Аксель Никэйз: ОХУ-д тавьсан хориг Монгол Улсад хамаарахгүй

2023-03-07
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Б.Нандин

Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Орос, Украйны асуудал эхэлснээс хойш нэг жил өнгөрсөнтэй холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Энэ үеэр Европын холбооны гишүүн орнуудыг төлөөлөн манай улсад суугаа Элчин сайд нар болон АНУ, БНСУ-ын Элчин сайд нар хүрэлцэн ирж өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. 
Бид энэхүү уулзалтын үеэр улс орнуудын Элчин сайд нар Орос Украйны асуудалд ямар байр суурьтай байгаа талаар тоймлон хүргэж байна. 

 

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз:
-Европын Холбооноос авч байгаа хориг арга хэмжээнүүд нь Оросын Засгийн газарт чиглэж байгаа бөгөөд Кремлийн Украины эзлэн түрэмгийллийг санхүүжүүлэхийг сааруулах зорилготой юм. Зөвхөн Европын Холбоо хориг арга хэмжээ аваагүй. Дэлхийн ДНБ-ий 50 гаруй хувийг бүрдүүлдэг 40 гаруй улс ОХУ-д хориг тавиад байна. Европын Холбооноос ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ нь Орос болон гуравдагч орны хооронд хийх хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тэр дундаа улаан буудай, бордооны худалдаанд хамаарахгүй. Мөн Монгол зэрэг гуравдагч орнуудад энэхүү хориг огт хамаарахгүй гэдгийг онцлон хэлье.

 

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малон:
-Украины эсрэг Оросын хийсэн дайралт нь тусгаар тогтносон ардчилсан улсын эсрэг ямар ч үндэслэлгүй, урьдчилан төлөвлөж хийсэн зэрлэг балмад үйлдэл юм. Олон улсын эрх зүйн суурь үнэт зүйл, зарчмууд болон НҮБ-ын дүрмийг бүдүүлгээр зөрчсөн ОХУ-ын Засгийн газрын буруутай үйлдлийг Их Британи болон олон улсын түншүүд нэгдмэл байдлаар буруушааж байна. Аливаа улс орон НҮБ-ын дүрмийг хамгаалж, дагаж мөрдөх ёстой. Украин нь чөлөөт, ардчилсан орны хувьд ирээдүйгээ өөрөө тодорхойлох эрхтэй. Хоёрдугаар сарын 24-ны өдрийн НҮБ-ын санал хураалтын дүнгээс харахад, дэлхийн 141 орон ОХУ-ыг эсэргүүцэж, Украины нутаг дэвсгэрээс гарч, зэвсэгт дайралтаа нэн даруй зогсоохыг шаардсан.  Дашрамд дурдахад, энэхүү асуудалд Монгол Улсын төвийг сахисан байр суурийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэж байна.

 

Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён Кшыштоф Бойко:
-Украины ард түмэн эх орноо төдийгүй Европын улс орныг тэр дундаа Польшийг Оросын түрэмгийллээс хамгаалж байна. Дайн эхэлсэнээс хойш Польш Украинаас 10 орчим сая дүрвэгсэдийг хүлээн авч сүүлийн үеийн мэдээллээр 2-2.5 сая гаруй иргэн Польшид үлджээ.
Польш украин иргэдийг орон сууцаар хангах, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэх зэрэгт дэмжлэг үзүүлж ойролцоогоор найман тэрбум орчим евро зарцуулсан нь Польшийн ДНБ-ий 1.5 орчим хувьтай тэнцэж байна. 
Украины дайны хор уршиг ОХУ-тай хил залгаа Монгол болон бусад улс орнуудад сөрөг нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Монголын эзэнт гүрний бодлого, Чингис хааны санаачилсан чөлөөт худалдаа, олон улсын хууль эрх зүй, шашны эрх чөлөө зэрэг монголын төрт ёсыг үеийн үед уламжлан хадгалж залгамжлуулахад Монгол Улс ихээхэн хүчин чармайлт гаргасан билээ. Монгол Улсын хувьд зөөлөн хүчний бодлогыг баримтлахыг үгүйсгэж болохгүй. 

