Ч.БЯМБАХАЖИД
Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид чуулж, ирэх зуунд хийж бүтээх зорилгынхоо талаар хэлэлцлээ. Тухайлбал, ирэх жилүүдэд Ойн тухай хууль, эрхзүйн орчныг сайжруулах, цахимжуулах, шинжлэх ухаанд суурилсан бодлого хэрэгжүүлэх болон бусад чиглэлээр зорилго тавин ажиллаж байгаа аж. Харин цаашид технологийн дэвшлийг салбартаа нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтыг харилцан үр ашигтай байлгах болон бусад асуудал руу чиглэн ажиллах юм.
Ойн салбар Монгол Улсын ойгоор бүрхсэн талбайн хэмжээг 2030 он гэхэд 9.0 хувьд хүргэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Мөн Европын Холбооноос ОУ-ын хэмжээнд санаачлан гаргасан “Ойн түншлэл”-д Ази тивээс Монгол Улс нэгдэн орсон. Улмаар 2023 оны долоодугаар сард Ойн түншлэлийг хэрэгжүүлэх арга хэмжээний “Замын зураг”-ийг талууд эцэслэн баталсан юм. Цаашлаад ойн салбар хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажилд Earthranger программыг нэвтрүүлснээр орон нутгийн мэргэжилтнүүд тухайн байршлаасаа шууд мэдээллийг дамжуулах боломжтой болсон байна.
Ойн газрын дарга Б.Оюунсанаа “Ойн хүрээнд зохион байгуулсан хурлаараа бид 100 жилийн хугацаанд ямар түүхийг бүтээв, юу хийв, салбар ямар түвшинд хүрсэн талаарх асуудлаар голлон хэлэлцлээ. Энэ хугацаанд хийсэн ажлуудаасаа дурдвал, Монгол Улсын ерөнхийлөгч, Европын комиссын Ерөнхийлөгчтэй “Ойн түншлэл” санамж бичгийг байгуулсан. Тус санамж бичгийг байгуулснаар ойн салбарын чиглэлээр Европын холбооны 27 улстай манай улс хамтран ажиллах том үүд хаалга нээгдэж байгаа юм. Энэ хүрээнд санамж бичгийг бодит ажил болгох хоёр төслийг эхлүүлээд явж байна. Үүний нэг нь Хөдөө аж ахуй, Ойн аж ахуйг хослуулсан төсөл юм.
Мөн ойн салбарын засаглал тогтолцооны асуудлыг зөв болгох тухай асуудал руу чиглэсэн төсөл юм. Энэ төслийг Европын Холбоо болон НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна. Цаашлаад мэргэжилтэн, боловсон хүчин, экспертүүдийг урьж ирүүлэн, мэдлэг, туршлагаа хуваалцан түгээх зэрэг олон ажлыг хийлээ. Өнөөдөр Монгол орны өнцөг булан бүрээс 1000 гаруй ойчид, хамтран ажилладаг олон улсын байгууллагын төлөөллүүд хүрэлцэн ирж, ойн модны салбарын түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлж байна. Бид цаашдаа ойн салбарыг ДНБ-ий тодорхой хувьд байр сууриа эзэлсэн, тогтолцоо нь зөв, ажлын байр болон бусад боломжийг бий болгосон, хөрөнгө оруулалтыг татаж бүрдүүлсэн ийм салбар болгохыг зорин ажиллана.
Ингэхийн тулд “Ойн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга, бусад даган гарч буй дүрэм журмаа цаг үетэйгээ нийцүүлэн өөрчлөн шинэчлэх ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Эдгээр ажлууд маань УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэгдээд явна. Түүнчлэн технологийн дэвшлийг салбартаа нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтыг харилцан үр ашигтай байлгах, хувийн хэвшил болон төр хоорондын түншлэлийг бэхжүүлэх зэрэг асуудал руу чиглэн ажиллахыг зорьж байна” гэв.
Мөн Ойн модны салбарын үе үеийн төлөөллүүд өнөөгийн нөхцөл байдал болон салбарын ирээдүйн талаар байр сууриа илэрхийллээ. “Ойн баясах” ХХК-ийн Мод үржүүлгийн газрын инженер Б.Эрдэнэчимэг “Өдгөө 42 дахь жилдээ Ой модны салбарт ажиллаж байна. 1982 онд ХААИС-ийг төгсөөд Сэлэнгэ аймагт ойн инженерээр ажилласан. Тэтгэвэрт гарсан ч “Ойн инженер” гэдэг мэргэжил хэзээ ч хоцрогддоггүй. Үргэлж хөдөлмөрлөх боломжийг олгож байдаг. Ойн салбарынхны өнө их хөдөлмөрийн үр дүнд, олон жил салбартаа зүтгэж байгаль орчны гавьяат ажилтан болсон. Ингээд нийт мэргэжил нэгт нөхдөдөө “Ойн модны” аж үйлдвэр үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе” гэлээ.
Ойн модны салбарын түүхэн ойд Монгол орны өнцөг булан бүрээс салбарын төлөөллүүд ирж оролцлоо. Тэдний нэг Хөвсгөл аймгийн Ойн нөхөрлөлийн холбооны тэргүүн Д.Пүрэвдаш “Өнөөдрийн үйл ажиллагаа маш онцлог болж байна. Энэ жил Байгаль орчны яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болсон. Учир нь ногоон дэлхий, ногоон шилжилт, ногоон эдийн засаг гэж их яригдаж байгаагийн үүднээс мод тарих, ойн зурвас байгуулах, Агро-ойн аж ахуй, хөдөө аж ахуйг ойн аж ахуйтай холбох зэрэг чухал асуудлыг бодолцсон шийдвэр байх. Мөн байгаль орчныг хамгаалах бол бүх нийтийн үүрэг юм. Энэ нь зөвхөн төрийн ажил бус, иргэдийн оролцоогүйгээр явуулах боломжгүй зүйл. Түүнчлэн энд гарсан фото үзэсгэлэнгээр бид түүхэн замналаа харж, ямар үе шатаар өнөөдрийг хүртэл Ой модны салбар хөгжиж ирснийг харах боломжтой байгаа нь тун онцлог байна. Мөн өнөөдөр хэлэлцүүлсэн илтгэлүүдээс онцолбол, “Хөтөч” гээд илтгэлээр бүх мэдээллийг “Ойн хөтөч” гэх программаар хийх тухай шинэлэг ажлыг танилцууллаа. Түүнчлэн байгаль орчны асуудал дээр иргэдийг хэрхэн оролцуулах, санхүүжилтийг хаашаа чиглүүлэх талаар хэлэлцлээ” гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 27. ЛХАГВА ГАРАГ. № 229 (7473)