Ч.ЗОТОЛ
Улсын ерөнхий прокуророос бүрэн эрхийг нь түтгэлзүүлэхээр нэрийг нь оруулж ирсэн дөрвөн гишүүний нэг Х.Ганхуяг сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “Миний бие 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшиж сонгогдсон. Үүнээс өмнө улс төрд нөлөө бүхий болон төрийн албанд ямар нэг албан тушаал хашиж байгаагүй. АТГ-аас миний хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” компанийн 2019 онд Хөгжлийн банкнаас авсан зээлийн асуудлаар шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэн улмаар яллагдагчаар татсан байна. Тухайн үед миний бие хувиараа бизнес эрхлэгч иргэн байсан. Мөн тухайн зээлийг анх олгоход зориулалтын дагуу, барьцаа хөрөнгийн шаардлагыг хангасан байсан. Одоогийн байдлаар гэрээнд зааснаас илүү төлөлттэй байгаа нь их хэмжээний хохирол учруулсан гэсэнтэй нийцэхгүй байна" гэлээ. Мөн АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, тухайн зээлтэй холбоотой бүх нотлох баримт, материалуудыг гаргахад бүх боломж нээлттэй гэв.
Эх сурвалж: www.polit.mn