Цэвэлийн ШАГДАРСҮРЭН.
Төрийн шагналт, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат ажилтан, профессор
Түрүүч нь https://www.polit.mn/a/92868
Бас нэгэн зүйл: дээрх тайлбар хэсэгт ...хүний санаа бодол далд (нуугдмал) байдаг гэсэн утгатай учир монгол бичгээр “нигур” гэж бичнэ... гэжээ. Нэг бус судалгаа, толь бичигт уул үгийн утгыг тухайн үйлээс үүдсэн юм хэмээх утга бүхий үйлээс нэр үг үүсгэх дагавартай холбон үзсэн байдаг. Одоо ч бяцхан хүүхэд ичих, гэрэвших тохиолдолд нүдээ дарж, эсвэл юмны цаагуур орж нүүрээ нуудаг явдал захаас аван харагддаг. Том хүн ч гэсэн ичиж балмагдахдаа “нүүр хийх газар олдсонгүй” гэх мэтээр ярьсаар байна. Энэ жишгээр үүссэн нөхөр гэдэг өөр нэг нэр үгийг дутагдсан зүйлийг нөхдөг юм гэсэн утгатай гэж үздэг. Дээрх үзүүлэнд тайлбарласныг учир шалтгааны үүднээс бодож үзвэл нүүртэй хүн болгоны санаа бодол нуугдмал, ил сайн хүн огт үгүй гэдэг ойлголтод эрхгүй хүрнэ. Монгол хэлний гүн ухааны сэтгэлгээгээр энэ үгэнд нүүртэй бүх хүн дотуур тамиртай, санаа муу гэсэн утга санаа огт байгаагүй.
Өгүүлбэр зүйн хүрээнд:
Энэ үзүүлэнд өгүүлбэрийн бүтцийг тодорхойлох зорилго тавьжээ. Тэгээд ч хавсарсан нийлмэл өгүүлбэрээр жишээ авч, үр дүнг 1. гишүүн өүүлбэр, 2, 3. гол өгүүлбэр гэж загвараар үзүүлжээ.
Монгол хэлний өгүүлбэр зүйн хэмжүүрээр дээрх загварт өгүүлсэн хоёр, гурав гэсэн дугаартай хоёр гол өгүүлбэр нь чухамдаа гол өгүүлбэр мөн үү. Нэг гэсэн дугаартай гишүүн өгүүлбэр гэсэн нь чухамдаа гишүүн өгүүлбэр мөн үү гэдэг эргэлзсэн асуулт аяндаа гарна.
Хуучин цагт өгүүлбэр ялгалах гэдэг хичээл олон цагаар ордог, хэн нэгний бичсэн зохиолоос авсан жишээ өгүүлбэрүүд нь хэл зүй, найруулга зүйн хувьд эргэлзээтэй, алдаатай байх нь олон. Тухайн нэг өгүүлбэрийг сургууль сургуулийн өгүүлбэр зүйн багшаар ялгалуулахад бараг цөмөөрөө өөр өөрөөр тайлбарладаг байж билээ гэдэг дурсамж санаанд орлоо. Тэгэхдээ энгийн болон хавсарсан нийлмэл өгүүлбэрийн гол ба туслах өгүүлбэрийг арай андуурдаггүй байлаа. Тэр үеийн багш нар дээрх жишээний гол өгүүлбэрийг ...хүн хоол идэхдээ ... бөхөлзөн, ... газар шүүрч явлаа... гэх байсан. Харин гол өгүүлбэрийнхээ угсарсан хоёр өгүүлэхүүн ... бөхөлзөн, ... газар шүүрч явлаа... гэдгийг...хонь, ямаа, адуу, тэмээний адил эсвэл галуу, нугас, тагтааны ижлээр гэж тодотгосон байна гэх байсан.
Англи, орос ч юм уу өөр нэг хэлээр дээрх жишээ өгүүлбэрийг зөв ойлгон орчуулж гэмээ нь, гол өгүүлбэрийн өгүүлэгдэхүүн нь “хүн” л байх болно. Бас цахим хичээлд жишээ авсан энэ өгүүлбэр нь найруулга, үг сонгосон байдлаараа боловсронгуй сайн өгүүлбэр гэж үзэх аргагүй.
Үгийн сангийн хүрээнд:
Энэ үзүүлэнд:
...Үнэрийг бие даасан үгээр биш, ... уул үнэрийг хадгалагч эд юмсын нэртэй хавсарган тодорхойлно. Алимны үнэр, загасны үнэр, зөгийн балны үнэр гэвэл хүн ойлгохоос биш улаан, цагаан, хөх гэдэг шиг шууд нэг үгээр үнэрийг нэрлэхэд бэрх болно гэжээ. Уламжлалаасаа тасраад 100 гаруй жил болсон тул одоогийн залуучуудад зөв мэт санагдаж болно. Монгол хэлний хичээл бол монгол хэлний мөн чанарыг зөв таниулах учиртай. Монгол хэлний нэр хүндийг унагах тусгай зорилгоор ч юм уу эсвэл элдэв шалтгаанаар монгол хэлэндээ мохоо болсон хүмүүсийн мэдлэгээр дээд хэмжүүр хийж түүнийгээ олон нийтэд ялангуяа, хүүхэд багачуудад тулган ойлгуулах гэж оролдож болохгүй.
Хэдэн зууны өмнө зохиосон 36-т тайлбар толь хэмээх зүйл хуваасан толийн 28 дугаар дэвтэрт “Амт үнэрийн зүйл” гэж байх бөгөөд түүнд уг зүйлд хамаарах 40 нэр буй 1 . Үүнээс гадна хот, хөдөөгийн ахмад үеийнхэн ахуй амьдралдаа үнэрт холбогдох үнэр, танар, анхилуун, өмхий, самхай, эхүүн, гашланги, нэгшинги, нэгшүүн, нялуун, нялаг, шивтэр, шинхэг, исгэлэн, чийг, хиншүү, хярвас ... гэх мэт шууд нэрлэсэн олон үгийг мэддэг, одоо ч аж төрөлдөө хэрэглэсээр бөлгөө. Академич Б.Ринчен профессор монголчуудын юмыг оноон нэрлэхийн жишээг үнэртэй холбон өмхий, самхай, хулмас, шивэр ... гэх мэтийн үг ямар ямар юмны үнэрт холбогдох талаар тэмдэглэсэн нь бас буй. Хэрэв зээ энэ бүхнийг үзсэн бол дээрх тайлбар арай өөр байх байж дээ гэж эрхгүй бодогдоно.
Үүнээс үүдэж хэн нэг өөрийнхөө мэдэхгүй зүйлийг байхгүй гэж батлахын аргагүй. Ялангуяа, сурах бичиг зохиогч хүн ингэж гэмээ нь олон үе дамжсан буруугийн зохиогч болно гэсэн үг.
Бас нэгэн зүйл: дээрх эшлэлд зөгийн балны үнэр гэж байна. Бал гэдэг үг монгол хэлнээ дэвсгэр л гийгүүлэгчээр төгсдөг үг тул мори/н, хони/н гэх зэрэг нууц –н бүхий үгтэй адилгүй. Академич Ш.Лувсанвандан “Монгол хэлний тогтворгүй -n-ийн тухай” гэдэг өгүүлэл бичсэн тул сурах бичиг зохиогч уг өгүүллийг заавал уншиж, үр дүнг нь сурах бичигтээ зөв тусгах ёстой төдийгүй үүрэгтэй гэсэн үг. Тэгэхээр балны үнэр биш балын үнэр байх ёстой. Ийм ташаарал гадаад үгэнд ч харагдах болж (англиар virus гэж бичдэг үгийг) зарим зурагтын доод бичвэрт вирусын гэлгүй вирусны гэсэн нь үүний баримт. Монгол хэлэнд өөрийн гэсэн дүрэм журам бий. Монгол хүн юм чинь монгол хэлээ мэдэлгүй яах вэ гэж аархах нь одоо утга учраа алдсан.
