Б.БАЯРЖАВХЛАН
Буддын шашин бол дэлхийн гурван том шашны нэг. Гэхдээ шүтэх, эс шүтэх эрх чөлөөг олгосон дэлхийн анхны ардчилсан шашинд тооцогддог. Мөн олон бурхдын зарчмыг тунхагладаг онцлогтой. Анагаах ухаан, дуун ухаан, урлахуйн ухаан, хэл шинжлэл, орчуулга, зурхайн ухаан зэрэг их бага таван ухааныг номлодог шинжлэх ухаанч шашин юм. Эдүгээ дэлхий дээр долоон зуун сая хүн энэ шашныг шүтдэг гэсэн тоо баримт бий. Мөн Буддын шашинтай Энэтхэг, Төвд, Монгол гэсэн гурван улсыг “Номт” улс гэж нэрлэдэг ажээ. Монголчууд бид Хүннүгийн үеэс буддын шашныг шүтэж ирсэн түүхтэй. Гэвч их хэлмэгдүүлэлт, ардчиллын салхинд эрдэм чадал бүхий лам нарын удам тасарсан гэхэд хилсдэхгүй.Тэгвэл “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Удмын бахархал” буландаа Гармаба шашны лам Гарамгаржид түүний хүү Гантантэгчэнлин хийдийг бий болоход үнэтэй хувь нэмэр оруулсан Цорж лам Г.Диваасамбуу болон гурав дахь үе болох Д.Тайвансайхан нарын тухай онцолж байна.
Өвөөгийн дурсамж
Д.Тайвансайханы хувьд өвөөгийнхөө тухай ааваасаа сонсож өссөн гэнэ. Түүний өвөөг Гарамгаржид гэдэг ажээ. Тэрбээр Гармаба шашны лам хүн байжээ. Гармаба шашны тухай товч сийрүүлье. Монгол оронд Буддын шашин олон удаа дэлгэрч байсан. Тэгвэл хоёр дахь дэлгэрэлт нь Мөнх хаан 1256 онд Сэлэнгэ мөрний хөвөөнд байхдаа Төвдийн Гармаба буюу улааны шашны хоёрдугаар Гармаба Чойжи багшийг залж авчирснаар уг шашин үүссэн түүхтэй. Тодруулбал, Мөнх хаан тулуй хэмээх өвтэй байсан бөгөөд өвчнөө эдгээхийн тулд хөлөө хонины халуун гэдсэнд хийдэг байсан гэдэг. Энэ үед түүний түшмэл нь Гармаба Чойжи багшийг залсан байна. Энэхүү багш нь Мөнх хааны хөлийн өвчнийг тарнийн хүчээр илааршуулсан түүхтэй.
Энэ үеэс хойш Аригбөх, Хубилай, Төвтөмөр, Тогоонтөмөр хаадын багш нь Гармаба лам нар байв. Мөн Богд Зонховийн сахилын багш нь IV Гармаба багш байсан гэдэг. Ингэж уламжлан явсаар Цогт хунтайжийн үе хүртэл дэлгэрээд Манжийн бодлогоос болж доройтсон. Харин Өндөр гэгээн Занабазар XVII-XVIII зууны эхээр Гармаба ёс тасрах шахсаныг анзаарч Монгол улсад ганц үлдсэн шилийн голын Хуучид хошууны /Одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум/ Гүүш ламхай нэрээр алдаршсан ламыг залж, хүрээний 30 аймгийг нэг барга аймаг болгожээ. Энэхүү 30 аймгийн нэгэнд нь Д.Тайвансайханы өвөө Гарамгаржид аж төрдөг байв. Ингэснээр тэрбээр Гармаба урсгалын лам болсон түүхтэй. Гарамгаржид нь тухайн үеийн Гармаба шашны нэгэн том төлөөлөгч байсан юм.
