Р.Оюун
МСНЭ-ийн их хурал маргааш болно. Энэ үеэр байгууллагын үйл ажиллагааг дүгнэж, хийж хэрэгжүүлсэн ажил, алдаа оноогоо хэлэлцэнэ. МСНЭ-ийн ерөнхийлөгчид нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдсэн гурван хүн байна. Их хурлын үеэр өөр нэр дэвшигчид ч нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Нэр дэвшсэн УИХ-ын Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвийн дарга Л.Нинжжамц, NTV телевизийн ахлах редактор М.Батхишиг, ТВ-5 телевизийн продюссер Ө.Отгонбаатар нараас дараах гурван асуултад хариулт авсан юм.
-МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр сонгогдвол ойрын дөрвөн жилийн бодлогыг хэрхэн харж байна вэ?
-Сэтгүүлчдийн эрхийг хэрхэн хамгаалах вэ?
-Монголын хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахад ямар ажил хийх вэ?
М.Батхишиг: Гишүүдийг нэмэгдүүлэх нь МСНЭ-ийн гол хүч
1.
-МСНЭ-ийн энэ удаагийн хурал зөвхөн удирдлагаа сонгоход чиглэж байна. Уг нь шинэ удирдлагаас гадна шинэчлэгдсэн дүрмийг энэ удаагийн их хурлаар амжуулах ёстой. Их хурлыг зохион байгуулж буй ажлын хэсэг шийдсэн учраас сонгогдож чадвал дүрмийн өөрчлөлтийн төслийг салбараараа хэлэлцүүлэх бодлого барьж ажиллана. Энэ байгууллагыг улс төрөөс ангид байлгахад дүрэм нь гол хамгаалагч болох ёстой. Тийм өөрчлөлтүүдийг оруулах зайлшгүй шаардлагатай. Бодлогын тухайд 4-5 чиглэлээр ажиллахаар мөрийн хөтөлбөрөө төлөвлөж байна.
Нэгдүгээрт, сургаж мэргэшүүлэх ажил манай салбарт зайлшгүй хэрэгтэй. Ёс зүй болон мэргэжлийн ур чадварын хувьд уншигч, үзэгч, сонсогчиддоо бид гологдож байна. Үүнд салбар дотроо туршлага солилцох, гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх, гадна дотны их, дээд сургуулиудад сургах гээд олон ажил бий.
Хоёрдугаарт, эрх зүйн хувьд бодлогоо чиглүүлнэ. ХМА, ХМХ-д хууль зүйн туслалцааг илүү сайжруулж өргөжүүлэх хэрэгтэй.
Гуравдугаарт, гадаад хамтын ажиллагааг сайжруулах ёстой. Олон улсын сэтгүүлчдийн байгууллагатай өргөн хүрээнд хамтран ажиллах хэрэгтэй. Өмнө нь гадаад хамтын ажиллагаанд зарим ололт гарсан гэдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ илүү сайжруулах ёстой. Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын гадагшаа холбох гүүр нь эвлэл болж чадна.
Дөрөвдүгээрт, салбарын эв нэгдлийг хангах учиртай. Эв нэгдэл гэдэг нь зурагчин, зураглаач, эвлүүлэгч гээд салбарын эрх ашгийг хамгаалж байдаг холбоодыг нэгтгэх хэрэгтэй. Тал талд хэвлэлийн эрх чөлөө ярьж, нэгнийгээ муу ажиллаж байгааг ярьж суулгүйгээр нэгдэн нийлж, нягтарч ажиллах нь чухал байна.
Тавдугаарт, МСНЭ-ээр дамжуулан салбарын нэр хүндийг өсгөх. Энэ байгууллагад сэтгүүлчид нь итгэдэггүй. Үйл ажиллагаанд нь оролцдоггүй. Тиймээс гишүүдийг нэмэгдүүлэх нь МСНЭ-ийн гол хүч юм.
2.
-Хэн ч МСНЭ-ийн тэргүүнээр сонгогдсон бай Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг батлах ажил зайлшгүй хийх хэрэгтэй. Хууль эрх зүйн хувьд МСНЭ хууль тогтоогчдын гаргаж буй хуульд тун соргог хандаж үүнд санал, байр сууриа шигтгэж байх хэрэгтэй. Ингэж чадаагүйгээс сэтгүүлчдийн эрх зөрчигдөхөөс гадна иргэдийн мэдэх эрх хумигдах болсон олон жишээг бид мэднэ. Үүсэх эрсдэлийг урьдчилан тооцоолоход гол анхаарлаа хандуулах юм. Түүнээс гадна эрхээ эдлэхийн тулд үүргээ биелүүлдэг, мэдлэг мэдээлэлтэй сэтгүүлч бэлдэхэд нь анхаарах хэрэгтэй. Өмгөөлөгч, өмгөөллийн байгууллагатай илүү өргөн хүрээнд ажиллах хэрэгтэй.
3.
