"Талын Монгол" брэндийг дэлхийд гаргана

2021-10-11
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

С.САРУУЛ

“Байгаль эх бүтээв” уриатай “Талын Монгол” брэнд бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэн экспортод гаргахад бэлэн болоод буй “Грийн Групп”-ийн гүйцэтгэх захирал Б.Алтангэрэлтэй ярилцлаа. Тэрбээр “Грийн Групп”-ийн бизнесийн давуу талыг төрөлжилт болон шийдэл гаргаж хамтрах чадвартай холбон тайлбарлаж байна. Экспортод чиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тэргүүтэй дэлхийд хамтдаа өрсөлдөх стратегийн жорын тухай түүний ярилцлагыг сонирхоно уу.

-“Талын Монгол” брэнд дотоодын зах зээлдээ хэдийнэ байр сууриа эзэлсэн. Өдгөө экспортод гаргахад бэлэн болоод байгаа юм байна. Тэргүүлэх бүтээгдэхүүн нь юу байх вэ?
-Манай компани одоогоор хүнс­ний үйлдвэрлэл, худалдаа, брэнд хөгжүүлэлт, барилга, хөрөнгө оруу­лалт, менежментийн салбарт үйл ажиллагаагаа явуулдаг.  Голлох чиглэл маань мэдээж хүнсний үйлдвэрлэл. Сүүлийн жилүүдэд бид дэлхийн зах зээлд хандсан судалгаа, туршилтын үйлдвэрлэлийг ихээхэн хийлээ. Бид нийт 14 нэр төрлийн бүтээг­дэхүүн экспортлох төлөвлөгөөтэй. Экспортын эхний бүтээгдэхүүн нь Ховд аймгийн шим тэжээлт хөр­сөнд ургасан хүнсний ногоогоор баяжуул­сан “хатаасан гоймон” юм. Үүнээс өмнө бид нэлээд удаан хугацаанд “Лапша” гоймонгоо туршилтаар экспортолж, зах зээлийн эрэлт хэрэгцээгээ бүрэн ойлгоод байна. Мөн Сэлэнгэ аймгийн цэвэр зөгийн бал нь экспортод гарах дараагийн бүтээгдэхүүн байх болно. Монголд 500 грамм цэвэр зөгийн бал ердөө хорин мянган төгрөгийн үнэтэй байдаг. Гэтэл Турк улсад 1.500 ам.доллараар худалдаалагддаг. Зөгийчид маань ямар их хөлс хүч, хөдөлмөр шингээж түүнийг хийдэг билээ. Тэдэнд ердөө олон улсын чанар стандартыг хангаж үйлдвэрлэх, брэндинг хийж дэлхийн зах зээлийг зорьж ажиллах чадвар л дутагдаж байна. Тиймээс бид ийнхүү байгаль эхээс гаралтай бүтээгдэхүүний чанар стандарт, брэндийн бодлогод онцгой анхаарч, нэмүү өртөг шингэсэн, зөвхөн тухайн зах зээлд зориулсан бүтээгдэхүүнийг экспортлох төлөвлөгөөтэй байна.

-Гадаадын зах зээлд зориулж үйлдвэрлэхэд нэлээд хөрөнгө, хүчин чармайлт шаардах болов уу. Үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр төлөвлөж байна уу?
-Мэдээж тэгнэ. Зөвхөн “Талын Монгол” брэндийн хатаасан гоймон үйлдвэрлэж экспортлохын тулд үйлдвэрлэлийн хүчин чадлаа 50-100 тонн буюу багадаа хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай. Нэгэнт бид дэлхийн зах зээлд хамтдаа гаръя гэсэн шийдэл гаргаж уриалж буй учраас өөрсдийн боломж, давуу талыг ашиглаад үйлдвэрлэлийн чөлөөт бүсийг бий болгохыг зорьж байна. Бүтээн байгуулалтын нэг хэсэг болгож бид гоймонгийн үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлж, ойрын хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

-Үйлдвэрлэлийн чөлөөт бүсийн талаар та дэлгэрэнгүй тайлбарлана уу ?
-Дэлхийн зах зээлд экспортод гаргах бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нэгдсэн төв, экспортод гарах хаалга гэж ойлгож болно. Тэнд бид экспортод гаргах гол нэр төрлийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхээс гадна бусад үйлдвэрлэгчдийнхээ барааг чанарын шаардлага хангасан байдлыг хянаж хүлээн авах, экспортод гаргах брэндэд нийцүүлэн савлагаа хийх зэргээр экспортод гаргахтай холбоотой бүхий л үйл ажиллагааг зангидан хийх юм. Гадаад улсад экспортод гаргах хүртэл хугацааны хадгалалт, хамгаалалтыг ч гэсэн онцгой анхаарна. Бүтээгдэхүүний хадгалалтын температурт нийцсэн олон улсын стандарт бүхий агуулах хүртэл маш чухал ач холбогдолтой. 
Мэдээж ханган нийлүүлэгчдээсээ түүхий эд материалаа татан авах, чанарын шаардлагад нийцэж буй байдлыг шалгах, эцсийн бүтээгдэхүүн болох дамжлага хүртэл найдвартай баталгаатай хадгалах гээд бүх л үйлчилгээг нэг дороос үзүүлнэ. Ингэж байж дэлхийн стандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэн гарна.
Хамгийн чухал нь үйлдвэрлэлийн чөлөөт бүсийг дагаад экспортод гаргах бүтээгдэхүүний анхны санаанаас эхлээд эцсийн шат хүртэлх бүх инновац, экспортод гаргахтай холбоотой судалгаа шинжилгээ, чанарын стандарт болон хууль эрх зүйд нийцүүлэх үйл ажиллагаа, экспортолж буй улс орны зах зээлд тохирсон брэндинг, маркетинг хүртэл хамтдаа хийгдэх боломж бүрдэнэ гэж төлөвлөж байна.

-“Талын Монгол”, “Лапша” зэрэг “Грийн Групп”-ийн бүтээгдэхүүн Монгол айл өрх бүрийн хэзээний танил, итгэл үнэмшилтэй худалдан авдаг брэнд болсон. Брэнд хөгжүүлэлтдээ танайх хэрхэн анхаардаг вэ?
-Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлээд бидний онцгой анхаарсан зүйл бол бүтээгдэхүүн хөгжүүлэлт юм. Үүн дотор брэнд хөгжүүлэлт мөн орно. Бидний онцлог ялгарах давуу тал ч энэ гэж ойлгож болно. Нэг бүтээгдэхүүн зах зээлд гаргаж, таниулахад бид хамгийн багадаа 3-5 жил зарцуулдаг. Хэрэглэгчийн зан төлөв, хүсэл шаардлагын судалгаанд онцгой анхаардаг. Худалдан авагчдынхаа хүсэл шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг нь олж үйлдвэрлэх, гаргаж өгөх, тэгээд чанарыг нь тогтвортой хадгална гэдэг бол брэндийн итгэл үнэмшлийг нь хадгалсаар байх гол үндэс болдог. Бидний хувьд хамгийн үнэтэй баялаг маань энэхүү итгэл үнэмшил, брэндийн нэр хүнд гэж боддог. Цаашдаа ч бид Монгол Улсыг төлөөлөх үндэсний брэнддээ онцгой анхаарч, Монгол брэндийнхээ оюуны өмч, үнэ цэнд онцгой анхаарна. 

