Д.ДАРАМБАЗАР
Борцгор хотон шувууг хамгаалах хэлэлцүүлгийг Зэрлэг амьтдыг судлан хамгаалах төвөөс зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр Зүүн Азийн сүүлчийн борцгор хотон шувууг хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах талаар байгаль хамгаалагч нар, шувуу судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүд ярилцлаа. Монгол орны баруун бүсэд зусаж, үрждэг борцгор хотон шувуу нь манай орны хувьд хамгийн цөөн тоотой үлдсэн, олон улсад Зүүн Азийн хамгийн ховор усны шувуу гэдгийг Зэрлэг амьтан судлан хамгаалах төвийн тэргүүн, шувуу судлаач Н.Цэвээнмядаг танилцуулсан. Хэдий тийм боловч манай улс энэ шувууг хамгаалах менежментийн төлөвлөгөөгүй явж иржээ. 1990-ээд оны сүүлчээр Монголд 200 орчим борцгор хотон бий гэж тооцоолж байжээ. Гэвч 2000 оноос хойш эрс ховордож, 2005 оноос үүрлэж, зусдаг нутагтаа цөөн тоогоор эргэн ирэх болсон байна. Гэвч сүүлийн 20 гаруй жилд тоо толгой нь эрс цөөрч зөвхөн Хар-Ус, Айраг нууранд цөөн тоогоор үржих болжээ. Манай улсад борцгор хотон шувууг хууль бусаар агнаж хошууг нь авч худалдах ялангуяа, нийгмийн сүлжээгээр энэ талын зар тавьж, хил дамнан наймаалах зөрчил их гардаг нь тус шувууг ховордоход хүргэж буй юм. Хэрэв нэн ховордсон энэ шувууг агнавал 13 сая төгрөгийн торгууль төлж, Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх юм байна.
Эх сурвалж: polit.mn