Д.Тайвансайхан өвөөгийнхөө тухай “183 см өндөртэй хүн байсан гэж аав маань ярьдаг байсан. Мөн эрдэм чадал ихтэй хүн байсан гэдэг. Тодруулбал, өвлийн хүчтэй шуурганд 800 гаруй адуу уруудсан байгаа юм. Түүнийг өвөө маань нэг шавийн хамт номын хүчээр “Хэрлэн” голд оруулахгүйгээр үлдээж чадсан байдаг. Тухайн үед Хамба лам нь Гарамгаржид их сайн лам хэмээн өргөмжлөөд үхрээр шагнаж байсан гэдэг. Мөн өвөөг маань уурлуулахад нутгийн хүмүүсийн өвчин эдгэрдэг байсан гэж ярьдаг. Ийм л эрдэм чадалтай, хүчтэй хүн байсан” гэв. Мөн таалал төгссөнийхөө дараа 60см болтлоо агшиж, өөрийнхөө бодийг залсан тухай тэрбээр сонирхуулан ярьсан юм.
Буддын шашны дөрвөн урсгал байдаг ажээ. Нэгдүгээрх нь Нимовын ёс буюу Ноён хутагт Д.Данзанравжаагийн шүтэж байсан ёс. Хоёрдахь нь Гармаба урсгал. Гурав дахь нь Саёжин ёсны урсгал. Дөрөв дэх нь Гэлэгүй ёс буюу шарын шашны ёс байдаг аж.
Аавын хөрөг
Сайн хүний үр сүүтэй гүүний унага гэж монголчууд бид бэлгэшээдэг. Түүний аав Гандантэгчэнлин хийдийн Цорж лам /Номын богд/, Гавж Г.Диваасамбуу юм. Тэрбээр 1680-аад онд Ар халхын хангайн нутгаас нүүж Баруун Хуучид хошууны Өргөн сумын нутагт нутагласан Багсам тайжийн харъяат удмын Гарамгаржидын том хүү болон мэндэлсэн. Гурван настайдаа Хамбын сүмийн бага Шавран багшаар ном анх заалгасан ажээ. Найман настай сахил хүртэж Хамбын сүмд шавилан сууж 11 настай Мамба буюу эмийн дацанд орж 14 настай Бандид гэгээний хийд буюу Чойрын хийдэд ном хурж байсан гэдэг. Гүн ухааныг ихэд эзэмшсэн хүн байжээ.
Д.Тайвансайхан аавынхаа тухай “Миний аав гурван настайгаасаа лам дээл өмссөн бол дөрвөн настайдаа уншлага ном уншдаг байсан гэдэг. Энэ тухай нэгэн түүхийг ярья. Аавыг маань дөрвөн настай байхад багш нь нэг судар аваад ир гээд явуулсан байгаа юм. Гэвч тэнд нь их олон судар байсан аж. Түүнээс уншиж байгаад хэлсэн судрыг нь олоод ирсэн гэж ярьдаг байсан. Мөн Монгол улсад лам дээлээ тайлаагүй ганц лам гэж хэлж болно. 1937-1944 онд ямар ч хүн лам дээл өмсөх эрхгүй үе байсан. Тэр үед аав маань Өвөр монголын зүүн үзэмчин хошуу буюу Шилийн гол аймагт /Одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум/ хурал номоо хурж байгаад 1945 онд буюу чөлөөлөх дайны үед бурхан шашны эд хэрэгсэлтэйгээ буцаж орж ирсэн байдаг” гэсэн юм.
