Сүрнээгийн УЯНГА
Бодлого бичих тавцанд эрчүүд илт давамгай “тоглож”, тоглоомын дүрмээ өөрсдөө зохиож ирсэн 30 жилийг Монгол Улс туулсан. Тэглээ гээд өнөөдөр нийгэм асуудлаар дүүрэн, улс орны хөгжил ч дорвитой урагшилсангүй. Тиймээс энэ алдааг үргэлжлүүлэхгүйн тулд нийгмийн хөгжлийг зөвхөн эрчүүдийн өнцгөөр бус эмэгтэйчүүдийн мэдрэмж, торгон ухаантай хослуулж ялгаатай хоёр нүдээр “бүтэн” харах боломжийг бүрдүүлэхийн тулд дэлхий нийтээр эмэгтэйчүүдийн манлайллыг онцгойлон дэмжиж байна. Ингэхдээ бүр урьд өмнөхөөс илүү “чанга” дуугаар, далайцтай их хүчээр тасхийсэн шүгэл үлээж байна. Дэлхий даяар цуурайтаж байгаа энэ шүгэл Монголд өгөөжөө хэр өгөх бол. Эхний байдлаар эмэгтэйчүүдийн манлайлал, хүйсийн тэгш эрхийн квот, олон улсад цахилгаан товчны арга гэж нэрлэдэг эмэгтэй, эрэгтэй сөөлжлөх арга хэлбэрийг нэвтрүүлэх гээд гарт баригдахуйц үр дүн мэдрэгдэж байгаа нь сайшаалтай. Гэхдээ эмэгтэйчүүдийн дэвших замыг олон хэлбэрээр хааж, саад бэрхшээл учруулж ирснийг илтгэсэн олон жишээ бий. Хамгийн наад зах нь дэрвэгэр хормойтой даашинз өмсдөг эмэгтэй хүн болж төрснийхөө төлөө гэртээ хүүхдээ хараад суух “ар”-ын албыг хариуцах ёстой гэсэн хэвшмэл ойлголт өдгөө амь бөхтэй оршсоор байна. Тиймээс эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд ажиллахад “даашинз” саад болох учиргүй. Эрчүүдтэй эн тэнцүү үүрэг гүйцэтгэх, улс орны хөгжлийн төлөө санаа чилээн, бодлого бичилцэх бүрэн эрхтэй. Тийм мэдлэг боловсрол, ажлын туршлага эмэгтэйчүүдэд бий. Тэр дундаа чин сэтгэл, нугарашгүй зүтгэл, унтрашгүй итгэл байгаа гэдгийг эмэгтэйчүүд нэг танхимд цуглаж байгаад хэллээ. Болж бүтэхгүй байгаагаа ч ярилцаж ойлголтоо нэгтгэлээ. Энэ бол “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал: Дэвших зам” олон улсын форум байв. Форум шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангаж, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд тэдний зорилгыг хурцалж, өөртөө итгэх итгэлийг бэхжүүлэх, дуу хоолойгоо сонгогчдод хүргэх, бодлогын нөлөөлөл хийх, сонгуульд өрсөлдөх зэрэг улс төрийн үйл явцад амжилттай оролцоход нь дэмжлэг, туршлага болохуйц ур чадварыг олгов. Зөвхөн ширээ тойрч суугаад хэлэлцэх бус харилцан суралцах хэсгүүдээр практик хичээл заалаа. Тухайлбал, түүх хуваалцах замаар олон нийт, сонгогчдод илүү ойлгомжтой, сэтгэлд хүрсэн, итгэл төрүүлэхүйцээр улс төрийн алсын хараа, зорилгоо илэрхийлэх аргачлалд суралцсан нь хэлэлцүүлгийн сонирхолтой хэсэг байв.
“Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал: Дэвших зам” форумд гадны сонирхолтой зочид оролцож туршлага хуваалцсан нь манай бүсгүйчүүдийн “нүд”-ийг нээж дахин нэг алхам урагшлуулсан гэж хэлж болно. Гол мессеж нь эмэгтэйчүүд нэгнээ дэмжин нөөц баялгаа хуваалцах, эв санааны нэгдэлтэй байх нь эрх мэдлээ тэлэх стратеги болдог аж.
Гишүүн асан З.Нарантуяа "Эмэгтэйчүүд бид улс төрд яах гээд манлайлаад байгаа юм бэ гэдгээ харуулах хэрэгтэй болсон. Цаана чинь "Эмэгтэйчүүд хаана байна" гээд хайгаад байна гэнэ, тиймээс одоо харагдах хэрэгтэй байна" гэв.
Ийнхүү үндэсний хэмжээний буюу 21 аймаг, 9 дүүргийн 120 гаруй төлөөлөл оролцож Эмэгтэйчүүдийн эв санааны нэгдлээ илэрхийлж, улс төрийн хүсэл зоригоо тунхаглав.
Холын зочноос үг сонс гэдэг дээ. Хүний эрх, тэгш байдлын төлөө цогтой, тууштай тэмцэгч Солонгос улсын төлөөлөгчид ямар туршлага хуваалцсаныг онцолж байна.
БНСУ-ын Жендэрийн элчин сайд асан Чо Ён-Сүк: Эмэгтэйчүүдийн хагарлаас хожигсод нь жендэрийн тэгш бус байдлыг хадгалж, бэхжүүлэх хүсэлтэй патриархчууд
-Солонгосын эмэгтэйчүүдийн хамтын хөдөлгөөн 1980-аад оноос үүдэлтэй. Эмэгтэйчүүд ардчиллын хөдөлгөөнд оролцсоноор тэгш эрхийн төлөөх тэмцэл тууштай урт хугацаанд тасралтгүй үргэлжлэх үйл ажиллагаа гэдгийг ухамсарласан.Гэлээ ч БНСУ-д өдгөө хүйсийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо олон улсын түвшнээс доогуур хэвээр байна. Үүний хамгийн том шалтгаан нь жендэрийн тэгш байдлыг хангах бодлого нь улс төрийн өөрчлөлтийг даган хэлбэлзэж байгаа явдал юм. Тиймээс олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх шинэ хөдөлгөөн эхлүүлэх шаардлагатай. Дараагийн анхаарах ёстой асуудал нь эмэгтэйчүүд хоорондын хагарал. Энэ хагарлаас хамгийн ихээр хожигсод нь одоогийн жендэрийн тэгш бус байдлыг хадгалж, бэхжүүлэх хүсэлтэй патриархчууд.Энэ боломжоо алдахгүйн тулд эмэгтэйчүүд эв нэгдэлтэй байх ёстой.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Илейн М.Конкиевич: Монгол Улс жендэрийн квотыг нэмэгдүүлэх нь асар том үсрэлт юм
-Монгол эмэгтэйчүүдийн улстөрийн манлайлалд хүрэх замд олон бэрхшээл байсаар байна. Эмэгтэйчүүд өдөр тутамдаа, цаашлаад улс төрийн орчинд жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалт, өрөөсгөл хандлагатай нүүр тулсаар байна. Эдгээр сорилтыг даван туулахад, ялгаварлан гадуурхах үйлдлийг зогсооход бидний хамтын хүчин чармайлт шаардлагатай. Эмэгтэйчүүд сонгуульд нэр дэвших жендэрийн квотыг нэмэгдүүлэх хууль эрхзүйн орчныг бүрдүүлснээр Монгол Улс ирэх жилийн сонгуульд асар том үсрэлт хийх гэж байна. Энэ бол маш том боломж юм.
БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн асан Хунг Ми-Ён: Эмэгтэйчүүд улс төрд хүч үзэх нь хамгийн сайхан сорилт
-Намаас нэр дэвших үед “Эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ сонгодоггүй” гэсэн өрөөсгөл үзэл, эсэргүүцэлтэй нүүр тулж байлаа. Эмэгтэйчүүд улс төрд хүч үзэх нь эрсдэлтэй боловч заавал хийх ёстой хамгийн сайхан сорилт гэж би хэлнэ. Дэлхийг өөрчлөх улс төр, улс төрийг өөрчлөх эмэгтэйчүүд. Тэр дунд би өөрөө байх болно гэсэн бодолтой байгаарай гэж эмэгтэйчүүддээ хэлмээр байна. Хүйсийн тэгш байдлыг эрхэмлэсэн гишүүдийг бий болгохын тулд эмэгтэй улстөрчид болон иргэдийн хөдөлгөөн заавал эвлэлдэн нэгдэх хэрэгтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023.6.13 МЯГМАР № 116 (7101)