Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшлах өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарын тулгарч буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм зүгээр нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцдэг байх учиртай. “Зууны мэдээ” сонин “Нэгдүгээр хүн” булангийнхаа энэ удаагийн зочноор Улсын хүүхэлдэйн театрын дарга З.Баянзулыг урилаа.
-Хүүхэлдэйн театр өнөөдөр “Пиноккио” шинэ жүжгээр хөшгөө нээх гэж байна. Энэ удаа “Про” театрын уран бүтээлчдээр бүл нэмжээ. Тиймээс энэ удаагийн бүтээл илүү шинэлэг сонирхолтой болсон байх гэж итгэж байна?
-Хүүхэлдэйн театр 2024 онд шинэ бүрэлдэхүүн, шинэ үйл ажиллагаа, шинэ менежментээр үйл ажиллагаа явуулах гэж байна. Учир юу вэ гэвэл миний бие өөрөө драмын жүжигчин мэргэжилтэй. Харьяа яаманд 23 жил ажиллаад, өдгөө Хүүхэлдэйн театрын даргаар томилогдлоо. Нэгдүгээрт, энэ театрын удирдлага солигдож байна. Хоёрдугаарт, Монгол Улсын түүхэнд анх удаа Хүүхэлдэйн театрын жүжигчдийг группээр нь бэлтгэсэн боловсон хүчнүүд анх удаа театртаа бүрэн бүрэлдэхүүнээрээ орж ажиллаж байна. Манай театрын хувьд олон жилийн турш жүжигчдийн орон тоо 10 байсан бол энэ жилээс 20 болж нэмэгдүүлсэн. Миний хувьд яаманд театр хариуцсан мэргэжилтнээр олон жил ажиллахдаа Хүүхэлдэйн театр руу чиглэсэн ажлыг байнга хийдэг байсан. 2001 онд театрын тайзны засварын ажлыг эхлүүлж байсан бол дараа нь тайзны гэрэлтүүлэг, дуу шуумыг Япон улсын буцалтгүй тусламжаар шинэчилж байжээ. Ингээд 2010 онд Санкт-Петербург хотын театр урлагийн академиас нь мэргэжлийн багш нар авчирч, сонгон шалгаруулалт явуулж өнөөдрийн “Про” театрын залуусыг явуулсан байдаг. Учир нь Монгол Улсад театр нь байхад мэргэжлийн жүжигчин нь, боловсон хүчин бэлтгэх сургууль нь байгаагүй. Тиймээс ОХУ-д бэлдэх зорилт тавьсан юм. Өнөөдөр энэ залуус эх орныхоо театрт ажиллах боломж бүрдсэнд баяртай байна.
-“Про” бол Монголын театрын урлагт гарч ирж буй шинэ давалгаа, шинэ өнгө төрх. Хувийн театраа амжилттай ажиллуулж байсан тэдний хувьд улсын театрт ажиллах нь хэр өгөөжтэй бол?
-“Про” театрын уран бүтээлчид 2014 онд сургуулиа төгсөөд эх орондоо ирсэн боловч театрт авах орон тоо байгаагүй. Би тухайн үед Соёл, спорт, Аялал жуулчлалын яаманд газрын даргаар ажиллаж байсан үе. Гэвч яам маань татан буугдаад, Хүүхэлдэйн театрын жүжигчдийн орон тоог нэмэх асуудал түр зогсоод байсан үе л дээ. Тиймээс хүүхдүүд маань буцаад ОХУ-ыг зорьж, өөр өөрийн театрт ажиллахаар явсан. Харин би 2023 оны арванхоёрдугаар сард Хүүхэлдэйн театрын захирлаар томилогдож ирээд, энэ залуустаа санал тавьсан. Нэгэнт л Монгол Улсын Засгийн газрын захиалгаар хүүхэлдэйн мэргэжил эзэмшсэн тул театртаа ирж ажиллаач гэж. Манай залуус ч миний хүсэлтийг хүлээж авч, өнгөрсөн гуравдугаар сараас театрынхаа үндсэн жүжигчин болоод ажиллаж эхэлсэн. Мэдээж “Про” театрынхны хувьд хэд хэдэн жүжиг тоглоод, Монголын театрын урлагт өөрийн гэсэн орон зай, үзэгчтэй болсон. Гэхдээ улсынхаа театрт ажиллаж, сурч мэдснээ энэ театрын хөгжилд зориулах нь зөв гэж бодож байна. Яг үнэндээ манай театрын жүжигчдийн хувьд тун хэцүү нөхцөл байдалд ажиллаж ирсэн. 10-хан жүжигчин гэдэг том хэмжээний бүтээл тавихад дэндүү бага тоо. Дээрээс нь зөвхөн жүжиглэхээс гадна театрын бүх ажилд гар бие оролцдог. Тиймээс “Про” театр орж ирснээр театр хүч нэмж, уран бүтээлийн хувьд ч өөрчлөлт, шинэчлэлийг авчирна гэж харж байна.
-Хүүхэлдэйн театр жүжиг тавьж л байдаг. Гэхдээ тэр бүр үзэгчид ойшоохгүй хандлага ажиглагддаг. Харин энэ удаа дарга нь өөрчлөгдөж, уран бүтээлчид нь ч бүл нэмсэн. Одоо л бярыг нь үзмээр байна?
-Энэ удаагийн жүжиг зөвхөн хүүхдүүд төдийгүй насанд хүрсэн хүн үзэхэд ч тохиромжтой. Найруулагчаар нь Б.Анхбаатар ажиллаж байгаа. Түүний хувьд “Про” театрт “Инээмтгий хүн” жүжгийн зураачаар, “Щелкунчик” жүжгийн найруулагчаар ажилласан туршлагатай уран бүтээлч. Одоо бол Хүүхэлдэйн театрын найруулагч. Манай театрын урын сангийн бодлогын хувьд жилд гурван төрлийн жүжиг тавих төлөвлөгөөтэй. Нэгдүгээрт, мэдээж үндэсний сонгодог бүтээл. Хоёрдугаарт, гаднын сонгодог бүтээл, гуравдугаарт, сүүлийн үед Соёлын яамнаас барьж буй бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй соёлын бие даасан байдлыг хангая, санхүүгийн хувьд хараат бус байх гэсний дагуу ээлжит бүтээлүүдийг сонгоно. Энэ төлөвлөгөөнийхөө дагуу бид өнөөдөр “Пиноккио” жүжгийг тавих бол есдүгээр сард “Хөхөө Намжил” үлгэрээс сэдэвчилсэн жүжиг, он гарахаас өмнө “Турандот” жүжгийг тавихаар төлөвлөж байна. “Турандот”-ын хувьд хүүхдийн жүжиг гэхээс илүү драм төрөл рүү тавихаар ярилцаж байна. Учир нь Хүүхэлдэйн театрт зөвхөн бага ангийн, цэцэрлэгийн хүүхдүүд л жүжиг үздэг гэсэн ойлголт бий. Гэтэл хүүхэлдэйн жүжиг бүх насныханд зориулсан байдгаараа онцлогтой. Тиймээс бид насанд хүрэгчдэд зориулсан бүтээл хийхийг хичээж, урын сангийн бодлогоо гаргана. “Пиноккио” жүжгийн анхны зохиол, цар хүрээг нь харахад 143 жилийн өмнө бичигдсэн ч гэсэн 4-70 насны үзэгчдэд зориулсан байдаг.
-Хүүхэлдэйн театрын хувьд их олон удаа дарга нь солигдсон. Яаманд удирдлагын түвшинд ажиллаж байсан хүний хувьд та үүний шалтгааныг юу гэж харсан бэ?