-Чанарыг нь тогтвортой хадгалах гэдэг мэдээж маш чухал. Манай монголчуудын хувьд хамгийн их алддаг зүйл энэ. Та бүхэн энэ тал дээр хэрхэн анхаардаг вэ? 
-Чанарт нөлөөлөх бүхий л үе шатанд өдөр тутам бүр хором тутамд анхаардаг гэж хэлж болно. Бид хүнсний үйлдвэрлэл эрхлээд 20-иод жил болж байна. Юунаас ч илүү хамгийн чухал зүйл бол хүний эрүүл мэнд, аюулгүй байдал. Иймээс манай үйлдвэрлэлийн процесст чанарын хяналт, стандарт хангах, түүнийг хянах үйл ажиллагаа яг олон улсын стандартаар явагддаг. 
Нөгөө талаасаа бид ямар ч тохиолдолд шийдэл гаргахыг хичээдэг. Шийдлээр түүчээлэгч гэдэг нь манай бизнесийн онцлог мөн чанар гэж бид итгэдэг. Монгол Улсын үйлдвэрлэгчдийн хувьд өөр нэг бэрхшээл нь түүхий эд материалын чанар, стандарт алдагдах, эсвэл тасрах гэдэг аюул байдаг. Бид бэлтгэн нийлүүлэгчдээ зөв сонгоход ихээхэн анхаардаг. Дараа нь бид “бүх талд ашигтай байх бизнес модель”-ийг хэрэгжүүлдэг. Тодруулбал, компанийн цаашдын ашигт ажиллагаа нь бэлтгэн нийлүүлэгчид, эцсийн хэрэглэгч, оролцогч бүх талд ашигтай байх гэсэн үг юм. Бид яг өөрийн стандартыг хангасан чанартай түүхий эд материалыг тасралтгүй хангуулахын тулд ханган нийлүүлэгчдээ дэмжиж ажилладаг. Тэдэнтэй өрсөлдөж бизнес хийдэггүй. Харин тэдэнд бидэнтэй хамтран ажиллахад үр ашигтай, орлогын тасралтгүй урсгалтай байх боломжийг олгодог. Ханган нийлүүлэгчид маань бидний захиалгыг дийлж нийлүүлэлт хийхэд санхүүгийн чадавх дутагдах үед бид санхүүжилтийг шийдэх замаар харилцан итгэлцлээр ажилладаг.

-“Грийн Групп” экспортын зах зээлд дангаараа бус бусад үйлдвэрлэгчтэй хамтран гарахыг уриалж байгаа. Энэ хүрээнд экспортын бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэлтийн менежментийн гол арга барил тань юу байх бол?
-Бүх зүйлийг нэг компани дангаараа хийх боломжгүй. Ямар нэгэн зүйлд төвлөрөл гэж зүйл байснаар л давуу талууд бий болдог. Өөрөөр хэлбэл, экспортын зах зээлд гарахаар зорьж буй бидний бизнес модель бол хөдөлмөрийн төрөлжилтийг бий болгож буй хэлбэр юм. Аль аль талдаа нэмүү өртөг бий болгох, байгалийн нөхөн сэргээгдэх бүтээгдэхүүнүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилготой. Хөдөлмөр төрөлжих тусам үүнийг даган гарах зардлууд буурна. Үүнээс гадна үйлдвэрлэлийн үе шат бүрт нэмүү өртгийн сүлжээг бий болгож байгаагаараа дахин давуу талыг үүсгэж байгаа юм. 
Тухайлбал, “Талын Монгол” брэндийн дор Ховд аймгаас хүнсний ногоонуудаа авч, гоймонгоо баяжуулан зах зээлд нийлүүлж байна. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн зөгийчдөөс өөрсдийн стандарт, шаардлагын дагуу зөгийн бал цуглуулж өөрсдийн брэнд нэрийн дор үйлдвэрлэлийн процесст оруулан зах зээлд нийлүүлж байна. Мөн цаашлаад бид Дорнод, Сүхбаатар, Хэнтий зэрэг Монгол Улсын махны хэрэглээний дийлэнхийг хангадаг аймгийн малчдаас төрөл бүрийн мах авч боловсруулан, “Талын Монгол” брэндийн нэр дор дотоодын болоод экспортын зах зээлд нийлүүлэх зорилготой ажиллаж байна. Энэ ч утгаараа бидний үйл ажиллагаа жижиг, дунд бизнес эрхлэгчдийг давхар дэмжиж байгаа юм. Манайтай хамтрах талууд бүтээгдэхүүн хөгжүүлэлт, зах зээлд нийлүүлэх, борлуулахад гаргах зардал, маркетинг, брэнд хөгжүүлэлт зэрэг эцсийн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах үе шат, зардлаа бидэнтэй хамтарснаараа хэмнэх боломжтой. Харин бидний хувьд тогтмол худалдан авалтаараа дамжуулан тэдэнд тогтвортой орлогыг бий болгож өгч байгаа юм. Зах зээлд эцсийн бүтээгдэхүүн нийлүүлэхэд илүү туршлагатай гэдэг нь бидний давуу тал.

