С.УЯНГА
ВЛАДИВОСТОК РУУ ЧИГЛЭСЭН ЭДИЙН ЗАСГИЙН АМБИЦ
Монгол Улс одоогийн бууринаасаа нүүж л чаддаггүй юм бол хоёр хөршөөсөө хаашаа ч бултах аргагүй. Тиймээс олон тулгуурт гадаад бодлогын тэргүүн чиглэл нь хоёр хөрш байж ирсэн. Гэхдээ гуравдагч хөршийг орхихгүй. Хоёр хөршөөс дутуугүй хэмжээнд авч явахыг эрмэлздэг. Хар яриагаар бол хэн ч биш байх, аль болох ойлгомжгүй байх нь манай гадаад бодлогын давуу тал гэж хэлж болно. Ялангуяа, геополитикийн өнөөгийн төвөгтэй нөхцөл байдалд тодорхой байр суурь илэрхийлбэл цаашдын хөрвөх чадварт нөлөөлөх эрсдэлтэй. Ингэж харвал дундыг баримталсан, ямар ч “найз”-ыгаа гомдоохгүй байх бодлогоо амжилттай хэрэгжүүлж байна гэж хэлж болно.
Харин өнгөрсөн өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцсон нь зарим хүнд ямар нэг болгоомжлол, эргэлзээ төрүүлсэн байж болзошгүй. Гэхдээ яг энэ цаг үед манайх хоёр хөршийнхөө дунд тогтоол “ус” шиг үлдэх биш аль болох идэвхтэйгээр гуравдагч хөршүүд рүүгээ хүрч ажиллах шаардлага зүй ёсоор тулгарч байгаа. Үнэндээ шатахуун, эрчим хүчнээс эхлээд өнгөрсөн 30 жил бий болгосон эмзэг замыг өөрчлөхийн тулд уул уурхайгаар хүчилж хөрөнгө оруулалт татах аргаа өөрчилж, чөлөөт өрсөлдөөн, сонирхолд суурилах нь илүү эрүүл алхам юм. Энэ боломж руу дөхөх нэг арга нь хөрөнгө оруулагчдын өмнө хэлэх үг, хийх ажилтайгаа явж очих. Тиймдээ ч улс төр, эдийн засаг хоёроо ялгаж салгах үүднээс манай улс Владивостокыг зорьжээ. Ингэснээр геополитикын ээдрээтэй нөхцөл байдлыг Монгол Улс өмөөрөөгүй бас шүүмжлээгүй байр сууриа хадгалж байна гэдгийг судлаачид хэлж байна.
Эдийн засаг бол үндэсний язгуур эрх ашиг. Эрчим хүчний хараат бус байдал, бүр цаашилбал, бие даасан улсынхаа хувьд гал алдахгүй байх, шатахуун, төмөр зам дэд бүтцээ өөрсдөө шийдвэрлэх сонирхол бий. Иймэрхүү эдийн засгийн асуудлыг улс төр, геополитикоос салгая л гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд ард түмний ширээн дээр хоолтой байх эсэхийг хариуцаж байгаагийнхаа хувиар дорнын хөрөнгө оруулагчдыг зорих нь зүй юм. Харин улс төрийн ерөнхий дүр зургаар харвал Монгол Улс ардчилсан улс байх нь барууны эрх ашиг мөн. Гэхдээ шатахуунгүй, цахилгаангүй болчихвол яах вэ. Ийм эрсдэл хүлээж мэдэх хэврэг ардчиллыг тэд лав хүсэхгүй нь мэдээж учраас манай улсын “мөнгө”-ний зовлонг ойлгох, харин ч дэмжих яриа хэлэлцээ өрнөдөг болсон нь улс төрийн өнцгөөр хэт их санаа зовохгүй байж болно гэсэн үг.
2015 оноос уламжлал болж ирсэн Дорнын эдийн засгийн долоо дахь форум олон улсын төвөгтэй нөхцөл байдалд болж буйгаараа онцлог. Мөн манай улс өнгөрсөн хугацаанд ямар нэг шалтгаанаар нэг ч удаа өнжиж байсангүй. Энэ удаад ч олон улсын худалдаа эдийн засгийн олон талт хамтын ажиллагаанд оролцох боломжоо ашиглав. Өөлж харвал, Монгол Улс Армени, Мьянмартай зэрэгцэж суух нь имиж талаасаа “гоё” харагдахгүй байж мэднэ. Гэхдээ Эгийн гол, хийн хоолой, төмөр зам, цахилгаан станц гээд эдийн засгийн том төслүүдээ, шинэ сэргэлтийн бодлогоо өвөртөлж очсон нь “сайхан” харагдахаас илүү том амбиц, бооцоо байв.
