж, өндөрлөх хэрэгтэй. Та бүхэн дотогшоо ор. Нөхцөл байдал эвгүй боллоо. Нийгмийг талцуулж байна” гэж хэлсэн. Тэгээд бид Төрийн ордонд орцгоосны дараа Э.Бат-Үүл Б.Билигтэд “Юу болоод байгаа юм. Чи яаж байгаа юм. Чи яаж мэддэг юм бэ” гээд дайрсан. Тэгэхэд нь Б.Билигтийг Ц.Элбэгдорж дагуулаад явсан юм. Энэ үед л би Ц.Элбэгдоржийн даалгавраар хэлсэн юм байна гэж ойлгосон.

-Яах гэж тэгж хэлсэн байх вэ?

-Үүнд хоёр хүчин зүйл нөлөөлсөн болов уу гэж боддог. Нэгдүгээрт, М.Энхсайхан тэр үед Ц.Элбэгдоржийн өрсөлдөгч байсан. Тийм учраас өрсөлдөгчөө намнахын тулд юу ч хийхээс буцахгүй хүн юм гэж ойлгогдсон. Үндсэндээ 100 мянган хүний өмнө болчимгүй мэдэгдэл хийлгэж байгаагаас нь шууд харагдаж байгаа юм. Хоёрдугаарт, мөрдөн байцаах ажлыг санаатай төөрөгдүүлсэн байж магадгүй. Учир нь дөнгөж эхэлж байгаа мөрдөн байцаалтад нөлөөлөхүйц мэдэгдлийг Б.Билигтээр дамжуулж олон нийтэд тарааснаас үзвэл Ц.Элбэгдорж өрсөлдөгчөө намнахын тулд ямар ч алхам хийж чадах нь гэж ойлгогдсон. Ингээд хоёр жилийн хугацаанд энэ мэтчилэн үйлдэл, эс үйлдлээс улбаалж хэргийн ул мөр сарнихад хүрсэн гэж боддог. Яагаад гэвэл, хэргийн захиалагч гүйцэтгэгчийг олох ажлыг шат дараатай авч хэрэгжүүлсэн ч нөхцөл байдал маш хүнд болчихсон байсан юм. Тэр ч бүү хэл бид хэргийг илрүүлэхийн тулд “Хэргийн талаар бодитой мэдээлэл өгсөн хүнд 500 сая төгрөг өгнө” гэдэг амлалтыг манай Засгийн газар өгч байсан юм шүү дээ. 2000 оны 500 сая төгрөгийг өнөөдрийн ханшаар хөрвүүлбэл хэдэн төгрөг болох вэ. Тэгэхээр бид энэ хэргийг илрүүлэхийн төлөө тууштай ажилласан гэдгээ хэлэх нь зөв байх.

Энэ сэдэв улстөржиж гарч ирдэг зүйл биш. Угаасаа нийгэм энэ хэргийг илрүүлэхийг шаардаж, хүсч байгаа учраас сөхөгддөг юм. Тэд Монголын ардчиллыг сэргээе. Жинхэнэ ёсоор нь төлөвшүүлье гэж бодож байгаа хэрэг. Харин үүнийг улстөржүүлэх эсвэл дарж мартуулах оролдлого хийж байгаа бол хэрэгтэн, захиалагчийг хамгаалж байгаа хэлбэр гэж боддог.

Тэгэхээр ард түмэн энэ байдлыг зөвөөр ойлгох хэрэгтэй. 26 жилийн өмнө болсон хэргийг илрүүлэх санаачилга гаргаж байгаа Л.Оюун-Эрдэнийн санаачилгыг дэмжиж ардчилалд үүссэн шархыг эдгээхийн төлөө ажиллах ёстой гэж хэлмээр байна.

-Ц.Элбэгдорж гэдэг хүн Монгол Улсын онцгой чухал албан тушаалд Б.Билигтийг томилж байсан. Энэ бас сонирхол татдаг сэдэв. Нөгөөтэйгүүр Х.Баттулга Ерөнхийлөгчид боловсон хүчний нөөц байхгүй гэх үгийг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч хэлж байсан. Тэгвэл тэр хүн өөрөө хэр хүний нөөцтэй вэ гэдгийг та хэлж чадах уу?

-Х.Баттулга хүний нөөцгүй, хулгайчийн нөөцтэй гэж хэлж байсныг нь сонсож байсан. Хачир дээрээ Ц.Элбэгдорж гэдэг хүнд хүний нөөц байдаггүй юм. Тэрээр ямар нэг албан тушаалд очлоо гэхэд Б.Билигт, Д.Дорлигжав, Ц.Энхтүвшин гурав л томилгоонд явдаг. Жишээлбэл, Б.Билигт Радио, телевизийн дарга болсон. Цагдаагийн ерөнхий газрын дарга, Тагнуулын байгууллагын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга хүртэл болж байсан шүү дээ. Үүний цаана ур чадвар гэхээс илүүтэй даалгавар биелүүлэх гэж л очиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, улс төрийн өрсөлдөгчийг нь намнах. Эсвэл бичиг баримтыг нь устгах, аливаа асуудлыг төөрөгдүүлэх, олон түмний санаа бодлыг үймүүлэх даалгаврыг л гүйцэтгэж ирсэн.

-Бичиг баримт устгах гэдгийг тодруулж болох уу. Жишээлбэл, ямар бичиг баримт устгасан гэж бодож байна. Танд баримт байна уу?

-2004 онд ард түмэн аль ч намд санал өгөөгүй. Тухайн үед МАН 37 суудал авч байсан. Бусад орны жишгийг харвал МАН ялсан гэж болно. Учир нь хамгийн олон суудлыг нь авсан. Гэхдээ дангаараа Засгийн газар байгуулах боломжгүй. Надад байсан мэдээллээр МАН-аас Сү.Батболд, АН-аас С.Баярцогт хоёр хүмүүстэйгээ уулзаж мэдээлэл солилцсоны эцэст АН-аас Ц.Элбэгдорж Ерөнхий сайд хийнэ гэсэн. Гэхдээ бид шууд хүлээн зөвшөөрөөгүй. Гэвч татгалзах ч боломж байгаагүй. Үндсэндээ “шахаа”-нд ороод Ерөнхий сайдаар Ц.Элбэгдоржийг томилох томилгоог хүлээн зөвшөөрч байлаа.

Ерөнхий сайд болсныхоо дараа тэрээр М.Энхсайханыг улс төрийн өрсөлдөгчөө гэж бодож Б.Билигтээр дамжуулж үг дайж байсантай адил аргаар над руу дайрч эхэлсэн. Өөрөөр хэлбэл, намайг улс төрийн өрсөлдөгчөө гэж харсан хэрэг л дээ. Тухайн үед “Дээдсийн хүрээлэн” гэдэг сонин дээр 10 авлигач гэж хүмүүсийн талаар бичихдээ намайг толгойлогч нь гэж зарласан юм. Ингэж л “Авлигын загалмайлсан эцэг” гэдэг хочтой болсон. Түүнийг нь улс төрийн тэмцэл гэж харсан учраас тоосон ч үгүй. "Дээдсийн хүрээлэн" сонин АН-ынхны хамааралтай гэж сонссон учраас бас нэг их сүржигнэсэнгүй. Хамгийн гол Ц.Элбэгдорж ийм ажил хийгээд байгаа гэж огт санаагүй юм.

Тэгээд 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдорж луйвар, булхай хийж байж гарч ирснийг нь хэлэх нь зөв байх. Би Ерөнхийлөгчөөсөө буусны дараа 2009, 2010 оны зааг дээр сэтгүүлчидтэй уулзаж байсан юм. Уулзалтын үеэр Дашрэнцэн гэдэг сэтгүүлч “Танаас уучлалт гуйя” гэсэн юм. Тэр сэтгүүлч “Дээдсийн хүрээлэн” сонины эрхлэгч тухайн үед "Өдрийн сонин"-д ажиллаж байсан юм билээ. Яагаад уучлалт гуйх болов гэж асуухад минь “Би танд муухай нэр хоч өгсөн. "Дээдсийн хүрээлэн" сонинг Ц.Элбэгдорж, З.Энхболд хоёр надад тухайн үед 10 сая төгрөгөөр худалдаж авч өгсөн. Тэгээд даалгавар өгсөн “МАХН-ынхныг авлигач болгож харагдуул. АН-аас "Симба" Батааг бас тэгж харагдуул” гэсэн гэж хэлдэг юм. Тэгэхээр нь би тэр сонинг нь олж үзэх гээд одоо хүртэл олж хараагүй л явна. Үндсэндээ 14 жилийн турш хайж байгаа хэдий ч авлигачдыг нэрлэсэн тэр дугаар нь хаана ч байдаггүй юм. Бүх номын сангуудад алга. Тэгтэл худал үг зохиож өгсөн хоч нь миний нэрэнд “наалдчихсан” л явна.

Тэр ч бүү хэл Ц.Элбэгдорж надад өширхөх сэдлээр шалгаж, шоронд оруулж байхдаа надад байгаа, байхгүй бүхий л баримтыг ухаж, оролдож төнхөөд юуг ч нотолж, тогтоож чадаагүй юм шүү дээ. Энэ мэтчилэн худал үгийг хүмүүсийн чихэнд хоногштол хэлж үлдээчихээд түүнийг нь нотлох баримтыг устгачихдаг юм. Тиймээс л зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийж чадах хүн гэж боддог.

Энэ бүхнийг эргээд бодохоор Ц.Элбэгдорж ардчиллын эсрэг хүн юм байна гэсэн бодол төрдөг. Тэр хүнд ардчиллын тухай ямар ч ойлголт алга.

-Тэр хүнийг ардчиллын “Алтан хараацай”-нуудын нэг гэдэг биз дээ?

-Тэгж нэрлэдэг хэдий ч үнэн хэрэгтээ Ц.Элбэгдоржийг ардчиллын дайсан гэж хэлмээр байна. Яагаад гэвэл, ардчилал сонгох, сонгогдох зарчмаар явдаг үйл явц. Ардчиллыг нэг хүн эсвэл нэг нам өмчилдөггүй. Ардчилал бүх хүнд, бүх албан тушаалтан, улс төрийн намд хамаатай байж “амьд” оршин тогтнодог. Хэрэв нэг хүн, нэг нам өмчлөөд эхэлбэл, хагас дутуу, татсан, тахир дутуу ардчилал болж хувирна. Бодит амьдрал дээр Монгол Улсын ардчиллыг тахир дутуу болгох алхмыг Ц.Элбэгдорж хийсэн. Хүний сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн үйлдлийг тэр хүн гаргасан.

Би тэр хүний улс төрийн өрсөл­дөгч учраас 2012 оны сонгуульд оролцуулахгүй байхын тулд Б.Билигтийг ЦЕГ-ын дарга болгож СЕХ-ны гишүүн болгосон юм шүү дээ. Мэдээж энэ нь зорилготой байсан. Тухайн үед намайг сэтгэл мэдрэлийн өвчтэй болгож нийгэмд харуулахыг зорьсон. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд сонгуульд нэр дэвших боломжийг боомилсон. Үнэн хэрэгтээ хувь хүний сэтгэл мэдрэлийн өвчтэй эсэхийг ЦЕГ-ын дарга тогтоохгүй л дээ. Өвчтэй эсэхийг эмнэлгийн байгууллага дүгнэлт гаргаж, түүнийг нь шүүхийн байгууллага тогтоодог юм. Тэр нь явж, явж Ц.Элбэгдоржийн эцсийн зорилготой зөрчилдсөн учраас мэд­лэг боловсрол нь дутуу гэдэг үндэс­лэлээр нэр дэвшүүлээгүй юм шүү дээ.

-Эцсийн зорилго гэдэг нь юу билээ. Бас та хоёрын боловсролыг хэмжвэл ямар дүр зураг харагдах бол?

-Намайг шоронд хийх хэрэгтэй байсан. Гэтэл сэтгэл мэдрэлийн өвчтэй болчихвол хуулийн хариуц­лага хүлээх боломжгүй болчихно. Тэгэхээр мэдлэг боловсролын талаар би яримааргүй байна. /инээв/ Монголын ард түмэн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүнийг сонгохдоо миний боловсролын байдлыг харгалзаж үзсэн байх гэж итгэдэг. Тэгтэл албан тушаалаас буунгуут миний мэдлэг боловсрол дагаад буучихгүй байлгүй дээ. Харин тухайн үед Сонгуулийн Ерөнхий хорооны дарга байсан Лувсанжав утсаар надаас уучлалт гуйсан. “Б.Билигт нарын хүмүүс зүтгүүлсээр байгаад огт утгагүй үндэслэлээр сонгуульд өрсөлдөх эрхийг чинь хасууллаа, уучлаарай” гээж байсан юм. Түүнээс гадна Ц.Элбэгдорж өөрийн өрсөлдөгч гэж бодсон хүмүүсээ дарж авахын тулд ар гэрээр нь, үр хүүхдээр нь тоглодог. “Би гэмт хэрэг хийгээгүй” гээд тэмцэж байхад “Эхнэр, хүүг чинь шоронд хийнэ” гэж заналхийлсэн.

-Эрүүдэн шүүлт гэсэн үг биз дээ?

-Сэтгэл санааны дайралтаар эрүүдэн шүүж байгаа хэлбэр. Би шоронд байхдаа нэг л зүйлийг ойлгосон. Тэр бол Ц.Элбэгдорж намайг үхээсэй гэж бодож байгаа юм байна гэж ойлгогдсон, мэдрэгдсэн. Хүн байхгүй бол асуудал байхгүй гэдэг. Түүнийг л хүсч байсан болов уу. Би өлсгөлөн зарлаж байхад таслан зогсоох эрх нь Ц.Элбэгдоржид байсан. Гэтэл өлсгөлөн зарлаж байхад өглөө, өдөр, оройн хоолыг ширээн дээр тавьж үнэртүүлнэ. Энэ бол сэтгэл санааны дайралт, дарамт. Тийм учраас Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж нарт “Энэ явдлаа таслан зогсоо. Ингэж болохгүй. Эрүүдэн шүүж байгаа хэлбэр” гэдгийг нь хэл гэхээр алба хаагчид нь “Бид ийм журамтай” гэдэг юм.

Тэр үед миний өмгөөлөгч О.Баасанхүү уулзахаар ирэх үе, тэдний хоолоо авчирч намайг дарамталдаг цагт таараад “Эрүүдэн шүүж байгаа хэлбэр мөн” гэж хэл ам хийснээр больж байсан. Би сүүлд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгааг харчихаад тэдний ажлын арга барилыг өөрийн биеэр мэдэрсэн учраас ерөөсөө шинэ юм байгаагүй. Сүүлд Ц.Элбэгдорж надтай таарчихаад юу ч болоогүй юм шиг ярихаар нь “Элбэгдоржоо, би чамаас өшөө хонзон аваад байгаа юм биш. Гэхдээ чи надаас уучлалт гуйх ёстой. Хэрэв уучлалт гуйхгүй гэвэл би чамтай харьцахгүй. Чи бол ардчиллын дайсан. Шүүхийн байгууллагыг самарсан хүн шүү” гэж хэлсэн. Гэтэл “Одоо уучлалт гуйх уу, дараа нь гуйх уу” гэж асуухад нь “Өөрөө мэд” гэсэн юм. Сүүлд Японы Элчин сайдын яаманд болсон арга хэмжээний үеэр “Би буруу юм хийсэн байна. Уучлаарай.Гэхдээ үүнийг Ц.Нямдорж хийлгэсэн шүү. Нямдорж өдөр болгон миний үүдэнд сууж гуйсан. Н.Энхбаярыг шоронд оруулахгүй гаргавал бид бүгдээрээ баларна. "ТВ-9"-ийг нь устгахгүй бол ... гэж хэлдэг байсан. Харин би "ТВ-9"-ийг устгаж болохгүй гэж бодсон учраас хаясан. Өөрийг чинь Ц.Нямдоржийн даалгавраар шоронд хийсэн” гэж өөрөө хэлж байгаа юм.

-Энэ тайлбар нь бодитой болов уу. Та юу гэж бодсон бэ?

-Ц.Нямдорж хэлэхдээ “Би өөрийг чинь баривчлах үйл явцыг мэдээгүй. Орой 20:30 цагийн үед мэдсэн. Нэгэнтээ балмад үйл ажиллагаа явсан учраас таслан зогсоож чадаагүй. Үүнийг Ц.Элбэгдорж, Сү.Батболд хоёр хийсэн шүү” гэсэн. Мэдээгүй байсан гэдэг худлаа хэдий ч уучлалт гуйж байгаа нь сайн хэрэг.

Тэгээд би тэдэнд бүгдэд нь хэлсэн “Ганц хүн хийсэн мэт ярих хэрэггүй ээ. Та нар бүгдээрээ л оролцсон. Тийм учраас дахиад ийм зүйл битгий хийгээрэй” гэж хэлсэн. МАНАН гэдэг аюултай. Яагаад гэвэл, бие биеэ хянадаггүй учраас хуйвалдаж улс төрийн өрсөлдөгчөө устгана. Таван толгойн гэрээ, Оюу толгойн гэрээг хийнэ. Сонгуулийг луйвардана. Хэнийг нэр дэвшүүлэх, эс дэвшүүлэхээ шийддэг учраас бид МАНАН-тай үхэн хатан тэмцсэн юм. МАНАН-г толгойлж, хууль шүүхийн байгууллагыг хараат байдалд оруулсан Ц.Элбэгдоржтой хийж байгаа тэмцэл үнэн хэрэгтээ нэг хүн биш, үзэгдэлтэй тэмцэж байгаа юм.

МАНАН гэдэг үзэгдэл ардчиллыг устгаж байна. АН-ыг өөрийг нь сөнөөж байна, ардчилал гэдэг нэрийг ард түмнээр үзэн ядуулж байгаа үзэгдэлтэй тэмцэж байна. Тиймээс ардчиллыг хамгаалахын төлөө, муу муухай үзэгдлийг арилгахын төлөө би үгээ хэлэх ёстой.

Дахин нэг зүйлийг онцлоход, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зөвхөн Ц.Элбэгдорж гэдэг хүнтэй биш бүхэл бүтэн үзэгдэлтэй тэмцэж байгааг ард түмэн ойлгоосой гэж бодож байна. С.Зоригийн хэрэг илэрснээр жинхэнэ ардчилал сэргэнэ. МАНАН гэдэг үзэгдэл дахиж гарахгүй алга болно гэдэгт би итгэж байна.

-Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж гэдэг хүмүүст өөр хоорондоо тэмцэлдэх, өширхөж, хонзогнох асуудал бий юу гэж асуумаар байна?

-Миний хувьд Ц.Элбэгдоржид өширхөж, хонзогнох зүйл огт байхгүй. Ардчилсан оронд өрсөлдөөд ялагдаж, ялах нь байдаг л зүйл. Ялангуяа улс төрийн тавцанд. Харамсалтай нь Ц.Элбэгдорж их өсөрхүү хүн юм байна гэж боддог болсон. Ялагдал хүлээх чадваргүй. Энэ нь өс хонзонгоор илрээд байна. Ингэхдээ хууль бус арга ашиглаж өрсөлдөгчөө унагах хандлагатай.

Амьдрал баян юм шүү дээ. Эр хүнийхээ хувьд бид хоёр сэтгэлд тод үлдэх дурсамжтай. 1999 онд Цолмон бид хоёр охинтой болсон. Охин минь дутуу төрж, Эх нялхасын сэхээнд байсан юм. Тэр үед Ц.Элбэгдорж хүүтэй болсон. Бас эмчилгээ хийлгэх шаардлагатай гээд сэхээнд байсан. Нэлээд хэд хоног эмнэлэгт хамт байсан. Элбэгдоржийн хүү, манай охин хоёр хүнд хэцүү давааг даваасай. Аав, ээжийгээ баярлуулаад босоод ирээсэй гэж бодоод тэр үед Энэтхэгийн Элчин сайд Бакула Ренбүүчи дээр очиж нэр залсан. Тэгэхдээ би нэрийг нь залчихвал хүүхдээ тогтооно гэдэгт итгэсэн хэрэг л дээ. Бакула Ренбүүчи Ц.Элбэгдоржийн хүүд Цэрэндорж гэдэг нэр өгсөн. Харин манай охиныг Цэрэндулам гэсэн юм. Тэгээд бид хоёр баярлаад хүүхдүүд минь босоод ирнэ гээд гүйж явлаа. Харамсалтай нь манай охин бурхан болсон. Түүний дараа бид хоёр “Улс төрийн өрсөлдөгч, улс төрийн нам хамаагүй. Хоёулаа эрчүүд учраас бие биедээ дэмтэй явъя” гэж ярьсан юм шүү дээ. Ийм тохиол хүнд сэжигтэй үйл явдлыг мартуулдаг, бүдгэрүүлдэг юм байна гэж боддог.

Тэр цаг үеийн тухай эргээд бодохоор намайг алах гэж оролдох хэмжээнд өсөрхөнө гэдэг хүний санаанаас гарах бодол биш гэж хэлмээр байдаг. Хүн хамтдаа зовлонтой нүүр тулж үзчихээд нүүр буруулаад, араас хутга дүрээд явна гэдэг аймшиг гэдгийг л мэдэрсэн дээ. Хууль шүүхийн байгууллагаар дамжуулан намайг алах гэж оролдож байгаагаас харвал хүн гэж хэлэх аргагүй. Юун ардчилсан Ерөнхийлөгч, ардчиллын төлөө тэмцэгч вэ гэж боддог. Мэдээж тааралдвал мэндийн зөрүүтэй явна. Гэхдээ ардчилсан хүн биш. Энэ хүний хийсэн ажлыг өмгөөлж, өмөөрч байгааг нь гайхдаг. Учир нь түүний хийсэн ажлуудыг салбарыг, монголчуудыг хэчнээн муухай харагдуулж байгааг ойлгох хэрэгтэй. 

-Сүүлийн үед нэр дэвшигч тодрох асуудал яригдаж байна. Та ямар байр суурьтай байна вэ?

-Улс орны эрх ашгийн төлөө нам, улс төрийн хүчнээрээ талцаж өмгөөлж болдоггүй юм. Хэрэв ардчиллыг, АН-ыг аваръя гэж байгаа бол намын гишүүд нь Ц.Элбэгдорж гэдэг хүнээс салах ёстой. Энэ хүнийг яллаж байж, С.Зоригийн хэргийн захиалагч, гүйцэтгэгчийг олж байж ардчиллыг аварна гэж хэлмээр байна. Мэдээж Ц.Элбэгдорж энэ бүхнийг ганцаараа хийхгүй. Тэр дутагдалтай хүмүүсийг олж тэднээр дамжуулж өөрийн хүсэл сонирхлоо гүйцэлдүүлдэг. Тэгэхээр түүнээс салах цаг болсон.

Харин Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ олон шинэчлэлийг хийхээр уйгагүй, шаргуу ажиллаж байна. Түүнийг зарим нь шүгэл үлээхээс цаашгүй байна гэж байгаа харагддаг. Шүүхийн байгууллагатай холбоотой асуудалд шүгэл үлээхээс цаашгүй байгаа болов уу. Учир нь юу ч хийхээс буцахгүй болсон баячууд яаж ч магадгүй учраас ард түмэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хамгаалж, дэмжих хэрэгтэй гэж уриал­маар байна. Түүний хийж бай­гаа тэмцэл шударга, тууштай байгаа.

Тэгэхээр энэ удаагийн сонгуульд авлигад нэр холбогдсон, хууль шүүхийн байгууллагаар тогтоогдсон хүмүүсийг нэр дэвшүүлж болохгүй. Ингэснээр шинэ тогтолцоо руу явж, тэмцэлээ тууштай үргэлжлүүлэх боломж бүрдэнэ. Үүний үр дүнд Монгол Улсад хямралд орчихсон ардчиллыг аврах юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 99 (7343)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

8 цаг 29 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

8 цаг 29 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

8 цаг 29 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

8 цаг 29 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

8 цаг 29 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

8 цаг 29 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

8 цаг 29 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

8 цаг 29 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

8 цаг 29 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

8 цаг 29 мин