Энэ үед төр засгаас Г.Диваасамбуугийн Тэмдүвлин хийдийг одоогийн төв гандантай нийлэх хүсэлтийг тавьсан байна. Тиймээс 1960 онд дөрвөн ламын хамтаар өөрийн эд хэрэгслээс сорчлон таван машин зүйлийг одоогийн төв ганданд нийлүүлжээ. Энэ нь өнөөгийн гандантэгчэнлин хийдийг бий болоход чухал үүрэг гүйцэтгэхээс гадна түүхийн үнэт зүйлсийг өвлүүлсэн эрхэм хүн юм. Энэ тухай Д.Тайвансайхан хэлэхдээ “Аавын маань ганданд өгсөн шашны зүйлсийг сүүлд эрдэнэсийн санд тушаасан гэж байсан. Сүүлд тус сангаас аав маань тамгаа олж авах гээд очсон боловч байгаагүй” гэв. Г.Диваасамбуугийн эрдэм чадлыг Буриадын лам нар ийнхүү ярьдаг байна. 1994 онд буриадын таван хийдээс Г.Диваасамбууд урилга өгчээ. Учир нь Далай багшийн тавих хэмжээний Дамдин Янсангийн ван гэдэг номыг уншуулахаар түүнийг урьсан нь энэ. Түүнийг ном уншихаар явж байхад Орос улсад тайгын түймэр гарсан байв. Энэ үеэр Г.Диваасамбуу “Тайгын түймрийг дарах ном дарь эх дотор байдаг юм. Цас оруулж дарна даа” гээд замдаа ном уншаад байжээ. Гэвч гайхалтай нь халуун зунаар цас орж түймэр унтарсан тухай түүний шавь нар болох Буриадын лам нар ярьдаг байна.
Мөн Г.Диваасамбуу нь 1960 онд өөрийн эд хэрэгслийг Гандантэгчэнлин хийдэд нийлүүлснээс хойш бурхан шашны олон ажлыг хийжээ. Тодруулбал, Гандан хийдэд нярав, даамал, гэсгүй лам, Шашны дээд сургуульд багш, Даа лам, Хурлын ловон хийснээс гадна Цорж лам болж, гавжийн зэрэг хамгаалсан эрдэмтэй хүн байсан байна. Түүнээс гадна Мэгжид Жанрайсэг бурхныг бүтээх ажлын шүншгийн ажлыг удирдахаас гадна “Егзөр хутагтын түүх, “Монголын бурхан шашны түүхэн тойм”, “Хуучид хамбын түүх”, Монголын баруун хуучдын түүх, Гармаба шашны гарал үүсэл” зэрэг 10 гаруй ном, бүтээл туурвисан нэгэн юм. Г.Диваасамбуу нь 89 насандаа таалал төгссөн бөгөөд Монголын бурхан шашны төлөө өөрийн амьдралын 86 жилийг зориулжээ.
Гармаба хийдийн тэргүүн, буддын гүн ухааны гэвш Д.Тайвансайхантай ярилцлаа.
-Таны өсөж төрсөн нутаг усны тухай яриагаа эхлүүлье?
-Би 1965 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд айлын зургаа дахь хүүхэд болон мэндэлсэн. Хөдөө төрсөндөө ихэд баярладаг. Жил бүр унасан газраа очиж хөрвөөдөг. Миний мэндэлсэн өдөр хаврын тэргүүн сарын эхэнд Ловон Бадамжунай бурхны буулттай өдөр байсан гэдэг. Ээжийн минь хувьд 49 настай таалал төгссөн. 49 нас өнгөрчихвөл би их урт насална даа гэж надад ярьдаг байсан. Өглөгч, үйлэнд уран өндөр бор эмэгтэй байсан даа.
-Та хэдэн настайгаасаа бурхны шашинтай барилдлагатай болсон бэ?
