Д.ЦЭРЭННАДМИД
“Зууны мэдээ” сонин энэ цаг үед хамгаас эрэлттэй шинэлэг арга барилаар ажиллаж тэр нь анхаарал татаж буй эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урин оролцуулж байгаа билээ. Энэ удаагийн зочин Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга Д.Баянмөнхийн яриаг энд толилуулж байна.
Хөдөөгийн хөгжил гэдэг хот газрынхаас яагаад хоцрогдонгуй байдаг юм бэ? гэсэн асуултад бараг л хүн бүр тийм байхаас аргагүй дээ гэж хариулдаг. Амьдрал дээр үнэхээр ялгаатай байдал харагддаг, түүнийг хүн бүхэн хардаг, мэдэрдэг учраас тэр байх л даа. Харин хот, хөдөөд адилхан тав тухтай орчин ахуй, амьдрал байх ёстой гэдгийг батлахын төлөө бид чадах бүхнээ хийж байна гэж ярих нэгэнтэй саяхан тааралдлаа. Энэ хүнийг Д.Баянмөнх гэдэг.
Эрхэлдэг албан тушаал нь сумын Засаг дарга. Тэрбээр ердөө тав хоногийн өмнө "Төрийн үйлчилгээний гавъяат ажилтан" цол хүртсэн юм. Түүний хэлж буй үг, сумынх нь өнгө төрхийн уулзвар нэг юм гэж санагдсаан. Засаг даргаар тавхан жил ажиллаад төлөвлөсөн ажил бүхэн нь биелэлээ олж нэгэн үлгэр жишээч сум, хамт олныг бий болгосон нь тэр уулзварт оршиж буй билээ.
Тиймээс Баян-Овоо гэдэг буйдхан суурин газар шинэ амьдрал цогцлоож, соёлжилт тохижилтоор Улсын тэргүүний сум болж тэдний малчдаа аравтын системээр ажиллуулж төрийн ажлыг иргэдийн оролцоотой хийж амжилт олж буйн учир энэ тухайг нь яриулах гэж Д.Баянмөнх даргыг онцолсон юм. Туршлагыг судлахаар алс холын аймаг, сумынхан бөөн бөөнөөр ирж сургалт, семинар болдог байх юм.
-Төрийн үйлчилгээний гавъяат цол хүртсэнд чинь танд баяр хүргэе. Ер нь та ямар алба хашиж байгаад эндээ ирсэн юм бэ?
-Баярлалаа. Би ер нь өндөр албан тушаалтан байгаагүй. Намын ажлын хүрээнд олныхоо дунд л явж өдий хүрлээ. 1990-ээд оны дундуур энэ сумандаа Засаг дарга байлаа. Дараа нь Хэнтий аймгийн Намын хорооны дэд дарга байгаад 2006 онд Улаанбаатарт очиж МАН-ын Удирдах зөвлөлийн сан хөмрөгийн газарт албаны дарга гэдэг албатай явлаа. Тэндээ 11 жил гаруй ажиллаад нутагтаа буцаж ирж орон нутгийн сонгуульд оролцож улмаар сумын Засаг дарга болсон хүн дээ. Ингээд сая төрийн үйлчилгээний гавьяат гэдэг цол хүртлээ. Тун богинохон намтартай нэгэн.
-Таван жилийн өмнө таныг Засаг даргын ажил авах үед сумын чинь байдал ямар байсан бэ?
-Намайг ажил авахад сумын ажил байдал 1990-ээд оны өнгө төрх хэвээр байх шиг санагдсан. Сумын нийгэм, эдийн засгийн байдал тун доройхон. Орлого ашиг ч нэмэгдсэн юмгүй. 1700 гаруйхан хүн амтай. Сумын төвийн өнгө царай ч яг хуучин хэвийн. Ийм л байлаа. Харин сум эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй, иргэд маань гар утастай болсон гээд дэвшилттэй зүйлүүд байв.
-Засаг дарга болоод ажлаа юунаас эхлэв дээ?
-Эхлээд мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа иргэдээсээ санал цуглуулсан. Тэгэхэд гол шийдэх ёстой 47 асуудал гарч ирдэг юм. Тэр дотроос гол найман асуудлыг сугалан авч хөтөлбөртөө тусгасан. Гэхдээ тэр асуудлуудыг иргэдийн оролцоо идэвх санаачилга дээр тулгуурлан шийдвэрлэнэ гэж зорьсон. Тухайлбал бэлчээр ашиглалтын асуудал байна. Энд менежмент дутагдаж байгааг олж харсан. Өвөлжөө, хаваржаа гэж маргаантай байв. Энэ бүхэн засаг дарга захирамж гаргаад шийдчих асуудал огт биш. Иймээс сонгож авсан асуудлаа иргэдийн өөрсдийнх нь оролцоотойгоор шийдэхийг эрхэмлэсэн. Тэгээд юуны өмнө ямар нэгэн шинэ бүтэц, зохион байгуулалт хэрэгтэй юм байна гэдгийг олж харсан. Нэг баг 300 гаруй өрхтэй, 500 орчим хүнтэй. Тэдэнтэй ганцхан багийн Засаг дарга ажиллана гэдэг тун учир дутагдалтай юм. Унаа хөсөг сайжирсан шилдэг харилцаатай болсон ч гэлээ төрийн ажил бол иргэдтэйгээ нүүр тулан уулзаж, ярилцаж, ойлголцохын давуу тал гэж бий. Иймээс малчдаа аравтын зохион байгуулалтад оруулсан.
Эхлээд зохион байгуулалтын шинэ арга хайсан
Баян-Овоо сум
-Тавигдсан болзлыг бүрэн хангаж 2020 онд "Улсын тэргүүний сум" болов.
-Сүүлийн дөрвөн жилд аймагтаа ажлаараа тэргүүлжээ.
-Хөдөөд "Аравтын систем" нэвтрүүлэн иргэдийн оролцоотойгоор сум орноо хөгжүүлж буй ажлын арга барил нь улс даяар нэвтрүүлэх туршлага болов.
-Хэнтий аймгийн долоон сум Баян-Овоогийн туршлагаар "Аравтын систем"-ээр ажиллаж эхлээд байна.
-2020 оны долдугаар сараас хүнсний эрхийн бичиг авдаг өрхгүй Монголын анхны сум болов.
-Сумын орлогын төлөвлөгөө нэг жилд 350 орчим сая төгрөгөөр давжээ.
-Сүүлийн жилүүдэд сумын дүнгээр 8.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.
-Аравтын зохион байгуулалт гэдэг монголжингуй нэр сонсогдож байна л даа. Энэ тухайгаа тодруулж ярина уу?
-За тийм ээ. Монголын түүхэнд бий дээ. Аль эрт Чингисийн үеийн зохион байгуулалт ямар байсан бэ гэвэл 10 цэрэг гаргаж чадах 20 айлыг аравт гэж тооцож байсан гэдэг.
Бид энэ дүр зургийг ашиглаж малчдаа өвөлжөө, хаваржааных нь ойр дөт байдлыг ашиглаж 13-20 өрх айлыг нэгтгэсэн аравт гэдэг зохион байгуулалт хийсэн юм. Үүний дүнд нэг баг долоон аравт гээд сумын гурван баг 21 аравтад харьяалагдах болсон. Ингэснээр аравтууд ахлагчаараа дамжуулан багийн даргын ажлыг асар их хөнгөвчилж өгсөн. Төр, захиргааны ажлын шуурхай байдал хангагдсан. Хөдөөгийн малчдад төрийн мэдээлэл хурдан хүрдэг. Иргэдийн санал бодол, хүсэлтийг бид ч цаг алдалгүй мэдэж, хэрэгжилтэд анхаардаг болоод байна. Аравтын зохион байгуулалт гэдэг маань алив ажилд иргэдийн оролцоог хангах гол арга юм. Бид энэ зохион байгуулалтад орох талаар иргэддээ ойлгуулах ажлыг бүтэн зургаан сар хийсэн. Ярьсан. Үүний дараа малчид аравтад нэгдэе. Хамтарч ажиллая. Ингэснээр сум, орон нутгийнхаа хөгжлийг бий болгоё. Аж амьдарлаа сайжруулъя гэсэн санаачилгыг бүрэн сайшаасан. Ингээд 2017 оны сүүлчээр сумын ИТХ-ын шийдвэрээр аравтын зохион байгуулалтыг эхлүүлсэн юм. Зорилго маань ч тодорхой. Сум, орон нутгаа хөгжүүлэх ажилд иргэн бүр идэвхтэй оролцох эрмэлзлэл бий болсон. Үр дүн нь гэвэл манай сум 2020 онд улсын тэргүүний сумаар шалгарсан. Тавьсан зорилт, хийсэн ажлын утга агуулга гэвэл сумын төвийн тохижилт огт өөр өнгө төрхийг оллоо. Иргэдийн ажилдаа хандах хандлага, сэтгэлгээ эрс өөрчлөгдсөн. Ахуй нь сайжирч, амгалан тайван амьдрал бий болсон гэж болно. Сумын ИТХ, Засаг даргын Тамгын газраас эхлээд байгууллагын дарга нар нэг санаатай нэгдмэл үйл ажиллагаатай болж чадсан.
-Сумын хэмжээнд гарсан нийгэм, эдийн засгийн гол үр дүн гэвэл та юу хэлэх вэ?
-Ер нь бол Баянмөнх байсан байгаагүй ч Баян-Овоочууд урагшлах, хөгжих ёстой л доо. Гэхдээ өнөөдөр Монгол улсын хэмжээнд брэнд болоод байгаа аравтын системийн нөлөөгөөр бололцоогоо зөв ашиглан, идэвх санаачилгатай байж чадснаар хөгжлийг бид өөрсдөө авчирах юм шүү гэсэн хандлага иргэдийн маань сэтгэл санаанд баттай шингэж чадсан гэж болно. Иймээс бид ингэж ажиллалаа гэж бардам хэлээд байгаа юм. Бид сая өнгөрсөн хугацааныхаа тайланг гаргаж үзлээ. Сумын хэмжээнд 8.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Тэр дотор сургуулиас эхлээд сумын олон байгууллага ус, дулааны шугам сүлжээнд холбогдлоо. Цэцэрлэг, эмнэлэг, соёлын төвдөө орон нутгийн сангаас 1.2 тэрбум төгрөгөөр өргөтгөл, шинэчлэлт хийлээ. Соёлын төвийн өргөтгөлд гэхэд 250-300 сая төгрөг зарцуулсан. 2017 онд Эко төслийн дагуу сумаа орон сууцжуулах ажлыг эхэлсэн. Анх найман айлын орон сууц барьсан. 2020 онд дороо гарааштай 18 айлын гурван давхар сууцтай боллоо. Одоо тус бүр найман айлын хоёр сууц барьж байна. Удахгүй ашиглалтад өгнө. Эдгээр ажлыг хийхдээ газрыг олгож, инженерийн шугам сүлжээг нь шийдэж өгөөд барих компанитай нь гэрээг сайн хийж байгаа. Цааш нь уг компани иргэдтэйгээ гэрээ хийх журамд шилжүүлсэн. Одоо сумын хэмжээнд 50 гаруй айл өрх орчин үеийн тохилог орон сууцанд амьдарч байна. Хуучин орон сууцуудыг ч инженерийн шугам сүлжээнд холбож өгсөн. Бас цэвэрлэх байгууламжтай болохоор зорьж байна. Цаашдаа сумын төвд нүхэн жорлонг хална гэж бодож байгаа шүү.
Бүтээн байгуулалтад иргэд маань өргөн оролцоотой байна
-Сумаа хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажлын хөрөнгийг хэрхэн шийдэж байна вэ?
-Сум орны өмнө тулгарч байгаа асуудал бүтээн босгож байгаа бүхнийг заавал улсын хөрөнгө оруулалтаар шийдэхийг бид эрхэмлэдэггүй ээ. Орон нутагтаа тав тухтай сайхан амьдрах боломжийг бий болгох тал дээр малчид, иргэд маань санхүү, эд материалын асар их тус дэм үзүүлдэг болсон. Энэ чинь нөгөө хөгжил дэвшилд иргэдийн оролцоог хангаж буйн үр дүн. Улсын хэмжээнд хэрэгжүүлэх туршлага гэгдээд байгаа манай туршлагын гол үзүүлэлт энэ болоод байгаа. Сумын төвд өнгө нэмсэн сайхан ажлууд бий. Захаас нь хэлэхэд Ардын намын анхны долоогийн нэг Дансранбилэгийн Догсомын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг улс, аймаг, сумын аварга, мянгат малчид хөрөнгө нийлүүлэн 45 сая төгрөгөөр бүтээн босгосон юм. Мөн үлгэр жишээч ариун цэврийн төв гэж бий. Энэ нь харахад жирийн нэг урт вагончик. Дотроо маш тохилог халуун устай, бие засах газартай үйлчилгээний цэг. Үүнийг манай сумаас төрсөн урлагийн томоохон алдартан, дипломатч, Монгол, ЗХУ-ын Соёлын тэргүүний ажилтан Х.Ёндонгийн үр хүүхдүүд мөн 40 гаруй сая төгрөгөөр бүтээж өгсөн. Цаашлаад сумын сургуулийн үе үеийн төгсөгчид сумынхаа хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байна. Нэг ангийнхан Баян-Овоо гэдэг самбар барьж өглөө. Бас төгсөөд 20 жил болсон нэг ангийнхан сумын төвд гэр бүлийн цэцэрлэгт хүрээлэн босгосон. Мөн Соёлын төвийг өргөтгөсний дараа тэнд байх ширээ, шүүгээнээс эхлээд тавилга хэрэгслийг малчдын аравтынхан хөрөнгө гаргаад тохижуулж өгсөн. Энэ мэтээр иргэдийн өөрсдийн хөрөнгө санаачилгаар бүтээн босгож байгаа юм ихээ. Эдгээрт улсын төсвөөс нэг ч төгрөг зарлагдаагүй юм шүү. Бид хуучин дизелийн байр байсан байшинг засаж янзлаад чийрэгжүүлэх төв болгоод удахгүй нээх гэж байна.
-Та дээр иргэдийн ахуй амьдрал эрс сайжирсан гэж хэлнэ лээ. Үүний нөлөөгөөр хүн амын өсөлт бас өөр болж байна уу?
-Бидний нэг гол зорилт бол иргэдийнхээ амьдралд таатай орчин бий болгоход чиглэж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэвэл сумын иргэд маань Улаанбаатарт байгаа юм шиг амьдарч яагаад болохгүй гэж. Ер нь олон давхар байшинтай, олон машинтай олон хүнтэй байхыг хотжил гэдэггүй гэж би боддог. Тиймээс сумын төвөө тохилог сайхан болгоё, оршин суугчдынхаа тав тухыг сайн байлгая гэсэн зорилттой ажилладаг. Үүний үр дүн бас гарч байна. Сумын хүн ам 1700 гаруй байсан бол одоо 2000 гараад өсчихлөө. Энэ зөвхөн механик өсөлт биш. Төрөлт нэмэгдсэн. Үүний зэрэгцээ сумандаа хөгжил дэвшил бий болсноор нийслэлээс, аймгаас төрөлх нутагтаа шилжин ирэгсэд олширч байна. Энэ онд гэхэд сумын уугуул 15 иргэн шилжиж ирсэн байдаг. Одоо ч шилжиж ирье гэсэн хүсэлт олон хүнээс аваад байна. Энэ нь сум нутгаа хөгжүүлэх, амьдрах орчинг сайжруулах талаар бидний хийж буй ажлын үр дүн гарч иргэдийн бодол, сэтгэлгээг өөрчилж байгаа гэж болох юм.
-Сумын орлогын байдал ямар байдаг вэ?
-Сумын татварын орлогын төлөвлөгөө сүүлийн нэг жилд 350-иад сая төгрөгөөр давж биелэсэн. Үүгээрээ сум орноо хөгжүүлэх, ард иргэдийнхээ амьдралыг сайжруулахыг зорьдог. Хамгийн гол нь олсноо зөв зарцуулахад их анхаардаг даа. Түүнээс биш сумын орлогод нөлөөтэй уул уурхай гэж бараг алга. 1950-иад онд оросууд ашиглаж байсан Дожирын жоншны уурхай арваад жилийн өмнөөс эзэнтэй болж одоо далд уурхайн хэлбэрээр ажиллаж эхэллээ. Далд уурхай болохоор байгаль орчинд сөрөг нөлөө тун багатай. Харин манай сумаас 60-аад хүн энэ уурхайд ажилладаг. Цаашдаа баяжуулах үйлдвэр нь бүрэн ашиглалтад орчих юм бол 200-гаад хүн ажлын байраар хангагдана. Ингэснээр иргэдийн амьдралд сайн нөлөө болох байх.
-Гүрэмийн нуур гэж аялал жуулчлалын гол цэг бий болсон юм гэсэн?
-Сумын төвтэй тун ойр энэ нэг нуур бий. Эмчилгээ, сувилгааны хувьд Аварга тосонтой адил гэдэг юм. Энд сүүлийн жилүүдэд амарч сувилуулагч олон ирэх болсон. Гэхдээ сум бол тэднээс хог хаягдлын татвар л авах эрх бий. Харин сумын дэлгүүр худалдаа эрхлэгчид, шатахуун борлуулагчдад тун ашигтай нь мэдээж. Мөн малчид гэр буудлаар амрагчдад үйлчилдэг, мал махаа, цагаан идээгээ борлуулдаг. Ингэснээр иргэдийн маань орлого нэмэгдэж байгаа л даа. Нэг дэлгүүрийн эрхлэгч хэлэхдээ бид долоо, найм, есдүгээр сард нэг сарынхаа орлогыг өдөрт олж байна гэж байсан. Энэ чинь сумын эдийн засагт их юм өгч аж ахуйн нэгжүүдийн сумандаа оруулах татварын хэмжээ тэр чинээгээрээ өсөж буй хэрэг. Нөгөө талаар сумын эдийн засгийн гол хүч бол мал ахуйн салбар. Мал сүргийн бүтцийн хувьд хэвийн гэж болно. Сумын дүнгээр 200 гаруй мянган малтай. Ноднингоос “Ногоон бэлчээр” гэдэг төсөл хэрэгжүүлж байгаа. Уг төсөл нь бэлчээрийн доройтлыг багасгах, менежментийг боловсронгуй болгох зорилготой юм. Төсөлд хамрагдсан айл өрхүүдийг банкны зээлд хамруулсан. Тэгэхэд тэдгээр малчид гэрээнд заасан үүргийнхээ дагуу малынхаа тоог цөөлөн, олон богтой айлууд малаа зараад бодод шилжүүлэх зэргээр таваарлаг чанарт анхаарч байна. Сумаас тавьж байгаа нэг бодлого бол малаа чанаржуулах үүднээс хээлтүүлэгчийг зөв сонгох, тэгээд аль нэг аж ахуйн мэдэлд шилжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Ер нь хөдөөгийн нүүдэлчин хэлбэрийн тархай бутархай амьдралыг аажмаар өөрчлөхийг зорьж буй юм. Бид “Загвар хоршоо” гэж байгуулна. Ингэснээр малчид маань малаас авах ашиг шим түүхий эдээ ченжээр дамжуулахгүйгээр зах зээлд гаргадаг болно. Сая ноолуураа яг ийм хэлбэрээр борлуулж чадлаа. Дуудлага худалдаа зохион байгуулснаар ноолуурын ханш кг нь 160-161 мянгад хүрсэн. Мөн сумандаа бага оврын махны үйлдвэртэй болно. Өдөрт 100 бог, 20 бод нядлах хүчин чадалтай үйлдвэрийн тендер нь зарлагдчихсан яваа.
Аливааг бага юм гэлгүй санах сэдэх л чухал
-Аравтын системийн давуу тал гэвэл та юу хэлэхсэн бол...?
-Хамгийн гол нь төрийн мэдээлэл иргэнд шуурхай хүрдэг болсон. Малчид санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлж чадаж байна. Хөдөлмөрөөрөө хоршин багаар ажиллаж сурч буй. Аравтууд дундын сантай байдаг. Бас алив төсөлд хөтөлбөрт хамрагдах, сумын хэмжээний урлаг, соёлын арга хэмжээ болоход аравтын зохион байгуулалтаар оролцдог. Гэмт хэрэг, хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил ч сумын хэмжээнд сайжирсан. Залуу малчдаа малжуулах, хэн нэгэндээ тохиолдсон баяр жаргал, зовлонг хуваалцахад аравтаараа идэвхтэй оролцож байна.
-Таны мөрийн хөтөлбөрт “Морьтон Баян-Овоочууд” гэдэг ажил зохион байгуулна гэсэн байна лээ. Энэ талаар...?
-Монгол ахуй, ёс заншлаа малчдынхаа ажил үйлд хадгалж явах гэдэг эрхэм зүйл. Эхлээд л мориор малаа хариулдаг заншлаа сэргээе. Ердийн хөсгөө нүүдэл суудалд ашигладаг гавьяат малчин Б.Дашзэвэгийн туршлагыг олны хүртээл болгоё гэж байгаа. Ер нь юмыг жижиг гэж орхилгүй хийх хэрэгтэй байгаа юм. Бид сумын төвд энд тэндгүй машины зогсоол бий болгоод байна. Гэтэл морины уяа гэж алга. Иймд бид сумын Засаг даргын Тамгын газраас эхлээд эмнэлэг, сургуулийн дэргэд морины шонтой болгох гэж байна. Морио уях газартай болох юм бол хөдөөгийнхөн ирээд айлын хашаанд морио орхичихоод сумын төвд явган таваргаж явахгүй болно шүү дээ. Юмыг бага гэж орхихыг би цээрлэдэг. Жишээ нь, жилийн жилд сумын төвөөс ямаа самнах хүсэлтээ гаргагчдыг курс маягаар дадлагажуулж бэлтгэн бригад болгож гаргадаг. Ингэхлээр малчид төв суурингаас ирсэн самнагчдыг хүлээж авдаггүй болсон. Бас аравтууд ч бие биенийхээ ямааг самнаад өгчихдөг.
-Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин ямар байдаг вэ?
-Суманд хөдөлмөрийн насны 1200-гаад хүн бий. Түүний 70 илүү хувь нь ажил хөдөлмөртэй гэж болно. Сумын хэмжээнд хүнсний эрхийн бичиг авдаг 11 айл буюу 56 иргэн байсан. Одоо бол байхгүй болсон. 2020 оны долдугаар сараас манайх хүнсний талон авдаг өрхгүй. Монгол улсад анхны сум гэгдэх болов. Энэ бол иргэдээ ажил албатай, цалин орлоготой болгосны илэрхийлэл юм. Хүнсний эрхийн бичигтэй нэг өрхийн хоёр хүнд сумын төвд ариун цэврийн цэгийг хариуцуулдаг болсноор тэднийх сард 400 гаруй мянган төгрөгийн орлоготой байгаа гэж байналээ. Энэ мэтээр нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа ажил тоочоод байвал зөндөө. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хүүхдийн цэцэрлэгээ өргөтгөсөн. Үүнтэй уялдан Засаг даргын мөрийн хөтөлбөрт орсон нэг чухал зүйл бол яслийн анги нээхээр болж байгаа. Энэ нь иргэдийн ажиллаж, амьдрахад том боломж төдийгүй ажлын байр нэмэгдүүлэх нэг арга ажиллагаа юм.
-Таныг албан тушаалын зааг ялгааг сайн баримталдаг аргыг хэрэгжүүлж байгаа дарга гэж хүмүүс хэлэхийг сонслоо. Энэ талаар таны баримталдаг зарчим юу вэ?
-Хүнийг бие даалган ажиллуулж сургая гэдэг чинь төрийн ажилтан хүний ажлын нэг гол чиглэл байдаг. Сумын Засаг дарга гэхэд албан тушаалын ялгаа заагийг нарийн баримтлах учиртай. Би гэхэд багийн засаг даргын ажилд оролцоод байх нь алба биш. Тухайлбал, хаа нэгтээ өөр аймаг, сумын айл өвөлжөө хаваржаанд ч юм уу нүүж ирлээ гэхэд сумын Засаг дарга давхиж очоод хэрүүл хийх хэрэггүй. Энэ нь багийн болон аравтын даргын хийх зохицуулчих ажил. Ер нь сумын засаг дарга гэдэг чинь орон нутагтаа хамгийн том албаны хүн учир ялих шалихгүй үйл явдалд оролцоод байх нь буруу юм шүү дээ. Нөгөө талаар би мөрийн хөтөлбөртөө хүнээ хөгжүүлэх, тэдэнд итгэл өгч ажиллуулахыг гол болгосон бий.
Хүний хөгжил гэдэг ахуйгаасаа шалтгаалдаг
-Хүнээ хөгжүүлэх талаар хийсэн ажлаасаа тодруулж хэлнэ үү?
-Бид энэ дөрвөн жилд хүнээ хөгжүүлэх зорилттой ажиллаж байна. Үүний гол зангилаа асуудал юу вэ гэдгийг би дээр хэлсэн дээ. Сумандаа нийслэлийнхэн шиг амьдардаг ая таатай орчин бүрдүүлж буй гэж. Иргэд маань тохилог орон сууцанд амьдрахаас эхлээд тохилог сайхан соёлын төвдөө урлаг соёлын арга хэмжээнд өргөн оролцох боломж бүрдсэн. Бас сумын эмнэлгээ нарийн мэргэжлийн эмч, багаж хэрэгслээр зохих түвшинд хангасан гээд олон юм хэлж болно. Засаг даргын 2021-2024 оны хөтөлбөрт Баян-Овоочуудын хувьд хүний хөгжлийг хангах дэд хөтөлбөр гэж бий. Энэ дагуугаа иргэд маань боловсролтой байх, урлаг соёлын үйлчилгээг хангалттай авч байх ёстой. Эрүүл саруул аюулгүй амьдрах учиртай, санхүүгийн хувьд бие даасан байх ёстой гэдэгт үйл ажлаа чиглүүлж ирлээ. Одоо хүний хөгжил гээд ярихаар манай иргэд үүний тулд юу хийх юм бэ гэж асуухгүйгээр цаад агуулгыг бүрэн ойлгодог болсон. Бодитой ажил гэж бий. Сумын давсан орлогоосоо нэг сая төгрөгөөр Соёлын төвийн болон сургуулийн номын санг номоор баяжуулж, бас тогтмол сонин хэвлэлийг хуваариар захиалж өгдөг юм. Бас урлаг соёлын арга хэмжээг тогтмолжуулж байгаа. Энд малчдаа аравтуудаар дамжуулан өргөн хамруулдаг болсон. Жил бүр аравтуудыг үйл ажиллагааны төрлүүд дээр шалгаруулж шагнадаг. Ерөөс энэ бүхэн иргэдийнхээ сэтгэл зүйг зөв жолоодоход чиглэсэн ажил. Хөтөлбөрийн маань амин сүнс ч тэр л дээ.
