Б.ТӨГС
Цахим хөгжлийн багц хуулиуд хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудтай уулзалтуудыг зохион байгуулж байна. Өнөөдөр санхүүгийн салбарын цахим хөгжлийн мэдээлэл солилцохоор Монголбанк болон Монголын финтекийн холбооны төлөөллүүдтэй тус тус уулзсан юм. Банк санхүүгийн болон финтек салбарт Цахим гарын үсгийн тухай хуулийн хэрэгжилт ямар байгаа болон төлбөр тооцооны системийн хөгжил, бусад тулгамдсан асуудлаар ярилцсан юм. Энэ дундаас анхаарал татсан нэг асуудал байсан нь олон улсын төлбөр тооцооны Paypal, Googlepay болон бусад системээс Монгол Улс орлого хүлээж авдаг болох тухай байв.
Байнгын хорооны даргаар томилогдсоноос хойш хийж байгаа уулзалтууд дээр технологийн компаниуд, старт-апууд, бизнес эрхлэгчдийн хувьд олон улсын шууд гүйцэтгэдэг төлбөрийн системүүд дээр Монгол Улсаас зарлага гаргаж болж байгаа боловч орлого авч чадахгүй байгаа нь хамгийн чухал тулгамдсан асуудал болж байгаа нь удаа дараа яригдаж байгааг байнгын хорооны дарга Э.Батшугар онцлов. Өөрөөр хэлбэл, зөвхөн уул уурхайгаас бус цахим технологийн асар том зах зээлээс монгол залуус эх орондоо валют авчирах боломжийг алдаж байгааг тэрээр хэлсэн юм.
Тиймээс энэхүү шийдлийг олоход Монголбанк болон хувийн хэвшлийн бусад байгууллагатай яаралтай хамтран ажиллахаар боллоо. Монголбанкнаас энэ талаар олон улсын санхүүгийн байгууллагуудтай идэвхтэй ярилцаж байгаа. Ойрын хугацаанд технологийн ямар шийдэл боломж байж болохыг танилцуулахаар болсон байна.
Мөн энэ үеэр манай улсын төлбөр тооцооны системийн сүүлийн үеийн шийдлүүдийг ярилцлаа. Тэдгээрээс дурдвал Монголбанкнаас төгрөгийн Т картыг зайнаас ажиллах технологи буюу NFC системд бүрэн шилжүүлсэн бөгөөд нийтийн тээвэрт банкны картаа зайнаас уншуулах зэргээр технологийн олон дэвшил удахгүй хэрэгжих аж. Түүнчлэн банкны картыг хэрэглэгчийн гар утсанд суулгах өөрөөр хэлбэл, карт нь байхгүй ч гар утсаа карт шигээ ашиглах үйлчилгээг энэ ондоо багтаан хэрэглээнд нэвтрүүлэх юм байна.
Мөн өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Цахим гарын үсгийн тухай хуулийн хэрэгжилтээр өнөөдрийн байдлаар 300 мянган иргэн тоон гарын үсгээ авсан байна. Тэдгээр иргэд банкны үйлчилгээг тоон гарын үсгээрээ авдаг болох ажил энэ сардаа багтан шийдэгдэнэ гэв.
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар мөн өнөөдөр Монголын финтекийн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.
“Санхүүгийн салбарт банкуудын хүчтэй өрсөлдөгч болж, шинэ үйлчилгээ, зах зээлийг бий болгосон финтекийн салбар дэлхийд маш эрчимтэй хөгжиж байна. Тухайлбал, зөвхөн 2021 онд тус салбарт 210 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Манай улсын хувьд тус салбарын хөгжил дэлхийтэй хөл нийлүүлэх хэмжээнд хэдийнэ хүрсэн гэж боддог.
Ялангуяа, Цахим хөгжлийн багц хуулиуд батлагдаж хэрэгжиж эхэлсэн нь хууль, эрх зүйн орчин үгүйлэгдэж байсан финтекийн салбарт том түлхэц болж чадсан. Тиймээс та бүхэнтэй финтекийн салбарын талаар нээлттэй ярилцъя” гэж тэрбээр уулзалтын эхэнд онцолсон юм.
Финтекийн компаниудын зүгээс цахим хөгжлийн багц хуулиудыг дагаж гарах журмууд, санхүүгийн салбарын хэрэглэгчдийн боловсрол, хөрөнгө оруулалтын таатай нөхцөл, технологийн болон санхүүгийн чадвар хосолсон хүний нөөц зэрэг асуудлаар санал бодлоо илэрхийллээ. Инновац, цахим бодлогын байнгын хорооны зүгээс цаашид байнгын холбоотой ажиллаж, эдгээр асуудал дээр хамтран ажиллахдаа нээлттэй байх болно гэдгээ илэрхийллээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин