Д.ЦЭРЭННАДМИД
“Их засаг” олон улсын их сургуулийн Нисэхийн тэнхимийн багш, доктор, профессор Санжаажавын Батмөнхтэй ярилцлаа.
-Монголын иргэний нисэхийн байгууллагад та олон жил ажилласан юм билээ. Тэгэхээр энэ салбарын ууган хүмүүсийн нэг болж таарна даа. Иймд бид ярилцлагаа энэ салбарын түүхээс эхлэх нь зөв болов уу.
-Иргэний агаарын тээврийн үе үеийн түүхийн мөчлөгт байр эзлэхүйцээр ажил албатай явсан хүний нэг л дээ би. Нисэх хүчний байгууллага маань 99 насыг зооглож байна.
Хойтон 100 жилээ тэмдэглэнэ. 1925 оны тавдугаар сарын 25-нд ЗХУ-аас бэлэглэсэн "Ю-13" агаарын хөлгийн Улаанбаатар хотын консулын дэнжид хүлээн авсан тэр өдрийг Монголын нисэх хүчний төрсөн өдөр гэдэг.
Уг онгоцыг хүлээлгэн өгөхөөр ЗХУ-ын гавьяат нисэгч А.А.Лапин даргатай баг ирсэн. Тэднийг маршал Х.Чойбалсан тэргүүтэй цэргийн яамны удирдах хүмүүс хүлээн авсан.
Тэнд жирийн ардууд ч олноороо очсон байдаг. Энэ үйл явдалтай холбогдуулан орой нь хийсэн дайллага дээр Монгол Улсын Ерөнхий сайд Б.Цэрэндорж хэлэхдээ:
-Бид газрын хүмүүс. Өнөө хүртэл газраар хөлхөж явлаа. Гэтэл нисдэг боллоо. Өнөөдрөөс Монгол Улсад агаарын зам нээгдлээ. Сайхан цаг ирж байна гэсэн байдаг.
-Одоо ярилцлагынхаа гол чиглэл рүү оръё. Монгол Улс нисэхийн боловсон хүчнээ хэдийнээс бэлдэж эхэлсэн юм бэ?
-Нэгэнт нисэх хүчний үндэс суурь тавигдсан болохоор агаарын хөлгийн нисэгч, инженерүүдийг бэлтгэх шаардлага аяндаа бий болсон. Тулгарч байгаа шаардлагаа хангахад дан ганц ЗХУ-ын тусламж, тэдний багш нарын хүчийг ашиглахыг гол болгож байсангүй. Үндэсний боловсон хүчнээ өөрсдөө мэргэжлийн өндөр чадвартай хүмүүсээ ашиглан бэлтгэж эхэлсэн.
Яахав Зөвлөлтийн мэргэжилтнүүд урилгаар ажиллаж л байж. Онгоцны тоо ч нэмэгдсэн. Нисэгч, инженер, холбоочин, механикчдаа бэлтгэх онцгой шаардлага гарч ирсэн үе бол Халх голын дайн байлаа. Энэ байлдааны үед нисэх хүчний отрядууд байгуулагдаж 1936, 1937 онуудад сургаж бэлтгэсэн хүмүүсээ тэнд татаж аваачсан. Ингэснээр боловсон хүчний томоохон арми бий болгож чадсан.
Энд нэг зүйлийг сонирхуулж хэлэхэд Халх голын байлдааны явцад нэг үе 400 онгоц агаарын тулалдаанд орж байсан нь дэлхийн дайны түүхэнд ховорхон тохиолдол байсан юм даа.
Зөвлөлтийн нисэх хүчний экскадрилууд Монголын агаарын хүчнийхэн тэр асар их том хүчийг бүрдүүлж байлаа.
Дараа нь дайн дуусахад боловсон хүчний илүүдэл бий болсон учир олон хүнээ өөр салбарт шилжүүлсэн. Олон хүн төмөр зам руу очсон байдаг.
Дараа нь 1954-1955 оноос эхлээд тархай бутархай суурьшилтай нүүдлийн мал аж ахуйтай, өргөн уужим нутагтай манай орны хувьд дэд бүтцийн хөгжил буурай тэр цагт агаарын тээвэр хамгийн тустай салбарын нэг болсон.
Шуудан тээврийн үйл ажиллагааг шуурхай болгох болон иргэдийн зорчих, ачаа бараа тээвэрлэхэд иргэний нисэхийн үүрэг өндөржсөн.
Архангай, Хөвсгөл, Завхан аймгийн чиглэлээр агаарын шинэ замтай болсон. Бүр өмнө нь тээврийн зориулалттай Я-6, Р-6 нисэх онгоцнууд шинээр авч Өндөрхаан, Алтанбулаг, Тамсагбулгийн чиглэлд иргэний агаарын тээврийн нислэг хийж байсан юм билээ.
Тэгвэл 1956 онд ЗХУ-аас 12 хүний суудалтай 4500 метрийн өндөрт нисэх чадалтай АН-2 онгоц авч 1957 оны долоодугаар сараас Дорнод, Ховд, Өмнөговь, Хөвсгөл гээд холын аймгуудад нислэг хийж эхэлсэн. Ингэснээр нисэхийн салбарыг улам өргөтгөх шаардлага бий болсон.
1957 оны нэгдүгээр сард Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Батлан Хамгаалах яамны дэргэд агаарын харилцааны газар гэж байгуулан даргаар нь генерал Б.Цогийг томилж байв.
Энэ бол иргэний агаарын нисэх байгууллагын үндэс суурь баттай тавигдсан үе. Энэ цагаас агаарын тээвэрт үндэсний боловсон хүчнээ бэлтгэх ажил улам эрчимжсэн гэж болно.
-Манай улс нисэхийн боловсон хүчнээ нэг үе дан гадаадад бэлтгэж байсан шиг санагддаг?
-2000 он хүртэл үнэндээ дан ганц ЗХУ-ын нисэхийн их, дээд сургуулиудад хүмүүсээ сургаж байсан л даа.
Ер нь бол 1990-ээд оноос хойш улс орон зах зээлийн харилцаанд шилжсэн үеэс агаарын тээврийн салбар өргөжиж өөрөө өөрийгөө санхүүжүүлэх журмаар ажиллаж эхэлсэн.
Агаарт тээвэр хувийн хэвшлийн байгууллагаар өргөжсөн “Тэнгэрийн улаач” нэртэй анхны хувийн байгууллагаас эхлээд “Айро Монголии”, “Хүннү Эйр” компаниуд бий болж тэр хэрээр боловсон хүчнээ бэлтгэх шаардлага ч нэмэгдсэн юм.
Тэгээд АНУ, Англи, Тайланд зэрэг мэргэжлийн өндөр чадамжтай сургалтын томоохон баазтай их, дээд сургуулиудад залуусаа явуулж сургаж ирлээ.
Бас нисэгч инженерүүд, нислэгийн удирдагчид, холбоо навигацын чиглэлээр ОХУ, Герман, Япон, Солонгос, Хятадад сургасан үе бий.
-Дотооддоо тэдгээр мэргэжлийн хүмүүсээ хэдийгээс бэлтгэж байгаа юм бэ?
-Ер нь иргэний нисэхийн салбарт мэргэжилтэн боловсон хүчнээ бэлтгэхэд зардал маш өндөр байдаг.
Жишээ нь АНУ-д нэг нисэгч, инженерийг бэлтгэхэд 100 орчим мянган ам.доллар ордог.
Иймээс Зам, тээврийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газрын хэмжээнд агаарын тээврийн боловсон хүчнээ хэрхэн бэлтгэх талаар судалгаа хийсэн байдаг.
Үүний дүнд 2000-аад оны эхэн үед Механик инженерийн дээд сургуульд иргэний агаарын тээврийн сургалтын тэнхимийг нээн ажиллуулсан байдаг юм.
Тэгээд 2017 оноос “Их засаг” олон улсын их сургуульд сургалтаа шилжүүлж ажилласан.
Одоо манай иргэний нисэхийн салбарт ажиллаж байгаа мэргэжилтний 70-80 хувь нь дотооддоо төгсөгчид байгаа.
Одоо “Их засаг” их сургууль, БНСУ-ын дорно дахины их сургуультай 2+2 хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх замаар нисэхийн боловсон хүчнийг бэлтгэж байна.
“2+2” хөтөлбөр гэдэг нь энд суралцагчид эхний хоёр жил онолын хичээлүүдээ үзээд дараагийн хоёр жилд Солонгосын тэр их сургуульд мэргэжил, дадлагаа гүйцээгээд нисэгч, инженер, механик, бүхээгийн ажилтан гээд төрөл мэргэжлийг эзэмшин төгсөж байгаа юм.
Тэр сургууль нь олон жилийн арвин туршлагатай, сургалтын чансаагаар тэдний төгсөгчид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдаг юм билээ.
Манай тэнхимийн багшлах бүрэлдэхүүн тус сургуулийн үйл ажиллагаа, сургалтын явцтай танилцаж дадлага хийгээд ирсэн л дээ.
Эндээ хоёр жил суралцсан хүүхдүүд онолын мэдлэг олж авдаг бол тэнд очоод англи, солонгос хэлний мэдлэгээ сайжруулж өндөр чадвартай мэргэжилтэн болж гарах боломж нь харагдсан.
Сургалтын бааз суурийн хувьд ЗХУ-д бидний сурч байсан үеийнхээс илүүтэй санагдсан шүү.
Цаашдаа бид өөрийн боломждоо тулгуурлан сургалтыг дотооддоо бүрэн хийхийн төлөө судалж, боловсруулж байгаа юм ч бий.
Ер нь бол “Их засаг” сургуульд байгаа нисэхийн тэнхимийн ирээдүйг өөдрөгөөр харж байгаа шүү. Манай тэнхимд багшилдаг 10-аад багшийн 60-70 хувь доктор, магистрын зэрэгтэй багш нар байна. Бид сургалтаа маш зөв технологиор явуулж байгаа юм.
Оюутны тоо ч жилээс жилд нэмэгдэж байна. 1919 оны үед 28 оюутантай байсан бол өнгөрсөн жил 70 гаруй элсэгчтэй боллоо.
Цаашдаа бид механик, инженер бэлтгэх анги нээчих юм бол бүр олон элсэгчтэй болох байх.
-Таныг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга байх үеийг мэдэх юм байна. Тэгэхээр өөрийгөө товчхон танилцуулна уу?
-Би насаараа л энэ салбарт ажиллаж зүтгэж явна. Засварын механикчаас эхлээд хийгээгүй ажил алба гэж бараг байхгүй дээ.
2006 оноос 10-аад жил Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын алба хашсан.
Олон жил мэргэжилдээ үнэнч ажилласнаар мэдсэн сурсан юм, туршлагын хувьд хүнд хэлэх юмтай л болсон гэж боддог.
Нисэгч, инженер мэргэжилтэй. 2003 онд ЗХУ-д Санкт-Петрбургийн нисэхийн академид “Монголын иргэний нисэхийн салбарын хэтийн төлөв, цогц аргачлал” гэсэн сэдвээр докторын зэрэг хамгаалсан даа.
Одоо энэ сургуульд профессор цолтой, эрдмийн зөвлөлийн гишүүнээр нь ажиллаж агаарын хүчний онол, нисэхийн ажлын зохион байгуулалт зэрэг таван төрлийн хичээл зааж байна.
Намайг иргэний нисэхийн салбарт дарга байхад манай байгууллага олон улсын иргэний агаарын тээврийн аудит шалгалтад орж 87.9 хувийн амжилт үзүүлж байсан.
Энэ нь дэлхийд 15-д, Азидаа эхний тавд орох үр дүн байлаа. Бас Монголын иргэний агаарын тээврийн салбарт сүүлийн 23 жилд ямар нэг ноцтой осол аюулгүй ажиллаж ирснийг бидний үеийнхний хичээл зүтгэлийн үр дүн гэж бодож явдаг юм.
Насаараа ажилласан салбарынхаа төлөө үнэнчээр зүтгэж өнөөдрийн бий болгосон ололттой бүхнээ хойч үедээ уламжлуулахын төлөө багшилж олон сайхан шавь төрүүлж байгаадаа баяртай явна даа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 8. ЛХАГВА ГАРАГ. № 92 (7336)