Өнгөрсөн жил хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хэцүү жилүүдийн нэг байлаа. XXI зуунд COVID-19 цар тахлын өвчлөлөөс хараахан гарч амжаагүй байсан дэлхий дахин анх удаа томоохон хэмжээний хямрал болох Украины дайнтай нүүр тулсан бөгөөд түүний үр нөлөө нь дэлхийн бараг өнцөг булан бүрт мэдрэгдэж, тэр дундаа эдийн засгийн хямрал, дэлхийн эдийн засгийн уналтын эрсдэл болон үүсээд буй геополитикийн хурцадмал байдалд шууд бус байдлаар нөлөөлсөн юм.
Казахстаны хувьд 2022 он асар их хүнд жил байлаа. Нэгдүгээр сард болсон эмгэнэлт үйл явдал нь улс орны ирээдүйд санаа зовоход хүргэв. Бид тухайн үед улсдаа амар амгалан, тогтвортой байдлыг сэргээж чадсан билээ. Гэсэн хэдий ч ардчилал, хүний эрхийг хамгаалах, улс төрийн томоохон шинэчлэл хийх тухай Казахстаны эрх баригчдын баталгаа, тууштай амлалтуудыг зарим нь үл ойшоож, үүнийг хийж чадна гэдэгт эргэлзэж байв.
Гэвч Казахстан Улс улс төр, нийгэм-эдийн засгийн санаачилгуудыг үе шаттайгаар урагшлуулан хэрэгжүүлж, тэсвэр хатуужил, тогтвортой байдлаа харуулан өгсөн амлалтаа биелүүлж чадсан бөгөөд энэ нь улс орны нүүр царайг эрс өөрчилсөн юм.
Зургадугаар сард болсон бүх нийтийн санал асуулгын үр дүнд тус улсын Үндсэн хуульд төрийн тэргүүний бүрэн эрхийг хязгаарлах, хууль тогтоох эрх мэдлийг бэхжүүлэх, бие даасан Үндсэн хуулийн шүүх байгуулах, улс төрийн намуудын бүртгэлийг хялбарчлах болон засаг дарга нарын шууд сонгууль явуулах зэрэг хэд хэдэн чухал өөрчлөлтүүдийг оруулсан билээ.
Төрийн удирдлагын ардчиллын зарчмуудыг бэхжүүлж, ирээдүйд нэг хүн төрийн эрх мэдлийг гартаа авах боломжийг хаасан чухал шинэлэг зүйл бол тус улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нэг удаа долоон жилээр хязгаарласан явдал байлаа. Энэ нь арваннэгдүгээр сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан одоогийн Ерөнхийлөгч К.Токаев болон Казахстан Улсын ирээдүйн бүх төрийн тэргүүн нар цаашид ганцхан удаа Ерөнхийлөгчөөр ажиллах боломжтой гэсэн үг юм.
2023 оны нэгдүгээр сарын эхэнд Парламентын Сенатын сонгууль болсон бөгөөд пропорциональ мажоритар тогтолцооны дагуу анх удаагаа илүү өрсөлдөөнтэй явагдах гэж байгаа БНКазУ-ын Парламентын доод танхим болох Мажилисын депутатуудын сонгуулийг энэ гуравдугаар сард явуулснаар тус улсын сонгуулийн мөчлөг дуусна. Сонгууль дөхөж байгаа энэ үед улс төрийн шинэ намууд хэдийнэ бий болж, улс төрийн өрсөлдөөн, олон ургальч үзлийг улам бүр нэмэгдүүлж байна. Үүний дараа Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг батлах бөгөөд ингэснээр “хүчтэй Ерөнхийлөгч - эрх мэдэлтэй Парламент - хариуцлагатай Засгийн газар” гэсэн томьёоллын дагуу гүйцэтгэх болон хууль тогтоох эрх мэдлийг дахин хуваарилж эхлэх юм.
Түүнчлэн бид нэгдүгээр сарын эмгэнэлт үйл явдлаас үнэтэй сургамж авлаа. Тэрхүү үймээнд оролцогчдын олонх нь өршөөлд хамрагдсан бөгөөд иргэдийг эрүүдэн шүүх болон зүй бусаар харьцахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авсан.
Ийнхүү сүүлийн арван хоёр сарын хугацаанд бидний бүхий л хүчин чармайлт Шударга Казахстаныг буюу гэгээлэг нийгэм, илүү эрч хүчтэй, өрсөлдөх чадвартай улс төрийн тогтолцоог бий болгоход чиглэгдэж ирсэн юм.
Бид улс төрийн дотоод тогтолцоогоо дахин өөрчлөхдөө олон улсын өмнө хүлээсэн үүргээ мартаагүй. Өнгөрсөн онд 30 жилийн ойгоо тэмдэглэсэн Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын (АХАИББХ) VI дээд хэмжээний уулзалт 2022 оны 10 дугаар сард Казахстаны Нийслэлд зохион байгуулагдлаа. Ази тивийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдлын төлөөх олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор байгуулсан энэхүү бүс нутгийн яриа хэлэлцээний платформын ойн дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгчийн хувиар оролцсон явдал нь анхаарал татсан үйл явдал байлаа.
2022 оны 10 дугаар сард Төв Азийн орнуудын төрийн тэргүүн нар Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Чарльз Мишельтэй Астана хотод уулзсан бөгөөд мөн оны 9 дүгээр сард Дэлхийн болон уламжлалт шашны тэргүүн нарын VII их чуулган болж өнгөрлөө. Тус арга хэмжээнд 50 гаруй орны 100 гаруй төлөөлөгчид, тэр дундаа Монголын Бурханы шашны төв "Гандантэгчэнлин" хийд болон "Зүүн хүрээ Дашчойлин" хийдийн төлөөллүүд оролцов. Түүнчлэн Католик сүмийн дээд тэргүүн бөгөөд их хамба лам Франциск 2001 оны есдүгээр сард Пап лам II Иоанн Павелын хамт айлчилснаас хойш Казахстанд дахин айлчилал хийж, Шашны тэргүүн нарын их чуулганд оролцсон нь тэмдэглэлт үйл явдал байв.
Дээр дурдсан дотоодын улс төрийн үйл явдлууд болон дэлхий нийтийн геополитик, гео-эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг үл харгалзан Казахстан улс олон улсын эрх зүйд суурилсан эрх тэгш, харилцан ашигтай улс хоорондын харилцааг тууштай дэмжигч хэвээр байгаа бөгөөд тэнцвэртэй, олон талт гадаад бодлогын чиглэлийг баримталж байгааг тэмдэглэх нь зүйтэй юм. Энэхүү зарчимтай, тууштай байр суурь нь Казахстан болон түүний гадаад түншүүд, тэр дундаа Монгол Улс хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх таатай нөхцлийг бүрдүүлж байна.
Астана хот Улаанбаатар хоттой олон талт хамтын ажиллагаагаа цаашид улам гүнзгийрүүлэх сонирхолтой байгаа бөгөөд хоёр талын улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн харилцааг улам эрчимжүүлэхэд бэлэн байгаа билээ.
2022 он Казахстан-Монголын харилцаанд коронавирусын цар тахлын үед ихээхэн «зогсонги» байдалд орсон худалдаа, эдийн засаг, тээврийн харилцан хамтын ажиллагааг эрчимжүүлсэн жил байлаа.
Үүнд 2022 оны эхний 11 сарын байдлаар хоёр талын худалдааны эргэлт 94.6 сая ам.долларт хүрсэн нь сүүлийн долоон жилийн хамгийн өндөр үзүүлэлт байлаа. Үүний зэрэгцээ, хоёр орны худалдаа, эдийн засгийн чиглэлийн бодит боломжууд нь шавхагдаагүй бөгөөд цаашид улам нэмэгдүүлэх асар их нөөц бололцоо байна.
Энэ чиглэлийн ажлуудыг системтэйгээр явуулах үүднээс одоо талууд БНКазУ болон Монгол Улсын хоорондох худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх Замын зураглалыг боловсруулахаар ажиллаж байна.
Түүнчлэн «Kazakh Export» Экспортын Даатгалын Компани» ХК, «Худалдааны бодлого хөгжүүлэх төв» «QazTrade», Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад худалдааны танхим, «Атамекен» Казахстаны Үндэсний бизнес эрхлэгчдийн танхим, «Kazakh Invest» үндэсний компани болон «Байтерек» үндэсний холдинг ХК зэрэг компаниудын чадавхи нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжихэд түлхэц болно. Тухайлбал, ойрын хугацаанд “Байтерек” үндэсний холдинг ХК болон Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хооронд хоёр талт Бизнесийн зөвлөл байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь хамтын ажиллагааны механизмыг бий болгох, хоёр улсын бизнесменүүдийн харилцааг зохицуулах юм.
2022 онд тээврийн салбарт хамтын ажиллагааны нөхцөл байдал нилээд сайжирлаа. Өнгөрсөн 3 дугаар сараас Улаанбаатар - Алматы чиглэлд Монголын агаарын тээврийн “Хүннү эйр” компани хоёр улсын хооронд шууд нислэгээ сэргээлээ. Одоогийн байдлаар хоёр улсын нийслэл хооронд олон улсын нислэг мөн "Улаанбаатар - Ховд - Усть-Каменогорск" чиглэлд бүс нутгийн агаарын нислэг бий болгох ажил хийгдэж байна.
Хоёр улсын үндэсний авто тээврийн компаниуд гүйцэтгэдэг «Алматы - Өлгий», «Астана – Өлгий» чиглэлд олон улсын зорчигч тээврийн үйлчилгээг сэргээсэн нь хоёр улсын иргэдийн харилцан зорчих урсгалыг эрчимжүүлэхэд нөлөөлсөн.
Түүнчлэн бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны салбарт асар их боломж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Тухайлбал, 2017 онд Бүгд Найрамдах Казахстан Улсын Дорнод Казахстан муж болон Монгол Улсын Баян-Өлгий аймгийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийг үндэслэн Монгол Улстай энэ чиглэлээр хамтын ажиллагааг урагшлуулах сонирхолтой байна.
Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, эрчим хүч, боловсруулах аж үйлдвэрийн салбарт талууд харилцан ашигтай хамтын ажиллагаа явуулах асар их бололцоо бий. Тодруулбал, Монголын талын арвин туршлагыг харгалзан Кызылорда хотод ноос, арьс шир боловсруулах үйлдвэрийг хамтран барих төлөвлөгөөтэй байна. Түүнчлэн Казахстаны талаас санал болгож буй хөрөнгө оруулалтын сонирхолтой төсөл бол Монголд алт болон бусад үнэт металл боловсруулах үйлдвэр барих төсөл юм.
Тэрбээр Казахстаны тал «Цар тахлын өмнөх» үед жил бүр Улаанбаатар хотод зохион байгуулагддаг байсан Казахстаны худалдаа, эдийн засгийн төлөөлөгчдийн уулзалтыг цаашид тогтмол зохион байгуулах сонирхолтой байна.
Мэдээлэл технологийн салбарын шинэ боломж, шийдлүүд нь Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн зах зээлд мэргэшсэн компаниуд болон IT гарааны бизнес эрхлэгчдийн хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.
Хоёр орны хөдөө аж ахуйг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хоёр талт хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж бий. Тухайлбал, Арал тэнгисийн ширгэсэн ёроолд заган ой тарьж ургуулах Казахстаны талын төсөл болон Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь нэгдсэн зорилтыг дэвшүүлж, хоёр орны Засгийн газар цөлжилтийн эсрэг мөн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд нэгдмэл арга барилтай байгааг харуулж байна.
Соёл хүмүүнлэгийн салбарт ч нягт хамтран ажиллаж байна. Казахстан, Монголын нутаг дэвсгэрт зохиогддог төрөл бүрийн тэмцээнд манай хоёр улсын тамирчид оролцдог болсон нь сайхан уламжлал бий болгож байна. Аялал жуулчлалын салбарт уламжлал, зан заншлыг харилцан таньж мэдэх, үзэсгэлэнт газрууд, гоёмсог байгаль, эртний хотууд, Сырдарьяа, Талас, Орхоны хөндий, Сэлэнгэ мөрний түүхэн дурсгалт газруудад түшиглэсэн хамтын ажиллагааги хөгжүүлэх сонирхол талуудад улам нэмэгдэж байна. Мөн түүнчлэн Казахстан, Монголын нүүдэлчдийн соёл иргэншлийн өвөрмөц онцлогийг аялал жуулчлалаар дамжуулан дэлхий дахинд хамтдаа харуулах бүрэн боломжтой.
