Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ оркестрын хаа байсан баруун хойно зогсох Г.Дөлгөөнцагаанд тодхон сонсогдоно. Ятгачин бүсгүй маараа үл ялиг хөдөлгөж засах, зарим нь ноотны хуудсаа эргүүлэх, тэр бүү хэл удирдаачийн амьсгаа авах чимээ хүртэл түүнд хаа нэгтэйгээс ирсээр байлаа. Залуухан удирдаач баруун гараа зөөлнөөр өргөх агшинд энэ бүх чимээ бүгд хумигдаад Монгол төрийн үндэсний их найрал тэр чигтээ дараагийн дохиотой зэрэгцэн нүргэлэв.
Хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Хүслийн төвөргөөн” ийнхүү Берлиний филармонийн тайзнаа эгшиглэх агшинд эх сайхан нутаг, ижил хонин сүрэг нь Дөлгөөнцагааны сэтгэлд ургаж Их хуур хөгжмийнхөө нумыг татах бүртээ эгшиг юунд нь уяран жижигхэн биеэ дагуулан найгаж байлаа.
Монголын үндэсний хөгжмийн дуун авианы үндсэн шинж болох таван эгшигт пентатоник аялгуу Европын үзэгчдийн анхаарлыг өөр нэгэн гайхалтай ертөнц рүү хөтөлсөн тоглолт ийнхүү эхэллээ.
Аравдугаар сарын сүүлээр Төрийн их найрал бүрэн бүрэлдэхүүнээрээ ХБНГУ-ын хотуудаар аялан тоглохдоо Берлиний филармонийн алдарт Grand Hall-д Ази тивээс анх удаа Монгол Улсынхаа нэрийн өмнөөс ур чадвараа үзүүлээд ирсэн юм.
Хиймэл үс хадгалдаг өрөөнөөс мэргэжлийн тайзан дээр очсон нь
Дэлхийн сонгодог хөгжмийн хамгийн өндөр босготой Берлиний филармонийн тайзыг зүглэхийн өмнө Төрийн их найрлын хөгжимчид Нюрнберг хотын Майстерсингер театрт эхний тоглолтоо хийсэн юм. Монгол хөгжимчдийн хувьд хамгийн их догдлол, бас айдас давхацсан “Бид үүнийг л мөрөөдсөн бас зорьсон шүү дээ” хэмээн омогшсон, огшсон гээд олон янзын сэтгэлийн өнгө хоршсон үдэш энд байлаа. Дасаагүй цоо шинэ орчинд гэнэт очсоноос танхимын акустик, хөгжмийн дуугаралтаас тэд айж байв.
Учир нь Монголд сонгодог хөгжимд тохирсон цэвэр акустиктай тайз байхгүй. Төрийн их найрлынхан театрынхаа жүжигчдийн хиймэл үс хадгалах зориулалттай өрөөнд бэлтгэлээ хийдэг. Үндсэндээ 70 метр квадратаас хэтрэхгүй агуулахын зориулалттай өрөөнд 60-уулаа сууж хөгжимддөг хэрэг. Нэг үгээр парикны өрөөнөөс дэлхийн том тайзан дээр оччихсон хүмүүс чинь сандрах нь мэдээж, тайз, хөгжмийн дуугаралтаас айх нь тодорхой. Тэгээд ч тоглолтоос хэдэн цагийн өмнө Майстерсингерийн тайзан дээр бэлтгэл хийж эхлэхдээ л энэхүү айдас оргүй хоосон зүйл биш байсныг мэдэрсэн юм. Монголд байхдаа аль ч тайзан дээр тэд бие биеэ байрлалаар нь баримжаалж сонссоор ирсэн. Гэтэл энд хэзээ ч сонсож үзээгүй хөгжмийн дуугаралт нэг нэгээрээ тод ялгаран сонсогдож эхлэв. Аяархан дуугардаг хөгжим хэт чанга сонсогдох, тод сонсогддог хөгжим сул болох зэрэг асуудал үүслээ. Гэсэн хэдий ч тайзан дээр богинохон хугацаанд бэлтгэхдээ тэд бие биеэ мэдэрч улмаар эвлэж чадсан юм.
“Монголын сайхан орон” тоглолтын содон хэсэг нь яах аргагүй ятгач Г.Солонгын гоцлон тоглосон “Монголын их амар амгалан” бүтээл байв.
Өмнө нь зөөлөн дуугаралттай ятга хөгжим бүрээний нүргээнд бараг сонсогддоггүй байжээ. Харин энэ удаа шанз, хуучир, ёочин, морин хуур, одоо ч буддын шашин хийдийн зан үйлд хэрэглэдэг их бүрээнээс эхлээд дэлхийд ганцхан байдаг эвэр бүрээ хүртэл тод ялгарч байсан юм.
