Сүхбаатар аймгийн Бичигт олон улсын жишигт нийцсэн боомт болно

2022-07-05
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Нутаг бүр өөрийн гэсэн давтагдашгүй онцлогтой. Үзэсгэлэнт байгалийн зохицол, хүчит бөхчүүдээрээ зарим нь гайхуулж байхад оюуны их сэхээтнүүд шил шилээ даран төрөн гардаг сум ч бий. Харин зүүн бүсийн Сүхбаатар аймаг нэгдүгээрт, наран мандах нутаг хэмээн ялгарна. Хоёрдугаарт, улсын наадмын эхний V байрт хурдалсан шандаст хүлэг аль нэг талаараа Сүхбаатарын угшилтай байдаг. Эдгээрээс гадна төрийн тахилгат  Алтан овоо, хийморь сэргээгч Шилийн богд уул, 1000 хун чуулдаг Ганга нуураас эхлээд хамгийн олон унтарсан галт уултай аймаг гэдгээрээ бусдаасаа ялгарна. 


Өдгөө 80 “нас” хүрч байгаа тус аймагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын сайдуудын хамт бүрэн бүрэлдэхүүнээрээ очлоо. Тэд Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлд 415 км урт төмөр замын бүтээн байгуулалтын төслийн эхний шанг татахаар очсон нь энэ. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Бичигт боомтыг нээсний 30 жилийн ойн өдөр буюу энэ сарын 2-нд боомтыг олон улсын жишигт хүргэх эхлэлийг тавилаа. Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн зорилтын хүрээнд боомтуудыг дэд бүтцээр холбох биш, цогцоор нь олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, боомт түшиглэсэн дагуул хотуудыг байгуулах зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд Бичигтийн боомтыг олон улсын жишигт нийцсэн Монгол Улсын загвар боомт болгохоор төлөвлөж, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр бүтээн байгуулалтын ажлыг хоёр жилийн дотор дуусгахаар зорьж байна. Харин төмөр замыг 3-5 жилийн дотор барьж дуусгах юм. Манай улс 66 жилийн өмнө анх БНХАУ-ын Эрээн боомттой төмөр замаар холбогдож байв. Үүнээс хойш  хоёр улсын хооронд төмөр замын дахин нэг шинэ гарцтай болсон нь энэ юм.

 

Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлд 415 км урт төмөр замын бүтээн байгуулалтын төслийн эхний шанг татахаар очсон нь энэ. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Бичигт боомтыг нээсний 30 жилийн ойн өдөр буюу энэ сарын 2-нд боомтыг олон улсын жишигт хүргэх эхлэлийг тавилаа.


Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Зүүн босоо чиглэлийн Үндэсний төмөр замын сүлжээ нь Бичигт-Зүүнхатавч боомтоор дамжиж, Монголын төдийгүй Оросын Алс Дорнодын Хятадын тэнгист гарах хамгийн дөт зам байхаараа стратегийн чухал ач холбогдолтой. Тухайлбал, Орос, Монгол, Хятадын эдийн засгийн коридорын далайд гарах гол цэг нь Бичигт юм. Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Зүүн бүсийн эрдэс баялгийн нөөц эдийн засгийн эргэлтэд орж, тээврийн зардлыг 2-3 дахин бууруулж, Бичигт боомтоор жилд 25 сая тонн ачаа тээвэрлэж, БНХАУ болон ОХУ-ын газар нутгаар дамжин далайн чанад дахь зах зээлд хүрч, экспортын шинэ гарцыг бий болгох боломж бүрдэнэ. Мөн  эрчим хүч, аж үйлдвэрийн парк, аялал жуулчлал, худалдааны салбарын бүс нутгийн хамтын ажиллагаа идэвхжиж, зүүн бүс нутгийн үсрэнгүй хөгжлийн суурийг тавина” гэв.


Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор зүүн аймгийн уул уурхайн ордууд эдийн засгийн эргэлтэд орж, байгальд ээлтэй, тээврийн шинэ дэд бүтэц бий болно. Мөн манай улсаар дамжин өнгөрөх экспортын хэмжээ нэмэгдэх юм. Бичигт боомтыг төмөр замаар холбож, өргөтгөснөөр бизнесийнхэн, үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих боломж бүрдэж байгааг Аймгийн Засаг дарга М.Идэрбат онцолж байв.


Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Бичигтийн боомтыг Монгол Улсын далайд гарах хоёр дахь жим гэж олон жил ярьж, мөрөөдөж байсан нь төмөр зам нээлтээ хийснээр өнөөдөр биеллээ оллоо. Тиймээс сүхбаатарчуудын хувьд түүхэн  өдөр тохиож байна.  2000 оны үед манай аймгийн хадгаламжийн орлого таван тэрбум байсан бол одоо 150 орчим тэрбум болсон. Аймгийн төвдөө 4.6 км замтай байсан бол өдгөө 60 гаруй км замтай, хүний хөгжлийн тухайд их ахиж дэвшлээ. Үүний ард үе үеийн Засгийн газрын олон хүний хөдөлмөр зүтгэл бий” гэсэн юм.

 

ОРОН НУТАГТ  АЖИЛЛАХ ЗАЛУУС НИЙСЛЭЛИЙНХЭЭС ӨНДӨР ЦАЛИН АВНА

Бичигт боомтын төмөр замын нээлтийн дараа Ерөнхий сайд бүрэлдэхүүнээрээ Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотод ажиллаж иргэдтэй уулзлаа. Хамгийн эхэнд тэрбээр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого болоод бусад үйл ажиллагааг танилцуулав.  Энэ нь аливаа шийдвэрийг зарлаад зарим нь мэдээд ихэнх нь мэдээлэлгүй үлддэг хэвшмэл “унтаа” байдлыг халснаараа онцлог байлаа. Учир нь Ерөнхий сайд иргэдтэй биечлэн уулзаж, санаа бодлыг нь сонсох нь төрийн бодлого хүртээмжтэй, оновтой байхын чухал тулгуур юм. 


Сүхбаатар аймаг 65 мянга гаруй хүн амтай. Үүнээс 30 гаруй мянга нь залуучууд байна.  Залуучуудын тухайд хэд хэдэн багц асуудлыг хөндөн Ерөнхий сайдад асуулт тавилаа. Нэгдүгээрт,  төрийн цахим шилжилт, мэдээллийн технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ажлыг төрийн албаны залуу ажилчид гардан гүйцэтгэдэг. Гэвч цалингийн хувьд ажилласан жилийн шатлалын системийн дагуу хамгийн бага цалин авч, ажлын хүндийг хийж байгаа нь залуучуудын төрийн албанд ажиллах сонирхлыг бууруулж байгаа асуудлыг хөндлөө. Үүнээс үүдэн сумдын төрийн алба залуучуудгүй боллоо гэсэн юм.

 

Цалингийн хувьд ажилласан жилийн шатлалын системийн дагуу хамгийн бага цалин авч, ажлын хүндийг хийж байгаа нь залуучуудын төрийн албанд ажиллах сонирхлыг бууруулж байгаа асуудлыг хөндлөө. Үүнээс үүдэн сумдын төрийн алба залуучуудгүй боллоо гэсэн юм.


Үүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлогын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд яг энэ асуудлыг нухацтай авч үзэж байгаа. Энэ хүрээнд хөдөө орон нутагт ажиллаж байгаа иргэдийн цалинг хотынхоос нэмэгдүүлнэ гэсэн бодлогыг Засгийн газраас баримталж байна. Үүнийг 2023 оны төсөвт суулгана. Хөдөө орон нутагт залуус ажиллавал илүү дэмжих бодлого баримтална. Орон нутагт ажлын байрыг бий болгож байгаа төслийг дэмжиж, хөнгөлөлттэй зээл олгоно. Цаашид төрийн албанд өндөр цалинтай цөөн хүн ажиллана гэсэн зарчмыг хэрэгжүүлнэ.  Манай улсын одоогийн төрийн албан хаагчдын тоо их байгаа учир цалинг нэмэгдүүлэх амаргүй. Тиймээс тоог багасгаж, чадвартай, мэргэшсэн, ёс зүйтэй өндөр цалинтай хүн төрийн албанд ажиллах боломжоор хангана” хэмээн хариулав.
Манай улсын төрийн албанд 292 мянга гаруй хүн ажилладаг. Тэднийг сэтгэл ханамжтай болгож байж төрийн ажил шуурхай, чанартай, шударга болох юм.


Дээрх асуултад Сангийн сайд Б.Жавхлан “Төрийн албаны цалингийн нэгдсэн бодлогыг 2023 оноос шинэчилнэ. Сайн боловсон хүчинг орон нутагт татахын тулд төрийн албаны цалинг орон нутагт нэмэхээр тооцоолж байна. Гүйцэтгэл, бүтээмжинд суурилсан цалингийн системийг нэвтрүүлэх гэж байгаа” гэлээ. Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Орон нутгийн төрийн захиргааны ажилчдын цалинг 2023 оны нэгдүгээр сараас нэмнэ гэдгийг би дахин хэлье. Орон нутгийн төрийн албан хаагчийн цалингийн нэмэгдлийг сумдад ажиллаж байгаа албан хаагчдад олгохоор төлөвлөж байна. Хотоос орон нутагт маш сайн эмч, багш нар ажиллавал нэмэгдэл олгоно. Энэ нь орон нутагт эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг сайжруулах зорилготой юм” гэж ярилаа.
Иргэдийн асуултад Ерөнхий сайд болоод салбарын сайдууд нь гарц, шийдлийг нь хэлж байсан нь энэ удаагийн уулзалтын онцлог, давуу тал байв.