-Аравтын системийг нэвтрүүлэн иргэдийнхээ оролцоотой сум орноо хөгжүүлж байгаа танай туршлага Хэнтий аймаг төдийгүй улс даяар брэнд болж байгаа гэдэг...?
-За тийм ээ. Манай аймгийн долоон сум одоогоор аравтын системээр ажиллаж эхлээд байна. Төр, засгийн ажлын үр дүнд иргэдийн оролцоо хамгийн чухлыг энэ систем харуулж байгаа юм. Иймд өөр аймаг, сумынхан танай туршлагыг үзнэ. Судална гээд цувдаг болсон. Хүссэн бүхэнд бид зөвлөхийн үүрэг гүйцэтгэж ирлээ. Юу зөвлөдөг юм бэ гэвэл иргэдийн оролцоо идэвх санаачилга дээр тулгуурлаж төрийн ажлыг явуулахын давуу тал ийм. Тэгж ажилласнаар иргэддээ итгэл өгч тэднийхээ дэмжлэгийг ингэж авах ёстой гэдгийг хэлдэг. Саяхан Завханд би энэ талын лекц уншиж, семинар өгч яваад ирсэн: Манай сум сүүлийн жилүүдэд аймагтаа ажлаараа тэргүүн байрт орсон. 2020 онд улсын тэргүүний сум болсон. Энэ бүхэн иргэдийн оролцоог хангасан зөв зохион байгуулалт, сумаараа нэг зорилгын төлөө нэгдэж ажилласны үр дүн. Манай иргэдийн алив ажилд хандах хандлага, сэтгэлгээ тун өөр болсон шүү.
Өөрсдийн оролцоотой бүтээсэн юмаа хайрладаг хамгаалдаг болж байна. Наад зах нь авах завших, хулгай худал гэдэг юм нэрнээсээ эхлээд халагдаж байна гэж болно. Алив олон нийтийг хамарсан ажил зохион байгуулахад цагдаагийн байгууллага оролцоод байх ч шаардлага байдаггүй. Энэ бас нэг том дэвшил. Хар л даа. Энэ Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн байгуулсан хүндэтгэлийн хүрээлэн, тэнд нэг өргөө байна. Энэ өргөө байнга цоожгүй байдаг. Иргэд очиж сонирхоод цай ундаа уугаад хөлөө амраагаад гарч болдог. Мөн гадна дотны зочноо бид эндээ хүлээн авдаг.
-Бид багагүй зүйл ярилцлаа. Тэгээд сүүлчийн асуултыг өөрт чинь үлдээе...?
-За баярлалаа. Энэ далимд сая надад Монгол Улсын төрийн үйлчилгээний гавьяат ажилтан гэсэн эрхэм цол хүртээлээ. Үүнийг сэтгэл зүтгэл нэгтэйгээр хамтран сум орноо хөгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа Баян-Овоочуудын дэмжлэг гэж ойлгож байна. Та нартаа баярлалаа гэдгээ хэлье. Бид цаашид тавьсан зорилгоо биелүүлэхийн төлөө бүгдээрээ мэрийх болно. Сумаа улам хөгжүүлэхээ амлая.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 9. ПҮРЭВ ГАРАГ. № 114 (6846