“... Энэ удаа тайзны орон зайн дэглэлт, хөгжмийн дуугаралт, үзэгчдийн соёл, хандлага нийлээд маш дулаахан орчинд бид тоглосон. Тиймээс айдас, сэтгэл хөдлөл өндөр байсан ч сүүлийн мөчид би хөгжимдөө бүрэн уусаж мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлсэн” гэж ятгач Солонгоо ярьсан бол их хуурч Дөлгөөнцагаан “Нюрнбергийн үзэгчид гараа алдлаад тэврээд авах мэт бүлээн зөөлөн мэдрэмжийг надад өгсөн. Та нар тоглоход бэлэн үү. Бид сонсоход бэлэн гэж тэд хэлэх шиг л болсон” хэмээн тоглолтын дараа сэтгэгдлээ хуваалцсан юм.
Хүн бүрийн хөгжмөөс урсах аялгуу нот бүрээрээ, эгшиг эгшгээрээ сонсогддог нь акустикыг өндөр түвшинд бүтээсэн танхимын гол шинж юм. Тиймээс оркестр дуугарч эхэлсэн л бол хүн болгон хичээх хэрэгтэй. Төрийн их найрал ийнхүү анх удаа бүрэн бүрэлдэхүүнээр өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй мэргэжлийн акустик бүхий тайзнаа ХБНГУ-ын Нюрнберг хотод тоглолоо.
Харин ёочин Н.Шүрэнцэцэгийн хувьд тайзан дээр биш үзэгчдийн эгнээнд сууж байгаа юм шиг л мэдрэмж авсан гэдэг. Хөгжим болгон яг нарийн ялгарч дуугараад өнгө болгон дээр нюанс мэдрэгдэх нь түүнд урам, эрч хүч өгчээ. Үнэхээр мэдрэмж шаардсан, хөгжим болгон нь амилсан мэт увдистай, авиа болгон нь сүнстэй эгшиглэж байсан тухай Шүрээ эргэн дурссан.
Би найрлынхаа концерт мистерийн хувьд Нюрнбергийн тайзан дээр надаас хөг авсан хөгжим бүхэн зөв эхэлж байсныг сонсоход сайхан байсан. Германы үзэгч сонсогчид ямар айхтар билээ. Тиймээс солгой өнгө дуугаргаж үнэхээр болохгүй шүү дээ гэж тэр давтан хэлэв.
Монголд сонгодог хөгжимчид хөгжмөө чанга дуугаргах гээд хүчилж тоглодог. Тэгэхгүй бол үзэгчдэд тод сонсогдохгүй байх нь бий. Акустикгүй танхимд тоглохын нэг зовлон энэ юм. Гэтэл ингэж хүчилж чангаар дуугаргах гэж хичээснээр хөгжимчний амьд мэдрэмж алга болдог тухай Солонгоо харамсан өгүүлсэн. Харин Нюрнбергийн тайзнаа манай хөгжимчид бүгд хөг аялгуундаа автаад цэвэр сэтгэл хөдлөл, мэдрэмж дээд цэгтээ хүрсэн учраас үзэгчид төдийгүй хөгжимчид ч нулимс дуслуулж байлаа.
Тэд залуу удирдаачийнхаа аргадах мэт намуухан хөдөлгөөнөөс эрч хүчтэй огцом дохих гарын хөдөлгөөнийг харж хөвсөлзтөл тоглосон юм. Хөгжимчдийн сэтгэлийн хөдөлгөөн үзэгчдийн уярал бишрэлийг төрүүлж байлаа. Үндэсний хувцсаараа гоёод өнгө өнгөөр гэрэлтэж ирсэн монголчууд тоглолтын эхний ганц хоёр аянд өмөлзөж байснаа тэсэлгүй нулимс дуслуулж, зарим нь бүр асгартлаа уйлсан. Залуу удирдаач Б.Мөнхбаяр үзэгчид рүү ёслох гээд эргэж харах бүртээ өөдөөс нь нулимс дүүрэн олон царайтай тулгарч байв. Алс хол суугаа монголчуудаа ойлгож болох ч европчуудын зүрх сэтгэлийг юу ингэтэл хөндөв. Морин хуурын эхний татлага зүрх сэтгэлийн гүн рүү хатгаж улмаар эрх чөлөө дүүрэн эзгүй хээр тал руу минь урин дуудах тэр агшныг юутай ч зүйрлэшгүй хэмээн нэгэн үзэгч сэтгэлээ хуваалцсан юм. Залуухан удирдаач Мөнхбаяр энэ л тайзнаа үзэгчдийн уухай, нижигнэсэн халуун алга ташилт дор эрэмгий авьяас, ур чадвараараа үзэгчдийг ч хамт удирдаж гайхуулсаар тоглолтоо өндөрлүүлэв.