 

ТОГТООЛ, ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ИРГЭНИЙ ОРОЛЦОО ЧУХАЛ

 

Сүхбаатарын залуус хоёрдугаарт, төрийн албаныхнаас бусад залуусыг хэрхэн хүртээмжтэй ажлын байраар хангах, гарааны бизнесийг дэмжих боломжийг  нэн тэргүүнд нэмэгдүүлэх шаардлагатай байгааг хэллээ.  Тэд “Ямар нэгэн тогтоолын журмыг өөрчлөхдөө хөдөө орон нутгийн иргэдээс санал асуулга авдаггүй. Яамны түвшинд хэлэлцээд баталчихдаг. Ингэснээр хөрсөн дээрээ энэ нь хэрэгждэггүй. Тиймээс орон нутагт хэрхэн хэрэгжих байдлыг үндэслэн журмаа батлах ёстой. Тухайлбал, бүх орон нутаг хүнсний ногоогоо өөрсдөө тариалдаг болно гэсэн тогтоол баталсан. Гэтэл ногоо тариалах газар олдохгүй гацчихаад байгааг хэрхэн шийдэх вэ” гэж асуулаа.


Үүнд Ерөнхий сайд “Бичигтийн боомтыг төмөр замаар холбосноор эдийн засгийн эргэлт сайжирна. Үүнийг дагаад ажлын байр нэмэгдэнэ. УИХ танхимдаа хууль баталчихдаг. Тухайн хуулиа ХЗДХЯ нь ойлгож, шат шатандаа хэрэгжүүлнэ гэсээр анхан шатандаа очихдоо ойлгогдохгүй болчихдог тохиолдол олон бий. 11-11 төвийг дэргэдээ аваад гомдлуудыг нь сонсохоор ийм санал их ирдэг. Орон нутгийн залуус ямар нэгэн асуудал гарвал 11-11 төв рүү мэдээлж байх хэрэгтэй. Тэр асуудал нь багцлагдаад долоо хоног бүр надад ирдэг. Тэгээд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцдэг. Энэ төвд ирсэн гомдлуудын дүнд хууль илүү чангарч байгаа. Тиймээс төр, иргэний хамтын ажиллагаа, оролцоо бүх журам, тогтоолын хэрэгжилтэд чухал” гэсэн хариу өглөө.


Үүнээс гадна аялал жуулчлалын гол үзмэрүүдийн нэг болох угсаатны зүйн музейн барилга шаардлага хангахгүй болсон,  Уулбаян, Эрдэнэцагаан сумдад уул уурхайн улмаас малчдын эрх зөрчигдөж байгаа гэсэн олон асуудлаар иргэд байр сууриа илэрхийллээ. Эдгээр асуудлыг хариуцсан салбар сайд нь анхааралдаа авч, шийдвэрлэнэ гэдгээ уулзалтын үеэр мэдэгдсэн юм. 


СҮХБААТАРЧУУД 1950 ХҮНИЙ СУУДАЛТАЙ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД НААДНА

Тус аймгийн засаг дарга М.Идэрбат аймагт хийсэн онцлох бүтээн байгуулалт хийгээд, шийдвэрлэх шаардлагатай төслийн талаар танилцууллаа. Тус аймаг улсын жишигт нийцсэн усан бассейн, хөлбөмбөгийн талбайтай. Үүндээ олон улсын тэмцээн зохион байгуулдаг юм.  Ийн наадмаас өмнө 1950 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнтэй болохоор зорихын сацуу спортын цогцолборын барилгыг эхлүүлжээ. Үүнээс гадна “Баруун-Урт” соёл амралтын хүрээлэнгээс эхлээд олон онцлог бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөн ажилдаа орсон байна.


Харин иргэдийн зүгээс дулааны станцын өргөтгөлийн гадна шугам сүлжээ, 2-р хэлхээний өргөтгөл, “Дарьганга” хүүхдийн зусланг барьж дуусгах, хилийн зурвас дотор Бичигт боомтод 200-250 га газар олгох эрхийг орон нутагт олгох, Баруун-Урт-Сүхбаатар сум чиглэлийн 61.9 км хатуу хучилттай авто зам барих гэсэн ажлыг нэн тэргүүнд хийж гүйцэтгэх шаардлагатай гэж үзлээ. Засгийн газар үүнд анхаарч төсөв хөрөнгийг шийдвэрлэж өгөхөөр боллоо.


Монгол Улсын цаашдын 30 жилийн ирээдүй ямар байх нь одоогийн залуу үеийн бодол санаа болоод хүсэл тэмүүлэл, алсын харааны байдлаас шаллтгаална. Тиймээс шинэ сэргэлтийг шинэ үеийнхэн хийнэ гэсэн агуулгатай “GenZ” хөтөлбөрийг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа юм. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуусыг алсын хараатай, хүсэл тэмүүлэлтэй байхыг уриаллаа. Улсын алсын харааны бодлого хэрэгжихэд залуусын алсын хараа хамгаас чухал гэдгийг тэрбээр тодотгож байв. Мөн одоогоор зургаан аймаг төсвөө өөрөө бүрдүүлж байна. Аймгууд бие дааж төсвөө бүрдүүлдэг болох хэрэгтэйг уулзалтын үеэр Ерөнхий сайд хэлсэн юм.

 

ЗҮҮН ГУРВАН АЙМАГ ОХУ-ЫН ДЭЭД УЛЬХАН ХИЛИЙН БООМТТОЙ ШУУД ХОЛБОГДОНО

Сүхбаатарт ажилласны дараа Ерөнхий сайд бүрэлдэхүүний хамт Хэнтий аймгийн иргэдтэй уулзлаа. Уулзалтын үеэр дулааны аргаар боловсруулсан махыг экспортод гаргахыг хориглосноор мах худалдан авах байгууллагын тоо цөөрч, олон кг мах  хуримтлагдаж байгаа асуудлыг махны худалдаачин эмэгтэй хөндлөө. Энэ асуудлыг зохицуулах талаар Засгийн газар ярилцаж байгааг Ерөнхий сайд онцлов.  


Харин нэгдсэн эмнэлгийн эмч хавдрын оношилгоо, эмчилгээ хийх хэрэгцээт тоног төхөөрөмж байхгүй учир аймагтаа хавдрыг эмчилж чадахгүй байгаа талаар саналаа илэрхийллээ. Түүний хувьд хэрэгцээт тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэчихвэл хавдрыг аймагтаа эмчилж, ХСҮТ-ийн ачааллыг бууруулахад дөхөм болно гэсэн юм. 


Үүнээс гадна отор нүүдлийн улмаас малчдын эрх зөрчигдөж байгаа асуудлыг Цэнхэрмандал сумын Нугаар багийн Засаг дарга эмэгтэй богино хугацаанд шийдвэрлэж өгөхийг хүссэн юм. Тэтгэврийн зөрүүг арилгах, үндсэн хуулийн өөрчлөлт, бизнес эрхлэгчдийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох гэсэн асуудлаар иргэд байр сууриа илэрхийлж, Ерөнхий сайд болоод тухайн асуудлыг хариуцсан сайд нь албан ёсны тайлбарыг өгсөн үр дүн ихтэй уулзалт болсныг иргэд онцолж байв.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд улсын хэмжээнд хилийн 14 боомтыг авто болон төмөр замаар холбох томоохон зорилтыг дэвшүүлэн  ажиллаж байна. Эдгээрийн нэг нь Хэнтий аймгийн Чингис-Бэрх-Ульхан боомт чиглэлийн 318.3 км авто замын бүтээн байгуулалт юм. Энэ авто замын эхний 70 км буюу Чингис-Бэрх чиглэлийн хатуу хучилттай авто зам бэлэн болсон. Үүний үргэлжлэл 248.3 км авто замын бүтээн байгуулалтыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн Норовлин суманд энэ сарын 3-нд ажиллахдаа. Чингис хот-Батноров-Норовлин-Дорнод аймгийн Баян-Уул-Ульхан чиглэлийн улсын чанартай авто зам ашиглалтад орсноор зүүн гурван аймаг ОХУ-ын Дээд Ульхан хилийн боомттой шууд холбогдоно. Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн иргэд ОХУ-руу  аялал жуулчлал хөгжүүлэх, бизнес эрхлэх таатай боломж бүрдэх юм.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин. 2022 оны Долдугаар сарын 5. Мягмар гараг. № 131 (6863)

Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

2 цаг 35 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

2 цаг 35 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

2 цаг 35 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

2 цаг 35 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

2 цаг 35 мин
Э.Одбаяр сайдын Хяналт хэрэгжүүлэх газар “Мэргэжлийн хяналт”-ыг орлож чадах уу?

Одоо үгүй болсон Мэргэжлийн хяналтын байгууллагын үүх түүх бүр 1930-аад оноос эхэлдэг байна. Тодру

2 цаг 35 мин
Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

14 цаг 50 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

15 цаг 10 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

15 цаг 14 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

15 цаг 17 мин