Б.ОД
Үндэсний соёл амралтын хүрээлэнг тохижуулах ажлыг удахгүй эхлүүлэх талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Хууль эрх зүйн зарим зохицуулалтыг хийх Хотын даргын саналыг НИТХ-аас дэмжсэн байна.
Энэ талаар нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ "Хүүхдийн паркын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргаас өргөн мэдүүлсэн саналыг НИТХ-аас дэмжиж тогтоол гаргалаа.Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн 10.2 га газрын хашааг өнгөрсөн хавар буулгасан байдаг. Энэ сул чөлөөтэй газрыг нийслэл өөрийн мэдэлд буцаан авах шийдвэр гаргалаа. Ингэснээр тухайн 10.2 га талбай дээр хүүхэд залууст зориулсан цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулж тохижуулахаар шийдвэрлэсэн.Энэ төслийг хэрэгжүүлэгч хөрөнгө оруулагч нарын зүгээс 2015 оноос эхлэн нийслэлийн төсөвт жил бүр 698 сая төгрөг төвлөрүүлсэн. Харин энэ жилээс эхлэн нийслэлийн Засагт төвлөрүүлэх мөнгөн дүнг 800 сая болгон нэмэгдүүллээ.Паркын бүтээн байгуулалт өргөжиж, үйл ажиллагаа жигдэрсний дараа борлуулалтын орлогоос хамаарч нэмэлт орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр тохиролцоог хөрөнгө оруулагч талтай хийж чадсан. Бид хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцож бүтээн байгуулалтын ажлыг 2024 онд багтаан дуусгахаар тохиролцож чадлаа. Парк нь зөвхөн урин дулаан улиралд үйл ажиллагаа явуулдаг байсан бол одоо жилийн дөрвөн улиралд хүүхэд залууст үйлчлэх боломжтой болно" гэсэн юм.
Эх сурвалж:www.polit.mn