Төрийн их найрлын хөгжимчид маш хариуцлагатай байж ур чадвараа бүрэн гаргаж чадсан учраас Нюрнберг хотын Майстерсингер театрт айдсаа даван туулж улам чамбайраад Берлин хотыг зорьсон билээ.
Ази тивээс дэлхийн тайзан дээр анхлан тоглосон нь
Цагаан үстэй хижээл насны Итали эр Берлиний филармонийн хөгжимчдийн бэлтгэлийн өрөөний үүд, тайзны ардуур, урдуур холхиж нухацтай харцаар монголчуудыг сонжиж “ямар нөхөд манай тайзан дээр тоглох гээд байна” гэсэн аятай ажиглана. Мөн манайхантай хэд гурван үг солихдоо монголчуудын тухай огт мэдэхгүй, орой ажилтай тул тоглолтыг нь үзэж амжихгүй. Тиймээс одоо та нарыг сонсмоор байна хэмээн адайр аашлаад танхимын голыг ганцаархнаа эзэгнээд нүдээ аниад суучхав. Энэ бүхэн Дөлгөөнцагаанд сүрдмээр санагдаж байлаа. Ер нь бүгд эмээсэн гэдэг. Учир нь тэр хүн бол Берлиний театрын Ерөнхий удирдаач Giovanni Antonini хэмээх эрхэм байж.
Гэвч түүний сониуч харц пентатоник аялгууг сонсоод гайхширлаар солигдож улмаар Солонгоогийн ятга хөгжмөөр гоцлон тоглохыг ихэд бахдан сонсож харагдсан. Ийнхүү Европын томоохон удирдаачийн өмнө бэлтгэл сургуулилтаа базаасаар тоглолтын цаг хаяанд ирснийг хөгжимчид анзаарсангүй.
Grand Hall танхимын 2440 хүний суудлын гол хэсэг хэдийн дүүрчээ. Хонхор аяга мэт танхимын төвд байрлах таван өнцөгт хэлбэртэй тайзнаа монгол хөгжимчид тэнгэрийн өнгөт номин цэнхэр дээл, малгайгаар ижилссэн байв. Тэднийг тойроод усан үзмийн дэнж мэт шаталсан суудалд үзэгчид тухлаад амьсгаа даран хүлээнэ. Их найрлын ард Монгол, Германы төрийн далбааг байрлуулсан нь хоёр орны дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой тохиож буйг илтгэнэ.
Яг 20:00 цагт магнаг улаан торгон дээлээр гоёсон хөтлөгч бүсгүй Ц.Гэрлээ тоглолтыг германчуудын эх хэлээр ёслол төгөлдөр нээлээ.
Тайзны дээрээс хэдэн зуун цилиндр хэлбэртэй гэрлүүд, болор мэт гялтганасан чимэглэлүүд унжихын хамт нүдэнд үл анзаарагдах мяндсан утаснууд сул асгарчээ. Тэдгээр утаснаас үзэгчдэд үл анзаарагдам жижигхэн микрофонууд өлгөөтэй байгаа. Хөгжимчдийн тоглох тайзыг хүрээлэх усан үзмийн талбай мэт шаталсан дэнж маягийн үзэгчдийн суудлууд, танхимын төв цэгээс дээш 12 метрт дүүжилсэн арваад “үүл” мэт тусгай хавтан, таазны ирмэгийг тойруулан суурилуулсан пирамид хаалт, нумарсан гүдгэр оройтой майхан шиг хэлбэртэй гурван тусдаа тааз гэх мэт хийц содон шийдэл нүдэнд тусна. Танхимын эдгээр загвар нь тайзан дээрээс дуугарах хөгжмийн аялгууг яг тэр хэвээр нь аль ч өнцөг буланд суусан яг л дэргэдээс нь мэт сонсох мэдрэмжийг үзэгч бүрд өгдөг.
Мөн өсгөгч, микрофоноос эхлээд бүх нарийн тоног төхөөрөмжийг Sony компани тусгайлан нийлүүлдэг гэнэ. Тиймээс хаа нэг буланд үзэгчдийн санамсаргүй гаргах авиа, найтаах, хоолой засах гээд ер нь бүхий л анир танхимд тэр чигтээ сонсогдох тул хэн хүнгүй биеэ хямгадна. Ийнхүү ялаа ниссэн ч дуулдах танхим тэр аядаа чив чимээгүйн анирт автах бөгөөд төв хэсгээс тал бүрд уянгалан эгшиглэх хөг аялгууны хэрчээс нугалам бүрийг үзэгчид алдалгүйгээр зүрх сэтгэлийн гүндээ эгшээнэ. Их найрлын ая эгшиг бүрийн сүүлчийн анир алсран одсоны дараа л хурсан олон амьсгаа аван алга нижигнүүлнэ. Их танхим гэдгийн утга учир нь энэ аж. Их найрал Берлиний Филармонийн А танхимд тоглохын агуу мэдрэмж нь энэ бөглөө.
