С.САРУУЛ
2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн иргэн бүрийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд улсын хэмжээнд хамруулж байгаа. Эрт илрүүлэгт өнөөдрийн байдлаар 501739 хүн хамрагдаж дүгнэлт нь гарчээ. Тодруулбал шинжилгээнд хамрагдсан хүн амын дунд өвчлөлийн 269,143 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 175,647 буюу 65.3 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин, 24,809 буюу 9.2 хувь нь дотоод шүүрэл тэжээлийн ба бодисын солилцооны өвчнүүд, 15,892 буюу 5.9 хувь нь зүрх судасны өвчинтэй байна. Түүнчлэн 15,802 буюу 5.9 хувь нь шээс бэлгийн замын өвчин, 10,865 буюу 4 хувьд нь амьсгалын тогтолцооны өвчлөл бүртгэгджээ.
"Хоол боловсруулах эрхтэн, дотоод шүүрэл, бодисын солилцоо, зүрх, судас, бэлгийн замын өвчлөл, амьсгалын тогтолцооны өвчлөл нь тэргүүлэх шалтгаан болж нийт өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 90.3 хувийг эзэлж байгаа.Нийт хүн амд зонхилон тохиолдож байгаа өвчлөлийг эмчлэх, өвчлөх шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, ирээдүйд учирч болзошгүй хүндрэл, нас баралт, санхүүгийн дарамтаас сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн урт хугацааны бодлогын ажлуудыг хийнэ" хэмээн салбарын сайд мэдээлэв. Хагас сая гаруй иргэнийг эрт илрүүлэгт хамруулахад эрүүл мэндийн салбарын 58 мянга гаруй эмч, мэргэжилтэн, ажилтан хүчин зүтгэжээ. Энэ жилийн хувьд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд зориулж улсын төсвөөс 60.8 тэрбум төгрөгийг зарцуулах юм.
Эх сурвалж: www.polit.mn