-Намайг 16 настай байхад аав маань харуй бүрийгээр дагуулан явж Донжи ладдү мойдойн гайхамшигт увдист Дамба гэсгүй багшид шавь оруулж байсан. Харуй бүрийгээр дагуулан явсныг ихэд гайхдаг байсан. Гэтэл тухайн үед лам болох нь хуулиар хориотой байсан юм байна лээ. Ингэж л анх бурхны шашинтай барилдлагатай болж байсан. Аравдугаар ангиа төгсөөд шашны сургуульд элсэх гэтэл тус сургууль нь таван жилд нэг удаа элсэлт авдаг байсан. Гэвч намайг төгсөхийн өмнөх жил элсэлтээ авчихсан. Дөрвөн жил хүлээх болсон. Тиймээс цэрэгт мордож гурван жилийн алба хаасан. Халагдаж ирээд нэг жил ойр зуур ажил хийж байгаад шашны сургуульд шалгалт өгч элссэн. Аав минь намайг өвөөгийн сүнс гэдэг байсан. Бага байхдаа өвөөгийнхөө бор аягыг, бас хайртай хар морио нэхэхээс гадна лам болж тоглодог байсан гэж ярьдаг. Энэ нь намайг лам болоход нөлөөлсөн байх аа.
-Таныг шашны сургуульд багш байсан гэдэг. Мөн киноны зөвлөхөөр ажиллаж байсан гэсэн?
-1987 онд шашны сургуульд элсэж, 1992 онд төгссөн. Идваачойлон, Гунгаачойлон дацангуудад багш хийхээс гадна ганданд бичээч хийж байсан. 1994 онд Хамба ламын даалгавраар Сүхбаатар аймагт очиж лам болох гэж буй хүүхдүүдэд багшилсан. Энэ үед “Монгол багш” нэрээр алдаршсан ламд ном заах хувь тохиосон. Сүүлд нь Гэсэр сүмийн шашны дунд сургуульд олон жил багшилсан. "Богд хаан" кинонд Богдын багшийн дүрд тоглож байсан. Мөн тус киноны шашны зөвлөхөөр ажилласан байдаг.
-Таныг Холливудын алдарт жүжигчин Стивэн Сигалын лам байсан гэдэг. Энэ хүнтэй холбогдсон түүхээ хуваалцаач?
-Тухайн үед монголд зургаан мянга орчим лам байсан. Түүнээс намайг онцолж сонгосонд нь их талархдаг юм. Миний хувьд Стивэн Сигалын эхнэртэй номын барилдлагатай байсан. Анх Стивэн Сигал эхнэрээрээ дамжуулан кино болон хөрөнгө оруулалтынхаа тухай надаас асуудаг байсан юм. Жишээлбэл, нэг кинонд хөрөнгө оруулалт хийх гэсэн юм. Яах бол гээд асуудаг байсан. Ингээд Стивен Сигалтай бүсээ солилцон анд бололцож бурхан тахил, бусад асуудлыг хариуцсан лам нь болсон. Мөн дэлхийн олон орноор хамт явсан. Тодруулбал, Өмнөд Африкийн өвчтэй хүүхдүүд болон Тайланд, Японуудад өглөг буян өгч байлаа. Стивэн Сигалын хувьд буддын шашны Рэнбүчи цолтой хүн. Тодруулбал, Далай ламын багшийнх нь шавь. Энэ хүнтэй хамтран ажилласнаар Монгол улсаа сурталчилан таниулах боломжийг олгосон гэж боддог. Гадны улсад явж байхад Чингис хааны удмын хүн гээд хүмүүс их хүндэлдэг. Танай сониноор дамжуулан нэг зүйлийг хэлмээр байна. Гайхамшигтай сайн багш нарын эрдэм чадлаас багаханыг нь сурсны хүчинд энэ хүнтэй холбогдоох хувь тохиол надад олдсон гэж боддог.
-Гармаба хийдийн бүтээн байгуулалтын ажлын явц ямар байгаа вэ?
-2007 оноос хийд барих ажлаа эхэлсэн. Барилгын ажил дууссан. Миний байгуулаад явж байгаа хийд бол “Гармаба”-ын ёс буюу буддын шашны хоёр дахь том урсгал. Тиймээс өвөөгөөсөө өвлөсөн энэ үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлж үгүй хийхгүйн төлөө шамдаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 7. ДАВАА ГАРАГ. № 216 (6948)