Монгол дууны урлагт босго тавьсан хөгжмийн зохиолч

2022-06-13
Нийтэлсэн: Админ
 12 мин унших

Ч.ГАНТУЛГА

 

Аялгуу айзам бүхэн амьтай гэхэд итгэнэм. Сэтгэлээс гарсан эгшиг бүхэн хүмүүний сэтгэлд хүрч уярааж, догдлуулж, уйлуулж, ухааруулах увидастай. Тиймээс ч энэ хорвоо ертөнцийг хөгжимгүйгээр төсөөлөхийн аргагүй. Монголчууд бид дуучин ард түмэн. Уртын дууныхаа шуранхайд нялхарч, удамт хүлгийнхээ гийнгоонд өмөлзөж, уянгат хуурынхаа татлаганд самсаа шархирдаг. Ийм л нэгэн дууч үндэстэн Азийн элгэнд оршиж байна. Дууг амьтай л гэдэг. Гэхдээ нэгэн цаг үеийг эзэгнэж чадалгүй мартагдах тохиолдол элбэг. Зөвхөн чихэнд сонсогдоод өнгөрөх төдий дуу байхад насан туршид зүрхэнд эгшиглэх бүтээл гэж бий. Тэр нь тун цөөхөн. Харин Монголын хөгжмийн урлагт зохиосон дуу бүхэн нь эзнээ олж очдог, он цагийн урсгалд хуучирч хэзээ ч мартагдалгүй, мөнхөд эгшиглэх урт настай олон бүтээлийн эзэн нэгэн эрхэм бий. Тэр хүн бол “Би хаана төрөө вэ”, “Туулын урсгал шөнөдөө сайхан”,  “Дорнын цагаан саран”, “Есөн эрдэнийн орон”, “Бодлын цагаан хун”, “Миний нутгийн бараа”, “Чамайг тойрон эргэлдэнэ” зэрэг бүх цаг үеийн хит дуу, сонсогчдын чихэнд биш зүрхэнд эгшиглэх бүтээлүүдийн эзэн Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Дашдаваагийн Баттөмөр билээ.

Монгол дууны урлагт дархлагдсан түүнийг “Нийтийн дууны хаан” хэмээн өргөмжлөх нь бий. Зохиосон дуунууд нь мөнх насалж, аялгуу эгшиг нь тасралтгүй цуурайтаж яваа, авьяас билгийн уурхай түүнийг энэ удаагийн “Амьдралын тойрог” хөрөг нийтлэлийнхээ тэргүүн хойморт заллаа.

 

Хурдны морь унаж, гийнгоолж явсан бага нас

 

Монгол дууны урлагт нэрээ мөнхөлж, өнөөдрийг хүртэл төгөлдөр хуурынхаа ард суугаад аялгуу эгшигээ урласаар байгаа хөгжмийн зохиолч Б.Бөттөмөрийнд очиход Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн шүлэг “Туулын урсгал шөнөдөө сайхансан. Торгон долгио хаялан мяралздагсан. Хоёр ангир дандаа хөвдөгсөн. Холын анир авангаа дуугардагсан” хэмээн Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн амьдруулсан гайхалтай бүтээл эгшиглэж байв. Харин энэ дууны бүтээгч маань төгөлдөр хуурынхаа ард суугаад анхаарлаа төвлөрүүлэн ноот бичиж суух. Хөг аялгуугаар амьдрал хийж, хөгжим бичихийн төлөө төрсөн хүн ийм байдаг болов уу гэмээр энэ айлд хөгжмийн аялгуу тасралтгүй эгшиглэнэ. Эгэл эрхэмтэй ярилцаж суухад ч тэр торгон хөг эгшгүүд бидний яриаг улам хөгжөөж, хүч нэмэх шиг. Хөгжмийн зохиолч Д.Баттөмөрийн хувьд уран бүтээлийн гараагаа тухайн үеийн УАДБЧ-аас эхэлж хожим нь Хөгжим бүжгийн коллежи буюу Монгол Улсын консерваторид багагүй хугацаанд багшилж явсан сурган хүмүүжүүлэгч билээ. Тэрбээр сүүлийн жилүүдэд ёочинг төгөлдөр хуураар орлуулах хоршил бүтээл дээр ажиллаж байгаа ажээ. Энэхүү бүтээлээ “Алтан фонд”-д өгөх алсын бодолтой буй тухайгаа хуучилсан юм. Хэдийгээр гавьяаны амралтад гарсан ч хэзээний хөдөлмөрч зан нь түүнийг зүгээр суулгадаггүй гэнэ. Тиймээс хөгжмийн бүтээлээс гадна ардын хөгжмийн хоршилуудыг судалж, шавь нартаа зааж, сургах ажлыг түүртэлгүй хийж явна. Хөгжмийн зохиолч Д.Баттөмөр Дундговь аймгийн уугуул билээ. Таван хүүхэдтэй айлын дунд хүү юм байна. Эгэл малчны гэрт төрсөн тэрбээр монгол хүүхдүүдийн нэгэн адил шилбүүр унан гүйж, малын дөртэй өсчээ. Дэлгэрцогт суманд долдугаар ангийн боловсрол эзэмшсэн гэнэ. Түүний хувьд урлаг тэр дундаа хөгжмийн урлагтай хувь заяагаа холбосон нь гэнэтийн шийдвэр байсангүй. Дундговь аймгийг дуу хуурын өлгий гэдэг билээ. Энэ л нутгаас уянга цээлхэн хоолойгоороо ард түмэндээ алдаршсан олон сайхан гавьяатууд төрсөн. Тэдний нэг Д.Баттөмөрийн хувьд хүүхэд байхдаа хурдны морь унаж, аймаг сумандаа айраг түрүү авч явсан, бага насны баялаг намтартай нэгэн юм. Хурдны морь унаад салхи татуулан давхихдаа гийнгоолж, зуны дэлгэр цагт нутгийн зон олны хөвөрсөн их найрны аялгуу эгшигийг гэрийнх нь гаднаас сонсож байхдаа хөгжмийн урлагт ингэтлээ татагдана чинээ бодоогүй явсан гэдэг. Дунд сургуулиа төгсөөд эрдмийн мөр хөөхөөр Улаанбаатарт Багшийн сургуульд элсэхээр иржээ. Гэтэл нэг өдөр радиогоор УАДБЧ-т хөгжимчин авна гэсэн зар сонсоод зөн совин татсан уу, саваагүй зан нь хөдөлсөн үү очоод шалгуултал тэнцчихэж. Тухайн үед шалгалтын бүрэлдэхүүнд Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж болон Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа зэрэг Монголын урлагийн луухгарууд сууж байсныг хүү сүүлд мэдсэн гэдэг.  Шалгалтын дараа түүнийг аравдугаар сарын нэгэнд ирээрэй гэжээ. Ийнхүү багш болгохоор явуулсан хүү нь хөгжимчин болохоор шийдээд гэртээ ирэхэд эцэг, эх нь эхлээд итгээгүй гэдэг. Тухайн үед аав нь хүүгээ малчин болгох хүсэлтэй байгаагаа хэлж, зэмлэсэн ч эцэст нь хүүгийнхээ хүсэл мөрөөдлийг хорьж дийлсэнгүй. Есдүгээр сарын сүүлчээр ах Сэнгээд нь даатгаад, арга буюу Улаанбаатар руу явуулсан түүхтэй. Ингэж л өнөөдрийн их хөгжмийн зохиолч маань дөнгөж 15 настайдаа хөгжмийн урлагтай хувь заяагаа холбох эхний алхмаа тавьсан байдаг. Д.Баттөмөрт ноот заасан анхны багш нь одоогийн гавьяат жүжигчин, дуучин Ч.Насантогтохын аав н.Чулуунбаатар гуай юм байна. Ийнхүү тэрбээр улсынхаа төв чуулгад найман жил хуурчаар ажиллаж, хот хөдөөгийн талаар соёлын үрийг  тарьж явсан түүхтэй.

 

Говийн хүү анх хангайн дуугаар уран бүтээлийн гараагаа эхлэв

Д.Баттөмөр хөгжмийн алдарт зохиолч Б.Дамдинсүрэн, Н.Жанцанноров, найруулагч Т.Доржсамбуу тэргүүтэй урлагийнхантай.

Д.Баттөмөрийн хувьд хөгжмийн зохиолч болох гараа нь 1965 оноос эхлэлтэй ажээ. Анх чуулгад хөгжимчин байхдаа сонин эргүүлж суутал их сайхан үгтэй шүлэг байхтай таарчээ. Монголын радио дээр очиж, өнөөх хүнээ олж уулзсан нь Ардын уран зохиолч Ч.Сүрэнжав юм. Д.Баттөмөрийн хувьд анхны дууны уран бүтээл нь Ч.Сүрэнжавын шүлэг “Баянхангай” дуу билээ. Тиймээс ч хөгжмийн зохиолч маань их найрагчийг анх дууны урлагт оруулсан хүн гэж одоо ч хүндэлж явдаг тухайгаа ярьж байв. Ийнхүү говь нутгийн хүү анх хангайн дуугаар уран бүтээлийн гараагаа эхэлсэн нь бас л сонин. Энэ үеэс хүүд сурч, өөрийгөө хөгжүүлэх хүсэл төрж эхэлжээ. Тиймээс харьяа яамандаа хүсэлт гаргатал зөвшөөрчихөж. Гэтэл түүнд хөгжмийн удирдаачийн ангийг санал болгожээ. Хүү өөрийнхөө түвшинг мэдэж байсан учир өөрийгөө жаахан голоод татгалзсан гэдэг. Гэтэл тухайн үед Соёлын яаманд ажиллаж байсан нэг эмэгтэй түүнд энэ бол их том боломж, чи чадна гэж итгэл төрүүлснээр ЗХУ-д Соёлын сургуульд сурахаар хүлгийн жолоо залжээ. Ийнхүү тэрбээр дөрвөн жил сурч, удирдаач мэргэжил эзэмшээд эх орондоо иртэл Сүхбаатар аймгийн Соёлын ордонд багшаар томилчихов. Дарьгангын өлгий нутагт хоёр жил ажиллаад байтал яамнаас түүнийг олон ястны өлгий нутаг Ховд аймаг руу гурван жилийн гэрээтэй явуулчихав. Гэрээний хугацаа дуусаад хотод Хөгжим бүжгийн коллежид багшилж байтал Эрдэнэт хотын томилолт өвөртлүүлжээ. Ийнхүү тэрбээр орон нутагт ажиллаж, өөрийн ур ухаан, авьяас билгээр олон сайхан уран бүтээл болон шавь нараа бэлдсэн байдаг.

 

“Бодлын цагаан хун” дуугаар “Морин хуур” наадамд түрүүлжээ

 

Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Баттөмөрийн нэрийн хуудас болсон бүтээлийн нэг нь Б.Явуухулангийн шүлэг “Туулын урсгал шөнөдөө сайхан” дуу юм. Өдгөө ч хуучирч мартагдаагүй энэхүү бүтээлийг Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл гуай хүн бүхний сэтгэлд хоногштол мөнх үлдээсэн билээ. Хөгжмийн зохиолч маань анх энэ дууны шүлгийг их найрагчийн номноос уншжээ. Анх уншихад л шүлэг нь ритимтэй, мөр холболт бүх зүйл нь дуу болчих юм шиг санаанд нь буусан гэдэг. Өөртэй нь эхэлж уулзах зориг хүрээгүй тул шууд л ая хийчихэж.  Тухайн үед дуугаа батлуулахын тулд заавал уран бүтээлийн зөвлөлөөр орж зөвшөөрөл авдаг байж. Ийнхүү Л.Мөрдорж болон Нямаа багшаараа батлуулж энэ дуу бүтсэн байдаг. Б.Баттөмөрийн хувьд энэ эрхэм найрагчийн хоёр бүтээлд нь аялгуу хийсний нэг нь “Дуу минь” дуу юм. Хожим нь Б.Явуухулан гуайтай уулзахад “Би хоёр шүлгэндээ их хайртай. Чи дуу болгочихоод надтай ер уулзахгүй юм аа. Их сайхан бүтээл болсон байна лээ” гэж урам өгөхөөс гадна дахиад нэг дууны шүлэг өгсөн гэдэг. Харин хөгжмийн зохиолч маань олон жил бодсны эцэст тэр шүлгээр нь одоо л дуу хийхээр төлөвлөж буйгаа бидэнд дуулгасан юм. Үүнээс гадна Ардын жүжигчин А.Долгорын амьдруулсан “Бодлын цагаан хун” дууг мэдэхгүй хүн ховор биз ээ. Тэгвэл энэ дууны шүлгийг Д.Амгалан, аялгууг өнөөдрийн нийтлэлийн баатар Д.Баттөмөр зохиосон билээ. Түүнийг Хөгжим бүжгийн коллежи дээр хичээлтэй байхад нь Д.Амгалан найрагч ирж, түүгээр ая хийлгэх санал тавьсан гэдэг. 1991 онд дуучин А.Долгор ч Италид мэргэжил дээшлүүлээд ирсэн шинэхэн дуучин байж. Энэ бүтээлээ “Морин хуур” наадамд сойж түрүүлжээ. Үүний өмнө Д.Баттөмөрийн хувьд тус наадамд таван жил дараалан оролцоод байсан юм. Харин 1991 онд энэ дууг наадамд оролцуулахдаа охиноороо хөгжмийг нь тоглуулсан нь бас нэгэн содон хувь тохиол гэлтэй. Хожим Ардын жүжигчин А.Долгор “Бодлын цагаан хун дуу надад даль жигүүр хайрлаж, олонд таниулсан бүтээл. Энэ дууг дуулснаасаа хойш би хун цуглуулдаг болсон” хэмээн дурссан байдаг.

 

“Дуучнаа сонгохдоо хамгийн их боддог”

 

Дууны урлаг бол хамтын бүтээл. Хэдий сайхан аялгуу, шүлэгтэй байлаа ч дуучин нь жаахан дутуудуулчихвал энэ бүтээл давс нь багадсан цайтай л адил. Бид “Бодлын цагаан хун”-г сонсохоор А.Долгор дуучин санаанд буудаг гэдэгтэй адил “Дорнын цагаан саран” дууг сонсоход Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам бодогддог билээ. Тэгвэл одоо ч хүмүүсийн аялах дуртай дуу хэвээр байгаа энэхүү бүтээлийн шүлгийг Д.Норов, аялгууг Д.Баттөмөр зохиосон юм. Д.Баттөмөр анх Д.Сосорбарамыг нэгэн уулзалт дээр гитартай дуулж байхыг нь сонсчихоод “Дорнын цагаан саран” бол энэ хүний л дуулах ёстой бүтээл юм байна гэж бодсон гэдэг. Энэ дуу мөн л Д.Сосорбарам гуайг олонд таниулж, өнөөдрийг хүртэл тасралтгүй эгшиглэсээр байна. Хөгжмийн зохиолч Д.Баттөмөрийн хувьд Монголын уран яруу үгийн нэрт мастеруудтай хамтарч уран бүтээл хийсэн азтай нэгэн гэж онцолж болмоор. Бидний дараагийн онцолж ярьсан бүтээл нь Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн шүлэг “Чамайг тойрон эргэлдэнэ” дуу юм. Энэ бүтээлийн тухайд “Би энэ дууны шүлгийн Уянгын тойрог яруу найргийн түүврээс нь уншсан юм. Шүлгэнд нь ая хийсэн тухай сонсгоход их баярлаж байсан. Гэхдээ хэнээр дуулуулахаа мэдэхгүй их удсан. Миний хувьд дуу өгөх дуучнаа их сайн боддог хүн л дээ. Тэгээд нэг өдөр Монголын радио дээр явж байтал Б.Лхагвасүрэн гуайтай халз таарчихдаг юм. Гэтэл надаас чи намайг өнгөрөхөөс өмнө дуучин олж дуулуулахгүй юм уу гээд инээж байсан юм. Найрагчтай таарснаасаа хойш удаа ч үгүй дуучин Эрдэнэ-Гомбоор анх дуулуулсан. Дараа нь нэг хүү орж ирээд би таны Чамайг тойрон эргэлдэнэ дууг дуулмаар байна гэж санал тавьсан нь Г.Мөнхбаяр гэдэг залуу. Тэр ч их сайхан дуулсан. Одоо бол залуус дуучин П.Түдэвдоржийн дуулснаар их сонсож байх шиг байна” гэсэн юм. Эдгээр дуунаас гадна түүний сор болсон бүтээлийн нэг нь Ардын уран зохиолч П.Бадарчийн шүлэг “Есөн эрдэнийн орон”  дуу билээ. Анх шүлгийг нь олон удаа уншиж үзжээ. Унших бүрт л дуу болгохсон гэсэн хүсэл өөрийн эрхгүй оргилж байсан гэдэг. Ийнхүү зориглон дуу хийгээд П.Бадарч гуайд сонсгоход “Ийм дуу гэж юу байсан юм” гээд ойшоогоогүй гэдэг. Харин удаа ч үгүй өнөөх дуу нь олон улсын наадамд гуравдугаар байр эзэлжээ. Тэгэхэд П.Бадарч гуай хөгжмийн зохиолчоос уучлалт гуйсан удаатай гэнэ.

 

Нэг гэрийн гурван гавьяат

Д.Баттөмөр, Ц.Халтар нар ач, зээ нарынхаа хамт.

Дуу хуурын өлгий нутаг Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул Д.Баттөмөр гэргий Ц.Халтартайгаа тавдугаар ангид байхад нь танилцжээ. Анх 15 наснаасаа үерхэж, нөхөрлөсөн тэд өдгөө 60 гаруй жил амьдралаа холбож, дөрвөн охины ижий, аав болсон юм. Урлагийн хүний хань гэдэг бусдаас илүү тэвчээрэй байх ёстой гэдгийг түүний гэргийгээс үлгэрлэж болохоор. Учир нь  ханийнхаа гадагшаа сургуульд явах, эргэж ирээд орон нутаг руу томилогдох бүрт сэтгэлээ буруулалгүйгээр түүнийг хүлээж, дөрвөн хөөрхөн охин төрүүлж өгчээ. Гэргий Ц.Халтар нь насаараа Улсын их дэлгүүрт ажилласан хүн юм. Түүний хөдөлмөрийг төр үнэлж, Худалдааны байгууллагын 100 жилийн ойгоор буюу өнгөрсөн онд Худалдааны гавьяат ажилтан цол хүртээжээ. Харин түүний охидоос аавынхаа авьяасыг өвөлж, хөгжмийн урлагт хөл тавьсан хүн нь том охин Б.Солонго юм. Тэрбээр Уралын Хөгжмийн сургуулийг төгсч ирээд УДБЭТ-т концертмейстер, Монгол Улсын консерваторид багшаар ажилласан билээ. Б.Солонгын хувьд Монголын олон шилдэг дуучдыг дэлхийн түвшинд хүрэхэд нь зааж, чиглүүлж, сургасан гавьяатай. Тэрбээр 2009 онд дуучин С.Мөнгөнцэцэгийн хамт Глиникийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын тэмцээнд оролцоод анхны гранпри шагналыг эх орондоо авчирсан түүхтэй. Тухайн үед Ерөнхийлөгч зарлиг гаргаж, хоёуланг нь арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнаж байсан юм. Ажил амьдралын ийм өрнүүн түүхтэй нэг гэрийн гурван гавьяат бидний дунд амьдарч байгаа нь бахархууштай. Хөгжмийн зохиолч Д.Баттөмөрийн хувьд зөвхөн аялгуу зохиогоод зогсохгүй сурган хүмүүжүүлэгч бөгөөд хөгжмийн зохиолчид дундаасаа дуу бүтсэн түүхтэй ноотны ном гаргасан уран бүтээлчийн нэг билээ. Хэрэв дуу бүхнийг суварга гэж бодвол Монголын хөгжмийн урлагт хамгийн олон, мөнхийн суварга бүтээж чадсан хүний нэг нь яахын аргагүй Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баттөмөр юм. Түүнийг мориор төсөөлбөл сүргийн манлай, хөгжмөөр төсөөлбөл хамгийн дээд, хүчтэй өнгө гэлтэй. Бүтээсэн дуу бүхэн нь мөнх насалж,  чанар үнэртэж байдаг учир нийтлэлийн баатараа бид Монгол дууны урлагт босго тавьсан хөгжмийн зохиолч хэмээн алдаршуулж байна.

Д.Баттөмөр, Ц.Халтар нар. 2022 он.
Д.Баттөмөр, Ц.Халтар нар. 1965 он.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 13. ДАВАА ГАРАГ. № 116 (6848)

 

Баяраа
Төрийн соёрхот, Ардын жүжигчин цол аль хэдийнэ авах хүн дээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

1 цаг 19 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

2 цаг 16 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

2 цаг 50 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

6 цаг 54 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

6 цаг 54 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

6 цаг 54 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

6 цаг 54 мин
Сөүлийн метроны “Climate card” байгальд ч, хэтэвчинд ч ээлтэй

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны  урилгаар тус улсыг

6 цаг 54 мин
Дуулиан дагуулсан сонгууль

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал өчигдөр болж ерөнхийлөгчөө сонгов.

6 цаг 54 мин
Чуулган: “Цүнхний” намуудын хариуцлагагүй үйлдлийг өөгшүүлж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт гишүүдийн 50.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.

6 цаг 54 мин