-Би өөрөө томилох эрх бүхий албан тушаалтан биш байсан учраас шалтгааныг нь хэлж мэдэхгүй юм. Ер нь соёл, урлагийн байгууллагыг харахад ялангуяа, удирдлага нь мэргэжлийн хүн байхаас гадна сайн менежер байх ёстой гэдгийг анзаарсан. Сайн менежерийнхээ хажуугаар яг театрын урлагаа илүү ойлгодог, энэ тухай мэдээ, мэдээлэл сайтай хүн байх нь чухал. Би өөрийгөө сайн менежер гэхгүй. Гэхдээ удирдлагын түвшинд яаманд ажиллаж байсны хувьд УДЭТ, УДБЭТ, Улсын филармони, Хүүхэд залуучуудын театрыг харж байхад бидэнд нэг сул тал байна. Тэр нь уран бүтээл тавиад л байдаг. Гэтэл хамгийн чухал нь иргэдийг хамруулах, соён гэгээрүүлэх тал дээр анхаарч ажилладаггүй. Би ажлаа аваад судалгаа хийлгэсэн. Гэвч Хүүхэлдэйн театр маань ажиллаад байгаа мөртлөө Монгол Улсын тэр дундаа Улаанбаатар хотын хүүхэд багачуудын гурван хувийг л хамруулж чадсан байна. Энэ нь нэгдүгээрт, Хүүхэлдэйн театрын байр савны хүртээмжтэй шууд холбоотой. Өнөөдөр Улаанбаатар хотын иргэдийн 60-70 хувийг хүүхэд эзэлж байна. Гэтэл манай театр 160 хүний суудалтай, өөрийн гэсэн байргүй. Жишээлбэл, хамгийн ойрын жишээ Улан-Үдэд “Үлгэр” театр гэж байхад дахин 4-5 заалтай шинэ театрыг байгуулж байна. Үүнээс гадна хүүхдүүд театрт ирээд зөвхөн жүжиг үзэхээс гадна театрын орчин нь өөрөө багачуудаа тосож авдаг, театрын соёлыг заадаг байх учиртай. Гэтэл өнөөдөр УДЭТ-ын гаднах зогсоолыг байхгүй болгочихсон. Энд хүүхдүүд автобустайгаа ирээд хаана зогсох вэ гэдгээс эхлээд асуудал бишгүй их. Хүүхдүүдээ жүжиг үзүүлэхийн тулд эцэг эх юм уу, багш нь заавал дагаж ирэх шаардлагатай. Тухайн хүүхдийн аюулгүй байдал хамгийн чухал. Тиймээс бид энэ асуудлаар НЗДТГ-т хандсан. Мөн 2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Хүүхэлдэйн театр, Хүүхдийн төв номын сан, Хүүхэд залуучуудын театр, Үндэсний номын сан, Чингис хааны музей, Байгалийн түүхийн музейг шинээр байгуулахаар тусгасны дагуу манай театр болоод Хүүхдийн төв номын сангийн зураг гарч, батлагдсан. Харамсалтай нь 2024 оны төсөвт арай тусгаж амжаагүй. 2025 оны төсөвт тусгахаар ажиллаж байна. Театр маань 500, 200 хүний суудалтай буюу бага заалтайгаар Тасганы овооны тэр хавьд баригдахаар яригдаж байна. Тиймээс бидэнд ирээдүй гэрэлтэй харагдаж байна.
-Та хэллээ. Уран бүтээл хийгээд л байдаг. Даанч хүмүүсийг хамруулж чаддаггүй гэж. Хүүхэлдэйн театрын хувьд мэдээлэл түгээх нь тун дутмаг. Урлагаар дамжуулж хүүхдэд гоо зүйн ойлголт, төлөвшил олгоно гэдэг уг нь хамгийн чухал ажил баймаар?
-Бид сүүлийн жилүүдэд даяаршил гэж их ярилаа. Гэтэл бид яаж энэ үед Монгол гэсэн мөн чанараа гээхгүй үлдэх вэ. Монгол гэсэн онцлог, ондоошлоороо олон улсад өрсөлдөнө. Тиймээс бид хүүхдийг багаас нь монгол хүн болж төлөвшүүлэх, дархлаатай иргэн болгоход соёл, урлаг тэр дундаа театрын мэргэжлийн байгууллагууд чухал үүрэгтэй. Бид нэгэнт 50 нас хүрчихсэн хүмүүсийг төлөвшүүлэх гэж байснаас сургуулийн өмнөх наснаас нь онцгой анхаарал хандуулж, зан заншлаа дээдэлсэн, эх орноо гэсэн чин сэтгэлтэй хүн болж хүмүүжүүлэхэд бидний уран бүтээлийн бодлого чиглэх ёстой. Энэ бол ганцхан манай театрын ч асуудал биш. Бүх боловсролын байгууллага, тэр дундаа БШУЯ ч хамтран ажиллах ёстой. Энэ утгаараа би Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын нарийн бичгийн даргаар ажилласан.
-Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад хүүхдийн уран бүтээлийг дэмжих тухай хэрхэн тусгаж өгсөн байгаа бол?
-Энэ хуульд хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихдаа хүүхдэд урлагаар дамжуулан гоо зүйн боловсрол олгохдоо баримтлах уран бүтээлийн жагсаалт гэдгийг БШУЯ-тай хамтран боловсруулсан. Энэхүү ажил Соёлын болон Боловсролын яаман дээр үргэлжлээд явж байна. Хэрэв энэ хууль батлагдчихвал хүүхдүүдэд гэнэтийн, явуулын үзүүлбэр үзүүлэхээс илүү төрийн байгууллагын, төрөөс санхүүжилт аваад, бодлогоор туурвисан бүтээлүүдийг зохион байгуулалттай, хөнгөлөлттэй үнээр үзүүлэх боломж бүрдэх юм. Энэхүү ажилд урьдчилсан байдлаар Нийслэлийн ерөнхий боловсролын газар, удирдлагууд, БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн хүмүүстэй уулзалт хийсэн. Бид хүүхдэдээ янз бүрийн амттан, үнэтэй гар утас авч өгөхөөс илүү жилд 1-3 удаа заавал соёл, урлагийн байгууллагад биеэр нь авч ирж, үйлчлүүлэх шаардлагатай. Үнэндээ хүүхдүүд өнөөдрийн “Пиноккио” жүжгийг гар утсан дээрээсээ үзчихэж болно. Гэтэл яг театрт орж ирээд үзэхэд тэс өөр мэдрэмж авна. Үүнээс гадна театр хүүхдүүдийг зөв хүмүүжүүлдэг онцлогтой. Театрын орчин, биеэ авч явахаас эхлээд олон давуу талтай.
-Уран бүтээлчдийг бодлогоор дэмжиж бэлтгэхэд үр дүн нь хэрхэн гардгийг “Про” театрын залуус харуулсан. Соёлын тухай хуульд яг энэ тухай тусгасан заалт бий юу?
-Би Украинд урлагийн дээд сургууль төгсөж ирээд, 2001 онд БСШУЯ-нд театр хариуцсан мэргэжилтнээр орсон. Ингээд ажиглаж байхад 1990-ээд оноос хойш буюу зах зээлийн нийгэмд шилжсэн үеэс ОХУ болон хуучин социалист улсуудад мэргэжилтэн бэлтгэдэг байсан хамтын ажиллагаа тасарсан байсан. Монгол Улс цөөхөн хүн амтай учир урлагийн бүх мэргэжлээр сургууль байгуулах боломжгүй. Тэр утгаараа манайх урлагийн чухал мэргэжилтнүүдээ гаднын оронд бэлтгэдэг байжээ. Манай хүүхэлдэйн ахмадууд гэхэд Чех, ОХУ-д суралцсан байдаг. Миний хувьд яаманд орсноосоо хойш мэргэжилтнүүдийг бодлогоор бэлтгэх ажил дээр төвлөрсний эцэст 2003 оноос ОХУ руу явуулж эхэлсэн. Энэ үеэс өнөөдрийг хүрэхэд 500 гаруй мэргэжилтнийг бэлтгэсэн байна. Үүний 250-300 нь эх орныхоо соёл, урлагийн байгууллагуудад үр бүтээлтэй ажиллаж байна. Хэдийгээр би Хүүхэлдэйн театрт ирсэн ч хийж байсан ажил минь үргэлжилж байна. Энэ жил гэхэд 15 хүүхэд явуулсан. Цаашдаа зөвхөн ОХУ бус БНХАУ, Чех, Герман улсад соёл, урлагийн нарийн мэргэжилтэн бэлтгэх тал дээр хамтарч ажиллахаар судалж байна.
