Л.Галбаатар: Мэдээллийн ил тод байдлыг хатуу хязгаарласан хэвээр байна

2024-05-02
Нийтэлсэн: Админ
 12 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

“Глоб интернэшнл” төвийн хуульч Л.Галбаатартай ярилцлаа.

 

-Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна.  Энэ жилийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг манай хэвлэл мэдээллийн салбарынхан ямар онцлогтойгоор угтаж байна вэ?

-Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 2024 онд “Гараг ертөнцийн төлөөх хэвлэл: Байгаль орчны хямралтай нүүр тулж буй сэтгүүл зүй” сэдэв дор тэмдэглэж байна. ЮНЕСКО-гийн үзэл баримтлалд дурдсанаар “Цаг уурын өөрчлөлт, биологийн олон төрөл зүйлийн алдагдал, агаарын бохирдол нь гараг ертөнцийн гурвалсан хямрал болж, энэ нь нийтийн эрүүл мэндтэй холбоотойгоор хүн төрөлхтний голлох эрсдэл болж, ардчиллыг бэхжүүлэх, цахим талбаруудад хуурамч, хуудуутай мэдээллийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай тулгарч байна.

Мэдээллийн эко систем өнөөгийн хямрал хариу үйлдэл үзүүлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ. Найдвартай мэдээлэлтэй байх, байгаль орчин, шинжлэх ухааны хараат бус сэтгүүл зүйг бэхжүүлэх ач холбогдол, урьд урьдынхаас илүү чухал болж байна” хэмээн энэ жилийн сэдвийг онцлоод “2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг дэлхий нийтийн байгаль орчны өнөөгийн хямралт нөхцөл байдалтай уялдуулан сэтгүүл зүй, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний ач холбогдлыг цохон тэмдэглэхэд зориулж байна” хэмээжээ.

Монгол Улсад ч байгаль орчны хямрал нүүрлэж, үер, зудын аюул иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд ноцтой хор хохирол учрууллаа. 

Манай сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн байгалийн гамшгийн тухай шуурхай мэдээлэл мэдээ сурвалжилга бэлтгэн түгээж, сэрэмжлүүлэг, урьдчилан сэргийлэх мэдээллээр хангаж байсан билээ.  2023 онд Глоб интернэшнл төвөөс жил бүр олгодог “Үнэний төлөө” шагналыг МҮОНТ-ийн байгаль орчны сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн хүртсэн.

-Өнгөрсөн хугацаанд салбар маань нэлээд амаргүй уур амьсгалтай байлаа. Ер нь та нөхцөл байдлыг юу гэж харж, дүгнэж байв?

-Хэвлэлийн хүрээлэнгийн судалгаагаар, 2023 оны эцсийн байдлаар манай улсад 400 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд 4462 хүн ажиллаж байна. Тэдний 49 хувь нь бүтээлч ажилтан буюу сэтгүүлч, сурвалжлагч байна. Харамсалтай нь, манайд хэвлэлийн эрх чөлөөний  эрх зүйн орчин таагүй хэвээр байна. Хэдийгээр УИХ, Засгийн газраас мэдээллийн нээлттэй байдал, ил тод байдал, цахим засаглал, авлигатай тэмцэх тухай ярьж, мэдэгдэл хийн, нааштай зарим арга хэмжээ авч байгаа ч дорвитой үр дүнд хүрээгүй байна. Мэдээллийн ил тод байдлыг хатуу хязгаарлаж буй Төрийн ба албаны нууцын тухай хуульд өнөө хэр нэмэлт, өөрчлөлт хийгээгүй байна.  Сэтгүүлчийн нууц эх сурвалжаа хамгаалах эрх өнөө хэр хуулиар баталгаажаагүй бөгөөд 2023 онд нийт 386 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтныг оролцуулсан сэтгүүлчийн аюулгүй байдлын судалгаанд эх сурвалжийн аюулгүй байдлын талаар санаа зовниж буй нь тодорхой харагдаж байна. Тодруулбал, 65 хувь нь эх сурвалжийн аюулгүй байдлыг хангах чухал байгааг онцолжээ. Мөн 48 хувь нь эх сурвалжаа нууцлах эрх зөрчигдсөн гэж хариулсан нь 2022 оны судалгаатай харьцуулахад 28 пунктээр өссөн үзүүлэлт харагдаж байна. УИХ 2023 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд шинэ зохицуулалтаар иргэдийн мэдээлэлтэй байх эрх, сэтгүүл зүйн үйл ажиллагааг үндэслэлгүйгээр, хэтрүүлэн хязгаарлах, цензур тогтоох үр дагавартай болжээ. Сонгуулийн тухай хуульд 2023 оны зургадугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан нь өмнөх хуульд байсан хэвлэлийн эрх чөлөөний хатуу хязгаарлалтуудыг хэвээр үлдээн, шинэ хязгаарлалтуудыг нэмсэн нь сонгогчдын эрх ашигт үйлчлэх, тэдний дуу хоолой байх хэвлэл мэдээллийн үүргийг хөсөрдүүлэхэд хүргэж байна. “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) олон улсын байгууллагын Хэвлэлийн эрх чөлөөний индексээр дэлхийн 180 орноос Монгол Улс 2022 онд 90, 2023 онд 88-р байранд жагсаж, хэвлэлийн эрх чөлөөний “мэдэгдэхүйц асуудал”-тай орны тоонд багтсан хэвээр байна. Энэ үзүүлэлт 2024 оны тавдугаар сарын 3-нд танилцуулах “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF)-ын тайланд дээрдэнэ гэх хүлээлт алга.

-Манай салбарт шинэ тутамд тулгамдаж буй асуудал олон байна.  Ямар асуудлыг та онцлон яримаар байна вэ?

-Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 10-ны өргөн мэдүүлсэн. Энэ төлөвлөгөөний төсөлд 2027 онд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн батлуулах, 2026 онд авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар мэдээлсэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийг аливаа дарамт, шахалт, сүрдүүлгээс хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгох, 2025 онд төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн шилэн дансны мэдээлэлд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчтэй байгуулсан гэрээ, төлсөн төлбөрийг тусгайлан мэдээлэх журам, стандартыг батлахаар тусгажээ. Энэ нь Засгийн газрын хувьд хэвлэл мэдээллийн эрх чөлөөтэй холбоотой хууль тогтоомжийг өөрчлөхөд алгуур хандаж байгааг харуулж байна. Одоогоор тус төлөвлөгөө батлагдаагүй байна.

Засгийн газраас 2023 оны аравдугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы 2023 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталсан. Ингэхдээ Эрүүгийн хуулийн 21.9 дүгээр зүйл /Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах/-ийн 1 дэх хэсгийг “Мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олж мэдсэн хүн мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг задруулсан бол торгох,  нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж өөрчлөн найруулсан. Хуулийн төслийг хэлэлцэх явцад энэхүү өөрчлөлтийг хэвлэл мэдээллийн салбарынхан болон иргэний нийгмийн төлөөлөгчид хүчтэй эсэргүүцсэн. Эрүүгийн хуулийн 21.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оруулсан энэхүү өөрчлөлтөөр “прокурорын зөвшөөрлөөр” гэх үгийг хасч, зөвхөн албан ёсоор эрүүгийн хэргийн хавтаст хэрэгтэй танилцсан этгээдэд хамаарах зохицуулалтыг хэт өргөжүүлж, мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримтыг хавтаст хэргээс бус өөр эх үүсвэрээс олж мэдсэн хүнд нэгэн адил хамааруулсан нь олон улсын хүний эрхийн хэм хэмжээг зөрчиж байна.

2023-2024 оны байдлаар шүүхээс хоёр сэтгүүлчийг Эрүүгийн хуульд заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Эрүүгийн хуульд гүтгэх, доромжлох гэмт хэргийг тусгах нь хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хэтрүүлэн хязгаарлах, сэтгүүл зүйн үйл ажиллагаанд цензур тогтоох үр дагавартай болохыг хүний эрхийн олон улсын байгууллагууд буюу Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний байгууллагуудын зүгээс онцгойлон анхааруулсан байдаг. Тодруулбал, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлыг хянан хэлэлцэх ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR)-ийн Ажлын хэсгийн 36 дугаар чуулганаар Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний гуравдугаар илтгэлийг хэлэлцүүлэх үеэр өгсөн зөвлөмжид “Гүтгэх, доромжлох үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх арга хэмжээ авах замаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан болон иргэний нийгмийн идэвхтнүүд ямарваа шийтгэл хүлээхээс айж эмээх зүйлгүйгээр үйл ажиллагаагаа олон улсын стандартын дагуу чөлөөтэй явуулах нөхцөлийг хангах” гэж заасан. Монгол Улс энэ зөвлөмжийг хүлээн авсан боловч дорвитой зүйл хийсэнгүй.Сэтгүүлчийн үйл ажиллагаа эрхлэхийг хязгаарласан, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйтэй холбоотой асуудлыг эрүүгийн хэргийн журмаар мөрдөн шалгаж, яллаж байгаа нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг баталгаажуулсан олон улсын гэрээ, Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцэхгүй төдийгүй, сэтгүүл зүйн үйл ажиллагаанд цензур тогтоож байгаа практикийг халах шаардлагатай байна.

-Мэдээж хэвлэл мэдээллийн салбарт хөгжил дэвшил гарч байна. Боломж бололцоотой, хөгжин дэвших боломжтой төрөл зүйл гэвэл та судлаачийн хувьд юуг хэлэх вэ?

-Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төрөл, хэлбэр хөгжиж, энэ чиглэлээр сэтгүүлчид ажиллаж байгаад баяртай байгаа. Сэтгүүлчийн эх сурвалжаа нууцлах эрх, шүгэл үлээгчийг хамгаалах хууль тогтоомжтой болсон үед эрэн сурвалжлах сэтгүүл зүй улам эрчээ авах байх. Эх сурвалж, шүгэл үлээгчийн итгэлийг олохын тулд сэтгүүлчийн хувьд хараат бус байх, мэргэжлийн ёс зүйтэй байх төдийгүй тийм гэдгээ харуулах шаардлагатай болдог.

-Удахгүй УИХ-ын сонгууль болно.  Хэвлэл мэдээллийнхэн маань сурвалжлахдаа ямар асуудлыг анхаарах нь зүйтэй гэж та үзэж байна вэ?

-Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тухайлбал, Сонгуулийн ерөнхий хорооноос санал хураалтын дүнгийн талаар албан ёсны мэдээлэл гаргаагүй байхад аливаа этгээд санал хураалтын дүнгийн талаар мэдэгдэл хийхийг хориглоно. Үүнийг зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хүнийг 10 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 100 сая төгрөгөөр торгоно. Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч байгууллага сонгуулийн сурталчилгаа дууссанаас хойш 10 хоногийн дотор сурталчилгаа явуулсан талаарх тайланг нийтэд мэдээлнэ. Үүнийг зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 8-д заасны дагуу хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр торгоно. Улс төрийн мэтгэлцээний нэвтрүүлэг, хөтөлбөр сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэгт хамаарахгүй боловч уг нэвтрүүлэг, хөтөлбөрт нэг намын бус, түүнчлэн бие даагч хэд хэдэн нэр дэвшигч, эсхүл өөр өөр нам, эвслийн төлөөлөл оролцсон байна. Радио, телевиз нь сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал авах ажиллагаа дуустал нам, эвслийн дарга, нэр дэвшигч оролцсон энэ хуульд зөвшөөрснөөс бусад хэлбэрийн бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөр, дуу, ярилцлага нэвтрүүлэхийг хориглоно. Сонгогчийг санал өгсний дараа өгсөн саналынх нь талаар асуухыг хориглоно.

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 15-д эрх бүхий байгууллагаас баталсан цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам зөрчсөн бол хүнийг 5 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгохоор заасан.  Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны гуравдугаар сарын 06-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-ыг баталсан. Энэ журамд зарим онцлог зохицуулалтыг тусгасан. Тухайлбал, хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн сонгуулийн сурталчилгаа, сонгуультай холбоотой мэдээлэл бүхий зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгт "Хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн" гэх таних тэмдгийг харагдахуйц байдлаар байрлуулах бөгөөд таних тэмдгийг байрлуулаагүй тохиолдолд уг контентыг устгах, эсхүл хандалтыг хаах, эсхүл түр хязгаарлах арга хэмжээ авна. “Цахим орчны үйлчилгээ эрхлэгч” гэдэгт цахим хуудас, цахим хэрэглүүр /аппликэйшн/, платформ, цахим орчин ашиглаж контентыг олон нийтэд хүргэх этгээдийг ойлгоно гэж тодорхойлсон бөгөөд (3.2) Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан бусад цахим хуудас нь сонгуулийн сурталчилгаа нийтлэх тохиолдолд сонгуулийн сурталчилгаа эхлэх өдрөөс өмнө Харилцаа холбооны зохицуулах хороонд Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан Цахим орчны үйлчилгээ эрхлэгчээс сонгуулийн сурталчилгаанд ашиглах цахим хуудасны бүртгэлийн маягтын дагуу бүртгүүлнэ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.11-т “Харилцаа холбооны зохицуулах хороо нь Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн цахим орчин дахь олон нийтийн сүлжээний хандалтыг хязгаарлах, тархалтыг бууруулах технологийн арга хэмжээг сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс санал авах өдрийн дараах өдөр хүртэл авч болно” гэж заасан. Гэхдээ Сонгуулийн ерөнхий хорооны саналд тавигдах шаардлага, түүний агуулгын талаар хууль, журамд тусгайлан заагаагүй нь цахим орчин дахь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдэх эрхийг хэтрүүлэн хязгаарлах эрсдэлийг бий болгож байна.

