П.АМГАЛАНБАЯР, ДАРАМБАЗАР
Шинэ өглөөний нар мандаж их хотын амьдрал эхэллээ. Зуны нарлаг өдрүүд үргэлжилж, хаа нэгтээ яаран алхах хүмүүсийн амьдрал урсан одох цаг хугацаанд баяр гунигаар хослон хөврөнө. Нийслэл хотын төв талбайд өнгө өнгийн цэцэгс алаглаж, хөгжмийн аясаар усан оргилуур цацарна. Их сургуулиа төгсөж амьдралд хөл тавьж буй залуус хонхны баяраа тэмдэглэж, цэнхэр хантааз өмссөн зурагчин тэдний баярт мөчийг зургийн хальснаа буулгах аж. Гэвч хүүхэд бүрийн ирээдүй хүссэнээр байдаггүй нь харамсалтай. Хичнээн сургуульд сурч, хүссэн мэргэжлээрээ сурахыг хүсэвч хүүхэд бүрийн мөрөөдлийн зам шулуун байдаггүй.
Зарим хүүхдүүд амьдралын эрхээр ар гэртээ туслах гэж, бүр өдрийнхөө хоолны мөнгөө олохын төлөө ажиллаж байна. Гэвч хүүхэд бүрт гэгээн, нандин мөрөөдөл бий. Ийнхүү бид олны хөл бужигнасан нийслэл хотын баруун захад орших Улаанчулуутын хогийн цэгт ажиллаж буй хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг хуваалцахаар, харьяа байгууллагуудад хүүхдийн сурч боловсрох, хөгжих тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байгаа талаар сурвалжиллаа.
“Хогийн цэг дээрх хүүхдүүдийн тоо багассан”
Том ачааны машинууд тэвш дүүрэн шуудайтай хог ачиж, хогийн цэг рүү гарах постон дээр зогссон байлаа. Тэд хогоо жинлүүлж, цааш постоор нэвтэрнэ. Өдөрт 100 гаруй машин 400 удаа ээлжээр өнгөрөн одно. Өвөл цас, мөс гээд хаях хог ихэсдэг учраас гарч байгаа машины тоо их байдаг тухай шалгагч хэлж байлаа. Ийн хогоо жинлүүлсэн машинууд постноос цааш хоёр гаруй километрийн зайд байрлах Улаанчулуутын хогийн цэг рүү явлаа. Цаанаас хогоо хаясан машинууд зөрөн өнгөрнө. Ирж буцах машины цуваа тасралтгүй үргэлжлэх аж. Уулс хаяалсан талд утаа суунаглаж, тоос тортог манарна. Төмөр хашлагаар хүрээлсэн тор үргэлжилж, машины зам зурайж харагдах аж.
Хогийн цэг дээр ажиллаж амьдралаа залгуулдаг хүн харьцангуй цөөрсөн гэнэ. Биднийг машины зам даган хүмүүсийн дэргэд очиход 40 орчим насны эмэгтэй ямар хэргээр яваа тухай асуув. Бид учраа хэлэхэд “Өмнө нь энд ажилладаг хүүхэд олон байсан. Одоо бол цөөрсөн, 4-5 хүүхэд ажиллаж байгаа” гэв. Энэ мэдээг сонсоод баярлах шиг боллоо. Учир нь үеийн хүүхдүүдтэйгээ дэгэж, дэрвэж, хүсэл мөрөөдлөөрөө дүүрэн явах насан дээрээ ийм орчинд ажилладаг хүүхдүүд өнгөрсөн гурван жилийн дотор 10 дахин багассан гэхээр чихэнд чимэгтэй сонсогдож байсан юм. Тиймдээ ч ийм газар хүүхэд амьдарна гэдэг хэцүү. Гэр бүлийн асуудал, нийгмийн амьдрал хүүхдүүдийг ийм орчин нөхцөлд ажиллаж хөдөлмөрлөх суурь болдог гэж бодохоор харамсмаар. Харин Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас үүнийг эсэргүүцэж хүүхдийн хөдөлмөрийг устгая гэсэн аянг тус газар зохион байгуулж сэтгэлзүйн зөвлөгөөг гэр бүлд нь өгч ажилласан гэнэ.
Чадварлаг үсчин эсвэл шивээсчин болно
Нийслэл хотын нэгэн дүүргээс буйдхан зайд орших хөндийд олон хүмүүсийн амьдрал буцалж, шувууд зэллэн дээгүүр ниснэ. Уулын наана цаана хүмүүний амьдрал тэс өөр хоёр өнгөөр оршин байна. Удалгүй нэгэн хүүтэй бид уулзлаа. Бид мэнд мэндэлцээд машины чимээнд ярих боломжгүй учир зайдуу очлоо. Хүүгийн нүүр нь хөө тортог, шороо болж нүд шүд нь гялалзана. Хүүг Н гэдэг бөгөөд 16 настай. Тэрбээр найман настай байхдаа эмээтэйгээ хамт хогийн цэг дээр анх удаа ирж байжээ. Анх эмээгийнхээ өвөр дээр тоглоод суудаг хүүхэд байсан бөгөөд нэг сарын дараа хог түүж эхэлсэн гэлээ. Өмнө сургуульд сурч байсан хэдий ч суралцах боломжгүй болж завсардсан байна. Түүнийг сургуульд сурдаг байхад нь үеийнх нь хүүхдүүд гадуурхдаг байжээ. Энэ нь сургуулиа орхиход нөлөөлсөн байна. Хүү үргэлжлүүлж сураад мэргэжилтэй болохгүй бол хэцүү юм байна гэдгийг ойлгож байгаагаа хэллээ. Тэрбээр үсчин эсвэл шивээсчин болох гэгээн хүсэл мөрөөдөлтэй. Хүү ирэх намраас XXI хороололд байрлах шөнийн сургуульд сурч, өөрийгөө хөгжүүлнэ гэсэн юм. Сургуулиа төгссөний дараа сонирхсон хоёр мэргэжлийн нэгийг эзэмшиж, чадварлаг үсчин эсвэл шивээсчин болно гэхэд түүний нүднээс итгэлийн оч мэт инээмсэглэл тодорно.
“Үеийн хүүхдүүдтэйгээ хамт сурахыг хүсдэггүй”
Хүү “Одоо дахиад сургуульд суухдаа үеийнхээ хүүхдүүдтэй хамт сурмааргүй байна” гэлээ. Үүнээс харахад үе тэнгийнхний нэг нэгнийгээ өмссөн хувцас, ар гэрийн амьдрал зэргээр нь ялгаварлан гадуурхалт нь тодоос тод хар толбо болон үлддэгийг харуулах шиг. Ийн ярилцах зуур хүү наадмаас өмнө гаран дээрээ шивээс хийлгэх гэж байгаагаа хэллээ. Интернэтээс шивээсний зургууд харсан гэнэ. Зургууд дундаас гүн далай, жокерны шивээс түүнд таалагджээ.
Аав нь архины хамааралтай байсан учраас ээжээс нь салж, тэднийг орхижээ. Хүү аав ээж хоёрыгоо салсан нь дээр гэж боддог тухайгаа хэллээ. Учир нь ээж нь аавынх нь адилаар сүүлдээ архи уудаг болсон байна. Хүү архины хамааралтай хүнтэй хамт амьдрах ямар хэцүү байдгийг мэддэг учраас ирээдүйд гэр бүлтэй болохоороо өөрийнхөө туулсан замыг үзүүлэхгүй гэдгийг хэлж байсан юм. Тэрбээр өглөө 07:00 өнгөрөөгөөд иржээ. Хог авдаг наймаачид орой таван цаг гээд явдаг учраас түүнээс өмнө тушаах ёстой гэдгээ хэллээ. Зуны аагим халуунд ажиллахад хүндрэлтэй байдаг аж. Харин өвөл бол дулаан хувцсаа давхарлаж өмсөөд ажиллахад илүү амар байдгийг хэлж байв. Тэрбээр өөрийнхөө хүч хөдөлмөрөөр мөнгө олно гэдэг хамгийн сайхан гэж байсан юм. Хүүхдийн баяраар хамт ажилладаг найзуудтайгаа талбай дээр “Зуны зугаа” тоглолтыг үзжээ. Ийнхүү бид ярилцаж дуусаад хүү ажлаа үргэлжлүүлэхээр овоолсон их хогийн зүг алхлаа. Энэ газарт 2020 онд 40 гаруй хүүхэд байдаг байжээ. Гэтэл өнөөдөр 4-5 болсон нь хүмүүс хүүхдийг хараа хяналтандаа авч ажил хийлгэхээс сэргийлж боловсрол олгохоор болсон нь энэ цэг дээр цөөхөн хүүхэд үлдэх нэг хүчин зүйл болжээ. Харин эцэг эхчүүдэд нь хог цэвэрлэх машин техник дээр ажиллах боломжийг олгосон байна.
Хогийн цэг дээр амьдардаг цаг ард хоцорсон
Улаанчулуутын хогийн цэг дээр хүмүүс “Нарантуул” шиг оволздог байсан цаг саяхан. Тэндээс түүж ашиг олж болох юу л байна, бүгдийг авдаг байлаа. Сонгинохайрхан дүүргийн XXVI хорооны нутаг дэвсгэрт байрлах энэ газарт сургуульд сурч боловсрох насан дээрээ хар утаа баагиж, нэвширсэн үнэр дунд амьдралаа залгуулахаар ажиллацгаадаг байв. Тэд зөвхөн энд биш, Цагаан даваа, Морингийн даваа зэрэг нийслэлийн томоохон хогийн цэгүүдээр дамжин ажилладаг аж. Сурч боловсрох эрхээс гадна орхигдсон тэдний ааш зан эвдэрч, тэнд очсон хэн нэгний биед халдах, машиных нь эд ангийг гэмтээдэг гэв. Хамгийн сүүлд “эх үрсийн баяр”-аар энд ажилладаг хүүхдүүдэд бэлэг тараажээ. Энд гар утас, камер гаргах тун эрсдэлтэй. Үүнд тун дургүйцнэ. Тэр битгий хэл, машинд дайруулсан иргэнд тусламж үзүүлэхээр очсон “ЯТТ-103”-ын автомашинд халдсан тохиолдол гарчээ. Хог, чулуу авч шидэх нь энүүхэнд... Гэхдээ энэ цаг ард хоцорч байна гэдгийг хорооны Засаг дарга Б.Батбаяр хэлж байлаа. Цаг үеэ дагаад боловсрол нь дээшилж, амьдарч буй аж байдал нь ч өөр болж байна. Тухайн бүсэд одоогоор 100 гаруй иргэн ажилладгийн ердөө таваас зургаа нь хүүхэд буюу 14-18 насных. Тэд зуны амралтаар орлого олох зорилгоор өглөө 9-18 цагийн хооронд ажилладаг. Цөөн хүүхэд сургуульд орж амжаагүй ч ирээдүйд цагдаа, үсчин, сагсанбөмбөгийн тамирчин болох мөрөөдөлтэй гэв. Сургуулийн зүгээс тус хүүхдүүдийг бүгдийн хамруулдаг. Хичээлийн бус цагаар хогийн цэг дээр очихгүй бол маргааш нь хичээлээ тасалдаггүй. Харин тэнд очихоороо хааяа хичээл таслах зүйл гардаг. Дан манай харьяалал гэхгүй өөр газрын харьяалалтай хүүхдүүд хүртэл ирж суралцдаг хэмээн 152-р сургуулийн нийгмийн ажилтан Ж. Цэвээнжалбуу хэлж байв.
Хороо болон хэсгээс сонгогдсон гишүүд юу хийв
Сонгинохайрхан дүүргийн XXVI, XXXVI хорооны хүүхдүүд зөвхөн 65-р сургуульд дөрвөн ээлжээр хичээллэдэг байсан. Сургууль нь хол учраас замын дундаас шантарч хичээлээ таслах, улмаар “гудамжны” гэх тодотголтой хүүхдүүдийн эгнээнд ордог. Энэ хэсгээс сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Б.Жаргалмаа нарын санаачилгаар баригдсан 152-р сургууль 2021 оны хичээлийн жилд ашиглалтад орсноор дээрх хоёр хорооны 1200 гаруй хүүхэд шинэ сургуультай болжээ. Ингэснээр сургуулийн хүртээмж тодорхой хэмжээгээр нэмэгдэж, хүүхдүүд сургуульдаа явах илүү дуртай болсон байна. Бид зөвхөн хүүхдүүдэд анхаараад зогсох биш, гэр бүлийн орчинд цогцоор нь анхаарал хандуулах шаардлагатай. Тэднийг хувцас, хичээлийн хэрэглэлээр хангах, эцэг эхийг нь ажлын байраар хангах нь чухал. Үгүй бол эцэг эх нь ажилгүйн улмаас архины хамааралтай болж, хүүхдүүдэд мөнгө олох шаардлага тавьдгийн улмаас эргээд сургууль завсардах эрсдэл бий болдог гэдгийг СХД-ийн XXVI хорооны алба хаагч нар онцолж байлаа.
Мөн урлаг, соёлын боловсролд нь анхаарч тус дүүргийн V хороонд шинээр ашиглалтад орсон Хүүхэд, залуучуудын театрт тоглолт үзүүлдэг байна. Цаашид тогтмол хугацаанд үйл ажиллагаа зохион байгуулахад анхаарч буй. Энэ хороонд 24000 хүүхэд суралцдагаас цар тахлын хугацаанд зорилтот бүлгийн сурагчдын цахимаар хичээллэх боломжийг алдагдуулахгүйн тулд сайн дурын байгууллага болон дүүрэг, нийслэлтэйгээ хамтарч амьжиргааны түвшин доогуурх 118 хүүхдэд гар утас болон нэгж, дата зэргээр хангасан. Ингэснээр өөртөө итгэлтэй болж, сурах хүсэл эрмэлзэл нь дээшилдэг. Сургууль завсардсан хүүхдүүдийг “Албан бус сургалтын төв”-д хамруулдаг. Багш, сурагч нарт нь энэ хүүхдүүдийг ялгаж, гадуурхаж болохгүй, туслаж дэмжээрэй гээд ойлгуулахаар хүлээж авдаг.
Харин зарим хүүхдүүдийн хаягнаасаа нүүсний дараагаар Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдээр дамжин тэнүүчилдэг байна. Зарим хүүхэд манай эндхийн хогийн цэг дээр байж байгаад гэнэт байхгүй болчихдог. Харин энд байхгүй байсан хүүхдүүд байж байдаг. Учир нь хогийн цэг дээр ажиллаж байгаа хүүхдүүд хогоо дагаад нүүдэллэдэг гэж хорооны дарга Б.Батбаяр хэлж байсан юм. Энэ бүхнээс үзэхэд хүүхдийг хараа хяналтандаа байлгаж, сурч боловсрох эрхийг нь эдлүүлбэл бүгд хүсэл мөрөөдөлтэй. Тэдэнд амьдралын боломж байвал бүгд сурахыг хүснэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 129 (6861)