-Зөвхөн жүжигчин, найруулагчаас гадна инженер техник, арын албаны мэргэжилтнүүд илт дутмаг юм билээ. Театрын арын алба гэдэг уран бүтээл бүтэх гол багана биз дээ?
-Жүжиг бол хамтын бүтээл. Тиймээс тайзны арын албаны уран бүтээлч мэдээж чухал. Зөвхөн манай театр ч бус бусад театрт ч ялгаагүй инженер техникийн асуудал хүнд байна. Саяхан ОХУ-ын Буриад улсын Хүүхэлдэйн теартын захирал ирсэн. Тэднийх шинэ театр бариулж байгаа юм. Ингээд театраа ашиглалтад ороход хэрэгтэй групп жүжигчин болоод инженер техникийн ажилтнуудаа бэлтгэж байгаагаа дуулгасан. Буриадад есдүгээр ангиа төгсөөд ордог урлагийн коллеж байдаг юм байна. Гэтэл бидний туршлага бол заавал ерөнхий боловсролын сургууль төгссөн хүнийг явуулдаг. Тэгэхээр тус сургуульд мэргэжилтэн бэлтгэх гарц гаргалгааг хайж байна. Мөн манай театруудын тайзны шийдэл, технологийн хувьд бүгд гар аргаар. Гэтэл 2005 онд намайг Японд явж байхад тайзны технологи нь аль хэзээний хажуу талаасаа, хойноосоо урсаж орж ирдэг, тайз маань доошоо найман метрийн гүнд ороод хоёр талаасаа солигддог болчихсон байсан. Гэтэл өнөөдөр Монголд тайз засагч гэсэн ажлын байр байсаар байна. Энэ асуудлыг хамгийн эхэнд шийдэх ёстой.
-Техник, технологийн шинэчлэлийг Соёлын яам шийдэх ёстой. Гэтэл энэ хэвээр олон жил боллоо. Төсөв мөнгө нь үнэхээр бага байдаг юм уу?
-Соёл, урлагийн салбарт 2016 оноос хойш нэг том эргэлт гарсан. Тэр нь одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсноор соёлын салбарын хөрөнгө оруулалтыг нэмсэн. Мөн 2020 онд Соёлын яамыг бие дааж байгуулсан. Ганцхан жишээ хэлэхэд 2015 онд соёлын салбарын хөрөнгө оруулалт 14-15 тэрбум төгрөг байсан. Гэтэл бие даасан яам байгуулагдсанаар энэ мөнгөн дүн 180-200 тэрбум болж өссөн байдаг. Өмнө нь манай салбар үлдэгдэл мөнгөөр санхүүждэг байсан бол одоо өөрийн төсөвтэй болж бүтээн байгуулалтуудыг хийж байна. Та бүхэн Хүүхэд залуучуудын театрыг л харчих. Ямар сайхан урлагийн орчин бүрдсэн байна вэ. Өнөөдөр бид бие даасан яамгүй байсан бол Чингисийн музейг байгуулж чадахгүй байсан. Бид Чингис хаан гэж ярьдаг, энэ нэрээр гаднын жуулчдыг татдаг байсан мөртлөө эзэн хааныхаа зургийг ганцхан архины шилэн дээр л мөнхөлчихсөн байлаа. Гэтэл өнөөдөр Чингисийн музей байгуулагдсанаар гаднын аялагч, жуулчид ирэхэд энэхүү музейг үзүүлж нүүрээ тахалж байна. Музейн ажил эхлэхэд зарим хүн цаг үе ийм хүнд байхад соёлын салбарт мөнгө зарцуулж, хэрэггүй цемент цутгалаа гэж ярьж байсан. Гэхдээ улс хөгжихийн хэрээр хүмүүсийнх нь оюун санаа дагаад хөгждөг. Соёлын салбарт хөрөнгө оруулах нь монгол иргэдэд эх орон, түүхээрээ бахархах үнэт зүйлийг үлдээж буй хэрэг юм.