Найруулга - хэл зүйн хүрээнд:
Энэ үзүүлэнгийн эхний буюу (цас) лавсан орох гэдэг үгийг цас ихээр үргэлжлүүлэн орох гэж тайлбарлажээ. Найруулга зүйд үг, дагавар, нөхцөл илүүдэх, бас дутах гэдэг ойлголт байдаг. Дээрх жишээнд цас ихээр үргэлжлэн орох (бас цас малгайлж үргэлжлэн орох) гэж тайлбарлахад болох байтал үргэлжлүүлэн гэсэн нь бусдаар үйлдүүлэх лүү дагавар илүүдсэн гэсэн үг. Энэ мэтээр цаг уурын тайлбарт ... градусын дулаантай байна гэх мэтээр зарлаж байгаа нь –тай нөхцөл илүүдсэний жишээ болно.
Найруулга - үг сонгохуй:
Энэ үзүүлэнд буй дөрвөн жишээний эхний хоёрт нь ...хамгийн их нууртай улс..., ...хамгийн их хүн амтай улс... гэжээ. Монгол хэлний найруулга, монгол хэлний гүн ухаан, учир шалтгааны үүднээс авч үзвэл тоолж болдог зүйл дээр олон, цөөн..., тоолж болдоггүй зүйл дээр их, бага... гэдэг үгийг ялган хэрэглэдэг бөгөөд ийм ялгаа бусад хэлэнд ч нэгэн адил байдаг. Иймээс дээрх хоёр жишээг ...хамгийн олон нууртай улс..., ...хамгийн олон хүн амтай улс... гэж найруулах байжээ. Тэгээд энэ далимаар нуур, хүн ам гэдэг үг нь тоолж болдог юм учраас олон гэдэг үгийг, (гуравдугаар жишээний) ой мод гэдэг үгийг тоолж болохгүйн учир их гэдэг үгийг ялган хэрэглэжээ хэмээн зааж гэмээ нь илүү өгөөжтэй байх асан. Ажил гэдэг нэг үг салаалсан олон утгатай, зарим утга нь тоолж болох, зарим нь тоолж болохгүйн учир Их ажилтай хүн..., олон ажилтай хүн... гэх мэтээр ялгадаг юм хэмээн давхар тайлбарлахад яагаад ч илүүц зүйл болохгүй. Янз бүрийн боловсролтой хэн нэгэн хүн буруу зөрүү найруулах, бичих нь буй ч дунд сургуулийн монгол хэлний хичээл дээр дурдсан алдаатай жишээг авч болохгүй, заавал энэ мэт буруу жишээ авмаар санагдаад байгаа бол буруу найруулгын жишээ болгон тайлбарлаж бас болно.
Шинэ үсгийн дүрэм буюу зөв бичих зүй (Orthographie)-н хүрээнд:
Их, дээд сургуульд элсэгчдэд зориулсан радио хичээл, болон одоогийн цахим хичээлийг сонсоход шинэ үсгийн дүрэмд холбогдох цаг багагүй хувийг эзэлдэг. Сонсоод эргэцүүлж гэмээ нь 1940-өөд оны дунд үеийн “Шинэ үсгийн дүрэм” голлож, авиа зүй, үг бүтэх ёсон, утга зүй, үгийн гарал, хэл найруулга ... гээд монгол хэлийг олон түвшинд судалсан үе үеийн гадаад дотоодын эрдэмтний судалгааны үр дүн бараг харагдахгүй байдал ажиглагдана. Холбогдох баримтыг цахим хичээлийн жишээгээр танилцуулж болно. Нэгэнт засаг төрийн зүгээс албан ёсны гэж үзэж байгаа сурах бичиг баримтлан хичээл заах ажил хийж буй багш нар заалгасан номоороо шалгалт өгч дүн авдаг сурагч, оюутан нарыг буруутгах аргагүй. Гэвч юм үнэнээрээ сайхан гэдэг хэмжүүр хүчинтэй бөгөөс цаад учир холбогдлыг мэдэж, бодож эргэцүүлж байх нь үл илүүдэх...
Дараалсан гурван гийгүүлэгчийн дүрэм гэдэг сэдэвт хичээл байна. Орос зэрэг нугархай ([in]flexional) хэв шинж (Typology)-тэй бус, залгамал (Agglutinative) хэв шинжтэй монгол хэл нь Э, ЭГ, ГЭ, ГЭГ гэдэг дөрвөн зүйлийн үетэйг эрдэмтэд хэдийнээ баталжээ.Тэгэхээр монгол хэлэнд гурван гийгүүлэгч бүү хэл, хоёр гийгүүлэгч дэвсгэр байдлаар дараалан орох тохиолдол байхгүй ч шинэ үсгийн дүрмээр байж болохоор зохиосон тул одоо сургуульд хэлэндээ 4 үе, бичигт 8 үетэй гэж зааж байна. Эндээс тэрхүү 8 үеийн дөрөв нь чухамдаа монгол хэлэнд байхгүй гэдэг нь эндээс тодорхой харагдана.
Одоо дунд сургуулийн сурах бичгийн баримтаас үзвэл дараалан орсон гурван гийгүүлэгчийн дүрэмд холбогдуулан авсан дээрх мэт жишээ нь монгол хэлний уугуул үеийн бүтцийг огт анхааралгүй, шинэ үсгийн хэлбэрээ “үндсэн хэлбэр” хэмээн итгэж амс+на > амсана, өмс+нө > өмсөнө, унш+на > уншина, хөгж+нө > хөгжинө, суралц+на > суралцана, хөгжилд+нө > хөгжилдөнө гэх мэтээр эгшиг жийрэглэнэ гэсэн нь буй. Үгзүйн хүрээнд дээрх жишээ зургаан үг нь зургаан өөр бүтэцтэй тул монгол хэлний онцлогийг харгалзаж гэмээ нь нэг дүрмээр тайлбарлах аргагүй, тухайлбал: амс- гэдэг нь угаасаа ардаа эгшигтэй байсан ч шинэ үсгийн дүрмээр гээчихсэн эгшиг нь эргэн сэргэж амсана болсон; өмс- гэдгийн –с нь урдаа эгшигтэй байсан тул чухамдаа дараалсан хоёр гийгүүлэгч биш; шинэ үсгийн буруу бичилгээс ийм мэт харагдахад хүрсэн унш-, хөгж- гэдэг нь, монгол хэлнээ -ш, -ж гийгүүлэгч дэвсгэрлэж ордоггүй тул угаасаа ардаа -и эгшигтэй байсан, тэр нь арга буюу эргэж сэргэсэн хэрэг. Суралц- гэдэг нь монгол хэлний үгзүйн түвшинд хамаарах үйл үгийн үйлдэлцэх хэв, хөгжилд- гэдэг нь үйлдэлдэх хэв, хэвийн энэхүү нийлмэл дагавар ардаа эгшигтэй байх ёстой тул тэрхүү байх ёстой эгшиг нь зохих байрандаа гарч ирсэн гэсэн үг. Иймээс авиазүй, үгзүйн өөр өөр түвшиний асуудлыг ганц авиазүйн үүднээс, шинэ үсгээр бичдэг хэлбэрээр авч үзэх аргагүй. Тэгээд ч мэргэжлийн ахмад эрдэмтэд аль эртнээс ... монгол хэлний зөв бичихзүй (Orthography)-г хэлний хэвшинжид нь тохируулан үгзүйн зарчмыг үндэслэж боловсруулах, ...үгийн үндэс, дагаврын хэлбэрийг эвдэхгүй тогтвортой болгох... гэж үзсээр ирсэний цаад учир нь энэ байлаа... 2 Цааш нь нарийсган тайлбарлавал олон асуудал салбарлан гарах тул үүгээр товчилъё...
Энэ бүхнээс үүдүүлэн бодоход ялангуяа дунд сургуулийн монгол хэлний хичээлээр хэлний бүх түвшинд монгол хэлний өвөрмөц онцлогийг тайлбарлан заах явдал хангалттай гэж үзэх аргагүй. Гадаад хэлний багш нар ч тухай тухайнхаа хэлний онцлогийг монгол хэлтэйгээ жишин тайлбарладаг байж гэмээ нь зааж буй багш, заалгаж буй шавьд хэн хэндээ өгөөжтэй болно.
Хүний сэтгэлд ул мөрөө гүн үлдээдэг төгсөлтийн буюу элсэлтийн шалгалтанд буруу зөрүү энэ мэт асуулт орж гэмээ нь, тэгээд тэр үнэлгээгээр нь хариулаад “олигтой дүн” нэг авсан ч тухайн ташаа зүйл улам лавширна, үе дамжина, монгол хэлний алс хэтийн зөв хөгжилд халгаатай, монгол хэлнийхээ унаган зөв мэдрэмжээр хариулаад “олиггүй дүн” авбал насан туршийн амьдралаараа хохирох болно. Аль аль нь аюумшигтай.
Дээрх жишээ баримт зөвхөн монгол хэл бичгийн хүрээнд зэрвэс харсан зүйл, чухам мэргэжилийнх нь хүн харж гэмээ нь бусад салбарын сурах бичиг огт алдаа мадаггүй гэж батлах арга үгүй санагдана.
Тэгэхээр дурласан хэн бүхэн сурах бичиг зохиодоггүй байлтай. Тухайнхаа салбарт буйлсан мэдлэгтэй, онолын боловсролтойн дээр сэдэв бүрээр холбогдох зүйлийг мухарлаж үздэг, туршлага бүхий хүн шинжлэх ухааны үндэстэй сурах бичиг зохиож, наад зах нь жишээ, өгүүлбэр авахдаа тал тохой татаж, танил зохиолчийнхоо бүтээлээс биш, аль найруулга сайн, хэлзүйн хэм хэмжээг бүрэн хангасан үг өгүүлбэрийг үлгэр загвар болгон сонгох ёстой. Наад зах нь, авсан жишээнд номонд дурлах..., төмрөн хүрз.... биш номд дурлах..., төмөр хүрз... гэсэн монгол хэлний зүйгээр зөв хэлбэржсэн жишээ байх ёстой гэсэн үг. Харин буруу найруулгын жишээ болгож авсан бол энэ шаардлага хамаарахгүй нь мэдээж. Бас дүрэмт хувцас гэж нийтээрээ ярьдаг байтал сурах бичигт формын хувцас гэх мэтээр шаардлагагүй газар харь үг хэрэглээд байх нь яав ч дэвшил гэх аргагүй. 1990 оноос хойш нэгэн хэсэгтээ холбогдох яам тамгын эрх мэдэлтэн элдэв шинэчлэл, гадаадын “нэртэй” сургуулийн сургалт, хувилбартай сурах бичиг гэдэг амин хувийн ашиг хөөсөн “бизнес” буй болгож, биеэ голдоггүй олон хүн ар өврийн хаалгаар шагалзан зохиогч болсон нь дунд сургуулийн сурах бичигт сайн юм огт авчирсангүй, харин ч ...
Нэр томьёоны хүрээнд:
Цар тахлын үед “маск” буюу “амны хаалт” гэж мөн ч их ярилаа. Монголчуудын тухайд энэ зүйл цоо шинэ юм огт биш. Монгол хэлнээ ийм хаадаг, халхалдаг зүйлийг хуруу > хуруувч, ул > улавч, шал > шалавч... гэх мэтээр товч, тодорхой нэр томьёо болгож нэрлэсээр ирсэн жишгээр амавч гэдэг, лам нар бурхан тахилдаа ойртохдоо амавч-аа хийдэг, амавч байхгүй тохиолдолд орхимжоо амандаа зууж, амьсгаагаа татаж зул хүжээ өргөж, бурхан тахилаа арчдаг байсан бөлгөө.
“Эх хэл бичиг” сэтгүүлийн 2020 оны №31, 32 дугаарт хэвлэгдсэн
1 Уг эхээр нь олж үзэхэд бэрх ч профессор Б. Сумьяабаатар одоогийн хүмүүст үзэхэд хялбар болгон бүрэн эхээр нь нийтлүүлжээ: Марал овогт Сумьяабаатар, Гучин зургаат тайлбар толь (The Mongolian Explanatory Dictionary in 36 volumes), I – V [1-14-р дэвтэр: 00001-07627], VI [15-17-р дэвтэр: 07628-09260], VII [18-20-р дэвтэр: 09261-10716], VIII [21-36-р дэвтэр: 10717-18671], 2005, 2003, 2005, 2006, Улаанбаатар, A-4: 454 + 514 + 480 + 400 тал; холбогдох баримтыг VIII дэвтэр: 14702-14741, 213-214-р талаас үзмүү.
2 Ш. Барайшир, Үсэг бичгээ улам сайн болгохын төлөө, Улаанбаатар, 1959 [21 тал].
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.11.18 № 227 (6704)