Жендэрийн мэдрэмжээрээ аль аймгууд тэргүүлж байна вэ

2023-10-18
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

С.УЯНГА

Улс төр, эдийн засаг, нийгэм, соёл болон гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүний гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага, байр суурь хувьссаар байна. Энэ бүхэнд хүйсийн ялгаагүй тэгш оролцож, үр шимийг нь тэнцүү хүртэх, цаашлаад улс орны хөгжилд эрх тэгш хувь нэмрээ оруулах чин хүсэл болоод цаг үеийн шаардлага нийгмийн хөрсөнд соёолж, аажим аажмаар дэлбээлсээр буйг жендэрийн мэдрэмж гэж ойлгож болохоор. Нөгөө талаас  улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих, шийдвэр гаргах түв­шинд жендэрийн тэгш байдлыг хан­гах нь хүний эрхийн асуудал гэд­гийг дэлхий нийтээрээ тунхаглаж, энэ чиг­лэлд дуу хоолой улам тодорсоор буй. 
Манай улс Үндсэн хуульдаа эрэгтэй, эмэгтэй хүмүүс ижил тэгш эрхтэй гэж заасан нь улс төр дэх шийдвэр гаргах түвшин дэх хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах ерөнхий, суурь зохицуулалт юм. Мөн эмэгтэйчүүдийн улс төрд оролцох эрхийг олон улсын хэд хэдэн баримт бичгээр хамгаалсан байдаг. Гэтэл өнөөдөр энэ ойлголт хөрсөн дээр төдийлөн буусангүй. Салбар бүр шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн манлайлал, байр суурь туйлын хангалтгүй байгаа. Тэр дундаа орон нутгийн иргэдийн шууд оролцоог хангадаг, иргэн нэг бүрийн дуу хоолой болдог иргэдийн нийтийн хурлыг онцгойлон авч үзэх учиртай. 


Төрийн байгууллагаас /ҮСХ/ гаргасан тоог харвал аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгууль буюу 2020 оныг авч үзвэл сонгогдсон төлөөлөгчдийн 72.9 хувь нь эрэгтэй, 27.1 хувь эмэгтэй байна. Мөн л иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь эмэгтэйчүүд 2021 оны байдлаар энэ дүнд өөрчлөлт орсонгүй. Харин эмэгтэй төлөөлөгчдийн эзлэх хувь нийслэлд 17.8, аймгуудын ИТХ-ын хувьд 9.8-24.4 хувь байна. 
Улсын хэмжээнд 2021 оны байдлаар бүх шатны буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нийт 361 даргын 51 (14.1 хувь) нь эмэгтэй дарга байгаа нь аль нэг хүйсийн төлөөлөл 25 хувиас доошгүй байх гэсэн жендэрийн квотыг хангахгүй хэвээр байв. Аймаг, нийслэлийн ИТХ-ын хувьд Сэлэнгэ, Хэнтий аймгууд эмэгтэй даргатай бусад аймаг, нийслэлийн хувьд эрэгтэй даргатай байна. ИТХ-ын тэргүүлэгчдийн 651 (29.0 хувь) нь эмэгтэй байгаа нь бусад үзүүлэлттэй харьцуулахад харьцангуй өндөр хувийг эзэлж байна. Тодруулбал, Булган, Өвөрхангай, Төв, Ховд аймгуудын ИТХ-ын эмэгтэй тэргүүлэгчдийн дүнд эзлэх хувь 30-аас дээш байна. Харин сумдын ИТХ-ын эмэгтэй тэргүүлэгчдийн дүнд эзлэх хувийг аймгаар нь харвал Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Орхон, Хөвсгөлд 16.7-24.8 хувьтай байгаа нь аль нэг хүйсийн төлөөлөл 25 хувиас доошгүй байх заалтын хэрэгжилт биелэгдсэнгүй. 


Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдээ дэмжие, тэдний “нүд”, мэдрэмж ус агаар мэт хэрэгтэй гэдгийг хэвлэлүүд тал талаас нь хангалттай хөндөж, шүүмжилж басхүү гарц шийдэл эрэлхийлсээр байна. Тэгвэл бид энэ удаад орон нутгийн эмэгтэйчүүдийн манлайллын сайн туршлага буюу тэдний жендэрийн мэдрэмжийг онцолж байна. Хөдөөгийн бүсгүйчүүдтэй ярилцахад нэг зүйл ажиглагдсан нь эмэгтэйчүүд үр хүүхдээ өсгөх, гэр орноо цэвэрлэх, хоол унд хийх зэргээр “гэрийн” гэдэг тодотголтой ажлаасаа “ачаа”-гаа хөнгөлбөл нийгмээ манлайлах бүрэн боломжтой. Тэднийг энэ мэт ахуйн ажлаас нь чөлөөлж, иргэдийн төлөөлөлд нэр дэвшвэл сонгох, сонгогдох ирээдүй харагдаж буйг тэмдэглэх нь зүйтэй. Манай хөдөөгийн эмэгтэйчүүд ийм л “хөнгөхөн” амбийцтай юм байна. 


Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Сувдаа орон нутгийн өөрөө удирдах байгууллагад 24 жил ажиллахдаа 15-д нь Тамгын газрын даргын албыг хашиж байгаа юм. Түүн шиг хэдэн Засаг даргын “нүүр” үзэж 15 жил төрийн тамга атгасан бүсгүй орон нутагт одоохондоо үгүй. Эмэгтэйчүүдийн манлайллыг үлгэрлэж буй Ө.Сувдаа даргын туршлагаас сонирхоход “Манайхны нэг тогтсон ойлголт бол эмэгтэйчүүд албан ажлаа  ч, гэр орныхоо ажлыг ч зэрэг хийх ёстой гэдэг. Энэ ойлголтын зөрүүгээс болж шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн эзлэх хувь бага байдаг болов уу гэж боддог. Түүнээс биш манай эмэгтэйчүүдийн мэдлэг, ур чадвар хаана ч гологдохгүй. Эмэгтэй удирдагч байна гэдэг амаргүй. Нөгөөтэйгүүр бас бахархалтай. Ажилд саад бэрхшээл тулгарахгүй байна гэж үгүй. Харин түүнийг хэрхэн яаж даван туулах, өөрийгөө яаж сэргээж бусдаас хэрхэн урам зориг авах вэ гэдэг тухайн хувь хүний хувийн зохион байгуулалтаас шууд хамаарна. Ер нь сайн ажиллах, энгийн сайхан амьдрах гол суурь бол сайн төлөвлөлт, хувийн зохион байгуулалт байдаг” гэж даруухан хариулсан. 
Дараа нь эмэгтэйчүүдийн манлайллаар олон ястны өлгий нутаг Ховд аймаг тэргүүлж буй. Төлөөлөгчдийн 70-аас дээш хувийн саналаар эмэгтэй удирдлагатай болсон нь жендэрийн мэдрэмж ямар байгааг харуулж байгаа болов уу.  21 аймгаас анх удаа эмэгтэй Засаг даргатай болсон бөгөөд ИТХ-ын 41 төлөөлөгчийн долоо нь эмэгтэй аж. Энэ талаар Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэцэцэгтэй холбогдоход “Төлөөлөгчид есөн эмэгтэй нэр дэвшээд долоо нь сонгогдсон. Тиймээс нэр дэвших квотыг нэмэгдүүлбэл шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо сайжрах боломжтой. Миний бодлоор эмэгтэй хүн цаг нарийн баримталдаг. Чимхлүүр ажлыг ч орхигдуулахгүй нягт нямбай, аливаад гярхай ханддаг нь ажиглагдаж байна. Магадгүй эрэгтэй хүмүүс үүрэг чиглэл өгөөд ерөнхийд нь хянаад явдаг юм шиг санагддаг бол эмэгтэй хүн жижиг зүйлийг ч орхигдуулахгүйн дээр уян хатан, мэдрэмжтэй, зөөлөн уур амьсгал бүрдүүлдгийг Э.Болормаа даргаас олж харж байгаа. Хамтарч ажиллахад таатай сэтгэл төрүүлсэн.