-Монголын хэвлэлийн эрх чөлөөг хааж, боогдуулж, индексээрээ ухраах болсон олон хууль гарсан. Дээр тайлбарласан шиг манай салбартай хамааралтай хууль, дүрэмд тун соргог байх газар нь МСНЭ юм. Хэвлэлийн эрх чөлөөг хангахын тулд эхлээд нарийн судалгаа хийх хэрэгтэй. Бодит кейсүүд харж байгаад юу хийх вэ гэдгээ бөөнөөрөө ярилцаад шийдэл олж үр дүнд хүргэдэг баймаар байна.
Л.Нинжжамц: Сэтгүүлч эх сурвалжаа нууцлах эрхийг баталгаажуулах ёстой
1.
-Нэгдүгээрт, ажиллаж буй сэтгүүлчдийн хөдөлмөрийн эрх ашгийг хамгаалах. Хоёрдугаарт, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах үндсэн үүрэгтэй байдаг. Хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын 70 гаруй хувийг 40 хүртэлх насны залуучууд эзэлдэг учир залуу сэтгүүлчдэд хандсан бодлого нэмэх. “Сэтгүүл зүйн ирээдүй” гэх булан олон улсын сэтгүүлчдийн холбоо, өөр бусад улс орны сэтгүүлчдийн эвлэл, холбоодын цахимд нэлээн харагдаж байна. Агуулга нь мэдээллийн технологи хөгжиж, сэтгүүл зүйн салбар эрс өөрчлөгдөж байгаа учир салбарынхан дунд ирээдүйн сэтгүүл зүйн тухай хэлэлцүүлэг өрнүүлэх, болзошгүй эрсдэл, асуудлыг урьдчилж харах, шаардлагатай сургалт, эрх зүйн зохицуулалтыг хийлгэхийн төлөө манлайлж ажиллана.
Сэтгүүл зүйн сошиал пиарчдаас ялгагдахгүй өрсөлдөөнд орсныг, сэтгүүлчид нийгмийн тэнцвэрийг алдагдуулж мэргэжлийн ур чадвараа алдаж чиглүүлэгч үүргээ алдаж байгааг онцолж байна. Хамтын хүч, сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадвар, нэгдсэн имиджээр нийгэм, улс төр, салбар шинжлэх ухаанд манлайлагч, шударга ёсны төлөөлөгч, мэдээлэгч болж байж улс орноо залуурдана. Сэтгүүл зүйн олон улсын форум, солилцооны хөтөлбөр, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, Монголын сэтгүүл зүйн бүтээл, шилдэг контентыг олон улсын тавцанд гаргах, хэрэгжүүлэх. Бид үнэнээ ярилцах ёстой. Төлөөллийн ардчиллыг нөлөөллийн ашиг хонжоо хайгч болгож байгаа нь нууц биш. Улстөрчдөд бид хэвлэл, мэдээлэл, бага хурал, индрээ алдаж тэдний үзэг болохоо болихыг уриалж байна. Бид айх, эмээх ёсгүй, тэгш эрх, давуу үүрэгтэй гэдгээ мэдэрцгээ.
2.
-Сэтгүүлчид ёс зүйг сахиулагч, соён гэгээрүүлэгч, үзэл бодлын өвчинг эмчлэгч эмч. Маргаашийн энэ хурал Монголын сэтгүүл зүйн хөгжил, уналтын тухай биш, Монголын нийгмийн хөгжил, уналт, ард түмнийхээ оюун санааг мэдээллээр хангагчдын хувьд алдаа, оноогоо ярилцах, хэлэлцэх хурал байгаасай. Хэвлэл мэдээллийн салбарын ажил олгогчидтой гэрээ байгуулж сэтгүүлчдийн эрхийг баталгаажуулах. Ажил, мэргэжлийн үүргээ гүйцэтгэсний төлөө сэтгүүлч аливаа асуудалтай тулгарахад редакц, хэвлэл мэдээллийн байгууллага эрх зүйн хамгаалалтаар хангана. Мөн цалин хөлсний доод хэмжээг баталгаажуулах. Ажиллаж буй сэтгүүлч, редакторт сурч боловсроход тодорхой хугацааны цалинтай чөлөө эдлэх эрх олгоно. Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын тэгш оролцоог бүх түвшинд хангана.
3.
-Сэтгүүлч эх сурвалжаа нууцлах эрхийг баталгаажуулна. Гүтгэх, доромжлох хэргийг Эрүүгийн хуулиар шийдвэрлэх зохицуулалтын эсрэг тэмцэх. ОНРТ-ийн хараат бус байдлыг хангах, цахим орчинд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах зорилгоор хуульч, мэргэжлийн хүмүүс, олон улсын зөвлөх байгууллагуудтай хамтарч ажиллана. Худал мэдээлэл, мэдээллийн төөрөгдлийн эсрэг тэмцэх замаар сэтгүүлчдийн нэр хүндийг хамгаалах, хэвлэлийн эрх чөлөөний хязгаарлалтаас урьдчилан сэргийлэх. Худал мэдээллийн эсрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудын нэгдмэл бодлогыг манлайлах, баримтыг нягтлан шалгах байгууллагуудтай хамтран ажиллах. Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн үүрийн Баримт шалгагчид олон улсын түвшинд ажилладаг.
