
Б.БАЯР
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн асуудлыг хэлэлцжээ. Ингээд Шаардлага гаргасан байна. Түүндээ “…Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Баярмааг “…Баярцогт дарга” хэмээн гүтгэн доромжилсон нь УИХ, цаашлаад тангараг өргөсөн гишүүнийг үр хүндэтгэсэн ноцтой зөрчил боллоо. …Ж.Баярмаа нь “…Баярцогт” биш бөгөөд түүнийг төлөөлдөггүй, Үндсэн хуулийн дагуу сонгогдсон, ард түмний элч, УИХ-ын гишүүн гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэл байна. Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь УИХ-ын гишүүнийг басамжжилд доромжилсон үгэндээ 2025 оны тавдугаар сарын 1-ний УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд өөрийн биещэр оролцож, сонгогч ард түмэн, УИХ, УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлал гуйхыг шаардаж байна” гэжээ. Мөн тус бүлгийн дарга О.Цогтгэрэл “…Парламентад ёсыг үгүйсгэсэн байж болох мэдэллийг бид сонссон. Тодотгож хэлэхэд, Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тавдугаар сарын 1-ний нэгдсэн чуулганы хуралдаанаас өмнө УИХ-ын гишүүн Ж.Баярмаа болоод УИХ, ард түмнээс албан ёсоор уучлалт гуйхыг шаардаж байна. Хэрэв энэ хугацаанд уучлалт гуйхгүй бол АН-ын бүлэг нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэх бүх асуудлаас завсарлага авна” гэсэн юм.
Тэгвэл УИХ-ын тухай хуулийн “...Бүлгийн эрх, үүрэг” хэмээх 30 дугаар зүйлийн 30.1.5-д “…Нэгдсэн болон Байнгын, дэд хорооны хуралдааны үед тухайн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авах” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, УИХ дахь АН-ын бүлгийн “…Завсарлага авна” хэмээсний эрх зүйг ингэж тогтоожээ.
Сануулахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн баасан гаригт болсон чуулгын хуралдаан дээр “……За, С.Баярцогт даргын асуултад хариулъя. Улстөржиж байгаа учраас би бас улстөржиж хариулъя” гэж эхлээд “…Яг бодитоор Хөгжлийн банк ямар болчихсон байлаа. “Эрдэнэт”-ийн 49, стратегийн ордууд ямар үед хэний гараар ороод юу болчихлоо доо. Энэ байдлыг цэгцлэхэд нэлээдгүй хугацаа орсон. Би үүнийг ярихгүй л яваад байгаа юм. Одоо стратегийн ордуудын материалууд орж ирэхээр өөрсдийнхөө хийсэн зүйлийг сайн харна биз. Гэхдээ би өөртэй чинь юм ярихгүй. Цаана чинь үг хэлүүлээд байгаа тэр нэг хэдэн нөхдөд хэлэхэд “…Би байр сууриасаа хазайхгүй”. Сүүлийн 20 гаруй жил бантан зуураад, өмч хувьчлалыг будаа болгочихсон зүйл удахгүй материалаар орж ирнэ. Залуу хүн байж, хүний өмнөөс битгий хачин юм яриад бай” гэсэн. Мөн “…Гишүүн рүү хандаж хэлж байгаа юм биш. Урьд нь хэд хэдэн удаа давтагдаад би өөртэй нь ч уулзаж ярьж байсан. Зарчмын байр суурь өөр байгаа зарим улстөрчдийн өнөөдөр Баялгийн санг бүрдүүлэхтэй холбоотой асуудал дээр саад хийж байгаа дээр би тэгж хэлж байгаа. Энэ байр суурин дээрээ би байна. Тэр хүмүүст хэлэхэд залуучуудыг өмнөө турхирах бус асуудал байвал ил тод гарч ирээд тэр мэтгэлцээнээ шууд хийх ёстой. Стратегийн ордыг хэн эзэмшиж байгааг бид бүгд мэднэ, үүний цаана ямар асуудал байгааг ч мэдэж байгаа. Тийм учраас эрхэм гишүүд та бүхэн ийм зүйлд битгий автаарай. УИХ-ын хаврын, намрын чуулганы хамгийн том сэдэв энэ болох байх. Олон янзын зүйл гарах байх. Цагаа өнгөрөөчихсөн улстөрчид өөрсдийнхөө хэлж чадахгүй байгаа асуудлыг эрх ашиг нь зөрчигдөөд ирэхээр энд тэндээс энгийн залуучуудаар дамжуулж, эсвэл хэвлэл мэдээллээр дамжуулж үг дайгаад байгаа бохир технологи энэ цаг үед хэрэглэх гээд хэрэггүй гэж хэлэх байна” гэсэн байдаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 29. МЯГМАР ГАРАГ. № 79 (7576)