ОЛОН ТУЙЛ РУУ ТЭМҮҮЛСЭН ЕРТӨНЦ
Дорнын эдийн засгийн VII форум өвөрмөц онцлогоос гадна хүндхэн цаг үед боллоо. Угаас чуулганы энэ жилийн онцлог, уриа олон туйлт ертөнцийн дээвэр дор 40 гаруй улс орны удирдагч цугларч 70 орчим арга хэмжээнд оролцохын зэрэгцээ 4000 гаруй төлөөлөгч бизнесийн яриа хэлэлцээ, худалдаа хөрөнгө оруулалтыг онцоллоо. Тэр дунд Монголын Ерөнхий сайдын хоёр талын уулзалтуудыг харахад Монгол Улсын эдийн засгийн хүндрэлийг давах бүх боломжийг эрэлхийлж, тэр хэрээр айлчлалын багийнхан ОХУ-ын Владивосток хотоос ганзага дүүрэн ирлээ. Өдөрт 5-6 ажил хэрэгч уулзалт яриа хийсний дотор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал, ТУЗ-ийн дарга О.В.Белозёров бараалхав. Уулзалтын үр дүнд ойрын хугацаанд зүүн босоо төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлж, “УБТЗ” ХНН-ийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх талаар Оросын тал санал тавьж ажил хэрэг болгохоор болов. Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, аюултай ачааг хот дундуур тээвэрлэхгүй байх боломжийг бүрдүүлэх “Богдхан” төмөр замын төсөлд хамтарч ажиллах тохиролцоонд хүрлээ. Мөн Газпромбанкны ТУЗ-ийн орлогч дарга А.П.Белоустай Эрдэнэбүрэн, Эгийн голын УЦС-ын төслүүдэд хамтарч ажиллах, “Роскосмос” корпорацийн Ерөнхий захирал Ю.И.Борисовтой сансар судлалыг шинэ түвшинд гаргах, “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй Монголын нутаг дэвсгэрээр дамжуулж ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх, 962 км урттай хий дамжуулах хоолойн төслийн талаар ярилцаж тодорхой асуудалд санал нэгдэв. Уулзалт болгонд хэт ерөнхий, яриа хэлэлцээний уйтгартай агуулга биш нарийвчилсан, тодорхой санал дэвшүүлсэн, “барьцаа” ахиулсныг энд онцлох нь зүйтэй.
Дорнын эдийн засгийн форумын нэгдсэн хуралдааныг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нээсний дараа улс орны төр, засгийн тэргүүнүүд үг хэлсэн юм. Энэ үеэр индэр үг хэлсэн Ерөнхий сайдын илтгэлд Орос, Монгол хоёр улсын харилцаа болон улс төрийн агуулга байсангүй. Зөвхөн эдийн засаг, хөрөнгө оруулалтаа л ярив. Өөрөөр хэлбэл, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт татах маш чухал чуулганыг улс төрийн “нүд”-ээр харахаас илүү дэлхий нийтийн анхаарлын төвд байсан индэрийг ашиглан хөрөнгө оруулагчдыг урьсан, аль болох олон хүнд чухал мессежийг өгөх боломж болгож ашиглалаа. Түүнчлэн гадаадын төр, засгийн тэргүүн дунд Монголын залуу удирдагч үг хэлэхдээ үндэслэл, боломж, зорилгоо дэлгэцэн дээр тооцоо судалгаатай гаргаж ирээд зоригтой тайлбарласан нь зочдод таатай уур амьсгалын төрүүлснийг судлаачид онцолж байв.
Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтын нэгдсэн хуралдааны индрээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, түүнийг хэрэгжүүлэх эхний үе шат буюу “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд тусгасан бүс нутгийн ач холбогдолтой боомт, эрчим хүч, аж үйлдвэрийн салбарын Эрдэнэбүрэн, Эгийн голын УЦС зэрэг томоохон төслүүдийг Ерөнхий сайд санал болгов. Энэ хөтөлбөрт хөрөнгө оруулагчид идэвхтэй оролцохыг уриалаад бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагаанд тулгуурлан харилцан ашигтай түншлэлийн цогц хөтөлбөр гэж тооцож буйгаа хэлсэн үгэндээ тодотгосон юм. Мөн хөрөнгө оруулалтын орчин, гадаад худалдаа, хамтын ажиллагааг Монгол Улс шинэ шатанд гаргахыг зорьж, эрх зүйн реформ хийж байгааг онцлоод эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд идэвхтэй хамтарч ажиллах болно. Дорнын эдийн засгийн чуулга уулзалт нь цар тахлын болон бүс нутгийн хямралын үед зохион байгуулагдаж байна. Хямралын үе боловч нөгөө талдаа шинэ боломжийг бий болгодог гэдэгтэй санал нэг байна. Монгол Улс бүс нутгийн хэмжээнд идэвхитэй түншлэн ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
ВЛАДИВОСТОКООС МОНГОЛ УЛС ЮУ ХОЖИВ
Дорнын эдийн засгийн форумын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хүлээж авч уулзсан юм. Уулзалт эхлэх мөчид В.Путин холбогдох албан тушаалтнуудыг нэмэлтээр дуудан ирүүлэх зэргээр өндөр ач холбогдол өгч, талархал илэрхийллээ. ОХУ, Монгол Улстай хамтран Улаанбаатар төмөр зам, Эрдэнэт үйлдвэр зэрэг томоохон төслийг амжилттай хэрэгжүүлж ирсэн, цаашид ч том төслүүдэд харилцан ашигтай хамтран ажиллах сонирхолтой байгааг хэллээ. Тухайлбал, ОХУ-аас БНХАУ-руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийг Ерөнхийлөгч В.В.Путин онцолж, эрчим хүчний төслүүдэд ч хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв. Мөн хоёр улс нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх асуудлаар тодорхой тохиролцоонд хүрснийг уулзалтын үеэр цохон тэмдэглэлээ.
Монгол Улс ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүнийхээ дийлэнх хувийг импортолдог. Роснефть компанитай хэлэлцээ хийж 1285 ам.долларт хүрээд байсан АИ-92 автобензиний хилийн үнийг 830 ам.доллар болгон бууруулж, 2022 он дуустал үнийг тогтвортой хадгалахаар болоод байсан бол чуулганы үеэр албаны хүмүүс дахин яриа хэлэлцээ хийж АИ-92 автобензинийг 2027 он хүртэл тогтвортой үнээр, дизель түлшийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар тохирлоо.
Мөн олон жил гацсан Эгийн голын усан цахилгаан станц төслийн асуудлыг НҮБ-тай хамтран шийдвэрлэж, мэргэжлийн шинжээч, судлаачдын баг гарган ажиллуулж Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын усны нөөцөд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, эцэслэхээр тогтлоо. ОХУ-ын зүгээс Эгийн голын усан цахилгаан станцын төсөл болон “ДЦС-З”-ын хүчин чадлыг нэмэгдүүлж өргөтгөхөд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм. Байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах төсөл тус бүс нутгийн хөгжилд өндөр ач холбогдолтойд тооцогдож ирсэн. Талууд төслийг идэвхтэй хамтран хэрэгжүүлж 2029 онд ашиглалтад оруулахаар ярилцлаа. Ийнхүү хоёр улсын харилцааны дараагийн шинэ зуун тохиож буй үед олон жил удааширч, яриа хэлэлцээнээс хэтэрдэггүй байсан томоохон ажлууд дээр тодорхой шийдэл, ажил хэрэг болгох амлалт, алсыг харсан өгөөжтэй буцаж ирсэн нь төсөөлснөөс том амжилт, хожил байж чадлаа. Үүний ганцхан жишээ бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Эгийн голын усан цахилгаан станцын төсөл дээр бараг анх удаа толгой дохиж, урагшаа нэг алхав.
Айлчлалыг албаны хүмүүс болон судлаачид хэрхэн дүгнэж буйг хүргэе.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Өмнө нь эсэргүүцдэг байсан бол энэ удаа төслийг хэрэгжүүлэхээр боллоо
-Эрчим хүчний салбарт ОХУ-тай хэд хэдэн төслийг эхлүүлэх талаар ярилцлаа. Нэгдүгээрт, ДЦС-3-ын хүчин чадлыг 300МВт-аар нэмэгдүүлэн өргөтгөх ажилд ОХУ-ын Интер РАО компани оролцох хүсэлтээ илэрхийлсэн. ТЭЗҮ-ийг хийж дуусгасан. Энэ талаар ОХУ-ын эрчим хүчний сайдтай уулзаж, урьдчилсан хэлэлцүүлгүүдийг хийлээ. Үүний дараа хоёр улсын Сангийн яам хооронд санхүүжилтийн хэлэлцээ хийнэ. Мөн Эгийн голын усан цахилгаан станцыг ОХУ-ын талын зарим эх сурвалж сонирхож эхэлсэн. Өмнө нь эсэргүүцээд хөдөлгөдөггүй байсан бол энэ удаа төслийг хэрэгжүүлэхээр болж байна. ОХУ-аас өндөр хүчдэлийн шугамаар энэ жил 340 орчим МВт цахилгаан эрчим хүч авах шаардлага үүсээд байгаа. Цахилгаан эрчим хүч дутагдалтай үед импортын цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахаар ярьж тохиролцлоо.
Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, судлаач Р.Болд: Монгол Улсын ашиг сонирхолд нийцнэ
-Монгол Улсын гадаад бодлогын нэг үндсэн зорилго бол олон талт хамтын ажиллагаа, түүний дотор худалдаа эдийн засгийн олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох явдал байдаг. Дорнын эдийн засгийн форум гэдэг бол олон улсын худалдаа эдийн засгийн олон талт хамтын ажиллагааны нэг хэсэг. Ер нь Ази номхон далайд худалдаа эдийн засгийг хөхиүлэн дэмжих олон талт хамтын ажиллагааны хэд хэдэн бүтэц байгаагийн нэг нь Дорнын эдийн засгийн чуулган. Ерөнхий сайд энэ чуулганд оролцож байгаагийн гол зорилго нь олон талт худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих юм. Хоёрдугаарт, Монгол Улсын гадаад бодлогын бас нэгэн гол чиглэл зарчим нь прагматик буюу хэрэв манай улсын ашиг сонирхолд нийцэж байвал чөтгөртэй ч тэврэлдэж болно. Олон улсын өнөөгийн нөхцөл байдлын талаар манай улсын улс төрийн байр суурь тодорхой. Бид түдгэлзсэн. Үүнийг нэгдүгээрт, Монгол Улс ОХУ-ын олон улсын эрхзүйг дэмжиж байгаа үйл ажиллагааг дэмжиж байна. Харин шууд хэлж чадахгүй учраас түдгэлзсэн байдлаар байр сууриа илэрхийлжээ гэж тайлбарлаж болно. Нөгөө талаас ОХУ, Украины асуудлыг зэмлэн буруутгаж байгаагаа түдгэлзсэн хэлбэрээр илэрхийлж гэж хэлж болно. Дорнын эдийн засгийн форумд манай улс оролцож ажил хэргийн харилцаагаа үргэлжлүүлэх нь зүй ёсны асуудал. Үүнд оролцох нь Монгол Улсын ашиг сонирхолд нийцнэ.
Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, судлаач Д.Баярхүү: Монголд шинэ харилцагч, шинэ боломж гарч ирж байна
-Монгол Улсын Засгийн газрын өмнө тулгарсан асуудлыг давахад ямар шийдэл, боломж байгааг Ерөнхий сайд тодорхой хэллээ. Монголын эдийн засагт хөрөнгө оруулах, томоохон төслүүдийг урагшлуулахыг урилаа. Байгалийн хийг Монголоор дамжуулахад ОХУ бэлэн байгаагаа илэрхийлсэн явдал бол томоохон ач холбогдолтой. Үүнийг ОХУ-ын төрийн тэргүүний амаар олон орны удирдагчдын өмнө хэлүүллээ. Хийн хоолойн ажил дээр Монгол Улс үүргээ маш сайн биелүүлж байгааг Газпром НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер Ерөнхий сайдтай уулзах үеэрээ хэлж байна лээ. Манай улс болон Арменийн Ерөнхий сайд нарын уулзалтаас харахад Монголд шинэ харилцагч, шинэ боломж гарч ирж байна гэж хэлж болно. Энэ бол хоёр улсын дээд түвшинд болж байгаа анхны уулзалт. Тэд дорно зүг рүү хандахаа зарлалаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 174 (6906)