Ө.Дорждэрэм: Орон сууцны эко жишиг хорооллыг босгоно

2022-06-30
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Ч.ЗҮЙР

 

Гэр хорооллын дахин төлөвлөлт утааг бууруулах, иргэдийн орон сууцжуулах нэг боломж. Энэ төсөл хэрэгжиж эхлээд чамгүй олон айл орон сууцтай болж тав тухтай амьдарч байгаа. Зарим талаар зах зээлийн ханшаар хашаа байшингаа борлуулснаас илүү “өгөөж”-тэй байгааг үгүйсгэх аргагүй юм.

Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын газрын дахин төлөвлөлтөд хамруулж барилгажуулах 24 га газрыг хамарсан “Оргил” төслийн нээлт боллоо. Төсөл эхлэх гэж байна гээд газраа “хөндөж”, ном уншуулан цулгуй талбайд тууз хайчилдагаас өөр дүр зураг хэвлэлийнхнийг угтсан юм. “Оргил” төсөл “А”, “Б” талбартай бөгөөд нийт 3717 айлыг орон сууцжуулах юм байна. Энэ талаар төслийн гүйцэтгэгч “Шинэ барилга” компанийн гүйцэтгэх захирал, “Оргил” төслийн удирдагч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат барилгачин Ө.Дорждэрэмтэй ярилцлаа.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд олон төсөл хэрэгжиж орон сууц баригдаж байгаа. Энэ удаад танай компанийн гүйцэтгэж байгаа төслийн онцлог юу вэ?

-Бидний хэрэгжүүлж байгаа “Оргил” төсөл нь үндсэндээ 3717 айлыг орон сууцжуулна. Ингэхдээ нэгэн жигд есөн давхар барьсан барилга байх бөгөөд ногоон байгууламж, хүмүүсийн амрах орчин, авто машины зогсоол гээд хүн амьдрахад эрүүл аюулгүй байх хотхоны цогцолборыг бүтээхээр зорьж байгаа юм. Өөрөөр хэлбэл, оршин суугчдын хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангахуйц байдлаар төлөвлөж, зураг төслийн дагуу ажиллаж байгаа.

-Нийтдээ 24 га газрыг хамарсан нь гэр хорооллыг дахин төлөвлөх төслүүдийн дунд хамгийн том талбайтайгаар хэрэгжих юм байна. Давуу тал нь юу вэ?

-Нийт 24 га газрын зөвхөн 10.9 га талбайг барилгажуулна. Түүнчлэн орон сууц хоорондын зай нь 80 метр байх бөгөөд энэ нь барилгын стандарт нормыг бүрэн хангаж байгаа хэмжээ. Тэгэхээр хоорондын зай нь алслал сайтай байхын хэрээр ногоон байгууламж, хүүхэд залуусын тоглох талбай, хүмүүс амарч тухлах орчныг цогцоор нь бүтээх боломжтой юм. Тухайлбал, одоо ашиглалтад орж байгаа орон сууцны зүүн талаар мод тарьж ургуулах талбайгаа засч бэлтгэсэн байгааг та бүхэн харж байна. Өөрөөр хэлбэл, мод, ургамал ургахын хэрээр эрүүл агаартай орчныг бүрдүүлэх боломж бүрдэж байгаа юм шүү дээ.

Түүнээс гадна манай компанийн хамт олон энэ төслийг хэрэгжүүлэхдээ гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүсэд сургууль, эмнэлгийн шийдлийг тусгасан цогцолборыг анх удаа эко байгууламж дунд бий болгож байна.

-Танай компани өмнө нь ямар төсөл хэрэгжүүлж байсан бэ?

-“Шинэ барилга” компани “Оргил” төслөөс өмнө нь нийт 50 орчим барилга барьсан. Тухайлбал, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, СЭМҮТ-ийн барилга, Увс, Сүхбаатар, Хэнтий аймгийн нисэх онгоцны буудлын барилгыг барьж ашиглалтад өгсөн. Харин орон сууцны хотхонууд гэвэл 80-160 айлын цогцолборууд дээр ажиллаж байсан. Энэ удаагийн хэрэгжүүлж байгаа төслийн үр ашиг, ач холбогдлын хувьд авч үзвэл олон зүйлийг нэрлэж болох юм. Тодруулбал, гэр хорооллын газрыг барилгажуулж, агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах давуу талтай. Мөн нийслэлийг зөв, цэгцтэй стандартаар төлөвлөх төлөвлөгөөний дагуу нийслэлийн холбогдох албан байгууллагуудтай хамтран шинэ өнгө төрх, амьдрах орчин нөхцлийг сайжруулах боломжтой. Түүнээс гадна ойролцоох орчны бүсийг шинэчлэн зохион байгуулахад маш том түлхэц болох учиртай юм. Мэдээж төсөл хэрэгжсэнээр тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлж, барилгын салбарт олон улсын стандартыг нэвтрүүлэхийг зорьж байна.

-“Оргил” төсөл ямар хугацаанд хэрэгжих вэ?

-Төсөл маань 2025 онд дуусах ёстой. Энэ төслийн хүрээнд нийт 5-8 жилийн хугацаанд аж ахуй нэгж, төрийн үйлчилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж, 250 ажлын байрыг бий болгоно. Мэдээж туслан гүйцэтгэгч аж ахуй нэгжүүдийн 1000 гаруй ажилтан алба хаагчийг тогтвортой ажлын байраар хангах юм.

-Сүүлийн үед “эко” гэдэг үгийг илүүтэй ашиглах болсон мэт санагддаг. Гэхдээ танай төслийн хувьд эко цогцолбор байгуулна гэж зорьсон байна шүү дээ. Чухам юугаараа ялгарах вэ?

-Тийм. Бидний хувьд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр хэрэгжиж байсан төслүүдийг маш сайн судалж үзсэн. Судалгааны дүнд оршин суугчдад тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлж өгвөл хэн ч газраа орон сууц болгохоос татгалзахгүй гэдгийг ойлгосон. Учир нь иргэдийн газрыг авчихаад хэт өндөр барилга барьж амрах орчин бүрдүүлэх нь бүү хэл машинаа ч тавих зай талбайгүй байдаг шүү дээ. Тэгэхээр хүмүүсийн амьдрах ая тухыг нь алдагдуулахгүй байх зорилтыг баримталж ажилласан. Тиймээс нэгдсэн стандартын дагуу хүн, машины харьцаа, барилга хоорондын талбай зэргийг оновчтой шийдэж өгснөөр дараагийн шатны төслүүд амжилттай хэрэгжих учиртай. Мэдээж хашаандаа тааваараа байсан хүмүүст машинаа тавих ч газаргүй болчих нь бухимдуулах шалтгаан шүү дээ. Тиймээс л ногоон байгууламж, амрах тухтай орчныг бүрдүүлсэн жишиг хорооллыг цогцлоохоор ажиллаж байна.

-Өнөөдөр /өчигдөр/ ашиглалтад орж байгаа орон сууцанд газраа чөлөөлсөн хэдэн айл орж байгаа вэ?

-Гэр хорооллын газрыг барилгажуулах ажлын хүрээнд “А” талбарын 38 айлд өнөөдөр /өчигдөр/ түлхүүрийг нь гардуулж өглөө. Оршин суугчдын хувьд сэтгэгдэл өндөр байгаагаа хэлж байна. Хийж бүтээснийг минь үнэлж байгаа оршин суугчдадаа баярлаж байгаагаа энэ дашрамд хэлмээр байна. Цаашид ч олон өрхийг орон сууцжуулж, эко цогцолборуудыг байгуулна гэж итгэж байгаа.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барьж байгаа орон сууцны санхүүжилтийг сонирхож болох уу?

- Энэ төсөлд 315 нэгж талбарыг хамарсан 24 га газар дээр 3717 айлын орон сууц, сургууль, эмнэлэг цэцэрлэг, үйлчилгээний байгууллагууд байхаар төлөвлөсөн. Мөн эргэн тойронд ногоон хайс бий болгож, чөлөөт талбай ихтэй, усан оргилууртай, хамгийн сүүлийн үеийн эко ногоон хороолол болох зорилт тавьсан. “Оргил” төслийг хэрэгжүүлэхдээ 100 хувь компанийн хөрөнгөөр эхлүүлж хийсэн. Цааш үргэлжлүүлэхийн тулд нийслэлтэй хамтарч ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд цогцолбор хотхоны инженерийн байгууламжийн ажлыг  хийх бүх зураг төслийг холбогдох газруудаар баталж, тендер шалгаруулах ажил ид дундаа л явж байна. Инженерийн байгууламжийн ажлыг хийснээр “Оргил” төсөл зогсолтгүй үргэлжлэх боломж бүрдсэн гэсэн үг.

-Таны залуу байх үеийн барилгын салбарыг одоогийнхтой харьцуулбал хэр өөрчлөгдсөн бэ?

-1990-ээд оноос өмнөхтэй харьцуулбал, материалын чанар, өнгө үзэмж илүү сайн болсон гэж болно. Хамгийн гол хөрөнгө нь олдож байвал Монголын барилгачид ямар ч төрлийн барилгыг чанарын өндөр түвшинд барьж байгуулах чадвартай гэдгээ жил ирэх бүрт л харуулж байна.

Харин намайг бага залуу байхад барилгыг үндсэн материал буюу тоосго, цементээр барьж байсан юм шүү дээ.

-Танаас орон сууцны үнийг хүмүүсийн худалдан авах чадвартай нийцтэй байлгах боломжтой юу гэж асуумаар байна л даа?

-Үнэнийг хэлэхэд орон сууц, барилгын үнэ хэт хөөстэй байна. Үүнд барилгын түүхий эдийн үнэ нэн ялангуяа цемент, арматурын үнийн өсөлт нөлөөлж байгаа юм. Үүнийг жинхэнэ утгаар нь төр зохицуулах хэрэгтэй. Түүнээс барилгачид сайн дураараа, өөрийнхөө ашиг хонжоо хайж үнийг хөөрөгдөж, өсгөдөггүй юм. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 128 (6860)

 

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

13 цаг 3 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

17 цаг 14 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

17 цаг 24 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

18 цаг 8 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

19 цаг 14 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

22 цаг 41 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

22 цаг 41 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

22 цаг 41 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

22 цаг 41 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

22 цаг 41 мин