Б.НАРАНГОО
Усан парк барихаар зөвшөөрөл авсан газартаа орон сууц барьсан гэх шүүмжлэлд өртөж, иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа “Эм энд Жи констракшн” компанийн захирал А.Амарбаясгалангаас зарим зүйлийг тодрууллаа.
-Усан парк барихаар газар эзэмших зөвшөөрөл авчихаад орон сууцны барилга бариад эхэллээ хэмээн танай компанийн барилгын ажлыг иргэд эсэргүүцэж байгаа. Өнгөрсөн долоо хоногт танай төслийг Усны тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн иргэд нийслэлийн Засаг даргад албан бичиг өгсөн. Танай компанийн зүгээс үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Манай компанийг Усны тухай хуулийг зөрчсөн, барилга барих боломжгүй газарт барилга байгууламж барилаа гэх асуудал яригдсан. Хэсэг залуус Усны тухай хуулийн 22.1-ийг зөрчсөн гээд манай компанийн газрын эрхийг цуцлуулахаар шүүхэд хандсан юм билээ. Яг энэ асуудлаар өмнө нь бид шүүхээр яваад шүүхийн шийдвэр эцэслэгдээд гарсан гэдгийг хэлье. Усны тухай хуулийн 22.4-т газрын аль хэсэг нь усны сан бүхий газарт орох вэ, ямар газарт онцгой дэглэм тогтоох вэ гэдгийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд болон Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан журмаар тодорхойлно гээд заасан. Хоёр сайдын хамтарсан журмын 2.4-т улс ардын аж ахуйд онц ач холбогдолтой мега төслийн байгууламж барих, үерийн хамгаалалт, тохируулгын боомт бүхий газар, дэд бүтцийн байгууламж бүхий газарт онцгой хамгаалалтын бүс тогтоохгүй гээд тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, манай компанийн эзэмшлийн газар нь онцгой хамгаалалтын бүст орохгүй гэдгийг Усны тухай хууль болон холбогдох сайд нарын баталсан одоо хүчинтэй мөрдөж байгаа журмаар шийдсэн байдаг.
Мөн 2012 оны оны нийслэлийн төсөв батлах тухай НИТХ-ын тогтоол, нийслэлийн Засаг даргын 2012 оны арваннэгдүгээр сарын 22-ны А/702 захирамжаар Сэлбэ болон Дунд голын эргийн 2,6 км-т үеийн далан барьсан. Ард иргэдийг үер усны аюулаас хамгаалах, гамшгаас хамгаалах ажлын хүрээнд энэ далан 10-аад жилийн өмнө баригдчихсан. Тэгэхээр онцгой хамгаалалтын бүсийн журам, Усны тухай хуулиар хориглогдох үйл ажиллагаанд манай компанийн төсөл орохгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.
-2020 онд нийслэлийн Засаг даргаас танай газрын эрхийг цуцалсан захирамж гаргасан байдаг. Гэхдээ нийслэлийн Засаг даргын энэ захирамжийг шүүхээс хүчингүй гэж үзсэн учраас газрын эрхийг сэргээсэн хэмээн нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар тайлбарлаж байсан?
-Усны тухай хууль зөрчөөгүй гэдэг нь зөвхөн миний зүгээс өгөөд байгаа тайлбар биш. Таны хэлснээр 2020 онд манай компанийг Усны тухай хууль зөрчиж байна гэж Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийг цуцалсан юм. Бид шүүхэд хандаж, 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдөр нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр эцэслэгдэж гарсан. Уг шийдвэрт, Усны тухай хууль болон холбогдох сайд нарын баталсан дээрх журмын талаар маш тодорхой дурдсан. Ингээд маргаан бүхий газарт үйлчлэхээр байна гээд шүүхээс дүгнэсэн. Манайхыг Усны тухай хууль, холбогдох журмыг зөрчөөгүй гэж үзсэн учраас газар эзэмших эрхийг сэргээсэн.
-Танай эзэмшлийн газар хоёр хэсэг байгаа. Голоор нь нийтийн эзэмшлийн зам тавигдсан байдаг.
-Анх 11.8 га газар эзэмшихээр гэрчилгээ гарсан ч шинэ гүүр баригдах шаардлагатай болоод Замын цагдаагийн фризер бүхэлдээ хаагдсан. Ингээд зорчих хөдөлгөөнд томоохон түгжрэлийн асуудал үүссэн. Нийслэлийн удирдлагуудаас манай компанид хандаад танай эзэмшлийн газарт түр зам барихаас өөр арга алга гэсэн. Ингээд Соёмботой хөшөөнөөс Нарны зам руу орсон түр зам барьсан. Ингэхдээ нийслэл өөрөө үерийн даланг сэтэлж зам тавьсан. Манай компани нийтийн эрх ашиг гэдэг үүднээс түр зам тавья гэдэг нийслэлийн саналыг нь дэмжээд газраа дундуур нь хуваасан юм.
-Төмөр замын бүст барилга барих зөвшөөрөл авсан гэх бас нэг асуудал яригдаад байна. Мөн Дунд голын урсацад нөлөөлөх үйл ажиллагаа ч гэх шүүмжлэл бий?
-Анх 2008 онд газар эзэмших эрхийн гэрчилгээгээ аваад төмөр замын бүст нөлөөлөх эсэх талаар дүгнэлт гаргуулахаар УБТЗ-д хандсан. Ингээд 2009 оны хоёрдугаар сарын 09-ний өдөр УБТЗ-аас албан бичиг ирүүлсэн. Барилгын ажил явуулж болно, төмөр замд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй гэдэг дүгнэлт, акт нь гарсан. Үүний дагуу л бид үйл ажиллагаа явуулж байна. Хэрвээ төмөр замаас зөвшөөрөөгүй бол бид яах гэж ингэж хүн хүчээ дэмий үрэх вэ. Авсан зөвшөөрөл журмынхаа дагуу л ажиллаж байна.
Манай компанийн үйл ажиллагаа Дунд голын гольдирол, урсацад ямар ч өөрчлөлт оруулахгүй. Харин иргэдээ чөлөөт цагтаа ая тухтай амарч зугаалах боломжоор хангахын тулд голын эргийг засч тохижуулах ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэнэ.
-Барилгын ажлууд эхэлчихсэн явж байх шиг байна. Яг өнөөдөр орон сууцны барилгаас гадна иргэдийн хүсээд байгаа усан паркийн барилгын ажил эхэлсэн үү?
-Усан паркийн Б блок буюу сагсан бөмбөгийн ордон, заал танхим, хувцас солих өрөөнүүд баригдаж эхэлсэн байгаа. Манай төсөл маань нийт 14 мянган метр квадрат талбайг хамарна. Металл хийцтэй, төмөр бетон суурьтай барилга.
Барилгын зураг төслөөс өмнө хөрсний геофизик, геогидрологийн болон бусад судалгааг ч хийлгэсэн. Хөрсний ус манай энд бол илрээгүй.
Бүтээн байгуулалтын ажил төлөвлөсний дагуу явбал 2026 оны зургадугаар сард усан паркийнхаа эхний хэсгийн нээлтийг хийхээр шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Та бүхэн анх орон сууцны зориулалтаар газрын гэрчилгээ авсан гээд байдаг. Гэтэл усан паркийн зориулалтаар газар авчихаад орон сууц барилаа гэх шүүмжлэл гараад байна. Энэ тухайдаа ямар тайлбар хэлэх вэ?
-Газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөөд 2008 онд газар эзэмших эрхээ авсан. Гэхдээ нийслэлээс анх 11.8 га газарт бүхэлд нь орон сууц барихаар газар эзэмших гэрчилгээгээ авсан бөгөөд 2009 онд “Үндэсний Алтан өргөө хороолол” нэртэй хорооллын ерөнхий төлөвлөгөө батлуулсан. Харин бид өнөөдөр энэ газраа бүхэлд нь орон сууц барья гэсэнгүй. Газрынхаа дөрвөн га газарт нь усан парк барихаар ажиллаж байна. Эндээс ашиг харна гэсэндээ биш томоохон бүтээн байгуулалтын ажил хийе, аялал жуулчлалын нэг бүтээгдэхүүнтэй больё, эх орондоо дэлхийн жишигт хүрсэн усан парк байгуулж чадна гэж төлөвлөөд л бүтээн байгуулалтаа эхлээд байна. Усан паркийнхаа хажууд нийгмийн хариуцлагын хүрээнд Спортын ордон барьж байна. Та бүхэн ч мэдэж байгаа. Манай багийн спортын тамирчид хэрхэн сайжирч байгаа билээ. Гэтэл дэлхийн жишигт нийцсэн заал танхим хэд билээ. Ганц байгаа спортын ордон маань ямар болсон билээ.
-Усан парк гэдэг нь чухам юу байх вэ. Анх 2016 онд танилцуулж байсан тэр төслөөр л иргэд төсөөлөөд байгаа?
-Бүх насныханд зориулсан амралт зугаа цэнгэлд зориулсан 16 төрлийн хэсэгтэй байх юм. Хиймэл давалгаан эрэг, тогтмол урсгалтай гол, багачуудад зориулсан тусгай гулгуур болон 15-аас дээш насныхан зориулсан гулгуур гэх мэт олон улсын стандартад нийцсэн тоглоом байршуулна. Мөн спа, амралтын хэсэг, ресторан гээд усан парк маань нэг өдөрт 4000 хүн хүлээж авах чадалтай, жилийн дөрвөн улирлын турш ажиллах амралтын төв байхаар төлөвлөөд ажиллаж байна. Усны чанарын хувьд дэлхийн хамгийн сүүлийн үеийн ус цэвэршүүлэх, усаа ахин ашиглах технологийн суурьшуулна.
Улаанбаатар хот маань өвөлдөө хэт хүйтэрдэг, эрс тэс уур амьсгалтай учраас канадын ус халаадаг технологийг суурьшуулахаар төлөвлөсөн.
Азийн 20 гаруй улсаас туршлага судалж, судалгаа хийж, хамгийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэхээр хичээн ажиллаж байна. Усан парк бол манай компанийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа томоохон төсөл юм. Түүнээс улсаас биднийг усан парк барь гэж шахаагүй, бид усан парк барина гэж газар ч аваагүй. Орон сууцны зориулалтаар авсан газартаа иргэдийнхээ амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх боломжтой, олон улсын стандартын амралтын төв байгуулахаар төлөвлөөд л ажиллаж байгаа юм.