Ц.БАЯР
Монголын бурхан шашны өнөөгийн нөхцөл байдлын талаар “Нархажид” сүмийн үүсгэн байгуулагч лам Д.Мэндбаяртай ярилцлаа.
-Монголын бурхан шашны тэргүүн хамба сонгох Ловонгийн хурал ил тод биш, шударга бус болж байгаа талаар та хөндлөө. Үүнийгээ тодруулна уу?
-Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдэд Монголын бурхан шашны тэргүүн лам нарын зөвлөлийн хурал буюу Ловонгийн зөвлөл хуралдлаа. Сүүлийн 20,30 жил Гандантэгчлэн хийдийн үйл ажиллагаа, бүтэц удирдлагын бүрэлдэхүүн, Монголын шашны нөхцөл байдлын талаар шүүмжлэлтэй хандсаар ирсэн. Тиймээс биднийг оруулалгүйгээр өнөөдөр ч ялгаагүй хаалгаа түгжиж байгаад хуралдаж байна. Уг нь энэ хуралд оролцсон бол Монгол Улсад шашны нөхцөл байдал алга цоог хүнд байгааг онцолж ийм үед амирлангуй суух цаг үе биш гэдгийг ойлгуулж Монголын бурхан шашны их чуулганыг зарлан хуралдуулах шаардлагатай байгааг онцолж ярих байсан юм. Мөн бүтэц, хууль, зохион байгуулалт зэргийг ил тодоор ярих зайлшгүй нөхцөл үүссэн. Уг нь тэргүүн хамбыг хаалгаа түгжиж байгаад сонгох биш ардчилсан сонгууль явуулж сонгох цаг ирснийг хэлэх байлаа. Монгол Улс ардчилсан чөлөөт нийгэмд шилжээд 30 гаруй жил болж байхад бурхан шашны тэрүүнээ нэг удаа ч болов ардчилсан сонгуулиар сонгоогүй. Өнөөдөр биднийг Гандангийн хашаанаас хөөж, гадна байсан самбар, уриаг хамгаалалтын хүмүүсээр эвдүүлж сэтгүүлч нарыг дотоод журамтай мэдээлэл өгөхгүй гэж хөөж гаргалаа. Энэ нь мэдээлэл авах, дамжуулах эрхэд халдсан. Сэтгүүлчид хуулиас давсан журам хаана ч байхгүй хэмээн хэлсэн хэдий ч тэдний үгийг үл тоосон.
-Та түрүүн Монголын шашны нөхцөл байдал алаг, цоог хүндэрсэн гэлээ?
-Ардчилсан сонгууль явуулж дараагийн үеийн шинэ залуу хамба сонгох шашны салбарт шинэчлэл хийх цаг ирээд байна. Энэ салбарт шинэчлэл хөгжлийн бодлогыг тодорхой болгох ёстой. Их чуулганыг яаралтай зарлан хуралдуулах цаг нь болсон. 2021оны арванхоёрдугаар сарын 22-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 160 гаруй шашин, сүм хийдийн төлөөллийг хүлээн авч уулзсан. Сүүлийн 12 жил тасраад байсан уламжлалыг сэргээж шашны асуудлаар санал сэтгэгдлийг нь сонссон. Ерөнхийлөгч дотооддоо их хурлаа хийж үүссэн нөхцлийг нэг тийш болгохыг хүссэн. Бурхан шашны төвийн хурлаа ил тод болго гэж шашны төв хамба Д.Чойжамцад анхааруулсан. Гэвч үүнийг үл тоосоор өнөөдрийг хүргэсэн. Мөн Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссоос сонгуулиа ардчилсан хэлбэрээр явуулах, ил тод нээлттэй байх зэрэг есөн зүйлт зөвлөмжийг ирүүлсэн байдаг. Үүнийг мөн л лам хүнд хүний эрх байдаггүй гэж үл тоосон хэвээр. Хууль дүрэмгүй, дотоод сонгууль явуулдаггүй, санхүүгийн тайлангаа ил тод мэдээлдэггүй. Түүнчлэн Гандан дахь соёлын өв алга болсон тухай олон удаагийн мэдээлэл ирсэн. Соёлын яам шалгасан гэх боловч одоо болтол үүнд хариу өгөөгүй байна. Мөн Гандангийн хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлыг АТГ болон хөндлөнгийн газраар шалгуулая гэхээр Цагдаагийн байгууллага шалгаж байна гэдэг.
-Ловонгийн зөвлөл нь хэзээ байгуулагдсан юм бол. Хуралдаа орж чадаагүй хэдэн лам байна вэ?
-Ловонгийн зөвлөлийг өөрийн талын хүмүүсийг аймаг бүрээс томилох маягаар байгуулсан юм билээ. Өөрөөр хэлбэл, Ловонгийн зөвлөл гэж байгуулаад өөрийгөө тэргүүнээр нь батламжилсан. Ингэснээр Монголын бурхан шашны төвийн их чуулганыг хуралдуулахгүй байхыг аргацаахыг оролдож байгаа явдал. Эдний явуулж буй үйл ажиллагааг 30 жил харлаа. Үнэхээр чамлагдаж байна. Ярьж байгаа асуудал нь цаг үеэ олоогүй байна. Өргөмжлөл тогтоолын төсөл батлах ч гэх шиг. Ил тогтоол нь өөрийгөө Ловонгийн зөвлөлийн тэргүүнээр улиран сонгох гэсэн агуулгатай. Энэ зөвлөл бидний төлөөллийг бүрэн хангаж чаддаггүй. Тус хийдийн үйл ажиллагааны талаар дотроос нь 187 хүний өргөдөл, гомдол төрийн гурван өндөрлөг болоод хууль хүчний байгууллагад хүрч байсан юм билээ. Ихэвчлэн залуу лам, гавж нар нь хандсан байдаг. Бид ч гаднаас нь олон удаа хандаж байна. Гэдч энэ бүгдийг үл ойшоож нам дарж байгаа хүн. Сүүлийн жил гаруй хугацаанд байдал нэлээн хурцдмал байна. 1992 оноос хойш удаа дараагийн үйлдлээр хууль хүчний байгууллагын оролцоотойгоор энэ мэт гарсан эсэргүүцлийг дарсаар ирсэн. Тухайлбал, 2014 онд Гандангийн лам нар дотооддоо хурлаа хийж сонгох, сонгогдох дүрмээ батлах гэтэл Тагнуулын газрын 3-4 хүнээр нэр бүхий 10 орчим хүнийг дарамталж Тагнуулын газраа аваачиж байцааж айлгасан тохиолдол байдаг.
-Монголын бурхан шашны байгууллага дотроо ийм эв нэгдэлгүй байснаар сүсэгтэн олон болон ард түмэнд ямар хор хохирол учруулсан гэж та үзэж байна вэ?
-Өнгөрсөн 30 орчим жилд шашны хөгжилд дэвшил гараагүй. Монголчуудын бурхан шашинд итгэх итгэл 1991 онд 100 хувь байсан бол өнөөдөр 50 хувиас доош орчихоод байна. Харийн шашны төрөлд идэгдсэн. Бидний ирээдүй үе нэг шашинтай нэг улс байх уу олон шашны хагаралтай улс байх уу гэдэг эргэлзээтэй байдалд байна. Үүнээс улбаалж үндэсний нэгдмэл байдал үндэсний ижилсэл, үндэсний оюу санааны байдал тун эмзэг байдалд байна.
-Та үүнийгээ юугаар нотлох вэ?
-Монгол Улс 1990 онд 100 хувь буддын шашинт орон байсан бол өнөөдөр 50 хувь болж буурсан. Буддын шашиндаа итгэх итгэл буурсан гэсэн үг. Тэргүүн хамба энэ тал дээр сүсэгтэн олонтой ажиллаагүй. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц биш. Гадаад харилцаа хумигдмал. Сургалт сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажил муу. Сүүлийн үед лам болох хүүхдийн тоо буурч хүний нөөцгүй болсон. Сум болон аймгийн төвийн сүм хийд эзгүйдэж ламгүй болсон. Энэ бүгд нүдэн дээр ил байна. Дотоод хяналт шалгалт, санхүүгийн ил тод байдал сул. Олон талын судалгаа үүнийг харуулж буй. Хүмүүсийн буддын шашинд хандах хандлага, хүлээж авах байдал ахмад үеэ хүндэтгэх, залуу үеэ зөв хүмүүжүүлэх явдал алдагдсан. Ирээдүй үе бурхан шашны зан зүйлийг мэдэхгүй өсөж байгаагаас буддын шашнаа сонгох сонирхол багассан. Лам болох хүүхэд олноор ирдэг байсан бол одоо ирэхээ болисон. Буддын шашинд хандах хандлга эрс өөрчлөгдсөн. Гандангийн Шашны сургуулийн элсэлт жил ирэх тутам буурсаар байгаа.
-Үндсэн хуульд хүний шашин шүтэх эрх чөлөөтэй гэж заасан. Тийм ч учраас харийн шашин манайд нээлттэй байгаа. Та түрүүн хуульд өөрчлөлт оруулах тухай дурдсан үүнийгээ дэлгэрүүлээч?
-1994 онд Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийг баталсан. Үндсэн хуульд шашин нь төрөө дээдэлж төр шашнаа хүндэтгэнэ гэсэн заалт байдаг хэдий ч өнөөдрийн төр, сүм хийдийн харилцааны байдлыг хангаж чадахгүй байна. Сүм, хийд бүр дотоод дүрэмтэй, санхүүгийн тайлантай, жилд нэг удаа нийтээрээ их чуулганаа хийж байх ёстой. Хамбыг хүртэл хугацаатай сонгох жаягтай. Энэ жаяг үйлчлэхгүй байсаар ирлээ. Нэг хүн нийтийн сүсэг бишрэлийн сэнтийд 30 жил тэргүүнээр сууж болох уу. Ялангуяа ардчилсан оронд. Хэрэв 1990 оноос хойш дөрвөн жилд нэг удаа их чуулган хийж тэргүүн хамбаа томилж ирсэн бол одоогоор 6-7 хамба ээлжлэн энэ салбараа удирдаад явах байв. Бурхан шашны төв байгууллагад шинэчлэлийн салхи оруулах цаг аль хэдийн ирсэн. Шинэ залуу эрдэм номтой олон лам, хуварга байна. Эцэст нь Монголын сүсэгтэн олны өмнөөс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж нэгэн хүсэлт хэлэх байна. Монголын бурхан шашны нийтийн оролцоотой чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явуулж өгөөч ээ гэж. Ийм арга хэмжээ авахгүй бол одоогийн хамба албан тушаалтайгаа зууралдаж салбарын ирээдүй үеэ хавчин боож өөрийн хүнээ захиргаандаа байлгаж дотоод дүрэмгүй, дээрх асуудлыг хав дарсаар байх нь. Түүнчлэн энэ асуудлыг зориглон тавьж байгаа бидний хэдэн нөхдийг хавчин дарамталж асуудлыг аль болох өөр тийш өөрчлөх санаа агуулсаар сууна. Нэг хүнийг 30 жил харлаа. Цаашид ингээд байлгасаар байх уу.