Ч.ГАНТУЛГА
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаартаа УДЭТ-ын найруулагч Э.Ёндоншаравыг урилаа. Тэрбээр ГИТИС буюу ОХУ-ын Театр урлагийн академийг төгссөн бөгөөд “Гэгээн муза-16” наадамд “Жангар” хүүхдийн жүжгээрээ “Шилдэг найруулагч” шагнал хүртсэн юм.
“ЖАНГАР” БОЛ МОНГОЛЧУУДЫН ОЮУНЫ ИХ ӨВ ЮМ
-Би Москвад театрын найруулагч мэргэжлээр төгссөн. Төгсөөд тэндээ ажиллаж байгаад эх орондоо ирээд удаагүй байна. Өмнө нь театртаа дөрвөн жил туслах найруулагчаар ажилласан. Москвад зургаан жил амьдарлаа. Энэ хугацаанд ОХУ-аас гадна дэлхийн олон орны театр, театрын хөгжлийг судаллаа. Грек, Франц, Бээжин гээд олон улсад театрын урлаг эрчимтэй хөгжиж байна. “Жангар” жүжгийн тухайд Завхан аймгийн Хөгжимт драмын театрын захирал Д.Солонго эгч надад санал тавьсан. ОХУ-ын театруудыг судлаад явж байхдаа би дэлхийд сонгодог урлаг, драмын урлагаар толгой цохиж буй орнуудад Л.Толстой, Ф.Достоевский, У.Шекспир зэрэг өөрсдийнх нь зохиолчдын зохиолоор жүжиг хийгээд очилтой биш гэж байнга боддог байсан. Тиймээс өөрийн улсын өв соёл, үндэсний урлаг, язгуур чанараа илтгэсэн уран бүтээл хийх нь зөв юм байна гэсэн бодолд хүрсэн. Энэ бодлын илрэл нь “Жангар” хүүхдийн жүжиг юм. Оросын сонгодгууд дэлхийд гайхагддаг шиг монгол бүтээлүүд ч дэлхийд танигдах мөч ойрхон байна. Үүний тулд уран бүтээлчид бид арай илүү хичээж, хөдөлмөрлөх хэрэгтэй байна. Монголын утга зохиолын гайхамшигт өв бол “Монголын нууц товчоо” болон “Жангар” тууль юм. Монголчуудын оюуны их өв болсон энэ бүтээлийг олон улсын фестивалиудад сойё гэж зорьсон. 13 бүлэгтэй туулийг цомхотгоод хүүхдийн жүжиг болгоно гэдэг хэцүү. Харин энэ ажлыг Д.Мэндсайхан эгч маань сайн хийж гүйцэтгэсэн. Уран бүтээлийн хувьд хөл дээрээ бууна гэдэг аятайхан үг бий. Тархиндаа бодож, фантаазалсан жүжиг маань яг тайзны бүтээл болохдоо ямар болж буух вэ гэдэг их чухал. Манай орон нутгийн жүжигчид хөрвөх чадвар, менежмент сайтай. Бүжигчин нь жүжиглэхэд, хөгжимчин нь дуулахад бэлэн. “Жангар” жүжигт ятгачин бүсгүй эмгэний дүр бүтээх жишээтэй. Харин Москвад бол жүжигчин нь жүжигчнээ л хийнэ. Харин мэргэжлийн жүжигчин биш хүнээр тухайн дүрийн утга санааг гаргуулна гэдэг тухайн найруулагчийн шандасыг шалгасан ажил. Манай орон нутгийн театруудын хувьд бүгд л өөрийн боломж, бололцоондоо тааруулж уран бүтээлээ хийдэг.
ЖҮЖГИЙН ДҮР БҮХЭН ЕРТӨНЦ
-ГИТИС-ийн хувьд жилд 7-8 найруулагч л авдаг. Түүнээс тал хувь нь л төгсөж чаддаг. Миний хувьд өмнө нь СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгсөөд, театрт ажиллаж байсан минь давуу тал болсон. Оюутнуудын хувьд өрсөлдөөн ихтэй. Манай орчин үеийн театрын урлагийн хөгжил ч Оросоос улбаатай. Монголын олон мундаг уран бүтээлчид тэр сургуулийг төгссөн байдаг. Найруулагч хүн байнга уншиж, шинийг эрэлхийлж, аливааг өөр өнцгөөс харж сурах хэрэгтэй. Мөн орчлонг таньж, судална гэдэг хамгийн чухал өгөгдөхүүн. ГИТИС-ийн багш нарын хувьд онолын хичээлээс илүү унших, үзэх, харах, хорвоотой танилц, хүнийг судал гэж заадаг. Түүнээс жүжгийг яг ингэж тавина гэсэн дүрэм байхгүй. Тэр бол найруулагчийн үзэл бодлоос гадна тухайн зохиолыг хэрхэн ойлгосон, ямар өнцгөөс харж, юунд эмзэглэсэн эмзэглэлээс бүтдэг. Мөн театрын урлагийн тухай К.С.Станиславский “Хүний тухай, хүнээр дамжуулж, хүнд зориулж хийдэг урлаг” гэж хэлсэн байдаг. Тиймээс найруулагч бол хүн судлаач юм. Жүжгийн дүр бүхэн ертөнц учраас тухайн хүний тухай өгүүлэхийн тулд хэдэн настай, ямар зан араншинтай, ямар үзэл бодолтой юм гэдгийг нь судлах нь хамгийн чухал. Тиймээс би найруулагч нарыг олон газраар явж, юм үзэж, хүмүүстэй харилцаж үзээсэй гэж хүсдэг. Мөн найруулагч хүн өөрийгөө сайн судлах ёстой. Чиний дотор юу өвдөж байна вэ. Ямар сэдэв танд өвдөлт өгч байна гэдгийг мэрэх ёстой. Түүнээс хүн бүхэнд тааруулж уран бүтээл хийнэ гэж байхгүй. Харин таны эмзэглэлээс бүтсэн жүжиг ирсэн нийт үзэгчдийн 30 хувийн сэтгэлийг хөдөлгөх нь үү, 70 хувьд нь ухаарал бэлэглэж чадах уу гэдэг нь хөдөлмөрийн тань үнэлэмж, үнэ цэн юм.
Блиц
Боловсрол:
2005-2009 онд: СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн
2015-2020 онд: ГИТИС-ийг найруулагч мэргэжлээр төгссөн
Ажлын туршлага:
2011-2015 онд: УДЭТ-т туслах найруулагч
2021 оноос одоог хүртэл: УДЭТ-т ажиллаж байна
Найруулагчийн ажил:
2014 онд: А.Очирбатын “Буруугүй буруутан” жүжиг
2018 онд: Еврипид “Электра” Грек Афина
2019 онд: М.А.Булгаков “Морфий” Москва
2019 онд: М.Камолетти “Боинг Боинг” Украйн
2021 онд: “Жангар” жүжиг Завхан аймаг
2022 онд: “Херо” энтертаймент “Тамгагүй төр” жүжгийн хоёрдугаар найруулагч
ДЭЛХИЙН ТЕАТРЫН ХӨГЖИЛ ИЛҮҮ ЭНГИЙН БОЛЖ БАЙНА
-Театрын хөгжил нийгмийнхээ хөгжлөөс шууд шалтгаална. Москва, Лондоны театрууд гэхэд энэ цаг үед дэлхийн театрын урлагийн хөгжлийг тодорхойлж байна. Харин манай театрын хувьд тоног төхөөрөмжөөс эхлээд бүхий л зүйлээрээ хоцорч яваа нь үнэн. Гэхдээ олон залуус гадаадад сурч, боловсорч байгаа учир энэ байдал удаан үргэлжлэхгүй байх. Дэлхийн театрын хөгжил илүү энгийн тал руугаа хөгжиж байна. Олон өнгө будаг, нүсэр тайз, эфектээс аль болох татгалзах болсон. Театрын амьд орших эсэх, амин сүнс нь санаа болон жүжигчиндээ л байдаг. Тиймээс нэг сандал ширээ, авьяаслаг хоёр жүжигчин, сайн найруулагчийн санаа байхад л хангалттай. Орчин үед манай уран бүтээлчид өнгө голлосон энтертайнмент шоу хийх нь элбэг болжээ. Харин жинхэнэ драм, театр үзье гэвэл амьд харилцаа, амьд жүжигчин л үз. Тэр жүжигчин хэрхэн тухайн дүрээр амьдарч, шатаж, мэдэрч тоглож байна вэ. Тэр амьдралын нэг хэсгийг үзсэн хүн санаа авдаг. Гэтэл зарим хүн театрын урлагийг кино урлагтай харьцуулаад байдаг. Энэ чинь тэс ондоо хоёр салбар. Театр өөрийн гэсэн хэлтэй, үндсэн чиг баримжаатай.Манай улсын хувьд ганцхан том театртай. Тиймээс энэ театр маань зөв замаар, зөв хөгжиж байна уу гэдгийг нь харьцуулах боломж алга. Гэтэл Москвад 250 театр байна. Манай театртай адилхан статустай болон түүнээс дээш 80 театр бий. Түүнээс бүгдийг нь биш юм гэхэд 20 –ийг нь үзэхэд өөрийн үргэлж очих театраа олох боломжтой. Гэхдээ театр гэдэг амьд харилцаа. Түүнээс зугтах боломжгүй. Жишээлбэл ОХУ-ын мундаг онолч В.И.Немирович Данченкогийн театрыг жишээ авъя. Түүний театр нь ерөөсөө л нэг ширдэг, сандал, хоёр жүжигчин. Үүн дээр л чи гайхалтай жүжиг хийж чадвал өөрийгөө найруулагч болжээ гэж бод гэдэг.