 

ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенберг:
-Орос улс НҮБ-ын болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэг хариуцлагаа бүрэн биелүүлсэнгүй. Орос улс Украины эсрэг харгис хэрцгий түрэмгийллийн дайн хийснээр олон улсын харилцаанд хүч хэрэглэхгүй байх НҮБ-ын Дүрмийн үндсэн зарчим руу халдаж байна. 

 

Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг хатагтай Катрин Ивкоф:
Худал мэдээлэл ба хүнсний аюулгүй байдал:
-Өнөөгийн дэлхийн хямралд барууны хориг арга хэмжээг буруутгасан Оросын ташаа мэдээлэл их гарч байна. Одоогийн эдийн засгийн хүндрэлүүд барууны хориг арга хэмжээнүүдээс биш харин Путины дэглэм болон дайн дэгдээсэн бусад улсын энх тайван руу халдсан шийдвэрээс болж үүссэн. Оросын түрэмгийлэл дэлхийн хүнсний хангамжийн сүлжээнд хэрхэн нөлөөлж байгааг Канад улс анхааралтай ажиглаж байгаа. Оросын цэргийн хүчнийхэн маш ноцтой, олон улсын шинжтэй, цэрэг дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэргүүдийг үйлдсэн гэж үзэн Канад улс нь Олон Улсын Эрүүгийн Шүүхийн бусад гишүүн улсуудын хамт Олон Улсын Эрүүгийн Шүүхэд хандсан.  Украины олон хот ОХУ- ын пуужингуудын бай болсоор байгаагийн дотор хүмүүсийн амьд явах гол хэрэгцээ болох ус, дулаан, цахилгаан хангамжийг түгээдэг иргэний барилга байгууламжууд руу Оросын тал тасралтгүй харвасаар байна. 

 

Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг ноён Сэбастиен Сүрүн:
-Оросын Украины эсрэг хийж буй үндэслэлгүй түрэмгийлэл болон 2014, 2022 онуудад Украины хууль ёсны нутаг дэвсгэрийнх нь зарим хэсгийг өөртөө нэгтгэхээр оролдож буй үйлдэл нь тусгаар Улсын эсрэг хийж буй империалист ажиллагаанаас өөрцгүй юм. Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн Улсын хувиар онцгой үүрэг хариуцлага хүлээсэн Оросоос ийм үйлдэл гарж байгаа нь бүр ч хүлээн зөвшөөрөмгүй юм. Түүнчлэн 1994 онд Орос өөрөө Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулна хэмээн мэдэгдэж байсантай нь ч мөн зөрчилдөж байна. 

 

Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг ноён Ян Вытопил:
-Оросын зүгээс Украйн дахь түрэмгийллээ зөвтгөхийн тулд дайны суртал ухуулга, ташаа мэдээлэл түгээх бүх сувгийг ашиглаж, мэдээллийн орон зай, оюун санааг ч түрэмгийлэн удирдаж байна. Гэхдээ бид Орос, Хятадын дунд буй Монголын нөхцөл байдлыг ойлгож байгаа. 

 

Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг хатагтай Кэти Смит:
-Украинд явуулж буй ОХУ-ын зэвсэгт түрэмгийлэл бол бүх жижиг орнууд руу хийж буй халдлага юм. Томоохон улс орнууд бусад улсын оршин тогтнох эсэхийг шийдэх эрхтэй мэт үйлдэл гаргаж байна. Бүх улс орон өөрсдийн ашиг сонирхолд нийцсэн стратегийн шийдвэр гаргаж, айлган сүрдүүлэлт, заналхийллээс ангид байх эрхтэй. ОХУ Украин руу хууль бусаар, ёс суртахуунгүйгээр халдлага үйлдэж байгаа нь хөгжил дэвшлийг хязгаарлаж, инфляцыг нэмэгдүүлж, нийлүүлэлтийг тасалдуулж, эрчим хүч, хүнсний аюулгүй байдалд нөлөөлж, санхүүгийн тогтвортой байдлын эрсдэлийг нэмэгдүүлэх зэргээр дэлхийн эдийн засгийн эмзэг байдлыг улам хурцатгаж байна. ОХУ-ын дайн дэлхийн хүнсний хангамжийг бууруулж байна. Украин улсын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн боловсруулах, экспортлох хөдөө аж ахуйн газар, байгууламжийг устгаж, Хар тэнгисээр дамжих тогтмол худалдааг тасалдуулж байна.

