С.САРУУЛ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын сайд нарын хамт цаг үеийн нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал, Хөгжлийн банкны талаар сэтгүүлчдийн асуултад хариулав. Түүний хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
-Засгийн газар шатахууны үнэд зохицуулалт хийхгүй бол литр тутамд шатахууны үнэ 1000 төгрөгөөр нэмэгдэх нөхцөл үүссэн байна. Дайны нөхцөл байдлаас болж олон улсад газрын тосны үнэ байнга өсч байна. Мөн ам.доллараар биш рублиэр төлбөр тооцоо хийнэ гэдэг нөхцөл байдлаас болж газ, газрын тосны салбарт амаргүй нөхцөл байдал үүсч байна.
- Цаашдаа шатахууны нийлүүлэлтийг зөвхөн нэг үйлдвэрээс хараат байлгахыг багасгаж, олон эх үүсвэрээс авахад анхаарах ёстой. Цаашдаа газрын тосны үйлдвэрээ зайлшгүй барих шаардлагатай.
-Засгийн газраас бензиний үнийг огцом өсгөхгүй байх тал дээр боломжтой бүгдийг хийнэ. Аль болох 1000 төгрөгөөр нэмэгдэхгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Ханшийн зөрүүн дээр шатахуун импортлогч компаниудтай шууд тулж ажиллана. Зарим нөхцөлд үнийн асуудлаар гэрээ хэлэлцэл хийнэ. Ямар ч байсан эрх зүйн орчныг бүрдүүлснээр Засгийн газар түргэн шуурхай шийдвэр гаргах нөхцөл үүснэ.
-Шуудхан хэлэхэд, Эрдэнэтийн 49 хувь, Дубайн гэрээтэй холбоотой бүлэглэл Хөгжлийн банк дээр ажилласан. Тиймээс Хөгжлийн банк дээр холбоотой асуудлыг Засгийн газар гаргаж тавьсан. Хөгжлийн банкны 3.2 их наяд төгрөгийн 1.8 их наяд орчим нь чанаргүй зээлийн ангилалд орсон. Энд хэдхэн компани байгаа. Сайн ажиглавал Эрдэнэтийн 49 хувийг босгосон 430 сая ам.долларын санхүүгийн схем бүхэлдээ байгаа. Эзэд нь, тэднийг дэмжсэн хууль хяналтын удирдлага, шүүгчид нь хамтдаа байгаа. Энэ схем Дубайн гэрээг байгуулсан схем дээр хамтдаа оролцсон. Нөгөө л яриад байдаг хүмүүстэйгээ үе шаттай тэмцэж байгаа гэж ойлгож болно.
-УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн зарласан 20 хүн бол ердөө мөсөн уулын орой. Үүний цаана манай нэр бүхий том улстөрчид, бизнес эрхлэгчид, тэдний утсан хүүхэлдэйнүүд гарч ирнэ. Хөгжлийн банктай холбоотой асуудалд холбогдсон эхний хүмүүст таслан сэргийлэх арга хэмжээ авч, Хөтөлийг төрд эргүүлэн авсны дараа хэн хэн хамгийн их цочиж байна, тэр бүх хүн үүний ард байгаа гэж ойлгох хэрэгтэй.
-Хөгжлийн банкны асуудал шийдэгдэнэ гэдэгт битгий эргэлзээрэй. Надад ордон дотор хүч мөхөствөл олон нийтэд хандах болно. Хөгжлийн банктай холбоотой асуудалд цэг тавина. Хуулийн байгууллагууд ажиллаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Засгийн газар шаардлагатай бүх мэдээлэл, нууцлалтай холбоотой асуудлуудыг гаргаж өгсөн. Тиймээс хууль хяналтын байгууллагууд Хөгжлийн банкны асуудал дээр хэнээс ч хараат бусаар ажиллах ёстой.
-Хөгжлийн банкны асуудлын дараа Эрдэнэс Монголтой холбоотой асуудлыг гаргаж тавина. Эрдэнэс Монголын охин компаниуд бүгд ТУЗ-төй. Тэр бүр дээр хяналтгүй маш их хэмжээний мөнгө эргэлдэж байгаа. Зөвхөн энэ далд эдийн засаг цэгцрэхэд Монгол Улсын ДНБ хоёр дахин тэлэхээр байгаа.
- Монгол Улсад болж байгаа, болохгүй байгаа зүйлс бий. Бид амаргүй нөхцөлд ажиллаж байна. Бид ганцаараа ийм байгаа юм биш. Даваад гарна. Би авлигатай хийх тэмцэлд бууж өгөхгүй. Засгийн газар хэн нэгэн субъектын хэлснээр огцордог газар биш. Би бууж өгөхгүй. Би хүнд нөхцөл байдлаа иргэдтэйгээ хамдаа даван туулна. Хэн нэгэн албан тушаалтан хариуцлага алдсан бол хариуцлага тооцно. Гэхдээ ажлаа хийж байгаа хүнийг хамгаалах ёстой.
-Энэ хүнд нөхцөл байдал ямар ч улсын Төв банкны ерөнхийлөгчид ачаа ирнэ. Энэ хүн ажлаа сайн хийж байгаа. Төв банкинд дотор хэдэн хүн янз бүрийн юм яриад байгаа гэсэн. Би намын даргын хувьд тэр хүмүүст аятайхан байгаарай гэж хэлнэ. Ордонд гишүүдийн өрөөнд "Би Монголбанкны ерөнхийлөгч болно гээд яриад яваад байна гэсэн. Би тийм зүйл болгохгүй шүү, та нар аятайхан байгаарай. Би хүнд цагт ажиллаж байгаа Төв банкны Ерөнхиийлөгчийг хамгаална.
-Зарим арилжааны банк Төв банк руу дайрч байгааг би ажиглаж байгаа. Ингэж болохгүй. Төв банк нэг арилжааны банкны охин компани болсон байсан. Цаашдаа ийм зүйл давтагдаж болохгүй. Эрх баригч намын даргын хувьд би Төв банкны ерөнхийлөгчийг хамгаалж байгаа юм. Ер нь Төв банкны ерөнхийлөгчийг нь үлээхэд огцруулдаг байж болохгүй. Үнийн өсөлт, экспорт гацаж байгаа нь үнэндээ хилийн чанадын нөхцөл байдлаас болж байгаа. Монгол Улсаас болж байгаа зүйл биш шүү дээ. Бид улсаараа маш амаргүй нөхцөлд байгаа. Нэг хүнийг огцрууллаа гэхэд ажлаа мэдэхгүй шинэ хүн ирнэ.
-Эдийн засгийн том хямрал дөнгөж эхлэх гэж байна, том хэмжээний хямрал болох эрсдэл бодитой бий. Ийм нөхцөлд ажиллаж байгаа багаа би хамгаална.
-Төрийн байгууллагууд шаардлагагүй хурал зөвлөгөөн зохион байгуулахыг хориглоно
- Аль ч тусгаар тогтносон улс Төв банктай, үндэсний мөнгө тэмдэгтээ хэвлэдэг. Гагцхүү зохистой харьцааг хангаж явах ёстой. Мөнгөний бодлогын хүүг нэмсэн нь өөрөө төгрөг хэвлэхгүй гэсэн үг шүү дээ. Харин валютын нөөцөө нэмэхэд Монголбанктай хамтарч ажиллана. Мөнгө хэвлэх, мөнгөний нийлүүлэлт зохистой түвшинд барьж ажиллана гэдгийг ойлгоорой.
-Импортын зарим гол нэрийн бараанд Засгийн газраас татаас өгч, үнэ барих боломжгүй, үүнийг зөвөөр ойлгоорой. Цаанаасаа нэмэгдэж байгаа бүтээгдэхүүний үнийг бид хүчээр барина гэж байхгүй. Тиймээс энэ хуулиар дотоодын мах, гурилын үнэ тогтворжуулах боломжийг илэрхийлж байгаа. Шатахуун бүх бараа бүтээгдэхүүнд нөлөөтэй байгаа тул зохицуулах шаардлага байна. Бусад импортын бүтээгдэхүүний үнийг барих бололцоогүй. Цаашид төсвийн тодотгол хийх ганцхан арга үлдсэн. Ингэхдээ бүх хөрөнгө оруулалтаа танаж, бүтээн байгуулалт хийхгүй нөхцөл рүү орно.
-Танхимын үлдсэн хоёр сайдын хувьд нэг зарчим барьж байгаа. Шинээр байгуулсан хоёр яам нь хоёулаа агентлаг байж байгаад яам болсон. Тиймээс ажилдаа дадаж, чиг үүрэг тодорхой болоход хугацаа шаардлагатай байгаа. Цаашдаа Засгийн газрын бүтцийг бүхэлд нь эргэн харна. Энэ чиглэлд Сингапур улстай хамтран ажиллаж байна.
-ОХУ-тай рублийн своп хэлцэл хийхээр ярьж байна. Энэ асуудал амаргүй нөхцөлд үргэлжилж байгаа. Хэрвээ хэлцэл амжилттай болбол, шатахууны төлбөр тооцоог рублиэр хийх боломжтой болж, ам.долларын нөөц хадгалагдах нөхцөл үүснэ.
Эх сурвалж: www.polit.mn