-Өнөөдөр Монгол Улсад шинэ театрууд нээгдэж байгаа нь олзуурхууштай. Гэхдээ соёл түгээх ёстой гол цөм, үзэгчид нь хөдөө, орон нутагт байна. Хүүхэлдэйн театрын хувьд орон нутгийн багачууддаа хэрхэн хүрч үйлчлэх вэ?
-Хүүхэлдэйн театр жилд 2-3 аймгаар явж, орон нутгийн үзэгчидтэйгээ уулзах бодлого баримталдаг. Гэхдээ мэдээж энэ нь хангалттай биш. Бидний хувьд саяхан Дундговь аймагт ажиллаад ирлээ. Миний өмнө байсан удирдлагуудын бас нэг шинэ хийсэн зүйл нь франчайзин гэдгийг нэвтрүүлсэн. Энэ нь манай театрын 70 гаруй жилийн хугацаанд хийсэн уран бүтээлийн урын сан байна. Үүнийг бид үргэлж өөрийнхөө театрт тоглоод байж болохгүй. Тиймээс эдгээр уран бүтээлээ франчайзинаар тухайн театрт өгдөг. Ингэхдээ харьяа яамнаас тодорхой хэмжээний дэмжлэг авч, жүжгийн тайз, хувцас хэрэглэлийг бүгдийг нь хийж өгдөг. Үүнээс гадна манай жүжигчид тухайн аймагт өөрсдөө очиж, жүжигчдэд нь сургалт орно. Ингээд жүжгийн эрхийг гурван сарын хугацаатай өгснөөр тухайн театр сумдаараа явж тоглох жишээтэй.
-Монгол Улсад дутмаг байгаа мэргэжлийн нэг нь хүүхдийн зохиолч. Хүүхдүүддээ үргэлж гаднын жүжиг үзүүлмээргүй байна. Зохиолч дутмаг энэ үед монгол жүжгийн урын сангаа арвижуулах тал дээр танай театр ямар бодлого баримталж ажиллах вэ?
-Зохиолч цөөхөн байгаа ч манай театртай хамтарч ажилладаг О.Сундуй, Н.Мандал гэсэн зохиолчид бий. Үүнээс гадна бид Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Ц.Хулангийнхаа зохиолоор жүжиг тавьдаг. Манай театрын үе үеийн удирдлагуудын хувьд ч монгол зохиол бүтээлээ түлхүү тоглох бодлого баримталж ирсэн байдаг. Миний хувьд ч энэ уламжлалын дагуу монгол бүтээлүүд рүү түлхүү анхаарна. Гэхдээ зөвхөн зохиол гэлтгүй ардын үлгэрүүдээс сэдэвчилсэн бүтээл хийхийг давхар зорьж байна.
-Харьяа яамнаас уран бүтээлд тавих шаардлага, цензур хэр байдаг юм бэ. Саяхан “Монгол суут” жүжгийг тавих гэж байгаад больчих шиг болсон?
-Ер нь 1990, 2000-аад оноос уран бүтээлд тавих цензур бараг байхгүй болчихсон. Ерөнхийдөө ийм утга агуулгатай жүжиг тавих ёстой гэдэг ч юм уу, шалгуур байхгүй. Харин уран бүтээлч бид Хүүхэлдэйн театрынхаа дүрмийг шинэчилж, батлуулахаар зорьж байна. Хуучин дүрмээр зөвхөн сургуулийн өмнөх насны хүүхдүүд болон бага ангийнханд зориулсан жүжиг тавина гэсэн чиглэл байсан. Харин бид цаашдаа хүүхэлдэйн урлагаар насанд хүрэгчдэд ч зориулсан бүтээл тоглоно гэсэн зорилготой байна. Энэ нь хүүхэлдэйн урлагийн цар хүрээг тэлэхээс гадна санхүүгийн хувьд бие даасан байдалд хүрэхэд дөхөм болно гэж харж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 97 (7341)