 


БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү:
-БНСУ-ын Засгийн газар олон улсын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүний хувьд Украйны дайныг дуусгаж, энх тайвныг эргэн цогцлооход хувь нэмрээ оруулах үүднээс олон улсын тавцан дах гадаад харилцаа болон эдийн засгийн хүчин чармайлтыг дэмжиж, олон талаар идэвхи санаачлагатай оролцох болно. Манай улсын засгийн газар дайны хөлд нэрвэгдэж, зовж шаналж буй Украйны ард иргэдэд 130 сая ам.долларын нэмэлт дэмжлэг олгохоор шийдвэрлэсэн. Мөн хүмүүнлэгийн туслалцаанаас гадна Украйнд санхүүгийн туслалцаа үзүүлж, Украйны сэргээн босголтонд бүх талын дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна.

 

Бүгд Найрамдах Болгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Хэргийг түр хамаарагч Ноён Валентин Ангелов:
-Украины эсрэг Оросын цэргийн түрэмгийлэл эхэлснээс хойш нэг жил өнгөрчээ. 
Болгар бол Украинд Европын холбооны нэр дэвшигчийн статус олгох улс төрийн түргэвчилсэн шийдвэрийг дэмжсэн Европын холбооны анхны гишүүн орнуудын нэг билээ. Оросын энэхүү дайны эсрэг Европын Холбоо болон НАТО- гийн нэгдсэн хариу арга хэмжээг тууштай дэмжин нэгдэж буйгаа дахин бататгаж онцолмоор байна. Кремлийн ардчиллын үнэт зүйлсийг гутаах оролдлого, хүний эрхийг зөрчиж байгааг бид эрс буруушааж байна. Болгар улс Украинд 240 сая еврогийн хүмүүнлэгийн болон бусад тусламж олгосон. Мөн Украины 150 000 орчим иргэн Болгарт түр хамгаалалтын статустай амьдарч байна.

 

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дэд тэргүүн Мэттью Ференс:
-Энэ өдөр Украйн улсын тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөөгөө хамгаалан үлдэх хүчин чармайлтыг магтан сайшааж, Европ болон дэлхийн улс орнууд Оросын түрэмгийллийн эсрэг дорвитой хариу арга хэмжээ авсаар байгааг цохон тэмдэглэх өдөр юм. Дэлхийн ардчилсан улс орнууд Украйныг дэмжин Оросын түрэмгийллийн эсрэг байр сууриа үргэлжлүүлэн илэрхийлэх ёстой. Украйны тэмцэл бол илүү том зүйлийн нэг хэсэг. Эрх чөлөө, ардчилал, улс орны бүрэн эрхт болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын үндсэн зарчмын эсрэг ийнхүү илэрхий халдан дайрсан энэ үйлдэлд анхаарал хандуулахгүй бол дэлхий дахин илүү ноцтой үр дагавартай нүүр тулгарах болно. АНУ бүх талын яаралтай тусламжийг үзүүлэхийн зэрэгцээ бусад улс орнууд, олон улсын байгууллагуудыг үйл ажиллагаагаа уялдуулан, нөөц бололцоогоо дайчлахыг уриалж байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 48 (7033)

Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

9 цаг 38 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

9 цаг 38 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

9 цаг 38 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

9 цаг 38 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

9 цаг 38 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

9 цаг 38 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

9 цаг 38 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

19 цаг 48 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

19 цаг 49 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

19 цаг 51 мин