-Танайд цаашид анхаарах, эсвэл дутагдаж буй зүйлс юу байна гэж харж байна вэ?
-Үйлдвэрлэлийг шинэ түвшинд гаргахын тулд мэдээж бид технологио байнга сайжруулдаг. Одоо бидэнд дутагдаж буй зүйл бол мэдээллийн технологийн шийдэл, сайжруулалтуудыг онцгой анхаарах шаардлагатай байгаа. Үйлдвэрлэлийн процесс нь үйлдвэрийн хашаан дотор орж ирснээр эхэлдэггүй. Өмнө хэлсэнчлэн байгаль дэлхий дээр түүхий эд материал бүрэлдэх цагаас л эхэлдэг. Үйлдвэрлэлийнхээ эхлэлийн энэ цэгээс эцсийн хэрэглэгчид хүрэх бүх дамжлагад маш олон оролцогч тал оролцдог. Гар ажиллагаа, хүнээс хамаарсан хүчин зүйл маш их байдаг. Энэ бүх процесст мэдээллийн технологийн давуу талыг ашиглан дижитал шилжилт хийх онцгой шаардлагатай байгаа. Бүтээгдэхүүн маань үйлдвэрлэлээс гарсан цагаас эхлээд эцсийн хэрэглэгчид очих, эцсийн хэрэглэгчдээ урамшуулах, төлбөр тооцоог нь хийхээс авхуулаад энэ үе шатанд ч дижитал шилжилт хийх шаардлагатай байна. 

-Ойрын ирээдүйд, магадгүй таван жилийн дараах “Грийн Групп”-ийг та хэрхэн төсөөлж, төлөвлөж байна вэ. Стратегийн хүрээнд ямар ажлууд хийх вэ?
-Товчхондоо, “Грийн Групп”-ийн ойрын ирээдүйн хамгийн гол зорилго нь Монголыг дэлхийд төлөөлсөн брэндийг экспортын нэг цонхны бодлогоор олон улсын зах зээлд тасралтгүй нийлүүлдэг компани болох юм. Ингэхдээ ганцаараа биш хамтдаа илүү үнэ цэнийг бий болгоё гэдэг зарчмаа тасралтгүй баримтлан ажиллана. Хамтраад хийж буй зүйлд хөрөнгө оруулалт, зардал, ашиг орлого гээд бүх л зүйлд учир нь олдоно. Харин хамгийн чухал зүйл нь нэгдмэл нэг брэндийн дор дэлхийд гарах. Тэрхүү брэндийн оюуны өмчийн эрхийг оролцогч талууд хэрхэн зэрэг эзэмших зэрэг асуудлыг сайтар зөв судалж, хамтдаа шийдэл хайх хэрэгтэй байгаа. Бид алсдаа одоо байгаа зарим үйлдвэр компаниудаа менежментийн хувьд өөрчлөх, зарим хэсгийг нь олон нийтэд нээлттэй компани болгох зорилттой. Товчхондоо, урт хугацаандаа Монгол брэндийн үнэ цэн, өгөөжийг нэмэгдүүлдэг, брэнд хөгжүүлэгч компани болох юм. Нөгөө талаар, өдгөө Монголын эдийн засагт уул уурхайн бүтээгдэхүүний экспорт давамгайлж байгаа бол ирэх жилүүдэд уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын хэмжээ нийт экспортын зах зээлийн багадаа 30 хувийг бүрдүүлдэг болох эерэг хүлээлттэй байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.11 ДАВАА № 199 (6676)

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

17 цаг 51 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

17 цаг 51 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

17 цаг 51 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

17 цаг 51 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

17 цаг 51 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

17 цаг 51 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

17 цаг 51 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

17 цаг 51 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

17 цаг 51 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

17 цаг 51 мин