Т.САЙХАН
Цар тахлын улмаас хоёр жил дараалан Улсын баяр наадмыг тэмдэглээгүй. Энэ жил тэгш ойн баяраа өргөн дэлгэр тэмдэглэхээр бэлтгэж буй. Тэгвэл баяр наадмын бэлтгэл ажилтай Шадар сайд С.Амарсайхан танилцжээ. Энэ үеэр баяр наадмын нээлт, хаалт болон төрийн ёслол хүндэтгэлийн концертыг найруулж буй Төрийн соёрхолт Н.Наранбаатар “Урлаг соёлын чиглэлээр есөн үйл ажиллагаа зохион байгуулна. Энэ жилийн наадмын нээлт, хаалт болон урлаг соёлын арга хэмжээг хэлбэрийн хувьд хэт нүсэр биш минимал байдлаар зохион байгуулна. Агуулгын хувьд монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмэр, онцлох гол түүхэн үйл явдлуудыг харуулна. Мөн үндэсний өв уламжлал, түүх соёлоо хүүхэд, залууст шинэлэг байдлаар сурталчлан таниулах чиглэлээр бэлдэж байна" хэмээв.
Баяр наадмаар иргэдийн автомашиныг тусгайлан бэлдсэн зогсоолд зогсоож, Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл автобусаар үйлчилнэ.
Харин Хүй долоон худагт автомашины долоон төрлийн зөвшөөрөл олгож, 6500 автомашины зогсоол бэлдэх юм байна. Энэ жилийн Улсын баяр наадам долдугаар сарын 7-нд Урианхай сурын харваагаар эхэлнэ. 12-ны 24.00 цагт Төв цэнгэлдэхэд хаалтын үйл ажиллагаагаар өндөрлөж буйгаараа онцлогтой. Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан салбар хороодын дарга нарыг уялдаа холбоогоо сайжруулж, хамтран ажиллаж, бэлтгэлээ хугацаанд нь хангах үүрэг өгсөн юм.
Эх сурвалж:www.polit.mn