Т.САЙХАН
МУИС-ийн профессор, Макс Планкийн нийгмийн Антропологийн хүрээлэнгийн зочин судлаач, доктор Лхамсүрэнгийн Мөнх-Эрдэнийг 2015 онд Казахстаны Ерөнхийлөгч Назарбаев эх орондоо ирж судлаачаар ажиллахыг урьж байжээ. Тухайн үед 200 гаруй мянган ам.долларын татваргүй багц санал болгосон гэдэг. Тэрбээр "Зууны мэдээ" сонинд өгсөн ярилцлагадаа энэ тухай "Гэтэл хөрш зэргэлдээ Хятад орон өндөр хөгжилтэй орнуудын их сургуулиудад судлаач залуусаа сургаж ирсэн урт удаан хугацааны хур нөөцтэй төдийгүй 2008 оноос эхлээд "Mянган авьяас" хөтөлбөрийг хэрэгжүүлж өрнөдөд өндөр боловсрол эзэмшсэн асар олон тооны Хятад болон Хятад гаралтай болон гадны эрдэмтэдийг өндөр хэмжээний цалин хөлс, халамж, харамж, санхүүжилт өгч авчирч өөртөө тэдний мэдлэг, чадварыг нутагшуулах ажилыг эрчимтэй зохион байгуулж байна шүү дээ. Мөн манай хажуугийн Казахстан улс гэхэд л Болашак буюу Ирээдүй гэдэг хөтөлбөрөөр 15 мянга шахам залуусыг өрнөдийн тэргүүлэх сургуулиудад бэлтгэсэн төдийгүй, хоёр тэрбум ч бил үү долларын анхны хөрөнгө оруулалт хийж Назарбаев Их Сургууль хэмээх англиар сургалт явуулдаг судалгааны их сургууль байгуулж дэлхийн шилдэг их сургуулиудтай өрсөлдөх цалин, хангамж, тэтгэмж санал болгож Өрнөдийн эрдэмтдийг урьж сургалт, судалгаа явуулж байх жишээтэй. Надад 2015 онд цалин, хангамж, элдэв тэтгэмж нийлээд жилийн 200 гаруй мянган ам.долларын татваргүй багц санал болгож байсан байх жишээтэй. Ийм жишгээр Сингапур, Саудын Араб, Орос зэрэг олон улс орнууд дээд боловсрол эрдэм шинжилгээ хөгжүүлэх тууштай бодлого явуулж байх. Гэтэл манай бодлого үндэсний чадавхаа хөгжүүлэх (national capacity building) бус харин гадагш нь шилдэг тархинуудаа урсгахыг хөхүүлсэн бодлого болчихоод байна шүү дээ. Өөрсдийн их сургуулиудынхаа бүсийг чангалаад шилдэг тархи тогтох боломжгүй болгоод, дээрээс нь төр нь ерөнхий боловсролын сургууль төгссөн шилдэг хүүхдүүдээ гадагш нь өндөр төлбөр төлж явуулаад, хувийн сургуулиуд нь шилдэг хүүхдүүдийг цөмөөд гадагш нь явуулах замаар бизнесээ сурталчаад байж байна шүү дээ. Төлөвшөөгүй 20 орчим насны хүүхэд өрнөдийн сургуулиудад сураад Монголд буцаж ирэх боломжгүй. Ирье гэсэн сэтгэл байсан ч бакалаврын сургалт дөнгөж гараа төдий, тэд мэдээж ажил төрөл ирээдүйн карьераа хөөж магистр, докторын хөтөлбөрт хамрагдахын хичээх нь зүй. Энэ арван хэдэн жилд хүн төлөвшинө, амьдрал зохион байгуулна. Энэ бүхэн нь тухайн орон орчиндоо суурьших үгүйсгэх аргагүй бодит нөхцөл. Түүний оронд Монголдоо бүх шилдэг тархинуудаа сургаад, болвол магистр хамгаалсны дараа докторын, постдокторын сургалт судлагаанд хамруулбал тэд харин Монголдоо ирнэ. Бид шилдэг тархинуудаа алдахаа больж, үндэсний өрсөлдөх чадавхаа ч нэмэгдүүлнэ" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn