"Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо дарга болохын төлөөх амбиц биш"

2023-12-14
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Базарбямбын НЯМСҮРЭН

 

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, улс төрд дуу хоолойг нь илүү тод сонсогддог болох талаар бид багагүй ярьж, хэлэлцдэг. Харамсалтай нь бодит амьдралд улс төрд зүтгэхээр зориг шулуудсан эмэгтэйчүүдэд 1000 алхам илүү шаарддаг гэсэн бичигдээгүй хэлц бий. Шийдвэр гарах түвшинд эмэгтэйчүүдийн байр суурийг нэмэгдүүлэх тухай ам ангайх төдийд л “Дарга болох гэсэн хэдэн хүүхнүүдийн амбиц” хэмээн дарамтлах, дургүйцэхийн завсарт дутуу дүгнэх нь бий. Энэ жижигхэн жишээнээс эхлээд л улс төрийн гал тогоонд эмэгтэй хүн илүү олон сорилт бэрхшээлээс гадна эрчүүдэд тавигддаггүй дабль стандартуудыг даван байж Их хурал, Иргэдийн хурал гэдэг “гүн рүү” орох хаалга нээгддэг.

Тэгвэл ирэх сонгуульд хүч үзэхээр зориг шулуудсан эмэгтэйчүүддээ урам хайрлах, хурцлах, мэдлэг мэдээллээр хангах, туршлага солилцох гээд олон талаас нь тодорхойлж болох эмэгтэй парламентад чуулган хоёр дахь удаагаа Төрийн ордонд өчигдөр болов. Парламентад суугаа эмэгтэй гишүүдээс гадна үе үеийн эмэгтэй төрийн түшээд зэрэгцэн суугаад жаргал зовлон, сайн муугаа хэлэлцэн суухыг харах нь сонирхолтой бөгөөд сонсууштай үйл явдлын нэг байв.

Их хурлын гишүүн асан Д.Оюунхорол, Т.Ганди, З.Баянсэлэнгэ, Билэгт нараас гадна улс төрийн намуудын удирдах түвшинд танигдсан эмэгтэйчүүд тогоон дотроо асуудлаа хэлэлцэж, урмын үг хэлэлцэхийн зэрэгцээ урагшлахад саад болж байгаа асуудлуудаа ч тодорхой ярилцав. Ялангуяа эмэгтэй улс төрчид гэхээр л биднийг дэмжсэнгүй гэж гомдол мэдүүлэхийн оронд илүү их чадавхижих, өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлэх, олон нийтэд таниулах, зөвөөр ойлгуулах шаардлагатай байгааг зарим төлөөлөгчид захиж байлаа. Тухайлбал, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Шүүдэрцэцэг зохиолч “Их хурлын гишүүн болно гэсэн амбицаас илүү өөрсдийгөө нийгэмд зөвөөр харуулах нь хамгийн илүү чухал” хэмээн хатуу үгсийг амжилтын хамт дайж байлаа. Улс төрийн амбицгүй жирийн иргэний нүдээр харахад эмэгтэйчүүд минь үүнийгээ л засчихмаар байна гэсэн түүний зөвлөгөөг хурлын оролцогчид ч дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа.

Энэ үеэр зарим оролцогчдын өнөөгийн улстөрч бүсгүйчүүдэд үнэтэй зөвлөгөө, давстай шүүмж, амжилтын үгсээ хэрхэн дайсныг товчлон хүргэе.

УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол:

-Зарим талаар эмэгтэйчүүд маань сонгууль, улс төр ярихаар эрчүүд мөнгөтэй учраас илүүтэй сонгогддог гээд санхүү, мөнгөний  талаас холбож тайлбарлах тал бий. Би хувьдаа үүнийг зөв гэж боддоггүй. Би Их хуралд таван удаа сонгогдож байлаа. Миний бодлоор Монголын ард түмэн өнгө мөнгө харахаасаа илүүтэй тэр хүний чадавхийг олж харж, итгэл үнэмшил төрсөн бол мөнгөтэй мөнгөгүйгээр ялгадаггүй. Харин ч эмэгтэйчүүд бид өөрсдөө чадвартай байж  түүнийгээ олон нийт сонгогчдодоо харуулж чадвал иргэд сонгогчид бидэнд итгэл хүлээлгэж сонгодог. Нөгөө талаар өөрсдөө хэн гэдгээ харуулж чадахгүй, итгэл үнэмшил төрүүлж чадахгүй бол “Эмэгтэй юм чинь сонгочихъё” гэж толгой илдэггүй гэдгийг санаж явах ёстой.

УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ:

-Эрчүүд л зөвхөн том хардаг, эмэгтэйчүүд гэр орон, аар шаар зүйл л ярьдаг гэсэн хэвшмэл ойлголт нийгэмд бий. Харин ч эсрэгээрээ эмэгтэйчүүд том харж чаддаг. Монгол Улс бол нэг өрх айл гэж үзэж, сонгуулийн тойргийг бүсчилж байгуулах нь зүйтэй гэж би бодож байна. Улс төрийн намууд эмэгтэй нэр дэвшигчдээ бодлогоор, бодитоор дэмжмээр байна. Би гурван чиглэлд эмэгтэйчүүдийг дэмжээсэй гэж боддог.  Нэгдүгээрт, намууд эмэгтэй нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тодорхой хувийг дааж, эдийн засгаар дэмжээсэй. Мөн шинээр нэр дэвшиж байгаа эмэгтэйчүүдээ намын жагсаалтад оруулж бодлогоор дэмжих хэрэгтэй. Иргэний нийгмийн байгууллагын хувьд нэр дэвшигч эмэгтэйчүүдийг зөвөөр таниулах, харлуулахгүй байх талаас нь анхаарч ажилладаг байгаасай. Гуравдугаарт, хэвлэл мэдээллийн байгууллагууд сурталчилганы цагийг 50 хүртэл хувиар илүү гаргаж, эмэгтэй гишүүдээ дэмжиж, олон нийтэд таниулвал иргэдэд эмэгтэйчүүдийг зөвөөр ойлгох, хүлээж авах, таних боломж нээгдэх давуу талтай гэв. 

