С.УЯНГА
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Ээлжит зочноор уригдсан "Ти Ди Би секьюритис” ҮЦК-ийн ахлах брокер Д.Энхзаяагийн хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
-Манай улсад хөрөнгийн зах зээл ид хөгжлийнхөө үед явж байна. Тэр дундаа сүүлийн таван жилд үсрэнгүй хөгжиж, зах зээлийн үнэлгээ ч өслөө. 4-5 жилийн өмнө нэг их наяд байсан бол өнөөдөр 3.5 их наядаар үнэлэгдэж байна. Ингэж үсрэнгүй хөгжиж, өөрчлөгдөж байгаа нь хөрөнгийн зах зээлийг сонирхогчдын тоо эрс нэмэгдсэнтэй холбоотой.
-Иргэд мөнгөө хадгаламжинд хийх биш хөрөнгийн зах зээлд оруулж байна. Өнөөдөр хадгаламжийн хүү ихдээ л 10 хувь байгаа. Гэтэл инфляц 16 хувьд хүрлээ. Нэг жилд 10 хувийн өгөөж аваад банкинд хадгаллаа гэхэд инфляцийн зөрүүнээс зургаан хувийн алдагдал хүлээнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, таны мөнгөний худалдан авах чадвар жилийн дараа шууд зургаан хувиар буурч байгаа нь хөрөнгө оруулалт, мөнгөний үнэ цэнээ хадгалж байгаа хэрэг биш алдагдал болж хувирч байна.
-Инфляц өндөр үед улс орнууд мөнгөний хумих бодлого баримталснаар Төв банкнууд бодлогын хүүгээ өсгөдөг. Бодлогын хүү өсөхөд хүмүүс хувьцаагаа зарж хөрөнгийн зах зээлээс гарах урсгал бий болдог. Учир нь мөнгөө барьж үлдэх нь илүү ашигтай болж эхэлдэг. Үүнийг дагаад хадгаламжийн хүү өснө. Тиймээс эрсдэлгүйгээр нь хадгаламжийг сонгох сонирхол нэмэгдэх хандлага бий болдог.
-Хөрөнгийн зах зээл унаж байгаа үед шууд хувьцаагаа зарахаас илүү хадгалсан нь зөв. Харин хадгалахдаа ногдол ашиг өндөр өгдөг компанийн хувьцааг сонгосон нь дээр. Ноогдол ашгийг жилийн 7-8 хувьтай гэж тооцвол хадгаламжийн хүүтэй дүйцэхүйц өгөөж авч чадна. Дээр нь хувьцааны ханш өсөх юм бол ноогдол ашиг дээр нэмж тооцогддог.
-Хувьцаанд хөрөнгө оруулахад хоёр эрсдэл бий. Нэг нь ханш унах, нөгөөх нь компани дампуурах. Тиймээс анхнаасаа юунд хөрөнгө оруулж байгаагаа судалж итгэлтэй болсон үедээ шийдвэр гаргах хэрэгтэй. Тэгэхээр хадгаламжаас илүү урт хугацаагаар хувьцаанд хөрөнгө оруулах нь өгөөжтэйг баг багаар ойлгож эхэлж байна.
-Хувьцаат компани, хувьцаа эзэмшигч хоёр тодорхой эрх, үүрэгтэй. Иргэн компанийн хувьцааг биржээс худалдаж авснаар хувьцаа эзэмшигчдийн хуралд суух хэлбэрээр компанийн үйл ажиллагаанд байр суурь, санал бодлоо илэрхийлж хамтын шийдвэр гаргахад нь оролцож болно. Хоёрдугаарт, компанийн ашгаас хүртэх эрхтэй болж байна. Мөн компани ямар нэг байдлаар дампуурлаа гэхэд зээлдүүлэгч, давуу эрхтэй хувьцаа эзэмшигчдэд өр төлбөрийг нь барагдуулсны дараа энгийн хувьцаа эзэмшигчид хөрөнгийг нь хувааж авдаг. Тэгэхээр муугаар бодоход дампуурсан ч хоосон үлдэхгүй. Ямар нэг хэмжээгээр нөхөн төлбөр авна.
-Гадны компаниудад ам.доллараар хөрөнгө оруулалт хийснээр төгрөгийн эрсдлээс шууд хамгаалагдах давуу талтай. Өөрөөр хэлбэл, төгрөгийн эрсдлээс хамгаалахаас гадна доллараар төгрөгийн хадгаламжаас өндөр өгөөж хүртэх юм. Гэхдээ байнга ийм байна гэж байхгүй. Хөрөнгийн зах зээл одоогоор уналттай байна.
-Цар тахлын үед хүмүүс хувьцаа, криптовалют худалдаж авснаар хөрөнгийн зах зээл нэлээн хөөсөрлөө. Одоо инфляц өсөхийн хэрээр хүмүүс хөрөнгийн зах зээлээс гарч мөнгөө авч үлдэх хандлага ажиглагдаж байна. Ийм уналтын үед хүмүүс мөнгөний үнэ цэнээ хадгалж, тэсч үлдэх нэг арга нь бондын хөрөнгө оруулалт болж байна. Бонд худалдаж авахад инфляцид өртөхгүй. Засгийн газрын олон улсад гарсан ам.долларын болон компанийн бондууд бий.
-Бонд бол хөрөнгө оруулагчдаас тодорхой хүүтэйгээр мөнгө зээлж аваад жил бүр өгөөж өгдөг үнэт цаас. Бондын хүү тогтмол байхаас гадна өгөөж 20-30 хувьтай байх жишээтэй. Нэг ширхэг бондыг 100 ам.доллараар худалдаж авлаа гэхэд ханш нь 65 ам.доллар болж унасан ч хугацааны эцэст 100 ам.доллараар төлөлтөө авна. Ханшаас өгөөж хүртэхээс гадна купоныг нэмбэл компанийн онцлогоос хамаарч жилд дунджаар 20-35 хувийн ашиг авч болох жишээтэй. Хэн ч бондод хөрөнгө оруулж болно.
-Дотоодын бондыг анхдагч зах зээл дээр нь худалдаж авчихаад хоёрдагч зах зээл дээр зарах боломжтой. Харин хоёрдагч зах зээлийн оролцогчид мэргэжлийн хөрөнгө оруулагч байх шаардлагатай. Тодруулбал, харилцагчийн эзэмшиж байгаа хөрөнгө 500 саяас дээш, эсвэл сарын орлого 10 сая төгрөгөөс дээш гэдгээ батлах ёстой болдог.
-Харин анхдагч зах зээлийн арилжаанд ямар нэг шалгуургүйгээр хүссэн мөнгөн дүнгээрээ оролцож болно. Ихэнхдээ дотоодын бондын нэгжийн үнэ сая төгрөг байдаг. Тухайн компани төлбөрийн чадваргүй л болохгүй бол өөр эрсдэлгүй. Гэхдээ компаниуд үл хөдлөх хөрөнгө, зээл, үнэт цаасаа барьцаалах зэргээр зээлдэгчдэд баталгаа гаргаж өгдөг.
-Иргэд нээлттэй болон хаалттай бондын хөрөнгө оруулалтыг сонирхох хамгийн том давуу тал бол үнэт цаасны компанийн харилцагч болох эсвэл нэг бүрчлэн холбогдож, танилцуулгыг авч байж сонголтоо хийх юм. Харин гадаадын бондыг худалдаж авах шалгуур нь хамгийн багадаа 2000 ширхэг буюу ойролцоогоор 180 мянган ам.доллар болдог. Манай компанийн хувьд харилцагчдадаа бага дүнгээр ч хамаагүй гадаад бондод хөрөнгө оруулах боломжийг олгодог.
-Монголын хөрөнгийн бирж, Төлбөр тооцооны байгууллага, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийг харвал төрийн өмчит компани гэдэг утгаараа үйл ажиллагаа нь жаахан удаашралтай явж байна. Тиймээс хөрөнгийн зах зээл, арилжааг удирдан чиглүүлж яваагийн хувьд төрийн байгууллагуудын хөгжлийг хурдасгах шаардлагатай.
-ХХI зуунд бүх зүйл технологид суурилж, техникийн хөгжилтэй хөл нийлүүлэхээс аргагүй боллоо. Тиймээс хөрөнгийн зах зээлийн орлцогч байгууллагуудын үйл ажиллагааг хурдасгаж үйл ажиллагааг нь үр ашигтай болгохын тулд технологийн шинэчлэл хийх шаардлагатай байна.
- Мөн үнэт цаасны компаниуд улирал болгон тайлангаа гаргаж хариуцлагатай байхад хөрөнгийн бирж заавар зөвлөгөө өгч, илүү хариуцлагажуулах ёстой. Компаниудын тайлан заасан хугацаандаа ил болсноор судалгаа шинжилгээ илүү нарийн түвшинд хийгдэх, цаашлаад хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад илүү хялбар болно. Үр дүнд нь олон нийтийн хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, ойлголт нэмэгдэх эерэг хандлагатай.
Эх сурвалж: www.polit.mn