Ө.Отгонбаатар: Гишүүддээ үйлчилдэг ТББ учраас дүрмийнхээ хүрээнд явна
1.
-71 жилийн түүхтэй Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн төв байгууллага, мэргэжлийн эрх ашгийг хамгаалах чиг үүргийг дүрэмдээ тусгасан. Сэтгүүл зүйн салбартаа үйл ажиллагаа явуулдаг гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага. Тиймээс нэгдүгээрт, сэтгүүлчдийнхээ эрх ашгийг хамгаалахад илүү анхаарлаа хандуулна. МСНЭ-ийн төрийн бус байгууллагын дүрэмдээ ерөнхийлөгч дэргэдээ зөвлөх чиг үүрэгтэй бодлогын зөвлөл ажиллуулж болно гэсэн байдаг. Тиймээс мэргэжлийн бодлогын зөвлөлийг ажиллуулна. Мэргэжлийн холбоодтойгоо нягт хамтран ажиллахад анхаарлаа хандуулна. Ямар нэгэн асуудал үүсэхэд нээлттэй гишүүдээрээ хэлэлцүүлж шийдвэрлэхэд анхаарна. Их хурлын өмнө харж байхад хаалттай байгууллага мэтээр ойлгогдоод байгаа. Байгууллагынхаа үйл ажиллагааг төдийлөн ойлгохгүй байна уу гэж харж байна. Зөвхөн гишүүддээ үйлчилдэг, мэргэжлийн эрх ашгийг хамгаалах гэдгийг дүрэмдээ тусгасан байгууллага учраас зарим нэг нь хүмүүжүүлэх байгууллага мэтээр ярьдаг.
Ер нь хүмүүжүүлдэг байгууллага биш зах зээл аяндаа шийддэг. Салбар нээлттэй, салбарыг маань дүгнэдэг зүйлийг сэтгүүлчид маань хүсээд байгаа юм шиг анзаарагддаг. Тиймээс аливаа асуудлыг гишүүдээрээ нээлттэй хэлэлцүүлэхэд анхаарлаа хандуулна. Дэргэдээ заавал Бодлогын зөвлөл ажиллуулна. Ер нь дөрөв дэх засаглал гэдгийг төр, засаг, хүмүүст ойлгуулахад голлон анхаарна. Бид өөрсдөөсөө зарчим, хариуцлага, ёс зүй нэхэх цаг болсон. Тиймээс дэргэдээ мэргэжлийн төв байгууллагын хувьд Бодлогын зөвлөл байгуулж болно гэдэг байр, суурьтай, бодолтой байгаа.
2.
-Гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага учраас дүрмийнхээ хүрээнд явна. Энэ салбарт 25 жил ажилласан хүний хувьд мэргэжлийн төв байгууллага заавал мөнгө олоод байдаг ч юм уу, сайн менежер байж мөнгө олох байгууллага биш. Их хурлын өмнө харж байхад татварын асуудал нэлээд асуудалтай байна. Татвараа жил бүр авахгүй дөрвөн жил хуримтлуулж байгаад их хурлын өмнө татвар авч байж мандат олгож байгааг нээлттэй болгох. Жилд нь ч юм уу, тухайн сард нь авбал нэг сэтгүүлч жилд 48 мянга, сард 4000 төгрөг төлнө. Тэгэхээр сар бүр гишүүдийнхээ тоог нарийн гаргаж татварыг нь сар бүр авдаг тогтолцоо үүсгэхгүй бол бөөгнүүлж байгаад заавал их хурлын өмнө дөрвөн жилийн татвар авч байгаа нь асуудал үүсгээд байгаа юм байна. Үүнийг нээлттэй болгоход анхаарлаа хандуулна. Сэтгүүлчдийнхээ эрхийг хамгаалахад хууль дүрэмд заасан хуулийнхаа хүрээнд онцгой анхаарна.
3.
-Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа эрх зүйн орчин Үндсэн хууль, Эрүүгийн хуульд хэвлэл, мэдээллийн эрхийг хамгаалсан заалтууд бий. Юунд учир байна гэхээр төр өөрөө энэ заалтуудыг мөрдөж, хэрэгжүүлэх хүсэл, сонирхолгүй байгаа учраас бидэнд асуудал үүсээд ойлголцохгүй байгаа. Эрх бүхий субьектүүд нь хууль санаачилсан ч гэсэн сайжруулъя гэж боддог ч 1998 оноос хойш хууль өргөн бариад явж байна. Гэтэл арай өөр сонирхол байдаг. Хуульд хамгаалсан заалтуудыг хэрэгжүүлэх хүсэл сонирхол төрд байдаггүй. Үүнийг хэрэгжүүлэх, мөрдөхийг шаардана. Их хурал дээр мөрийн хөтөлбөрөө нэг бүрчлэн танилцуулж тайлбарлана.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин. 2022 оны Долдугаар сарын 5. Мягмар гараг. № 131 (6863)