БИД ДЭЛХИЙТЭЙ УРАН СЭТГЭМЖЭЭРЭЭ ӨРСӨЛДӨХ БОЛОМЖТОЙ
-Москвад зургаан жил амьдрахдаа олж харсан нэг зүйл нь найруулагчийн хувьд олон улсын театрын зах зээлийн тоглоомын дүрмийг ойлгох. Театрын урлагийнхан муушиг тоглож байхад бид энд хөзөр тоглоод нэмэргүй. Ядахдаа муу ч бай муушгийнхаа дүрмийг мэддэг бол тоглоомын явцад орчихлоо гэсэн үг. Харин жүжигчдийн хувьд мэдрэмж, авьяас дээрээс нь хэлний мэдлэг сайтай бол ямар ч асуудалгүй. Би Орос болон Грек, Франц оюутнуудтай ажиллаж үзсэн. Бид гуравхан саяулаа. Хүн ам цөөн байх тусмаа бие биеэ илүү мэдэрч, хайрладаг юм байна. Харин хүн ам олшрох тусмаа бие биеэсээ холддог юм билээ. Монгол хүн их гэнэн итгэмтгий. Энэ нь жүжигчний хувьд давуу тал болох нь бий. Чи хулгайч гэхэд дорхноо итгэчихдэг. Харин Москвад 20 сая гаруй хүн амьдардаг. Хүн ам нь хэт их болохоор бие биеэсээ холдчихсон. Холдоод ирэхээр сэтгэл нь хүйтэн болно. Сэтгэл хүйтэнтэй жүжигчнээс амьд мэдрэмж нэхээд хэрэггүй. Олон хүнтэй болохоор хэн нэгэнтэй уулзахдаа хүртэл далд ухамсар нь энэ намайг яаж ашиглачих бол гэж бодох жишээний. Харин монгол хүн цагаахан, яг л дэлгэсэн цаас шиг. Тиймээс хэлээ л сайн сурчих юм бол дэлхийд гарах боломж ойрхон байна. Харин ганцхан жүжигчин биш багаараа нэг уран бүтээл хийгээд дэлхийн зах зээлд өрсөлдье гэвэл Монголын театрын урлаг өөрийн зөв стиль, менежментийг хийх ёстой. Мөн бид дэлхийн зах зээлд хөл тавья гэж зоривол уран сэтгэмж, хүн төвтэй ганган санаагаараа л өрсөлдөх боломжтой. Энэ бол ядуу орны давуу тал юм. Түүнээс техник технологи, хөгжил дэвшлээрээ бид ард нь хоцорсон.
Н.В.ГОГОЛИЙН УРАН БҮТЭЭЛЭЭС ТАВИХ ХҮСЭЛТЭЙ
-Анх “Долоон өөр жүжиг, долоон өөр найруулагч” төслийг Н.Наранбаатар найруулагч санаачилахад би Б.Баатар найруулагчийн дэмжлэгтэйгээр оролцож, анх найруулагчийн гараагаа эхэлсэн. Тухайн үед надад итгэл хүлээлгэж, “Буруугүй буруутан” жүжиг тавих боломж олгосон. Үнэндээ театрын ахмад уран бүтээлчдийн хувьд туршлагагүй хүүхдэд жүжиг даатгалаа гээд дургүйцэж байсан юм. Гэтэл Б.Баатар найруулагч тухайн уран бүтээлчийг “Чи эхээс төрөөд шууд жүжиглэдэг байсан юм уу” гэхэд тэнд сууж байсан жүжигчид бүгд чимээгүй болж байсан. Миний хувьд Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Г.Урнаа, Д.Дэмидбаатар, Б.Нармандах Б.Пүрэвдож зэрэг мундаг уран бүтээлчдийн өмнө дөнгөж туслах найруулагчаар ажиллаад хоёр жил болж байсан би найруулагчийн хувиар үг хэлэхэд сүрдэх мэдрэмж төрж байлаа. Жүжигчнийхээ далд ухамсрыг сайн судалж, түүнийг нь хөдөлгөж чаддаг хүнийг л найруулагч гэнэ. Энэ үе толгой руу минь савах шиг л болсон. Дахин сурах хэрэгтэй юм байна гээд мөрөөдлийнхөө төлөө хичээж эхэлсэн. Тиймээс энэ бүтээл намайг чиглүүлж, Москва явахад ч том түлхэц болсон түүхтэй. Миний хувьд Брехетийн нэг жүжгийг тавих гээд бэлтгэл ажил эхэлчихсэн явж байна. Мөн Н.В.Гоголийн уран бүтээлээс тавихсан гэсэн нууцхан хүсэл бий. “Тамгагүй төр” жүжигт би ассент найруулагчаар ажилласан. Ассент найруулагч гэхээр ерөнхий найруулагчтай зэрэгцээд үзэгдэл найруулна гэсэн үг. Миний хувьд ажлын их туршлага боллоо.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2022 ОНЫ Долдугаар САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 130 (6862)