Нийгэмд гараад ажиллахад эмэгтэйчүүдэд тулгарах бэрхшээл гэхээс илүү хүүхэд төрүүлэх, өсгөх, гэр бүлийнхээ гишүүдийг харж халамжлах гээд маш их үүрэг, хариуцлага хүлээж байна. Ар гэрийн ихэнх ажил эмэгтэй хүний нуруун дээр байна. Харин боломж нь гарч ирэх юм бол нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх байдал Ховд аймгийн тухайд харьцангуй гайгүй гэж хардаг” гэсэн. Мөн тэрбээр аймаг эмэгтэй удирдлагатай болсноор дарга гэж хэн бэ гэсэн ойлголт ч өөрчлөгдөж байна. Дарга гэхээр хүн загнадаг биш харин ойлголцдог, зөвлөдөг, үлгэрлэж харуулдаг, манлайлдаг  хандлага руу орсон. Энэ чанар эмэгтэйчүүдэд илүү байдаг болов уу. Киргизэд гэхэд дөрвөн хүүхэд төрүүлэхэд орон сууцыг нь шийдвэрлэж байна. Гэтэл манай улс цалинтай ээж гээд 50 мянган төгрөг өгч, байртай болохын тулд бүх насаараа хөдөлмөрлөж байх жишээтэй. Бодлогын дэмжлэгэд ийм л том ялгаа байна. Ээжүүдэд зөвхөн хүүхдээ өсгөх биш ажиллах нөхцөл боломжийг нь бүрдүүлэх ёстой. Үгүй бол эмэгтэйчүүд ар гэр, үр хүүхдээ золиослоод хувийн амбийц хөөх, нийгмийн манлайлал үзүүлэх нь ховор гэсэн байр суурь илэрхийллээ. 
Жендэрийн мэдрэмжээрээ зүүн бүсэд манлайлж буй аймаг бол Хэнтий юм. Хэнтий аймаг удирдах түвшинд анхны эмэгтэй хурлын даргатай. Хамгийн олон хүн амтай Чингис хотын захирагч мөн хоёр сумын Засаг дарга эмэгтэй. Засаг даргын дэргэдэх агентлаг, газар, хэлтсийн дарга нарын 40 орчим хувийг эмэгтэйчүүд удирдаж байгаа. Аймгийн ИТХ-ын 15 хувь нь эмэгтэй. 18 сумын 400-гаад төлөөлөгчийн 35 хувь нь эмэгтэйчүүд байна. Энэ амжилтын талаар Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун “Төрийн байгууллагын бүх шийдвэр хүний амьдралтай холбогддог учраас хүний хөгжил тал руу эмэгтэйчүүд илүү харж нийгмийн асуудлыг хөнддөг. Нэг талаасаа эмэгтэй нөгөө талаасаа эх хүний нүдээр хүнийхээ хөгжил, эмэгтэйчүүдийн тулгамдаж буй асуудал, хүүхдийн, хүчирхийллийн, гэр бүлийн гэсэн олон асуудал байгаа учраас эмэгтэйчүүд дуу хоолойгоо нэгтгэж, хамтдаа урагшилснаар юм өөрчлөгдөж байна. Эмэгтэйчүүдийг дэмжих хандлага ч нэмэгдэж байгаа. 
Манай аймагт Засаг даргын орлогч, ИТХ-ын дарга, Засаг даргын түвшинд эмэгтэйчүүд сонгогдож байгаагүй. Аймагт 1992 онд хоёр эмэгтэй сонгогдож байсан. Үүнээс хойш тав, зургаа, найм гээд эмэгтэйчүүдийг сонгох, эмэгтэйчүүдэд итгэх итгэл нэмэгдсэн. Эрчүүдийн хандлага ч өөрчлөгдсөн. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд байх ёстой гэж ярихаасаа илүү юу хийж байна вэ гэдгээ тухайн шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа хүмүүс маань үлгэрлэх хэрэгтэй. Ингэж байж нийгмийн хэвшмэл ойлголтуудыг өөрсдийнхөө үйл хөдлөлөөр үлгэрлэж өөрчилж чадна гэж харж байна. Манай аймгийн эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмждэг” гэв. 


Г.Хэрлэнчулуун дарга 2017 онд аймгийн Засаг даргын зөвлөлд аймгийн аварга малчны шагналыг зөвхөн нөхөрт нь өгдөг байсныг хоёуланд нь олгодог болгоё. Мөн сайн малчин гэдгийг аварга малчин гэсэн нэр томъёогоор сольё гэдгийг санаачлан оруулжээ. Тэр үед түүнээс өөр эмэгтэй зөвлөлийн гишүүн байгаагүй аж. “Миний тавьсан хоёр саналыг дэмжээд аймгийн аварга малчны шагналыг эхнэр, нөхөр хоёрт өгдөг болсон. Үүнийг Засгийн газраас сайшаагаад 2019 оноос улсын аварга малчны шагналыг мөн хоёуланд нь өгдөг болсон” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийн “нүд”, жендэрийн мэдрэмжийн тод илэрхийлэл бол түүний жишээ юм. 


Хотын дүүргүүдээс жендэрийн тэгш эрхийг хангахуйц нь Багануур юм. Тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч А.Өсөхжаргал  “Өнөөдрийн байдлаар манай бүх хороо эмэгтэй Засаг даргатай. 2016 оноос эхлэн хороодын Засаг дарга нар болон ЗДТГ-ын хэлтсийн дарга нарыг эмэгтэй хүн ажиллуулахад анхаарсан.  Улс төрийн намууд нэр дэвшигч эмэгтэйчүүдийн квотыг хамгийн доод түвшнээр нь нэрсийг оруулж ирдэг тул хуралд эмэгтэй төлөөлөгчдөөс гарсан санал, шийдвэрлүүлэх асуудлууд дэмжигдэх магадлал муу байдаг. Квотын асуудлаас гадна сонгуулийн зардал өндөр байдаг учраас эмэгтэйчүүд олноор нэр дэвшиж чаддаггүй” гэв. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 18. ЛХАГВА ГАРАГ. № 207 (7192)

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

19 цаг 3 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

20 цаг 42 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Өчигдөр 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Өчигдөр 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Өчигдөр 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Өчигдөр 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Өчигдөр 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Өчигдөр 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Өчигдөр 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Өчигдөр 14 цаг 13 мин