Б.ТӨГС
Монголын хөрөнгийн зах зээл уйдах завгүй бужигнаж байна. Уйдсан, унтаа байдалд байсан он жилүүд саяхан. Тэгвэл 2021 он гарсаар Монголын хөрөнгийн зах зээл түүхэнд байгаагүйгээр тэлсээр байна. Албан ёсны тайлангаар энэ оны эхний хагаст л гэхэд зах зээлийн нийт үнэлгээ нь оны эхнээс 26.4 хувиар өсч 3.8 их наяд төгрөгт хүрч байсан. ТОП-20 индекс цар тахалтай холбоотойгоор 2020 онд буурсан боловч 2021 он гарсаар 75.6 хувиар өсөөд байсан. Харин наймдугаар сарын сүүлээр дотоодын хөрөнгийн зах зээлд хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсний 26 жилийн түүхэн ойн өмнөх өдөр Монголын хөрөнгийн биржийн жилийн арилжааны дүн нэг их наяд төгрөгийг, ТОП-20 индекс 41 мянган нэгжийг, зах зээлийн үнэлгээ 4.5 их наяд төгрөгийг тус тус давснаар хөрөнгийн зах зээлийн түүхэн дээд үзүүлэлтүүд дахин шинэчлэгдсэн юм. Мөн өнгөрсөн сарын эхээр олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны чиглэлээр тэргүүлэгч Их Британийн “FTSE Russell” группээс Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг “Хөгжиж буй” зах зээлийн зэрэглэлд бэлтгэж байгааг дуулгасан байдаг. Ийнхүү Монголын хөрөнгийн бирж болон андеррайтер компаниуд тун завгүй ажиллацгааж байна. IPO, бонд гаргахаар зэхэж байгаа компаниуд ч шил шилээ даран сурталчилгаагаа хийж байна.
Хамгийн сүүлийн томоохон ажлууд гэвэл “Эрдэнэс Тавантолгой” бондын нэг, хоёрдугаар шатны арилжаа амжилттай явагдаж, нэгдүгээр транчийн хөрөнгө оруулалтын хүүгийн төлбөр 15.6 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ тараасан бол “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” компани нэмэлт хувьцаа гаргаж, санхүүжилтийн захиалгаа 46 хувиар давуулан биелүүлсэн нь томоохон идэвхжүүлэлт болов.
Тэгвэл тун удахгүй захиалга авч эхлэх олны анхаарал, хүлээлтэнд байгаа шинэхэн тоглогчдын мэдээллийг хүргэе.
ХАМГИЙН ӨНДӨР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХААР ТӨЛӨВЛӨСӨН “CU”
Хүнс барааны дэлгүүр, хоолны газар, кофе шопын үйлчилгээг нэг дор нэгтгэснээрээ саяхан л шинэхэн санагдаж байсан ч хамгийн том дэд бүтэц бүхий конвиниенс дэлгүүрээр нэрлэгдэж байгаа “CU” брэнд тун удахгүй IPO гаргах гэж байна. Ингэхдээ мөн л манай хөрөнгийн зээлийн түүхэнд байгаагүй өндөр дүн буюу 24.9 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ гэв. “Сентрал Экспресс Си Ви Эс” компани олон нийтэд компанийнхаа 15 хувь буюу 208 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 119.9 сая ширхэг хувьцааг санал болгох гэж байна. Андеррайтер компаниар нь “Голомт капитал” үнэт цаасны компани ажиллаж байгаа. Энэ сарын 29-нд захиалга авч эхлээд арваннэгдүгээр сарын 4-нд хаах юм. Хувьцаа гаргагч компанийн талаар товчхон танилцуулахад олон улсын CU конвиниенс дэлгүүрийн сүлжээг 2018 оноос Монгол Улсад нэвтрүүлж, өнгөрсөн хугацаанд 127 салбар дэлгүүрийг байгуулсан, цаашид салбарынхаа тоог хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж, энэ хүрээнд санхүүжилт босгохоор IPO хийх шийдвэрт хүрсэн хэмээн мэдээлж байгаа юм. Ингэхдээ цаашид зөвхөн хүнсний дэлгүүр биш цахим худалдаа, шуудан илгээмж, банк, харилцаа холбоо зэрэг олон салбарын үйлчилгээг хүргэдэг болох юм байна. Мөн үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр амлалт өгч байгаа аж.
ЦАХИМ МӨНГӨӨР АВЧ БОЛОХ АНХНЫ БОНД
Санхүүгийн зохицуулах хорооноос “Мобифинанс ББСБ” компанид нэг тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бондыг олон нийтэд нээлттэй арилжих зөвшөөрлийг олгосон юм. Энэ арилжаа энэ сарын 28-нд эхлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа аж. Бондын үндсэн нөхцлийн хувьд 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 12 сарын хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй бөгөөд олон нийтэд 10 мянган ширхэгийг санал болгох юм байна. Тус компани нь “Мобиком” корпорацийн 100 хувийн хөрөнгө оруулалттай охин компани бөгөөд Монголбанкнаас “Цахим мөнгө гаргах” тусгай зөвшөөрлийг авч, “Монпэй” цахим мөнгийг зах зээлд нэвтрүүлээд байгаа. Өөрөөр хэлбэл, “Мобиком” корпорацийн хөрөнгийн зах зээлд тоглох анхны алхам болж байгаагаараа онцлогтой. Тус бондыг “Монпэй” цахим мөнгөөр худалдаж авах боломжтой гэдэг нь 2017 онд Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдсанаас хойш цахим мөнгөөр үнэт цаас худалдан авч байгаа анхны тохиолдол болж байгаа юм. Ингэснээр хөрөнгийн зах зээл дэх цахим мөнгөний хэрэглээг нэмэгдүүлэх эхлэл болно гэж үзэж байна. Нөгөө талаар хөрөнгө татан төвлөрүүлэхдээ гол биш “Монпэй” цахим мөнгийг олон нийтийн хэрэглээ болоход чиглэсэн ажил гэж салбарынхан нь онцолж байгаа юм. Бондын үндсэн андеррайтераар “Өлзий энд Ко капитал ҮЦК” компани ажиллаж байгаа юм байна. СЗХ-ноос энэ удаагийн үнэт цаас гаргалт нь цахим мөнгөөр үнэт цаас худалдан авч буй анхны тохиолдол болж, цаашид хөрөнгийн зах зээл дэх цахим мөнгөний хэрэглээг нэмэгдүүлэх эхлэл тавигдаж байгааг онцлов.
ДАВХАР БҮРТГЭЛТЭЙ ХОЁР ДАХЬ КОМПАНИ
Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, үнэт металл үйлдвэрлэгч “Степ Гоулд Лимитэд” компани энэ онд багтан Монголын хөрөнгийн биржид таван тэрбум төгрөгийн хөрөнгө татан төвлөрүүлэх хувьцаа гаргахаар бэлтгэж байгаагаа өнгөрсөн оны сүүлээр зарласан. 2018 онд Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаснаар анхны давхар бүртгэлтэй компани болж байсан бол “Степ Гоулд Лимитэд ийнхүү хоёр дахь нь болж байна. 2023 оноос “Степ Гоулд Лимитэд” компанийн Дорнод аймгийн Алтан цагаан овоо орд дахь төслийн хоёрдугаар үе шат эхлэх тул энэ оноос бүтээн байгуулалтын бэлтгэл ажлаа эхлүүлсэн байгаа.
Хөрөнгийн зах зээлд дараа нь давалгаалан орж ирэх салбар бол арилжааны банкууд. Монголын арилжааны банкнуудыг Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компанийн хэлбэртэйгээр үйл ажиллагаа явуулах тухай хуулийн шинэхэн зохицуулалттай болсон. Энэ хүрээнд банкууд тус тусдаа бэлтгэл ажлаа хийж байгаа. Одоогоор нээлттэй хувьцаагаа зарлахаар хугацаа товлосон банк хараахан байхгүй. Гэхдээ бэлтгэл ажлууд үргэлжилж байгаа аж. Тухайлбал, Хас банк андеррайтер компаниа сонгосон бөгөөд “Хувьцаа ба Банкны IPO” сэдвээр харилцагчдадаа мэдээлэл өгөх зорилгоор IPO хүлээлгийн өрөөнүүдийг ашиглалтад оруулжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.20 ЛХАГВА № 206 (6683)