АН-ын дэд дарга Т.Пүрэвхатан:

-Ардчилсан нам 2023 оныг эмэгтэйчүүдийг дэмжих жил болгон зарласан. Намын бүх шатанд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогоор дэмжиж байгаа. Гэхдээ сонгуулийн үеэр чадвартай боломжтой эмэгтэйчүүд ялж чаддаггүй. Заримдаа эмэгтэйчүүд хамгийн нөлөөтэй, рейтинг өндөртэй эрэгтэй өрсөлдөгчтэй учраа таарах нь элбэг. Үүнээс болоод тэнцвэргүй өрсөлдөөн бий болдог. Хэнтий аймагт гэхэд би энэ жишээг биеэрээ туулж, мэдэрсэн. Цаашид сонгуулийн үеэр хэн хаана өрсөлдөх вэ гэдгийг нухацтай бодож, намаас дэмждэг байх хэрэгтэй” гэсэн юм.

“Эр хүн эр хүндээ хайртай” гэлцдэг. Үүний эсрэг талд эмэгтэйчүүд л эмэгтэйчүүдээ муу хэлдэг гэсэн ойлголтыг сүүлийн үед нийгэмд өгөх болсон. Тэгвэл энэ хандлага харьцангуй өөрчлөгдөж эмэгтэйчүүдээ дэмжих уулзалт, цуглааны үеэр эмэгтэй голдуу хүмүүс санал санаачлагатай ажиллах болсныг “Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Золзаяа онцолж байлаа.

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс хоёр удахь удаа зохион байгуулсан энэхүү чуулганы дараа оролцогчид уриалга гаргасан юм. Энэ талаар Их хурлын дэд дарга С.Одонтуяа “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо бол хэн нэгэн хүний дарга болох тухай асуудал биш юм. Харин төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, нийгмийн үйл ажиллагаанд эр эм хүйсийн тэнцвэрийг хадгалах томоохон зорилгын төлөөх үйл хэрэг юм” хэмээн онцолсноор чуулганы үйл ажиллагаа өндөрлөсөн.

Анхны чуулганаараа тунхаг гаргаж байсан парламентч бүсгүйчүүд "Парламентад хүрэх 1000 алхам" нэртэй энэ удаагийн чуулганаараа өмнөх “Тунхаг бичиг”-ийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, үр дүнг ахиулах асуудлыг хэлэлцэн Уриалга гаргасан нь энэ.

Тэд эмэгтэйчүүд залуучуудад хандаж улс төрийн үйл хэрэгтэй идэвхтэй оролцохыг уриалсан бол улс төрийн намуудаас хандаж тэгш төлөөллийг хангах амлалтаа биелүүлэхийг, эмэгтэй нэр дэвшигчдийг санхүүгийн хувьд дэмжих механизм бий болгоход идэвхтэй ажиллахыг уриалсан байлаа. Мөн иргэний нийгмийн байгууллагуудад сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд манлайлан оролцохыг, хэвлэл мэдээллийн байгууллагуудад жендэрийн мэдрэмжтэй байж, ёс зүйтэй хүний эрхийн мэдрэмжтэй ажиллахыг уриалжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 14. ПҮРЭВ ГАРАГ. № 249 (7234)

 

Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

1 цаг 12 мин
Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

1 цаг 18 мин
Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

1 цаг 20 мин
УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

1 цаг 25 мин
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй

"Ачит Ихт" компанийн хувьцаа эзэмшигч Пунцагийн Цагаантай сонгуулийн эргэн тойронд болж өнгөрсөн явдлаар ярилцлаа.

3 цаг 59 мин
Гоо үзэсгэлэнгийн тайзнаа өрсөлдсөн монгол охид

Дэлхийн хамгийн нэр хүндтэй миссийн дөрвөн тэмцээний гурав нь энэ

10 цаг 55 мин
Шинэ төгсөгчдөд ажлын байран дээр ямар бэрхшээл тулгардаг вэ

Энэ хавар нийт 27.555 оюутан сургуулиа төгсөж дээд боловсролын диплом өвөртөлсөн. Тэгвэл өнөөдөр тэд ажилтай байна уу.

10 цаг 55 мин
Бакугийн тэмдэглэл

Азербайжан Улсын нийслэл Баку хот орчин үеийн архитектур, түүхэн дурсгалт газрууд хосолсон олон мянган

10 цаг 55 мин
Хөрөнгийн захын “Жижигхэн тоглогч”

“Амралтын хоёр өдөр цагийн ажил хиймээр байна” хэмээн Бат-Ирээдүй хүү ээждээ хэлжээ.

10 цаг 55 мин
Хуванцар цуглуулах “RePlus” аппликэйшн

Дахивар хог хаягдал цуглуулах дижитал платформ болох “RePlus” аппликэйшн гар утсандаа татаад

10 цаг 55 мин