Мөн хуулийн 46.25-д зааснаар Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевиз Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлэхгүйгээр сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлсэн бол тухайн телевиз, радиогийн үйлчилгээ эрхлэгчийн зөвшөөрлийг Харилцаа холбооны зохицуулах хороо хүчингүй болгоно. Мөн 46.26-д зааснаар сонгуулийн сурталчилгаа зогсоох хугацаанаас өмнөх 48 цагт  сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн нийт хугацаа нь хоногт нэг цаг /60 минут/-аас илүүгүй байх, түүний хорин таваас илүүгүй хувь /15 минут/ нь нэг нам, эвсэлд, түүнчлэн бие даан нэр дэвшигчдэд ногдох, сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал авах ажиллагаа дуустал нам, эвслийн дарга, нэр дэвшигчийн оролцсон сонгуулийн сурталчилгааны бус бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлага гаргахгүй байх үүргийг зөрчсөн бол телевиз, радиогийн үйлчилгээ эрхлэгчийн зөвшөөрлийг Харилцаа холбооны зохицуулах хороо хүчингүй болгоно.

Энэ нь хууль, журамд заасан зөрчил гаргасан телевиз, радиогийн үйлчилгээ эрхлэгчийн зөвшөөрлийг Харилцаа холбооны зохицуулах хороо хүчингүй болгох ба Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 12-т зааснаар “Сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз ашиглах талаар хуулиар тогтоосон журам зөрчсөн бол” хуулийн этгээдийг 100 сая төгрөгөөр торгох, 20-д зааснаар “...сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хийгдсэн аливаа нэвтрүүлэг, хөтөлбөр, дуу, дүрс бичлэг, ярилцлагыг нэвтрүүлсэн, нийтэлсэн бол” хүнийг 20 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр давхардуулан торгох эсэх, телевиз, радиогийн үйлчилгээ эрхлэгч нь тусгай зөвшөөрлөө хүчингүй болгуулах, өндөр үнийн дүнгээр торгуулах арга хэмжээний аль нэгийг сонгох боломжтой эсэхэд эргэлзээ бий болгож байна. Аль ч тохиолдолд телевиз, радиогийн үйлчилгээ эрхлэгчийн зүгээс сонгуулийн хуулийг ягштал мөрдөөгүй тохиолдолд эдийн засгийн цензур тогтоох үр дагавартай байна.

-Глоб интернэшнл төвөөс жил бүр хэвлэл мэдээллийн салбар дахь тайлан мэдээллийг гаргадаг.  Тайлангаас онцлог зүйлийг дурдахгүй юу.

-Энэ тайланг хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн эсрэг иргэний болон эрүүгийн хэрэг, Сэтгүүлчийн аюулгүй байдлын талаарх асуулгын судалгааны тойм гэсэн үндсэн гурван хэсэгтэй бэлтгэсэн. Дотор нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний баталгаа, хэвлэлийн эрх чөлөө ба сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа, сэтгүүлчийн нууц эх сурвалж, мэдээллийн эрх чөлөө ба хязгаарлалт, сонгууль ба хэвлэл мэдээлэл, нэр төр гутаахтай холбоотой зохицуулалт, агуулгын хязгаарлалт, бусад зохицуулалт гэсэн дэд хэсэг бий. Тайланг бүтнээр нь Глоб интернэшнл төвийн вэб сайтнаас унших боломжтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 2. ПҮРЭВ ГАРАГ. № 88 (7332)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

14 цаг 30 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

14 цаг 30 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

14 цаг 30 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

14 цаг 30 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

14 цаг 30 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

14 цаг 30 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

14 цаг 30 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

14 цаг 30 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

14 цаг 30 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

14 цаг 30 мин