Б.ДАМДИН-ОЧИР
Бид “...Ковид” гээд бараг хоёр жил хорионд байлаа. Өнгөрсөн зунаас хойш энгийн амьдралдаа эргэж орсон. Намраас хойш тохиодог баяруудыг ёстой нэг утгаар нь тэмдэглэж байна. Сая цагаан сар гэж юу болоод өнгөрөв өө. Цаг агаар ч сайхан. Битүүнээс л “...Хавар ирсэн”-ийг зарлав шүү. Ингээд цагаан сар өргөн ч, удаан ч үргэлжиллээ. Залгуулаад өнгөрсөн долоо хоногт “Мартын 8”-ныг тэмдэглэлээ.
Ер нь бол ковидоос хойш ийм томоохон баяруудад төрийн зүгээс ч нэлээд ач холбогдол өгөөд байдаг болсныг онцлох хэрэгтэй. Цагаан сар ч ойлгомжтой. “Мартын 8”-ныг ч төрийн институциуд дор бүрнээ, өөр өөрийнхөөрөө тэмдэглэж өнгөрүүллээ.
“Мартын 8” буюу 2023 оны гуравдугаар сарын 8-нд Ерөнхийлөгчийн тухайд өөрийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-д нэлээд анхаарч байна. 2023 оны гуравдугаар сарын 3-нд ивээл дороо “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн” Төрийн ордонд зохион байгуулсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвлөгөөн дээр үг хэлэхдээ “...“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд цаашид төр, хувийн хэвшлийн зүгээс зарим асуудалд анхаарч, хамтран ажиллах шаардлагатай. Энэ талаарх бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн бүх шатны байгууллага, холбогдох албан тушаалтнууд сахилга хариуцлага, дэг журам, ажлын уялдаа холбоогоо сайжруулан, аливаа ашиг сонирхол, авлига, хээл хахуулиас ангид байх ёстойг хатуу сануулъя” гэсэн.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Мартын 8”-ны өдөр УИХ-ын үе үеийн эмэгтэй гишүүдийг хүлээж авч хүндэтгэл үзүүлсэн. УИХ-ын 33 жилийн түүхэнд найман удаа УИХ-ын сонгууль болж, нийт 43 эмэгтэй давхардсан тоогоор 68 удаа УИХ-ын гишүүнээр сонгогджээ. Дээрх 30 гаруй жилийн хугацаанд анх нийт УИХ-ын гишүүдийн 3.9 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлжээ. Тэр дундаа сүүлийн хоёр удаагийн УИХ-ын сонгуулиар нийт гишүүдийн 17.1 хувь нь эмэгтэйчүүд болон нэмэгдсэн байна. Тодруулбал, “...2016-2020, 2020-2024 оны УИХ-ын сонгуулиар 13 эмэгтэй гишүүн сонгогдсон нь манай парламентын түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа. Гэхдээ энэ тоо чамлалттай, цаашид шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд УИХ-аас онцгой анхаарч, энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж буй Улс төрийн намын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуульд жендэрийн тэгш байдлыг хангахтай холбоотой илүү дэвшилтэд зохицуулалтыг оруулах нь зүйтэй” гэж УИХ-ын дарга хэлсэн байна.
УИХ-ын дарга Г.Занданшатарын тухайд “Мартын 8”-ны өмнөх өдөр МУБИС-ийн багш, оюутнуудад “D-Parliament” цахим системийн талаар танилцуулж, хэрэглээ, ач холбогдлын тухай мэдээлэл өгсөн. Маргааш нь БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү-г хүлээж авч уулзсан. Уулзалтын үеэр УИХ-ын дарга “Стратегийн түншлэл”-ийн харилцааг цаашид эдийн засгийн агуулгаар дэмжихийг Элчин сайдаас хүсжээ.
УИХ-ын дарга 2023 оны гуравдугаар сарын 10-ны баасан гаригт ХЗБХ-ны дарга Б.Энхбаяр, авлигатай тэмцэх асуудлаарх ажлын хэсгийнхэнтэй уулзжээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Мартын 8”-ны өдөр эрх нь зөрчигдсөн, сураггүй алга болсон эмэгтэйчүүдийн талаарх холбогдох байгууллагуудын танилцуулгыг сонсжээ. Энэ талаар тодорхой арга хэмжээ авахаар болсон байна. Ер нь түүний тухайд “Мартын 8”-ны өдөр дуугүй суугаад байдаггүй. Ерөнхий сайд болсон жилээ буюу 2021 оны гуравдугаар сарын 8-нд Засгийн газар ээлжит бусаар хуралдаан болсон. Тэр хуралдаанаар С.Зоригийн хэрэгт буруутгагдан ял эдэлж байгаа Т.Чимгээ нарын хэргийг шүүн таслах явцад эрхийг нь зөрчиж, хүчээр хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй гэх баримттай танилцсан. Дараа нь ШШГЕГ-ын харьяа 401 дүгээр хаалттай хорих ангийн эмнэлэгт эмчлүүлж байгаа Т.Чимгээтэй очиж уулзсан. Тэр үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “...Шүүх ямар шийдвэр гаргасан нь бус, гагцхүү шүүн таслах үйл ажиллагааны явц хуулийн дагуу байсан эсэх нь чухал” гээд “...Эрүүдэн шүүсэнтэй холбоотой хэрэг Төв аймгийн шүүх, Давж заалдах шатны шүүх дамжин Дээд шүүхээс буцаад байна. Шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нар эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй энэ хэрэг одоо болтол шийдэгдэхгүй байгаад анхаарах ёстой” гэж байсан юм. Бас Т.Чимгээг зөвшөөрвөл зарим бичлэг, нотлох баримтыг нууцын зэрэглэлээс гаргахаа мэдэгдэж байв. Энэ дагуу дээрх материалууд нууцаас гарч, нэлээд үйл явдал өрнөсөн. Өдгөө НПГ-аас Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, мөрдөх байгууллагууд С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсгийг шинээр байгуулаад байна. Бас Малайзад амиа алдсан А-гийн асуудлаар 2022 оны гуравдугаар сарын 8-нд, дахин намар нь аравдугаар сарын 11-нд тус улс руу захидал илгээж байв. Түүндээ “...Хоёр улсын харилцааны асуудлыг дурьдаад, энэ хэргийг шийдэх цаг нь болсон юм биш үү гэсэн өгүүлбэр бичсэн байсан. Ийм учраас энэ их асуудалд дунд иргэнийхээ асуудлыг анхаарч, цаг үеэ олсон захидал явуулсан Ерөнхий сайдад иргэнийхээ хувьд талархал илэрхийлэх ёстой” гэж С.Шаарийбуу гуай хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байдаг юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 13. ДАВАА ГАРАГ. № 51 (7036)