Б.Нандин
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын тавдугаарт Жендерийн тэгш эрхийг хангах тухай заалт бий. Тиймээс ч НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр улс төр дэх эмэгтэйчүүдийг чадавхижуулах, эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний байр суурийг нэмэгдүүлэх чиглэлээр багагүй төсөл, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулдаг.
Одоогоор эмэгтэйчүүд ба сонгууль, эмэгтэйчүүд ба парламент, улс төр дэх эмэгтэйчүүд ба хэвлэл мэдээлэл, төрийн захиргааны албан тушаал дахь эмэгтэйчүүд, эмэгтэйчүүд ба иргэний төлөөлөл гэсэн таван тухайлсан салбарт хөтөлбөр, нөлөөллийг ажил өрнүүлж буй...
“Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах амлалт” олон улсын форум хоёр дахь өдрөө “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүйн шинэчлэл” сэдвийн хүрээнд Төрийн ордонд болсон юм.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Эмэгтэйчүдийн тэгш байдлыг хангахад эрэгтэй лидерүүдийн манлайлал чухал байдаг. Их хурын даргын хувьд эмэгтэйчүүдийн шийдвэр гарах түвшин дэх орлцоог дэмжиж ажиллахаа нийт эрэгтэй гишүүддээ уриалж байна” хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.
Мөн тэрээр ирэх зургадугаар сар эмэгтэйчүүдийн сар болох төлөвтэй байгаа. Зургадугаар сарын 13-14-нд УИХ-аас Стэнфордын их сургууль, сайхан ирээдүйн төлөө “Бан Ги Мун” сантай хамтраад Алтай дамнасан тогтвортой хөгжлийн яриа хэлэлцээр: Жендер болон тогтвортой хөгжил сэдвээр зохион байгуулах болсныг дуулгасан. Мөн энэ сард олон улсын эмэгтэй Гадаад харилцааны сайд нар манай улсад чуулах юм.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, БНСУ-ын КОЙКА байгууллагаас хамтран зохион байгуулж буй энэхүү олон улсын форумд АНУ, Их Британи, Швед, Тайланд, Латви, Босни Герцеговина зэрэг улсуудаас нэр хүнд бүхий мэргэжилтэн, судлаачид хүрэлцэн ирж оролцож байгаа бөгөөд форумын хүрээнд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх өөрсдийн туршлагаа танилцууллаа.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич “Монгол Улс шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээр олон улсад ч үлгэр жишээ болох боломжтой” хэмээн илтгэлдээ онцолсон юм.
Манай улсын хувьд хүн амын 51 хувь нь эмэгтэйчүүд боловч улс төр, шийдвэр гарах түвшин дэх эмэгтэйчүүдийн эзлэх хувь дэлхийн дунджаас харьцангуй доогуур үзүүлэлттэй байдаг. Парламентын гишүүдийн дөнгөж 17 хувь нь эмэгтэйчүүд байгаа энэ үзүүлэлтээрээ бид дэлхийн дунджаас есөн хувь доогуур байдаг.
Олон улсын парламентын холбооны мэдээллээр Монгол улс жендэрийн тэгш байдлын үзүүлэлтээр 186 орноос 134 дүгээрт бичигдэж байна. Хэрвээ парламент дахь эмэгтэйчүүдийн хувь 17 байгааг 30 хувьд хүргэж чадвал дээрх үзүүлэлт 134-өөс 65 дугаарт хүрч ахих боломжтой юм. Олон улсын судалгаанаас үзэхэд, эмэгтэйчүүдийн квотыг 10 хувиар нэмэгдүүлэхэд эмэгтэй гишүүдийн тоо дөнгөж гурван хувиар нэмэгддэг жишиг бий. Өөрөөр хэлбэл, 50 хувийн квоттой үед ч эмэгтэйчүүдийн төлөөлөл 50 хувьд хүрч чаддаггүй. Хэрэв парламент дахь эмэгтэйчүүдийн хувийг 35 хувьд хүргэвэл 46 дугаарт, 40 хувьд хүргэвэл 29 дүгээрт эрэмбэлэгдэхээр байна. Парламентын нийт гишүүдийн 40 хувьд эмэгтэйчүүдийг сонгож чадвал дэлхийд жендэрийн тэгш байдлаар тэргүүлэгч 30 орны нэгээр нэрлэгдэх боломжтой.
“Зөвхөн квот батласнаар эмэгтэйчүүд олноор шийдвэр гаргах түвшинд гарч ирнэ гэдэг бас өрөөсгөл юм. Намын жагсаалтууд дээр мандатын хуваарилалт яаж хийх, гурван мандаттай тойрогт гурван нэр дэвшигчийн нэг нь эмэгтэй хоёр нь эрэгтэй байх, хоёр нэр дэвшигчтэй бол нэг нь эмэгтэй байх зохицуулалт байж болно. Эмэгтэйчүүдээ бодитоор дэмжинэ гэдэг нам доторх ардчилал, жендерийн мэдрэмжтэй шийдвэрээс ихээхэн шалтгаалахыг олон улсын судлаачид онцолж байна.
Дашрамд дурдахад, төрийн тэргүүн нь эмэгтэй байдаг улс орон дэлхийн хэмжээнд 17 байдаг. Харин парламентын дарга нь эмэгтэй улс орон 62 байгаа бол парламентын дэд даргаар эмэгтэй хүн ажилладаг улс орны тоо харьцангуй өндөр буюу 152 байгаа юм.