Д.Дамдинжав: Хэрэв би хулчгар нэгэн байсан бол “Суут нууц”-ыг гаргаж чадахгүй

2022-03-04
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

 

“Гол тоглогч I, II, III”, “Дотоод тэнгэр” зэрэг номоороо уншигчдад эчнээ танил болсон яруу найрагч, сэтгүүлч, “Алтан өд” шагналын эзэн Д.Дамдинжавтай сүүлийн үед олны анхаарлыг гойд татаж буй суу билгийн судар “Суут нууц” шинэ номынх нь талаар ярилцлаа.

 

-Та номоо “Суут нууц” гэж нэрийджээ. Нууцыг илчилж бичсэн гэсэн үг үү. Шинэ номынхоо талаар танилцуулахгүй юу?

-“Суут нууц” ном түүхэн хүмүүсийг амьдчилж нүүр тулсан ярилцлага хэлбэрээр бичигдсэн. Монгол Улсын түүхэнд мөр тод, алдар дээд есөн суут эрхэмтэй хийсэн эчнээ ярилцлага номонд багтсан. Түүхэн хүмүүстэй ярилцсан гэхээр уншигчид гайхаж магад. Учир нь хэдэн зууны өмнөх Аригбөх хаан, Өндөр гэгээн Занабазар тэргүүтэй тэнгэрт дэвшсэн хүмүүстэй амьд мэтээр ярилцлага хийнэ гэдэг боломжгүй. Монголчуудын ёс заншил, үзэл, ёс зүйн хувьд ч боломжгүй зүйл. Ядаж л бид өвгөдийнхөө ясыг өндөлзүүлэх ёсгүй гэсэн сурталтай улс. Гэхдээ өнгөрсөн үеэ шороонд булаастай чигээр нь орхих ёстой юу гэсэн асуулт гарч ирдэг. Бид өнгөрсөн үеэ судлах, танин мэдэх, бахархан, үзэл санаа, үнэт зүйлийг нь ойлгох хэрэгцээ бий юу гэвэл бий. Өвөг дээдсийнхээ тухай мэдэхийн тулд зөвхөн түүхэн үйл явдлуудыг мэддэг байх нь хангалтгүй. Хамгийн гол үзэл санаа, тэмцэл, ялалт ялагдал, гэмшил харууслыг нь мэддэг байх ёстой гэж боддог юм. Тэгж байж нөгөө эх орон, түүх соёл, тэмцэл ялалтаараа бахархах байх. Сэтгүүл зүй бол баримтыг олон арга хэлбэрээр хүмүүст хүргэх үүрэгтэй. Тэр утгаараа өнгөрсөн үеийн баримтыг эрж сурж, асуулт тавьж, түүндээ хариулт олж болдог төрөл зүйл бас сэтгүүл зүйд байдаг. Тэр нь эчнээ ярилцлага. Энэ төрөл нь өнгөрсөн үеийн баримтыг өнөө үед ойлгомжтой, сонирхолтой байдлаар хүргэдэг. Монголд энэ бичлэгийн төрөл зүйлээр бичигдсэн бүтээл гарч байгаагүй. Тиймээс 15 жилийн өмнөөс энэ бичлэгийн төрөл зүйлээр оролдож үзэх хүсэлд автаж айж бэргэж, бас өөрийгөө бэлдэж явсаар гурван жилийн өмнө барьж авсан.

-“Суут нууц” гэхээр уншигчдын сонирхлыг эрхгүй татаж байгаа байх. Нэрний учрыг тайлбарлавал?

-Нэрний тухайд “Суут нууц” гэдэг нь “Суутнууд” гэсэн утгыг илэрхийлж байгаа юм. Үүнээс гадна энд төрийн түүх гэмээр нууцууд багтсан. Монголын алдар суутнуудын сэтгэл эмзэглэм, харамсаж гашуудам цадиг багтсан. Юу нь тийм нууц юм бэ гэж асууж магадгүй. Тэгвэл түүхэн хүмүүст тавихыг хүсдэг асуултуудыг тэнд тавьсан. Жишээ нь, Галданбошигтоос “Та яагаад Халхыг уулгалан довтолсон юм бэ. Та чинь хүний амь таслахгүй гэсэн тангарагтай хутагт сахилтай хүн шүү дээ” гэж асууж байгаа юм. Энэ асуултад Галдан хаан юу гэж хариулах бол? Наймдугаар Богдоос “Та Төвөд хүн. Монголын эзэн хаан болох эрхтэй юу?” гэж асуух жишээтэй. Энэ хүмүүс өөрсдөө чухам юу гэж хариулж байгаа нь нууцын  тайлал юм. Энэ номонд тэдний амьдралын жинхэнэ түүх, баяр гуниг, бахархал, эмзэглэл, тэмцэл, чин зорилго, үзэл санаа нь байгаа. Тэр хүмүүсийн номлол, сургаал, ертөнцийг үзэх үзэл, улс орон, эх орноо хайрлах ухаан багтсан учраас “Суу билгийн судар” гэж нэрийдсэн.

-Бичлэгийн хэлбэр их өвөрмөц юм. Амьдчилж бичлээ гэхэд хариулт нь үнэнд дүйж чадах юм уу?

-Бичлэгийн хэлбэр, агуулга, аргын тухайд хүмүүст зайлшгүй тайлбарлах ёстой. Нэгдүгээрт, хариулт нь үнэн байж чадах уу, үнэн гэдгийг чи батлах юм уу гэх асуулт урган гарах нь ойлгомжтой. Тэгэхээр үнэнд ойртох хариултыг олох, эрж хайх арга нь түүх, судалгааны ажлуудад оршиж буй баримт юм. Энэ баримтуудаа хүмүүст хүргэж буй хэлбэр нь ярилцлага. Баримтыг ярилцлаганд ашиглахдаа хуурайгаар биш, уншигчдын сонирхлыг татахуйц байдлаар буюу утга зохиолын бичлэгийн аргаар баяжуулан бичсэн. Хоёрдугаарт, залуу зохиолч, сэтгүүлч хүн түүхэн зүтгэлтнүүдтэй ярилцаж, үнэлэлт, дүгнэлт өгөх эрхтэй юу гэсэн асуулт гарч ирнэ. Тухайлбал, одоо ч учир нь тайлагдаагүй асуултын тэмдэгтэй хэвээр байгаа түүхийн маргааныг барьж авч, суутнуудын өмнөөс үг хэлүүлэх эрхтэй хүн мөн үү гэдэг шүүмжлэл гарч ирэх нь тодорхой. Үүний хариултыг би зөвхөн ном уншсан хүмүүст л үлдээж байна. Тэд миний өмнөөс хариулах байх. Чи эрхгүй гэж чичихээсээ илүү чи чадсангүй гэвэл илүү хүлээн авна.

Би түүхийг яаж сонирхолтойгоор хүмүүст хүргэж болох вэ гэж бодсон. Өнгөрсөн үеийн тэр аугаа хүмүүсийн үзэл бодол, омогшил, бахархал, гуниг гутрал бүхнийг уран зохиолын ном уншиж байгаа мэт уншаасай гэж бичсэн. Гэхдээ баримтад тулгуурласан учир үнэнээс гажаагүй.

-Сэтгүүл зүй, түүх, утга зохиол гурвын нэгдэлээр, Монголд бичигдэж байгаагүй хэлбэрээр ном гаргана гэдэг том зориг шүү?

-Тийм. “Суут нууц”-ыг бичихдээ би даруу биш загнасан нь үнэн. Яагаад гэвэл энэ маш том жанр. Хийж чадахын тулд биш, хийж зүрхлэхийн тулд ихээхэн “тэнэг зориг” шаардах зүйл. Шүүмжлэл дайралтаас айлгүй хийсэн. Би тэр аугаа суут хүмүүсийн үзэл санаа, үг сургаалийг гажаачих вий, дутуудуулчих вий л гэж айж байснаас биш, ийм бүтээл гаргах тал дээр хулчийж хойш суугаагүй. Хэрэв би хулчгар, хэр тааруухан зоригтой нэгэн байсан бол “Гол тоглогч”-ийг ч гаргаж чадахгүй байх байсан.

-Ямар ч бүтээлд судалгаа чухал. Судалгаагаа хэр удаан хийв. Сүүлийн гурван жил гэхээр цар тахлын хөл хорионы үе таарчээ?

-Судалгааг гурван жил хийсэн. Түүхэн хүмүүсийн тухай тэмдэглэн үлдээсэн уран зохиолын болон түүхэн баримтууд асар их. Жишээлбэл, Өндөр гэгээн Занабазарын талаарх бүхий л түүхийн баримтыг уншиж судлах боломжгүй. Тиймээс тэр хүнд тавихыг хүссэн асуулт, асуултандаа тохирох хариултыг хайх зарчмаар судалгааны ажлаа хийсэн. Асуултандаа бүрэн хариулт авч чадлаа гэж үзвэл дараагийн асуулт руу шилжих замаар ажилласан. Тэгэхээр нэг ярилцлага гаргахын тулд дунджаар 13-20 ном уншиж судалсан байна.

-Тэр баялаг түүх, амьдралын замналтай суут хүмүүсийн бүтэн амьдралыг нэг ярилцлагад багтаасан гэж үү. Эсвэл сэдвээр ангилав уу?

-Би сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүлч хүн өөрт олдсон бүх боломжоо ашиглаж, эх сурвалжаасаа шаардлагатай бүх мэдээллийг авахыг зорьдог. Дахиж олдохгүй зочинтой таарсан бол хүссэн бүх асуултдаа бүрэн хариулт аваад буцахыг зорьдог нь сэтгүүлч бүрийн хүсэл. Үүнтэй адил сэтгэл зүйгээр хандаж, түүхэн зүтгэлтнүүдтэй уулзах боломж тохиолдвол боломжийг алдахгүйгээр асуухыг хүссэн. Хэрвээ зочноор тооцвол энэ хүмүүс зөвхөн надад байтугай, Монголын сэтгүүл зүйд ахиж олдохгүй ярилцлагын зочид шүү дээ. Энэ хүмүүстэй бүтэн ярилцлага хийх байтугай, ганцхан асуулт тавих ч боломж байхгүй ийм нөхцөлд би алтан микрофон бариад зогсож байгаа гэсэн үг болно. Түүхийн зүтгэлтэн бүрт учир нь тайлагдаагүй нууц байдаг. Тэр бүгдэд хариулт олохыг хичээж бичсэн. Гэхдээ энэ нь бүрэн, дүүрэн үнэн хариултыг өгсөн гэсэн үг биш. Мэдээж түүхийн ээдрээнд эцсийн цэг хатгасан гэсэн үг биш юм. Энэ нь ч боломжгүй. Түүхийн аливаа ээдрээ, маргаанд миний эдгээр эчнээ ярилцлагаас үл хамааран маргаан өрнөсөөр л байх болно. Тэнд эцсийн цэгийг хатгана гэсэн ойлголт байдаггүй.

-“Суут нууц” номонд есөн түүхэн зүтгэлтэнтэй хийсэн ярилцлага багтсан гэлээ. Монголын түүхэнд алдар нэртэй, гавьяатай суутнууд есөөс хавь илүү шүү дээ. Хэрхэн шилж сонгов?

-Эд бол өнөө цагийн бидэнд асуулт үлдээсэн хүмүүс. Түүнээс биш заавал түүхэн зүтгэлтэн эсвэл хаан, төрийн тэргүүн байх албагүй. Яагаад гэдэг асуултыг хойч үедээ үлдээсэн хүмүүсийг сонгосон. Тэр асуултын хариултыг би хайсан. Цаашдаа яагаад гэдэг асуулт хойч үедээ үлдээсэн гучин хүнтэй ийм эчнээ ярилцлага хийх төлөвлөгөөтэй байгаа. Сонгосон хүн маань заавал суут байх албагүй. Түүхэнд яагаад гэсэн асуулт үлдээсэн хүн байх нь л чухал. Жишээлбэл, Шанзав Бадамдорж гаминд урвасан, Богдыг Хятадын ерөнхийлөгчийн зурганд мөргүүлсэн гэж ярьдаг. Гэтэл тэр хүнээс өөрөөс нь энэ тухай асуувал ямар хариулт гарч ирэх вэ гэдэг сонин. Өөрийгөө зөвтгөх тайлбар байж ч болно. Ийм сониуч зангаар “Суут нууц” номоо хийсэн.

-Зөвлөх редакторууд олны танил, хүндтэй эрхмүүд байсан?

-Зөвлөх редакторуудыг сонгосон байдлыг хараад хүмүүс гайхаж хүлээж авсан. Яагаад ийм олон хүн зөвлөсөн гэж сүржигнэнэ вэ гэх маягтай. Гэтэл “Суут нууц” ном их онцлогтой бүтээл. Бичлэг, хэлбэр, агуулгын хувьд нэн шинээс гадна алдаа мадаг гаргавал цаазлуулахаас ч хүнд ялтай. Ганцхан үсгийн алдаа түүхэн маш том алдас болох аюултай. Тиймээс үг, үсгийн алдаагаа засуулах төдий редактор сонгох боломжгүй учраас түүх, утга зохиол, сэтгүүл зүйн талаас нь хянуулахаар шийдсэн юм. Тиймээс түүхийн баримт, судалгаа тал дээр Түүхийн ухааны доктор, Төрийн шагналт Д.Өлзийбаатар, сэтгүүл зүйн хэлбэр, агуулга тал дээр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, зохиолч До.Цэнджав, утга зохиолын хийц, найруулга, үг хэллэг тал дээр Ардын уран зохиолч Т.Галсан гээд лут хүмүүсийнхээ зөвлөгөөг авсан.

-Дахин хоёр ботийг баринтаглах юм байна. Хэзээ уншигчдад хүргэх төлөвлөгөөтэй байна вэ?

-Судалгааны ажлаа хийж эхэлсэн. Гэхдээ тодорхой тов гаргах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, асуултдаа хариулт аваагүй бол үргэлжлүүлэн хайгаад явна гэсэн үг шүү дээ. Асуултдаа хариулт авах хүртэл дуусахгүй ч байж болно. Тэр болтол хугацаа товлох, төлөвлөх боломжгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ГУРАВДУГААР САРЫН 4. БААСАН ГАРАГ. № 47 (6779)

 

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

6 цаг 48 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

7 цаг 7 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

7 цаг 12 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

7 цаг 15 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

7 цаг 18 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

7 цаг 20 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

8 цаг 24 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

18 цаг 33 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

18 цаг 33 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

18 цаг 33 мин