Эртний нүүдэлчдийн соёлын түүх судлал, археологийн судалгааны салбарт хоёр талын хамтын ажиллагаа амжилттай урагшилж байна. Өнгөрсөн зун хийгдсэн “Номгон-2022” шинжлэх ухаан, археологийн малтлагын үеэр гайхамшигт түүхэн нээлт буюу Түрэгийн II хаант улсыг үндэслэгч Кутлуг-Элтэрис хааны дурсгалын цогцолборыг илрүүлсэн нь тус салбар дахь хамтын ажиллагааны шинэ түлхэц болно гэдэгт итгэлтэй байна.
Соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны бас нэг чухал чиглэл бол 2022 оны 11-р сарын сүүлчээр Улаанбаатар хотноо болсон Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн (Казахстан, Киргиз, Монгол, Турк) Ерөнхий Ассамблейн ээлжит бус хуралдаанд манай эрдэмтэн судлаачид оролцсон явдал юм.
Мэдээж боловсролын салбар бас чухал салбаруудын нэг мөн. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2019 онд Астана хотноо хийсэн айлчлалын үеэр бакалавр, магистр, докторын хөтөлбөрт жил бүр олгох боловсролын тэтгэлгийн тоог 25 болгон нэмэгдүүлэх Протоколд гарын үсэг зурсан бөгөөд ингэснээр Монгол Улсаас 25 оюутан Казахстаны шилдэг их, дээд сургуулиудад суралцах боломж нь бүрдлээ.
Хоёр улсын иргэд харилцан идэвхтэй харилцан зорчиж байгаа тул нэн чухал салбар болох нийгмийн хамгааллын салбарт хоёр улсын хооронд нягт хамтран ажиллаж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Одоогоор талуудын холбогдох байгууллагууд Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар хооронд Тэтгэврийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг боловсруулах ажлыг хангаж байна.
Ерөнхийдөө Казахстан, Монголын хооронд соёл, хүмүүнлэгийн харилцааг цаашид хөгжүүлэхийн тулд хоёр орны соёл, спорт, боловсрол, шинжлэх ухааны төв байгууллагуудын иж бүрэн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх болон соёлын өдөрлөг харилцан зохион байгуулах, спорт, боловсрол, шинжлэх ухааны солилцоо зэргээр дамжуулан соёлын салбарт харилцан үйлчлэх үр дүнтэй механизмыг бий болгох хэрэгтэй. Түүнчлэн Улаанбаатар, Астана хотод соёлын төвүүдийг харилцан нээх нь энэ салбарын хамтын ажиллагааг илүү өндөр түвшинд гаргах бодит алхам байж болох юм.
Хоёр улсын төрөл бүрийн төрийн байгууллага, газар хоорондын хамтын ажиллагааны эдгээр болон бусад асуудлын хүрээн дэх хамтран ажиллах үндсэн чиглэлийг энэ оны хавар Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөж буй Худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-технологи болон соёлын хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаанаар тодорхой болно хэмээн үзэж байна.
***
Өнөөдөр олон улсын нийгэмлэгүүдэд тулгараад байгаа геополитик, эдийн засгийн хүндрэл нь дэлхийн улс орнуудыг энэ цаг үеийн сорилтыг хамт даван туулах арга замыг идэвхтэй эрэлхийлэхэд хүргэж байгаа тул Казахстан, Монгол хоёр орны харилцан нягт хамтран ажиллах чиглэл нь зөвхөн бидний сонголт биш юм. Энэ цаг үеийн шалгуур юм. Иймд бидэнд шаардлагатай бүх нөхцөл, бололцоо бий: хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосон цагаас эхлэн харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой бэхжих бат бөх суурийг бүрдүүлж, Казахстан, Монголын харилцаа найрамдал, сайн хөрш, эрх тэгш хамтын ажиллагааг түшиглэн тогтвортой хөгжиж байна.