Тиймээс энэхүү барилгын дизайныг Сиднейн Дуурийн театр, Денверийн Боетчер, Лейпциг дэх Гевандхаус, Лос Анжелес дахь Уолт Диснейн концертын танхимаас эхлээд Парисын Филармони гэх мэт олон арван алдартай театрт ашигласан байдаг.
Берлиний Филармонийн Их танхимын акустикийг тооцоолохдоо хөгжмөөр дүүрсэн орон зайд хүний амьдрал, хөдөлгөөний дүр зураг байх ёстой. Бүх амьд хөдөлгөөн, дотоод сэтгэл хөдлөл нь орон зайд цуурайтдаг гэсэн үндсэн зарчмыг шингээсэн ажээ. Тиймээс танхимын хамгийн арын хэсэгт сууж буй үзэгчдэд хүртэл тайзнаас гарч буй аялгуу яг адилхан акустиктай, ижилхэн хугацаанд очдог гэдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл, танхимын хаана ч суусан ижилхэн мэдрэмжийг авдаг аж. Танхимын төв хэсэгт дөрвөн эгнээгээр жирийтэл суусан Монгол төрийн их найрал ая эгшгээ тасралтгүй цалгиулсаар Хүслийн төвөргөөн, Жаргалтайн дэлгэр, Сэтгэлийн эгшиг, Татлагын холбоо, Монголын их амар амгалан, Сэрсэн тал, Мандухай гээд гайхамшигт бүтээл бүр нь үзэгчдийг соронз мэт татсаар...
Монголын эзэнт гүрний сүр хүч, он цагийн уртын алс холын аян, дэлхийд тамгалагдсан монгол морьдын төвөргөөн, Монголын тал нутаг, үзэсгэлэнт байгаль, монгол хүний уужим сэтгэл гээд эх орны минь бүрдэл бүхэн нүдний өмнүүр жирэлзэн урсана. Мэлмийгээ буулгаж зүрхээ чагнаж эх дэлхий, элгэн садан, эх нутгаа төсөөлж шимтэнгээ хаа нэг аньсагаа нээхэд алдарт Шаравын “Монголын нэг өдөр” зургийг Германы тайзан дээр дэлгэчихсэн мэт харагдана. Энэ л цаг дор Монгол төрийн их найрлынхан шилэн хорго дотор нямбайлан өрж байрлуулсан, хүрч боломгүй ховорхон эрдэнэс мэт гялтганаж байлаа.
Сүр жавхлангаас илүү дотно уур амьсгал, гайхалтай акустикийг үзэгчид төдийгүй хөгжимчид хамтдаа хүлээн авсаар Монголын үе үеийн суут хөгжмийн зохиолчдын 20 орчим томоохон бүтээлээс бүрдсэн хоёр цаг гаруйн тоглолтоос хэн ч уйдаж чилсэнгүй. Бас хэн ч ядраагүй. Тоглолтын дараа ч Берлиний бүүдгэр үдшийн тэнгэр дор алтан шаргал майхан шиг гялтганасан филармонийн гаднах талбайд үзэгчид юунд ч юм хоргодон хэсэг бүлгээрээ ярилцаж зогссоор байв. Лав л герман үзэгчдээс Монгол оронд очиж үзэх шийдвэрээ аль хэдийн гаргасан тухай энэ үеэр хэдэнтээ чих дэлссэн.
Хөгжимчдийн бэлтгэл дээр ихэмсэг төрх илтгэж байсан Берлиний театрын Ерөнхий удирдаач Giovanni Antonini ч нөгөө “чухал ажлаа” орхиод тоглолтыг шимтэн үзэж мэргэжил нэгт нөхдөөрөө бахархан суусан. Эцэст нь тэрээр, Монголын энэ найрал ур чадварын хувьд дэлхийн түвшинд тоглолоо. Үндэсний хөгжмийн зэмсэг нь дэлхийн ямар ч сонгодог урлагийн тайзанд шилэгдэж сонгогдохоор дуугарч байна. Ийм найрал, ийм хөгжмийн зохиолчид Монголд байсан юм уу хэмээн дуу алдсан билээ.
Үргэлжлэл бий.
Ц.Чимэддондог
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 27. ЛХАГВА ГАРАГ. № 229 (7473)