Д.БОЛОР
Зунжингаа наадамласан гишүүд гадаад руу явцгаажээ. Зарим нь гадаадад зусаад саяхан ирсэн сурагтай. Г.Уянга, Ж.Батзандан, З.Баянсэлэнгэ нар Азийн хэд, хэдэн оронд очиж амраад ирцгээсэн байна. Харин тэдэнтэй зөрөөд Л.Болд, Н.Батцэрэг, Ц.Цолмон, Д.Ганбат, Ч.Хүрэлбаатар, Р.Амаржаргал нар Ази, Европын орнуудад ажиллаж, амарч явааг туслахууд нь дуулгалаа. Гадаад харилцааны сайд Л.Болдын хувьд АСЕАН бүсийн чуулга уулзалтад оролцжээ. Энэхүү чуулга уулзалт нь АСЕАН–ы үндсэн гишүүдээс гадна тус байгууллагын яриа хэлцлийн түнш болон хамтран ажиллагч орнуудыг хамардаг бөгөөд ОХУ, БНХАУ, АНУ, Европын Холбоо, БНСУ, Япон, Австрали, Монгол зэрэг 28 улсын Гадаад харилцааны сайд, дэд сайд нар оролцжээ. Сайд Л.Болд чуулганы тусгай хуралдаанд үг хэлэхдээ бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах талаар Монгол Улсын баримталж буй бодлогыг танилцуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачилга, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэхэд манай улсаас олон улсын түвшинд хийж буй ажил, энхийг сахиулах ажиллагаанд оруулж буй хувь нэмэр зэргийг онцлохын хамт бүс нутгийн байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлээр баримталж буй бодлогын талаар мэдээлэл өгчээ. Харин Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун тун завгүй байгаа сурагтай. Булган, Орхон зэрэг хэд, хэдэн аймагт нөхөн сэргээлтээс эхлээд салбарын агентлагийнхаа үйл ажиллагааг шалгасан байна. Тэрээр ирэх амралтын өдрүүдэд ч гэсэн Булганд дахин ажиллахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин