Б.Жигжид: Монгол Улсын шинэ мянганы хөгжил “Мянганы зам”-аас эхэлсэн

2022-07-07
Нийтэлсэн: Админ
 24 мин унших

Т.БАТСАЙХАН

 

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Энэ удаа бид 1990-1992 онд Түлш эрчим хүчний сайд, 1992-1996 онд Эрчим хүч, геологи, уул уурхайн сайд, 2000-2004 онд Дэд бүтцийн сайдаар ажилласан Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Бямбын Жигжидийг урьж, ярилцлаа. 

 

 

“Би хийж бүтээе л гэсэн үзэл баримтлал, мөрөөдөл зорилготой  амьдарч ирсэн”  

 

-Та өөрийн ухамсарт амьдралаа Монголын төрд зориулсан хүн.  Тэр дундаа Монгол Улсын хөгжил дэвшлийн суурь тавигдаж байсан тэр он жилүүдэд  гол ачааг үүрчээ.  Анх мэдээж намын байгууллагаар дамжиж төрийн албанд орж зүтгэсэн болов уу.  Тэр үеийн Б.Жигжид ямар хүн байсан бэ.  Ямар үзэл баримтлалтай, мөрөөдөл зорилготой залуу байв.  Энэ талаар яриагаа эхлэх үү?


-Бидний залуу нас социализмын үеийн маш хатуу чанга, дэг журам дунд өнгөрчээ. Тэр үеийн боловсон хүчний бодлого гэж агуу бодлого байлаа. Хүнийг сургах дадлагажуулах, өсгөх дэвшүүлэх, албан тушаалд томилох гээд бүхий талаас нь маш их судална.  Тийм л онцлогтой  цаг үед би хөдөө сумын жаахан хүү аймгийн төв, Улаанбаатар хотоо ч үзэлгүй  шууд ОХУ-д суралцахаар явсан. Төгсөж ирээд нам засгийн  бодлого шийдвэрийн дагуу мэргэжлийнхээ ажилд томилогдож, тэр цагаас хойш ажил, амьдралын маш олон шалгуурыг давжээ. Слесарийн ажлаас эхлээд инженер, деспичер, үйлдвэрийн дарга, Нийтийн аж ахуйн яаманд орлогч сайд, Төрийн сайд хүртэл дэвшиж, дээшилж ажиллалаа.    Тухайн үед нам засаг боловсон хүчнээ таньж мэддэг, бэлдэж чаддаг, эргээд яаж ашиглахаа ч мэддэг байж.  Мөн томилсон хүнийхээ араас маш их санаа тавина. Хийж бүтээж байвал үнэлж, өөдөө дээшээ томилно.  Хийж бүтээгээгүй бол шууд л явуулчихна.  Ийм нэг харгис гэх юм уу, шударга нийгэмд залуу насаа хөдөлмөрлөж өнгөрүүлсэн. Үүний дүнд Төрийн сайд, Төрийн зүтгэлтэн хэмээн дуудуулах хувь тохиол надад заяажээ. Миний туулсан энэ замд ямар нэгэн арын хаалга, танил тал, садан  төрөл гэж байсангүй.   Миний амьдралын зорилго ерөөсөө л хийж бүтээх байсан. Ерөөсөө л хар багаасаа сандлын хөл санжигнасан байвал яаж тэрийг янзлах уу гэж боддог хүүхэд байлаа. Энэ л зарчмаараа ажил амьдралдаа хандаж ирсэн.  Хүн гэдэг амьтан амьдралынхаа бүхий л цаг үед өөрийн гар, ухаанаар бүтээсэн зүйлээсээ таашаал авч өсөж дэвшиж цаашаа явдаг.  Мөн өөрийн гараар бүтээсэн тэр л зүйлүүд маань миний үр хүүхдэд үлдэж, тэд биднийг дурсаж, бахархаж явдаг жамтай юм.   Тиймээс би хийж бүтээе гэсэн үзэл баримтлал, мөрөөдөл зорилготой  явж ирсэн дээ.  


-Та Архангай аймгийн Жаргалант суманд төрж өссөн.   Аав ээж, нутаг ус хүүхэд ахуй цагаа дурсахгүй юу? 


-Би 1945 онд бичин жилийн зудны сүүл мушгиж, өвөл хоёрдугаар сард төрсөн хүн. Манайх 20, 30 хонь ямаа, хоёр, гуравхан уналганы морьтой, гурав дөрөвхөн үнээ саадаг, ядуувтар айл байлаа.  Ах дүү 10-уулаа. Аав ээж минь үр хүүхдээ тэжээж, өсгөж хүмүүжүүлэх гэж  хар бор ажлыг хайр найргүй хийсэн улс.  Үр хүүхдэдээ ч хадлан тэжээл бэлдэх, хонь мал ноослох хариулахаас эхлээд хар бор ажлыг зааж сургана.   Одоогийнхоор бол миний хүүхэд нас хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр дунд өнгөрсөн юм уу даа /инээв/.  Гэхдээ тэгж явсны хүчинд л бидний ахан дүүс өдий зэрэгтэй яваа гэж боддог доо. Тэр үеийн хөдөөгийн хөдөлмөр хүнийг хүн болгодог, эрэгтэй хүүхдийг эр зориг, хаттай болгодог байжээ. Би Жаргалант сумандаа бага сургуульд сураад, Эрдэнэмандал суманд ахлах сургуулиа төгссөн. Ингээд шууд төгсөөд ЗХУ-ын хувьсгалч С.М.Свердловын нэрэмжит Уралын Политехникийн дээд сургууль буюу одоогийн Екатеринбургийн Технологийн их сургуулийн оюутан болсон.  Дулаан хангамжийн инженер мэргэжлээр төгссөн. Энэ сургууль маань их алдартай шүү дээ. Дайны үед Уралд эрчим хүчний том том үйлдвэрүүдийг төвлөрүүлж байлаа.  Тэр бүхний дэргэд энэ мэргэжлийг эзэмшсэн.  Энэ сургуулийг ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга асан Н.Рыжков, ОХУ-ын Ерөнхийлөгч Б.Ельцин нар төгссөн, эрдэмтэн багш нар нь ч алдартай, мундаг сургууль байсан.  Эцэг эхийн хүмүүжил намайг хар багаасаа хийж бүтээхийг сургасан бол Уралын сургууль миний нүд, оюуныг нээж өгсөн дөө. 


-Хөдөөгийн сумын сургуулийн хүүхэд шууд л ОХУ-д сурахаар очиход хэцүү байсан уу?


-Их хөглөсөн. Миний өмнөхөн үе юм даа.  ОХУ-д суралцах оюутнуудыг Эрхүүд аваачиж хэлний бэлтгэлд суулгадаг байлаа. Гэтэл бидний хэсэг нөхдийг ямар ч хэл усгүй шууд Уралын сургуульд нь явуулчихсан. Хэлний бэлтгэлд суугаагүй очсон болохоор хичээл нь анхандаа Гималайн оргилд мацахаас ч бэрх зүйл байж дээ. Ёстой маанаг амьтан байсан юм. Яваандаа орос оюутан нөхдийнхөө дунд ороод тус дэмээр нь  хэл усандаа зүгширсэн.  Гэхдээ ярианы орос хэл сурахын нэг аюултай зүйл нь орос оюутнууд хоорондоо дандаа хараалын үгээр ярина.  Тэрийг нь бид сурчихаад багш нартай ярихаар үнэхээр гайхдаг байсан.  
Тухайлбал,  Я потерял гэж байгаа юм. Монголоор бол “Би хоолоо гударсан” гэж байгаа юм /инээв/.  Сүүлдээ хэт хар ярианы хэл сураад хэд хэдэн удаа эвгүй байдалд ороод ерөөсөө өөрөө хичээх ёстой юм байна гээд орос хэлний толио бариад сурсан даа.  Тэгээд нэг улирал ингэж хөглөөд дараагийн улирлаас л онц сурлагатан болсон байдаг.

 

“Давхиж яваа галт тэрэгний урд гүйж яваа юм шиг л ажиллаж амьдарсан”

 

-Уралын сургуулийг төгсөж ирээд л эрчим хүчний салбарт ажиллаж эхэлжээ. Тэр үед Монголын эрчим хүчний байгууллагын үйл ажиллагаа ямархуу байсан юм бэ?


-Өөрийн туулсан амьдралаа харахаар дандаа л асуудалтай хүнд хүчир зүйл рүү орж ажиллажээ.  Түлш эрчим хүч, нийтийн аж ахуй, уул уурхай, бензин тос гээд бүгдтэй нь зууралдсан.  Оросууд ярьдаг л даа. Давхиж яваа галт тэрэгний урд гүйж яваа амьтан гэж. Би тийм л амьтан явлаа.  Галт тэрэгний урдаас хөлийн хурдаар гарвал гарна, гарахгүй бол галт тэргэнд дайруулна.  Миний  амьдралын бүхий л цаг үе ийм байсан.  Сургуулиа төгсөөд ирсний дараагаар Түлш эрчим хүчний яамнаас намайг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Дулааны станцад инженерээр яв гэсэн л дээ. Би жаахан дурамжхан байлаа, тэр станц нь модны үртсээр хөдөлдөг.  Би өөрөө дулааны инженерээр төгссөн болохоор нүүрсээр ажилладаг станцад орчих санаатай.  Тэгээд ямар тохиол байсан юм яамны үүдэнд сумынхаа нэгдлийн дарга байсан Пүрвээ гуайтай таарлаа. Тэр хүн Аж үйлдвэрийн яаманд хэлтсийн даргаар ирсэн байж л дээ. Би ч учир байдлаа хэллээ. Удалгүй яамнаас намайг Төвийн эрчим хүчний системд ажиллуулахаар томилсон доо. 


Ингээд 1969 онд Эрчим хүчний төвийн диспетчерээр ажлын гараагаа эхэлсэн.  Тэнд байхдаа  бүх л дулааны станцаар явж танилцана. Бүтэн жил гэр орондоо үзэгдэхгүй.  Тэгээд ирээд явсан ажлаараа шалгалт өгдөг байлаа. Тэр үед манай цахилгаан станцууд хэтэрхий хуучирсан, хүчин чадал хүрэлцэхгүй, үнэндээ л хэцүү байсан. Жаахан ачаалал аваад л үйл ажиллагаа нь тасалдаад хот даяараа тоггүй болчихно.  Өвөл бол орон сууц, конторууд нь хөлдчих гээд хэцүү.  Эрчим хүчний төвийн диспетчерээр би дөрвөн жил ажилласан. Тэдгээр он жилүүдэд ажил мэргэжлийн том сургуулийг төгссөн гэж боддог юм. Түүний дараа Улаанбаатар хотын Дулааны шугам сүлжээний газрын ерөнхий инженерээр томилогдсон.  Мөн хоёр жил дулааны сүлжээний даргаар ажилласан юм шүү дээ.  Гэтэл нэг өдөр Төв хорооны Дамдин дарга дуудлаа. “Жигжид ээ.  Чамайг өөр газар томилсон. НААҮЯ-нд маш сайн хүн тавьж жаахан ажил явуулах хэрэгтэй байна” гэлээ. Би уг нь салбараасаа явмааргүй байсан л даа. Янз бүрийн шалтаг тоочлоо. Гэтэл аль хэдийнэ дээгүүрээ яриад томилчихож.   Ингээд би 1984  оноос НААҮЯ-ны орлогч сайдаар ажилласан юм. 

 


-Нийтийн аж ахуйн яаманд  ер нь асуудал хэр байв?


-Маш их ажилтай. Бүх аймгийн нийтийн аж ахуйн газруудыг хариуцна. Дизель станцууд, уурын зуух, усан хангамж, ахуй үйлчилгээний газрууд гээд хэл ам ч тасрахгүй.  Тэндээс ч би маш их зүйл сурсан. Ингээд 1990 оны сүүлээр шинэ Засгийн газрын тэргүүн Д.Бямбасүрэн гуай өрөөндөө дуудаж байна. “Чамайг Түлш эрчим хүчний сайдаар томилно” гэв.  Би “Энэ салбарын дээд удирдлагад байж үзээгүй. Ажилламаагүй байна” гэдгээ хэллээ.  Гэтэл Д.Бямбасүрэн сайд “Ерөнхийлөгчтэй яриад тохирчихсон.  Намыг даалгавар шүү” гээд л амыг минь таглаж байлаа.  Ингээд би Төрийн сайд болсон доо.  Бас л хүнд ажил шүү. 1988, 1989 онуудад Улаанбаатар хотод байнга тогны хязгаарлалттай байдаг байсан.   Намайг яг Түлш эрчим хүчний сайдын ажил авахад Дөрөвдүгээр станцын зургаан том уурын генераторын нэг нь л ажилладаг байсан. Нэгийнх нь засварын ажил 90 хувьтай байсан.   Энэ станц Улаанбаатарын бүх цахилгааны 90 хувийг ганцаараа хангадаг, дулааны 60 хувийг хангадаг.  Сайдын ажил аваад л өвөл тулчихсан байдаг. Түлшгүй, шатахуунгүй, сэлбэггүй, юу ч үгүй ийм л цаг үетэй нүүр тулж байсан юм. 
-Цаг үе мэдээж амаргүй байсан байх. Гэхдээ та Төрийн сайд хүний үүрэг хариуцлага, үзэл баримтлал, ёс зүйг юу гэж ойлгож , хүлээж авч байв?
-Тийм хэцүү, хатуу үед Монгол Улсын түлш эрчим хүчний салбарыг удирдана гэдэгтээ нэг л итгэлгүй байсан.  Дотроо айж байсан шүү.   Ядаж УИХ намайг сайдаар томилох асуудлыг хэлэлцлээ. Тэгсэн АН-ынхан “Энэ хүнийг сайд болгохгүй.  Наадах чинь болохгүй хүн” гээд л байх юм.  Ерөнхий сайд миний хажууд сууж байхаар нь “Би ерөөсөө больвол яасан юм” гээд л хэлээд тавьчихлаа. Тэгсэн Д.Бямбасүрэн гуай “Чи дуугүй бай.  Тэгдэггүй юм” гэж билээ.  Ингээд намын гишүүдийн саналаар сайд боллоо, салбартаа зүтгэлээ.  Тэгээд 1992 он хүртэл улаан гэрэл нь ассан байсан түлш эрчим хүчний салбараа  аюулаас жаахан ч гэсэн мулталсан.  1995, 1996 он хүртэл түлш эрчим хүчний салбарын зогссон, хэзээ мөдгүй хаалгаа барих гэж байгаа үйлдвэрүүдийг “асаах” гэж нэлээд зүтгэсэн дээ.  

 

 

“Хонгилын үзүүрт гэрэл харагдсан он жилүүд байсан”

 

-Түүний дараа та П.Жасрайн Засгийн газрын Эрчим хүч, геологи, уул уурхайн сайд, Н.Энхбаярын Засгийн газарт Дэд бүтцийн яамны сайдын алба хашиж байжээ.  Ер нь Засгийн газар болгон өөр өөрийн гэсэн онцлогтой биз?


-1992 онд манай улс шинэ Үндсэн хуулиа баталсан. Ардчилсан сонгууль зохион байгуулж, дахин шинэ Засгийн газар бүрдэж, П.Жасрай гуай тэргүүлэх болсон.  Тэр үед ч эрчим хүчний  салбар маань арай гэж өнгө төрхөө олоод ёстой нөгөө хонгилын үзүүрт гэрэл харагдана гэдэг шиг л ажил жигдэрч байсан үе шүү дээ.  Гэтэл  1994 оноос манай яамыг Эрчим хүч, геологи, уул уурхайн яам болгож өөрчлөөд ашгүй намайг нэг аваад хаячих болов уу гэж баярлатал П.Жасрай сайд “Жигжид ээ чамаас өөр энэ салбарыг авч явах хүн байхгүй” л гэж байна.  Үргэлжлүүлэн сайдаар ажиллахад ч надад айх зүйл байгаагүй.  Салбараа босгохоор зүтгээд, зүлгээд л байсан. Гэхдээ удахгүй 1996 оны парламентын сонгуулиар АН олонхи болж, хамтарсан Засгийн газар байгуулахад олон сайд нар лааз өшиглөсөн. Тэрний нэг нь би. Ажилгүй байна гэдэг чинь бас л аймшиг шүү.   Цонхоор харахад гудманд цэвэрлэгээ хийгээд зогсож байгаа хүн хүртэл сайхан харагддаг шүү.  Тэгж би нэг жил гэртээ суусан.

 
-Удалгүй НААҮ-ийн газрын даргаар томилогдсон байна. Ер нь таныг төр засаг амраах тун дургүй байжээ?


-Тэр үед М.Энхсайхан Засгийн газрыг тэргүүлж байсан.  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг НААҮ-ийн газрын даргаар ажиллах хүн гэхэд нь намын нөхөд маань намайг санал болгож л дээ. Гэтэл Ерөнхий сайд “Тэр чинь улаан коммунист нөхөр дөө” гэж байсан гэдэг.  Би ч больё доо гэж бодож байтал удалгүй Засгийн газрын хуралдаанд дуудаад л шууд томилчихсон.  Надаас ч нэг ч юм асуугаагүй.   Тэгээд 2000 оны УИХ-ын сонгууль болтол НААҮ-ийн газрын даргаар ажилласан юм.  Манай нам тухай жилийн сонгуулиар их өргөн бүрэлдэхүүнтэй ялалт байгуулсан. Мөн л Засгийн газраа эмхлэн байгуулахаар бужигнаж өглөө.  Засгийн газрын тэргүүнээр Н.Энхбаяр сайдыг томиллоо.  Н.Энхбаяр бид өмнө нь П.Жасрай гуайн Засгийн газарт нэг нь Соёлын сайд, нэг нь Түлш, эрчим хүчний сайд хийдэг. Хоёулаа зэрэгцэж суудаг байв. Н.Энхбаяр маань намайг бодвол нэлээд ардчилсан үзэлтэй, барууны оронд мэргэжил эзэмшсэн сайд байсан л даа. Ингээд 2000 онд Ерөнхий сайдаар томилогдоод намайг дуудаж байна. “За Жийгээ сайд аа. Би Засгийн газартаа таныг сайд болгоно.  Түлш эрчим хүчийг лав танаас салгахгүй” гэж байна.  Би өмнө нь олон жил энэ салбарыг босгох гэж зүтгэсэн учраас олон юм ярьсангүй. Ингээд удалгүй Засгийн газрын бүтэц байгуулагдлаа.  Тэгсэн зургаан яамны бүтцийг нэгтгэж, Дэд бүтцийн яам болгоод намайг сайдаар нь томилсон.  Холбоо мэдээлэл, зам тээвэр, барилга, нийтийн аж ахуй, эрчим хүч гээд бүгдийг нь надад хариуцуулсан.  ИНЕГ, Төмөр зам гээд 13 агентлаг манай яамны харьяанд өгсөн.  Дээр нь  Монгол Улс-ОХУ-ын, Монгол-БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын даргаар томилогдон ажиллалаа.  Хүний надад итгэсэн итгэлийг алдахгүйн тулд, хичээн зүтгэж, маш завгүй ажилласан.  Би давхиж яваа галт тэрэгний урьд гүйж яваа амьтан шиг л амьдарсан гэдэг үнэн байгаа биз /инээв/.  

 

“Зам гэдэг бол ерөөсөө улс орны хөгжил, хувь заяа юм”

 

-Та мэдээ үзэв үү. "Мянганы зам"-ын бүтээн байгуулалт дууслаа гээд л саяхан Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлээ.  Та Мянганы замын ажлыг эхлүүлж хэрэгжүүлж байсан хүний нэг шүү дээ?


-Н.Энхбаярын тэргүүлсэн Засгийн газрын эхлүүлж хэрэгжүүлсэн хэд хэдэн том төслийн эхнийх нь “Мянганы зам” байсан. Нэг өдөр намайг тухайн үеийн УИХ-ын дарга Л.Энэбиш агсан өрөөндөө дуудаад “Нам маань үнэмлэхүй ялалт байгуулчихлаа. Одоо улс орны хэмжээнд хөгжлийн нэг том төсөл хэрэгжүүлмээр байна.  Монгол Улсын автозамын сүлжээг хөгжүүлье” гэсэн. Би ч дэмжсэн. Ингээд “Мянганы зам” хэмээн нэрлэж, Манай Засгийн газрын тэргүүн Н.Энхбаяр маань ч энэ төслийг ажил хэрэг болгож, эхлүүлэхээр зүтгэсэн дээ. Тухайн үед  автозамын сүлжээг хөгжүүлнэ гэдэг амар байгаагүй.  Улаанбаатараас Өвөрхангай хүртэл нэг эвдэрхий замтай, Сэлэнгэ, Эрдэнэт рүү л хатуу хучилттай магистралын замтай ийм л улс байсан шүү дээ.  “Мянганы зам” төслийг хэрэгжүүлж эхлэхэд яг үнэндээ бидэнд хөрөнгө мөнгө ч байгаагүй. Нээх гоё нэртэй, нээх том зорилго, тэмүүлэлтэй хүмүүс л эхлүүлсэн. Тухайн үед автозам барихаар Улсын төсөвт 50 сая төгрөг л тавьдаг байлаа. Тийм мөнгөөр ямар зам барих вэ.  Ингээд 2000 оны төгсгөл гэхэд  Засгийн газраас “Мянганы замыг хэрэгжүүлэх Монгол Улсын Үндэсний хөтөлбөр”-ийг батлаад Үндэсний комисс байгуулсан. Би тэр комиссын даргаар нь ажиллаж, бүх сайд нар, бүх аймгийн Засаг дарга нарыг энэ комисст оруулсан. Улмаар 2001 оны нэгдүгээр сарын сүүлчээр УИХ “Монголын автозамын сүлжээг хөгжүүлэх босоо болоод хэвтээ замын Мянганы зам төсөл”-ийг баталсан.  Энэ төслийг үндэсний хэмжээнд орон даяар хэрэгжүүлсүгэй гэсэн УИХ-ын тогтоол гарсан. Тэгээд л манай Засгийн газар пижигнэж эхэлсэн дээ. Өвлийн ид хүйтнийг ажралгүй “Мянганы зам”-ын шавыг тавьж ажилдаа орсон. 


Манай Засгийн газрын тэргүүн Н.Энхбаяр, холбогдох сайд нар  явж баруун талаар  Улаанбайшинт, зүүн талаар Сүмбэрийн Рашаантын заставын гээд бараг 2900 км газар, таван босоо тэнхлэгтэй ийм замын ажлыг төлөвлөж эхлүүлсэн.  Хайгуул хийнэ, зураг төсөл  боловсруулна, ТЭЗҮ-г гаргана.  Энэ бүхэнд  маш их мөнгө хэрэгтэй болсон.  Салбарын сайдын хувьд бүх ажил над дээр унасан даа. Ямартай ч тухайн жилээ баруун талаас нь  ажлаа эхлүүлсэн.  Геодезийн хайгуулаа бид онгоцоор хийсэн. 200 км замын ТЭЗҮ-г боловсруулахад л нэг сая ам.доллар болж байлаа. Тухайн үедээ Азийн хөгжлийн банк, Энэтхэг томоохон бизнесийн компаниуд гээд хандаагүй газар ховор доо.  Бидэнд зээл, тусламжаар хэрэгжүүлэхээс  өөр арга байгаагүй. Гэхдээ л  Мянганы замын төслийн ажлыг тухайн үеийн Парламент, Засгийн газар маш хурдтай хэрэгжүүлсэн.  Анхны тогтоол дээрээ “Мянганы зам” төслийг есөн жилд багтаан хэрэгжүүлнэ гэж байсан. Ингээд сая Завхан аймгийн төв Улиастай хотын хатуу хучилттай автозамтай холбосноор 10 гаруй жилийн дараа төсөл маань бүрэн хэрэгжиж дуусав уу даа. Анх юу юу ч үгүй эхэлж байсан бидний хувьд том амжилт, бүтээн байгуулалт юм. Зам гэдэг бол ерөөсөө улс орны хөгжил, хувь заяа юм.  “Мянганы зам”-ыг дагаж ямар их хөгжил дэвшил ирснийг хүн бүхэн харж, Монголын ард түмэн үр шимийг нь хүртэж байна.  Монгол Улсын шинэ мянганы хөгжил “Мянганы зам”-аас эхэлсэн нь ийм түүхтэй. Ер нь аливаа улс орон эрчим хүч, холбоо мэдээлэл, автозамын салбараа л хөгжүүлэхгүй  бол аюулгүй байдал нь хангагдахгүй, хөгжил дэвшлийн талаар ч яриад хэрэггүй, ядуугаараа үлддэг жамтай юм шүү дээ.   


-Тухайн үед парламентад “Мянганы зам”-ыг хэлэлцэхэд гишүүд яаж хүлээж авч байв.  “Мянганы зам мянгуужингийн үлгэр” гэдэг үг хүртэл парламентын хэлэлцүүлгийн протокол дээр үлдсэн байдаг л даа?


-Томоохон төслүүдийг ер нь дандаа шүүмжилнэ. Дандаа хачин хачин юм ярина. Парламентаар хэлэлцсэний дараагаас ч “Мянганы зам бол мянгуужингийн үлгэр.  Энэ намынхан худлаа донгосож байна” гээд л яриад бичээд эхэлнэ. Парламент дээр бас нэг маргаан дагуулсан зүйл нь хэвтээ тэнхлэг.  Өвөрхангай, Говь-Алтайгаас сонгогдсон гишүүд “Мянганы зам”-ыг аймгаараа дайруулна гээд л зүтгэчихсэн.  Нөгөө хэсэг нь Хархорин, Архангайгаар явуулна гээд л “Чи, би”-дээ тулаад л маргалдаад суучихсан.  Манай Ерөнхий сайд Н.Энхбаяр өөрөө Архангайнх,  Л.Энэбиш дарга маань Булганых тэгээд дундын хувилбар дээр маршрутаа тохирсон доо. Ер нь тэгээд “Мянганы зам” ажил дээр хөрөнгө мөнгөнөөс эхлээд түмэн бэрхшээл байсан юм шүү.  Зорилго тавиад, зориглоод зүтгэвэл болохгүй зүйл үгүй гэдгийг энэ том, хөгжлийн бүтээн байгуулалт харууллаа гэж одоо баярлаж сууна. 


-Төрийн залгамж чанар гэдэг зүйл “Мянганы зам”-ын бүтээн байгуулалт дээр тасраагүй учраас бас амжилттай хэрэгжсэн  болов уу гэж бодож байна.  Түүнээс биш дөрөв, дөрвөн жилийн давтамжтай хэрэгжээд гацаж байгаа төслүүд олон байна.  Та үүнийг юу гэж бодож байна?


-“Мянганы зам” төсөл маань ийм зовлонтой бас л тулж байсан даа. 2004 оны сонгуулийн үр дүнд Эвслийн Засгийн газар байгуулагдаж байсан.  Тухайн он жилүүдэд ажил яваагүй, гацсан. Хугацаа алдсан зүйл бий. Уг нь миний сайд байхдаа санаачилсан томоохон төслүүдийг үе үеийн Засгийн газар зогсоох, гацаах үндэсгүй юм. Яагаад гэвэл автозамгүйгээр, эрчим хүчний системгүйгээр, холбоо мэдээлэлгүйгээр улс орон хөгжихгүй.  Гэтэл улстөржилт гэдэг зүйл гарч ирээд л үр дагаврыг нь тооцоолохгүйгээр тэр төслүүдийг зогсоодог, улс орны хөгжих дэвших боломж цаг хугацаанаас хумсалдаг. Ийм байж болохгүй. Маш хурдан хөгжсөн, дэлхийн орнуудын түүхийг харахад төрийн залгамж чанар их чухал юм байна.  Бид ядаж л хоёр хөршөөсөө суралцах хэрэгтэй.  Урд хөрш маань  хөгжлөөрөө бүүр тасраад явчихлаа шүү дээ.  Анх загасчны хотхон гэж нэрлэгдэж байсан Сингапур улсыг одоо харчих л даа. Ли Куан Ю гэдэг Ерөнхий сайд  36 жил Засгийн газрыг нь тэргүүлсэн. Маш их шүүмжлүүлж, амаргүй цаг үеийг туулсан ч гэлээ одоо Сингапур улс Англи улсаас давсан хөгжилтэй улс болжээ.  Энэ бүхнийг бид харж сургамж авах хэрэгтэй. 

 

 

“Эрчим хүчний салбар маань алтан дээр суусан гуйлгачин  шиг л байна”

 

-Та "Эрчим хүчний нэгдсэн систем", "Холбоо мэдээлийн дунд хугацааны стратеги", "Гадаад далайн хөлгүүдэд Монгол Улсын далбааг мандуулах бүртгэл эрхлэх" зэрэг ажлуудыг санаачлан хэрэгжүүлсэн.  Энэ талаараа ярихгүй юу?


-Би сайдаар ажиллаж байхдаа дээрх бүх төслүүдийг санаачлан хэрэгжүүлсэн. Тухайн үед  Өвөрхангай, Эрдэнэт, Сэлэнгэ, Төв аймгийн Зуун мод хот л төвийн эрчим хүчинд холбогдсон,  бусад нь бүгд дизелиэр эрчим хүчээ авдаг байлаа.  Эрчим хүчээр хангахад маш их түлш орно.  Сумдууд маань бас харанхуй.  1990 онд гэхэд түлшгүй, сэлбэггүй, мөнгөгүй бүгд унтарсан. Ёстой нөгөө тэг зогсолт хийсэн гэх үү дээ.  Уг нь Монгол Улс уран, газрын тос, нүүрс, сэргээгдэх эрчим хүчтэй, байгалийн баялагтай орон.  Тэгсэн атлаа харанхуй суугаад байдаг.  Гаднаас эрчим хүч экспортлоод байдаг.  Ийм байж болохгүй биз дээ. 


Үүнээс үүдэн "Эрчим хүчний нэгдсэн систем” гэдэг зүйлийг санаачилсан.   Засгийн газар шийдвэрээ гаргаж, парламент баталсан.  Өнөөдрийн байдлаар “Эрчим хүчний нэгдсэн систем” хэрэгжсэнээр Монгол Улсын ганцхан сум харанхуй үлдсэн байна.   Тэр суманд манайхан нарны станц тавьж байна.  Өөрөөр хэлбэл, Монгол Улс даяараа эрчим хүчээр хангагдсан. Цаашид эрчим хүчний салбар маань хүчин чадлаа нэмэгдүүлж чадвал, Монголоо эрчим хүчээр хангаад зогсохгүй, зөвхөн нар салхины эрчим хүчээр Азийг хангах бүрэн боломжтой, ийм баялагтай орон.   Гэтэл бид усан цахилгаан станц байхгүйгээс болоод өөрсдөө эрчим хүчээ зохицуулж чадахгүй ОХУ-аас авч байна.  Уг нь 1994 онд П.Жасрай гуай Малайзад айлчлаад “Усан цахилгаан станц барья.  Мөнгө зээлээч” гэсэн байдаг юм. 1995 оны төгсгөлөөр Малайзын Ерөнхий сайд нь Монголд айлчлаад хөнгөлттэй зээлийн асуудлыг шийдсэн. Тэгээд 330 мегаваттын Эгийн голын усан цахилгаан станц барихаар боллоо. Гэтэл 1996 оны Засгийн газар тэр зээлийг хүчингүй болгосон.   Тэрэнд би их харамсаж явдаг.  Тухайн үед зориглож ороод шийдсэн бол өнөөдөр бид ОХУ-аас эрчим хүч аваад сууж байхгүй.  Мөн Оюутолгойн Далд уурхайн бүтээн байгуулалт баригдаж эхлэхэд дөрөвдүгээр цахилгаан станцаас шугам татаад эрчим хүч өгье гэсээр байхад мөн л тухайн үед М.Энхсайханы шинэ Засгийн газар гарч ирээд эрчим хүчийг урд хөршөөс авахуулахаар болгочихсон.  Би УИХ, Засгийн газарт “Оюутолгойн эрчим хүчийг зөвхөн Монголоос хангана шүү. Станцыг нь барья гэсэн хүн байна” гэсээр байхад л засаг төр солигдох тэр зурвас үед л гэрээ хийгээд Оюутолгой эрчим хүчээ урд хөршөөс авахаар болчихсон. Одоо эрчим хүчинд Оюутолгой маш их мөнгө төлж байгаа. Уг нь тэр мөнгө Монголд үлдэх мөнгө байсан. Ингээд алтан дээр суусан гуйлгачин гэдэг чинь л манай эрчим хүчний салбар болсон доо.  

 


-Гэхдээ та хоёр усан цахилгаан станц бариулсан шүү дээ?


-Би Тайшир, Дөргөн дээр хоёр аймгийг  эрчим хүчээр хангах усан цахилгаан станцыг бариулсан.  Тэрийг бариулах гэж би ёстой шар махтайгаа хатсан даа.  Ард түмэн эсэргүүцээд болдоггүй. Станц бариад усгүй болгох нь гээд л их хараасан даа.  Тэр үед намайг харааж байсан хүмүүс одоо надад баярладаг шүү дээ. Ямартай ч янз бүрээр хэлүүлэн байж, хоёр аймгийг хангах, хоёр усан цахилгаан станц бариулсандаа жаахан ч гэсэн баярлаж явдаг. 

 


-"Холбоо мэдээлийн дунд хугацааны стратеги" нь мөн л улс орны хөгжил дэвшилд ихээхэн хувь нэмэр оруулсан ажил болжээ?


-Холбоо мэдээлэл гэдэг одоо цагт улс орны хөгжлийн үндэс болчихлоо. Ухаалаг удирдлагагүй, программчлагдаагүй үйлдвэр, аж ахуй нэгж хүн ч бараг алга болсон.  Бидний үед гэрэл унтарлаа гэхэд нээх асуудал биш байсан бол одоо гэрэл унтарвал амьдрал унтарч байгаатай адил болжээ. Тэгэхээр холбоо мэдээлэл гэдэг яах аргагүй улс орнуудын аюулгүй байдлын баталгаа мөн болж таарч байгаа биз.   2000-2004 онд сайдаар ажиллаж байхдаа “Холбоо мэдээлийн дунд хугацааны стратеги"-ийг хэрэгжүүлсэн. 


Товчхондоо, сум болгон руу шилэн кабель татсан. Телевизийн программыг олон сувгийнх болгосон.  Энэ жил хамгийн сүүлчийн сумаа хурдны сүлжээнд холбосон байна. Зээл тусламж аваагүй хэрэгжүүлсэн цорын ганц төсөл маань бараг энэ байх.  Үүрэн холбооны операторууд зэрэг хувийн хэвшлийнхэндээ боломж олгосон.  Үүнийг дагаад тэдний бизнесийн орлого ч нэмэгдэж ашигтай ажиллаж эхэлсэн.  Энэ бол Монгол Улсын хөгжлийн бас нэгэн тулгуур бодлого болж хэрэгжсэн юм.  Бүх сум эрчим хүчтэй, шилэн кабельтай, холбоо мэдээллийн системтэй болоход түүнийг дагаад хөгжил ирэхээс өөр яах юм.  

 


-"Гадаад далайн хөлгүүдэд Монгол Улсын далбааг мандуулах бүртгэл эрхлэх" төслийн тухайд.  Нэрнээсээ эхлээд их сонирхолтой юм?


-Манай улсын нэг мөрөөдөл байдаг л даа.  Гадаад далайд гарах юмсан. Гадаад далайн ашгаас хүртэх юмсан гэсэн 50, 60 жилийн мөрөөдөл байсан. Сингапурын хажуугийн далайн нэг тойрсон хэсэг тэр улсын мэдэлд байдаг.  Цаашаа задгай далайд гараад ирэхээр ямар ч улсад хамааралгүй хэсэг болно.  Тэндээс Монгол Улс ч  загас барьж, тээвэр хийж, далайн гүнээс нефть ч олборлож болно шүү дээ.  Энэ бол далайд гарцтай, гарцгүй хамаагүй ямар ч улсад нээлттэй хэсэг юм.  Манай Засгийн газар энэ талаар судлаад ядаж эхний ээлжинд өөрийн далбаатай усан онгоц явуулдаг болъё гэж шийдсэн. 


Тэгээд 2002 онд энэ асуудлыг бид  маш шуурхай хөөцөлдөөд, Монголын далбаат усан онгоцыг бүртгэж зөвшөөрөл олгох ажлыг ажил хэрэг болгосон.  Манай далбааг ашиглаж тээвэр хийж байгаа байгууллагууд манайд мөнгө төлнө гэсэн үг л дээ. Тэгэхээр эдийн засаг талаасаа ч ашигтай байсан.  Бид далбаагаа ашиглуулснаар ямар нэгэн зөрчил гаргавал хариуцлага хүлээхгүй гэсэн гэрээтэй явуулж ирсэн дээ. Одоо цаашид далайн баялгийг ашиглах алхмуудыг хийж эхлэх хэрэгтэй байна. 

 


-Та таван Засгийн газрын гуравт нь сайдаар, хоёрт нь агентлагийн даргаар ажилласан байна.  Уг нь бол улстөрч хүн гэмээр. Гэтэл нөгөө талаар улстөрч гэхэд хэцүү юм.  Улс төрд дургүй гэж байна.  Парламентад ч нэр дэвшиж байгаагүй.  Энэ таны үзэл баримтлалтай холбоотой юу?


- Бид сайдыг нь хийж үзсэн ч гэлээ улс төр хийж, өөрийгөө сурталчлах, сонгуульд нэр дэвших гэдэг асуудалд дургүй.   Ингээд бодохоор улс төр бол миний чадахгүй, бас дургүй зүйл. Улс төрийн хатуу бодлогоос хөндий явдгаасаа болж дарга, удирдлагын дургүйг хүргэж ч байлаа. 1996 оны эхээр Ерөнхий сайд П.Жасрай гуай “УИХ-ын сонгуульд Дархан, Шарын голын тойрогт чамайг нэр дэвшүүлмээр байна, ямар бодолтой байна” гэхэд нь “Би аж ахуйн чиглэлээр ихэвчлэн ажилласан, улс төрийн туршлага хангалтгүй, тэгээд ч УИХ-ын гишүүн хүн хууль, эрх зүйн өндөр мэдлэг чадвартай байх ёстой гэж үздэг. Би тэр шаардлагыг хангаж чадахгүй байх.  Тиймээс тэр тойрогт намайг дэвшүүлэх хэрэггүй ээ”  гээд л хэлчихсэн.  Тэр удаагийн УИХ-ын сонгуульд манай нам ялагдсан.  Хотын намын хорооны дарга бол гэхэд нь ч тэр ажлыг аваагүй.  Түүний дараа 2004 оны УИХ-ын сонгуульд намайг Орхон  аймгийн тойрогт нэр дэвшүүлэхээр шийдсэн байж  л дээ.  Биеийн байдлаасаа шалтгаалаад бас л яваагүй. Товчдоо, улс төрийн хэрүүл уруул, алив зөрчилдөөнөөс хол байх, сэтгэлд таараагүй юмаар оролдохгүй явах нь миний нэг зарчим байсан юм даа.  Би чинь улс төрд дургүй улстөрч хүн юм шиг байгаа юм.  

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 оны Долдугаар сарын 7. ПҮРЭВ гараг. № 133 (6865)

Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

2 цаг 23 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

2 цаг 23 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

2 цаг 23 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

2 цаг 23 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

2 цаг 23 мин
Э.Одбаяр сайдын Хяналт хэрэгжүүлэх газар “Мэргэжлийн хяналт”-ыг орлож чадах уу?

Одоо үгүй болсон Мэргэжлийн хяналтын байгууллагын үүх түүх бүр 1930-аад оноос эхэлдэг байна. Тодру

2 цаг 23 мин
Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

14 цаг 37 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

14 цаг 57 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

15 цаг 2 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

15 цаг 4 мин