Б.БАЯРЖАВХЛАН
Цар тахлаас үүдэж ачаа тээвэр, хилийн асуудал хүндхэн байгаа. Гэхдээ Засгийн газраас энэ оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс хилийн шугам дээр чингэлэг солилцох ажлыг эхлүүлсэн. Хилийн шугамын чингэлэг солилцох талбайгаас Замын-Үүд сумын Гаалийн хяналтын талбай хүртэлх тээвэрлэлтийг Засгийн газраас зардлыг хариуцан гүйцэтгүүлж буй. Ингэхдээ 50 тээврийн хэрэгсэл түрээслэн, хүчний байгууллагын 50 жолоочоор гүйцэтгүүлж эхэлсэн.
Мөн 2022 оны тавдугаар сарын 15-нд иргэдийг тээврийн хэрэгслийг дундын бүсэд ажиллуулах шийдвэр гаргаж, 30 тээврийн хэрэгсэл явуулах болсон. Үүнээс үүдэж 5700 гаруй иргэн ажлын байргүй болоод байгаа аж. Энэ талаар Тээвэрчдийн холбооноос өнөөдөр Сүхбаатарын талбайд мэдээлэл хийж 24 цагийн хугацаатай Шадар сайдад шаардлага хүргүүлж буйгаа хэллээ.
Монголын авто тээвэрчдийн “Соёмбо” нэгдсэн холбооны захирал Б.Ууганбаяр “Тээвэрчид удаа дараа тэмцэл хийж чингэлэг тээврийг зогсоож задгай тээврийг явуул, тээвэрчдийн ажлын байрыг тэдэнд үлдээ гэсэн байр сууринаас удаа дараа тэмцэл өрнүүлсэн. Нааштай хариу шийдвэр үзүүлнэ гэж Засгийн газраас хэлсэн ч үр дүнд хүрсэнгүй. Тиймээс бид 24 цагийн хугацаатай 7 шаардлага бүхий бичгийг Шадар сайдад хүргүүллээ.
Жишээлбэл: Гурван задгай тээвэрт ачих ачааг 8-9 чингэлэгээр оруулж ирж байна. Энэ нь үнийн өсөлтөд маш их нөлөөлж байна. Энэ мэтчилэн төр, засгийн гаргаж байгаа шийдвэр маш дутуу, дулимаг. Улс, хоорондын тээвэр хийж амьжиргаагаа залгуулдаг 5700 гаруй жолоочийн ажлын байрыг буцааж өгөх хэрэгтэй. Мөн иргэдийн ажлын байрыг бүрэн чөлөөлж төрийн нэрээр үүрэг гүйцэтгэж байгаа 30 автомашинаа даруй татан авах, гаднын хөрөнгө оруулалттай компаниудад давуу байдал олгохгүй байхыг шаардаж байна. Төрийн нэртэй чингэлэг тээврийн автомашин өдөр болгон, харин иргэнийх сард ганцхан явж байгаа. Энэ асуудлуудыг шийдэхийг шаардсан байгаа. Хэрэв шаардлагад хариу өгөхгүй, хүлээн авах бол хүнд даацын автомашинтай жагсаал хийнэ. Одоогоор 100 автомашин бэлэн байна. " гэлээ.
Замын-Үүд сумын жолооч Б.Батхуяг “Замын-Үүдийн ажлын байраа алдсан 5700 жолоочын төлөөлөл би байна. Задгай тээврийн үйлчилгээ явуулдаг жолооч нарын хувьд амьдрал нь зогсонги хүндхэн байдалд ороод байна. Миний хувьд өнгөрсөн жилийн наймдугаар сард сүүлийн тээврээ хийгээд нам зогссон байдалтай байна. Аргаа барахдаа Улаанбаатарт таксинд явж байна. Ар гэрээ тэжээх зайлшгүй гаардлагын улмаас түгжирэл дээр түгжээ болоод байж байна. Бид өөрсдийн ажлыг хиймээр байна. Энэ асуудлыг шийдэж өгөөчээ гэж хүсэж байна” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn